Охидод тустай зөвлөгөө


2011-09-20 00:00 GMT+8
Охид шилжилтийн насныхаа үед тэгш гуалиг бие, сайхан царай зүсээрэй хүний анхаарал өөрийн эрхгүй татаж эхэлдэг.

Тэд эхээс заяасан гуалиг биетэй байхаас гадна өөрт тохиолдсон дасгал, нөр хөдөлмөрөөр биеийн хэлбэрийн гажгийг засч болно. Үүний тулд явах ба зогсох үедээ толгойгоо бага зэрэг гэдгэр нуруугаараа бөгтийлгүй цэх байх хэрэгтэй.

Энэ насандаа охид өөрт тохирдог, зохидог хувцасны хэлбэрийг мэддэг болсон байхаас гадна үс ба арьсаа арчлах аргад суралцах зайлшгүй шаардлагатай. Хэвийн үсийг 7 хоногт 1 удаа, хуурай бол сард 2 удаа, тослог үстэй охид үсээ 7 хоногт хоёр удаа угааж өглөө оройд янз бүрийн чиглэлд мохоо шүдтэй самаар самнаж байвал үс унахаас сэргийлж үргэлж сайхан байж болно.

Үс тань хэт тослог бол 500г усанд нэг цайны халбага хамба шарилж буцалгаж хандлаад угаасны дараа үсээ шавш. Хаг ихтэй бол шилмүүсний найрлагатай шингэн саван хэрэглэ. Охидын нүүрний арьс цэвэр өнгөлөг байдаг ч ямар нэг тос энгэсэг хэрэглэдэг бол шөнө унтахын өмнө заавал цэвэрлэж байгаарай.

Нүүрний арьс эрүүл, цэвэр өнгөлөг байхад амьдралын зөв хэвшил, зүй зохистой хооллолт их үүрэгтэй. Үүнээс гадна чихэрлэг, хэт тослог, халуун ногоо ихтэй хоол хүнс бага хэрэглэхээс гадна арьсыг үхмэл болгох гол дайсан тамхи гэдгийг бүү мартаарай.

Өдөр бүр хөнгөн хэлбэрээр шүршүүрт орж биеэ угаахаас гадна бэлэг эрхтнээ угааж занших нь элдэв өвчнөөс сэргийлэх найдвартай арга болдог. Ялангуяа сарын тэмдгийн үеэр ариун цэврийн дэглэм сайн сахих нь ирээдүйн амьдралд их ач холбогдолтой.

Сарын тэмдгийн хуанли тогтмол хөтөлж занших нь охидын эрүүл ахуйн бас нэг шаардлага. Охид сарын тэмдгийнхээ үед биеийн тамирын хичээл, уралдаан тэмцээнд оролцох, хүнд юм өргөх зэргээс татгалзах нь зөв.

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ