Захидал: Шинэ ажилтан бусадтайгаа яаж ойлголцох вэ?

GoGo.mn

2017-02-06 09:31 GMT+8

Уншигчаас ирсэн асуулт:

Би нэг ажилд шинээр орсон юм аа. Энэ ажлын хүмүүстэй нэвтрэлцэхэд надад үнэхээр төвөгтэй байна. Хоолны цаг болоход бүгдээрээ л гараад явчихна. Надтай нэг нь ч харьцахгүй юм. Харьцахаас дургүй нь хүрээд багйаа юм шиг санагдаад би айгаад бас харьцаж чадахгүй юм. Миний энэ ажлыг түрүүнд нь хийж байгаад халагдаад явсан хүн ажлынхантайгаа их сайхан харилцаатай байсан бололтой. Гэтэл намайг тэр хүний ажлыг булаагаад авчихсан мэт мэдээллийг энэ хүмүүс авсан бололтой. Надад тийм зүйл байхгүй. Ажлын ярилцлагад ороод ирээд ажиллаж байгаа нь л энэ. Хамт олны энэ уур амьсгалыг эвдэж, яаж нэвтэрч орох вэ. Сайхан зүйл санаачлах гэтэл тэр нь бүр эсрэгээрээ эргэчих вий гэж бодоод айгаад байх юм. Би нэг тийм царай алдсан байдалд орчих ч юм шиг санагдаад.

Сэтгэл судлалын Үндэсний төвийн туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг хариулж байна. 

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Шинээр ажилд орж шинэ хамт олонд дасах түүний нэг хэсэг болох энэ үйл явц бол яахын аргагүй том стресс үүсгэгчдийн нэг. Тиймээс танд маш их стресстэй байгааг ойлгож байна. Тиймээс энэхүү үеийг аль болох хурдан дуусгахын тулд  дараах зөвлөгөөнүүдийг дагаарай.

  1. Өөрийгөө шинэ хүн гэж бодохоо болих. Мэдээж дасахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй ч та өөрийгөө шинэ хүн гэж төсөөлөөд биеэ барьсан хэвээр байвал хэзээ ч хамт олны дунд орж чадахгүй.
  2. Бүгдтэй найрсаг ханд. Өглөө орой бүр эелдгээр мэндлэхээс эхлэх хэрэгтэй. Инээмсэглэж байгаа хүний өөдөөс хүн уурлаж чаддаггүй гэдгийг байнга санах хэрэгтэй.
  3. Байгууллагынхаа соёлтой танилц. Хэн ямар дүртэй вэ, юу чухал вэ, юуг хориглодог вэ гээд бүгдийг мэдэж аваад дагах хэрэгтэй. Энэ нь таныг шинэ ажлаа хэрхэн чухалчилж байгааг хамт ажиллагсад тань мэдрүүлж сайхан сэтгэгдэл төрүүлнэ.
  4. Өөрийгөө илэрхийлэх боломжуудыг битгий алд. Жишээ нь хурлын үед сэтгэгдлээ илэрхийлэх. Магадгүй энэ үед та ажилдаа ярилцлагын шат дамжин орж ирснээ хөнгөн илэрхийлж болно.    
  5. Төгсгөлд нь, хэт бүү хичээ бас хэт өндөр хүлээлт битгий үүсгэ. Шинэ газар дасах нь зөвхөн таны идэвх санаачлагаас гадна тухайн байгууллагын санаачлага байх ёстой буюу хоёр тал аль аль нь хичээх хэрэгтэй. Тиймээс болохгүй байгаа зүйлсд зөвхөн өөрийгөө буруутгалгүй би хийж чадах бүхнээ хийж байгаа гэдгээ өөртөө сануулаарай. Танд амжилт хүсье. 

САНАЛ БОЛГОХ

 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ