Та хаврын улиралд аялж, алхах гэж байна уу ?

GoGo.mn

2017-03-06 14:55 GMT+8

Энэ удаагийн зөвлөгөө булангаараа Хайрхан аялагч клубээс аялагчдад хаврын улиралд байгальд хэрхэн аялах тухай товч зөвлөмжийг хүргэж байна.

Ууланд алхах /hiking/ нь ерөнхийдөө өгсөж уруудаж аялахыг хэлдэг. Орчин цагийн хүмүүсийн эрүүл мэндийн нэг голлох муу үзүүлэлт болсон зүйл нь яах аргагүй хотжилтын өвчин буюу хөдөлгөөний дутагдал юм. Тэгвэл хавар цагт ууланд алхах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нэг том хүчин зүйл болох юм. Байгалд аялах нь фитнесс клубүүдэд хичээллэхтэй адил эрчим хүч зарцуулах боловч байгальд хийж байгаагаараа онцлог, нэг төрлийн бясалгал болж өгдөг.

Хүний бие нурууны өвчлөлд нэрвэгдэх насыг 25 наснаас эхэлнэ гэж үздэг. Нурууны нугасны дискнүүдийн хооронд байгаа мөгөөрсөн жийргэвчүүд нь өөрөө мэдрэлийн судас юм. Энэ нь хүний алхах идэвхтэй хөдөлгөөний үр дүнд нэвчих замаар тэжээлээ авдаг. 

Өгсөх уруудах үед хүн өөрийн биед тааруулан булчингаа чангалж суллах үед нурууны өвчин хамгийн сайн эмчлэгддэг. Алхах үед хүний биеийн бүх булчингууд ялангуяа нуруу, гуя, түнхний булчингууд  идэвхтэй ажилладаг. Булчингууд чангарснаар нуруу үе мөчний өвчинд нэрвэгдэх магадлал буурч, биеийн ерөнхий чадал нэмэгдэнэ.

Тогтмол алхсанаар хөдөлгөөний зөв арга барилд суралцаж сэтгэл санаагаа эерэгээр удирдан чиглүүлж сурдаг. Алхах нь өөрөө сунгалт, хүч хөгжүүлэх, дархлаа тогтоох олон талын ач холбогдолтой хөдөлгөөн юм.

Цаг агаарын хувьд хаврын улиралд Улаанбаатар хотод 3 дугаар сард шөнөдөө  20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн, салхины хурд өвлийн саруудтай харьцуулахад  ихэсч ихэнхдээ 12-14 м/с заримдаа 12-18 м/с болох нь бий.

Дөрөвдүгээр сард өдрийн дундаж температур 4-14 хэм нэмэх хэм рүү орж, шөнөдөө -5-15 хэмийг ихэнхдээ заадаг. 4 сард цаг агаар харьцангуй тогтворгүй буюу цас, шамарга, салхи зэрэг байгалийн үзэгдлүүд ихэсдэг. Ийм учраас цаг агаарын мэдээгээ нягталж аялалдаа гараарай.

Тавдугаар сард өдөртөө 12-20 хэм хүртэл дулаарч, шөнөдөө -1-10 хэм болно. Агаарын хэм дулаарч буй хэдий ч салхины хүч их байдаг тул хувцаслалтдаа анхаарах нь зүйтэй юм. 

Хавар цагт амьтан ургамал амилах цаг идэвхэждэг. Ийм учраас байгальд аялахдаа төллөж буй зэрлэг амьтад, шувуудад хор хүргэхгүйн тул аль болох тогтсон жимээр алхах, чанга дуу чимээ гаргахгүй байх, тод өнгийн хувцас өмсөж цас хайлсан үед бие биенээсээ төөрөхгүй байх арга хэмжээ авах нь зүйтэй юм.

 

Хаврын улиралд хамгийн анхаарах ёстой зүйлд гал түймрийн аюул багтана. Аялагч та цас багасаж салхинд газрын чийг алдагдаж буй энэ улиралд онц шаардлагагүй бол ил гал гаргахгүй байх, уушгиа баярлуулж тамхи татахгүй байх, татсан тохиолдолд тамхины галаа гүйцэд унтраах, хамт аялж буй хүмүүстээ галын хяналт тавьж хэвшээрэй.

Гал гарахад чүдэнзний галаас гадна хуванцар сав, архи, шар айргийн шил их нөлөөлдөг гэвэл та итгэх үүДунд сургуулийн хичээл дээр томруулдаг шил ашиглан гал гаргах туршилт хийдэг шүү дээ. Яг түүнтэй адилаар өвөл хаясан архины шил хавар ил гарч хурц наранд түймэр гарах нөхцөл бүрдүүлдэг.

Тиймээс олуулаа группээрээ аялж байгаа үедээ овоо, ууланд таарах хогийг түүвэл байгаль дэлхий танд талархах болно. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатарчуудын олноор аялдаг Богд ууланд удаа дараа түймэр гарсны улмаас хэсэг хугацаанд хориг тавьж байсан билээ. Иймээс ухамсартай хандах нь зүйн хэрэг юм.

Манай орон хачгийн голомтын идэвхтэй бүсэд хамаардаг тул хаврын улиралд хачигнаас хамгаалах хэрэгтэй. Тод өнгийн хувцас өмсөх нь төөрөхөөс сэргийлэхээс гадна, хачиг хувцсан дээр буусан үед олж анзаарах чухал хэрэгсэл болдог. 

Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, гутлын түрий, малгай, алчуур /buff/ хэрэглэх нь зүйтэй. 

Аяллын үед хувцсаа тайлах бол хумьж эвхэн,  эргээд өмсөх үедээ сайтар сэгсрэх хэрэгтэй. Ялангуяа  4-5 дугаар сарын дунд үед хачиг ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Манай оронд 462 төрлийн хачиг бий гэсэн судалгаа бий. Салхиар тархан хаа сайгүй нүүдэллэж амьдрах чадвартай хачигнаас сэргийлэх цацлага түрхлэг зарагддаг болсон.

Хаврын цагт аминдэмээр баялаг хүнсний ногоо, жимсний хэрэглээ монголд муу тул бие сульдаж ядрах нь бий. Ядарсан хэдий ч унтаж амарч чадахгүй, нүдний доогуур хөхөрч хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаагаа мэдвэл та хаврын цагт агаарт гарах нь маш чухал юм. Учир нь байгаль дэлхий сэргэж нар салхины эрчимжилт ихэссэн энэ үед байгалиас авсан энерги ямартаа ч ажлын өдрүүдэд таны эрч хүчийг хадгалж өгнө.

Бүсгүйчүүдийн хувьд хавар, зуны нар хурц байдаг тул арьсны арчилгаандаа санаа тавьж алхахгүйг хичээх нь бий. Гэтэл өвөл, хаврын цагт хүйтэн агаар хүний арьсыг чангаруулж хүчилтөрөгчөөр хангаж улам гэрэлтүүлж байдаг онцлогтой байдаг. Нар салхины тос, энгэсэг маш өндөр чанартай үйлдвэрлэгддэг энэ цаг үед ийм аргаар сэргийлж чадвал болно. Саравчтай малгай, нарны шилтэй ой дундуур явахад нүүрэнд тийм ч их хохирол учрахгүй. Хаврын улиралд алхахдаа шингэн зүйл сайн уух нь арьсны эрүүл байдалд тустай.

Бид өмнөх зөвлөгөөнүүдээрээ хэрхэн хувцаслах, гутал үүргэвчээ яаж сонгох зэрэг зөвлөгөө оруулсан тул энэ удаад ХАВАР цагт анхаарах хэдэн зүйлийг зөвлөлөө. Анхааран уншсан та бүхэнд баярлалаа. Хамтдаа алхаж бие биенээсээ суралцъя.

Гэрэл зургуудыг Хайрхан аялагч клубийн гишүүн Одмаа

Хайрхан аялагч клуб

САНАЛ БОЛГОХ

 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 146 санал өгсөн байна.

Дээшээ