Захидал: Нөхрөө ямар үед, ямар нөхцөлд архи ууж байна гэдгийг сайн ажиглаарай


2017-03-10 10:32 GMT+8

Уншигчаас ирсэн захидал:

Нөхөр маань архи уух юм аа. Уухаараа агсам тавина. Тэгээд маргааш нь жигтэйхэн сайхан ааштай хүн. Яагаад ингээд байдаг юм болиоч гэхээр амьдралдаа гутраад уугаад байна гэх юм. Би ч адилхан амьдралдаа гутардаг. Гэхдээ гутарлаа гээд архи уухынхаа оронд байгаа байдлаасаа гарах арга чарга хайх хэрэгтэй баймаар санагдах юм. Ингээд хэлэхээр харин тийм ээ гэдэг ч бахь байдгаараа. Эр хүмүүс ийм амархан сэтгэлээр унамтгай байдаг юм уу, эсвэл манай нөхөр л ийм юм уу. Яаж энэ хүнд гутарлаа гээд архи уухынхаа оронд амьдралынхаа, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэдэг болох тийм чанарыг бий болгох вэ. Эр хүн гэж яахаараа ийм хүүхэд шиг байдаг байнаа.

Захидлын хариуг Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг хариулж байна.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд танд хэцүү байгааг төсөөлж байна. Гэхдээ танд туслах үүднээс дараах асуултуудыг асуумаар байна. Та бас амьдралдаа гутардаг гэж дурджээ.

  1. Тэгвэл та гутармаар санагдах үедээ амьдралаа сайжруулах ямар арга хэмжээ авдаг вэ? Ямар үйлдэл хийдэг вэ?
  2. Таны хийдэг эдгээр үйлдлийг нөхөр тань мэдэх үү?
  3. Мэддэг бол яагаад таньтай адил хариу үйлдэл үзүүлэхгүй гуньж гутраад байна вэ?
  4. Та хоёрын энэ жилийн эсвэл ирэх жилүүдийн төлөвлөгөө юу вэ? Эдгээр асуултуудад хариулаад бичээд үзээрэй.

Сэтгэлээр унахад хүйсийн ялгаа гэж байдаггүй, харин тухайн хүний сэтгэл зүйн дархлаа буюу сэтгэлийн тэнхээний л асуудал. Сэтгэлээр унах бүртээ архи ууж шийдвэрлэж байна гэвэл үүнийг нэг төрлийн шалтаг гэж харж байна. Тиймээс та нөхрөө яг ямар үед, ямар нөхцөлд архи ууж байна гэдгийг сайн ажиглаарай. Тодорхой хүмүүстэй уулзах үедээ архи ууж байвал тэр хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй, эсвэл тодорхой газарт очих үедээ архи ууж байвал тэр газарт очихгүй байх хэрэгтэй. Архи уух тойргоосоо гарах хамгийн эхний алхам нь архидаж байгаа орчноо үгүй хийхээс эхэлдэг. Тэгэхгүйгээр хэдэн удаа ухааруулж хэлээд ч төдий л үр дүнд хүрэхгүй. Мөн та амьдралын хэв маягийн хувьд нөхрийнхөө өмнүүр орж шийдвэр гаргадаг эсвэл санхүүгийн асуудлаа шийддэг бол нөрийнхөө шийдлийг харгалзан үзээрэй. Гэр бүлийн харилцааны хувьд эрэгтэй хүн шийдвэр гаргалт муу болох тусам ямар нэгэн зүйлд хамааралтай болох магадлал нэмэгддэг. Харин үүний дараа сэтгэлийн тэнхээний асуудал дээр ажиллаарай. Өөрөөрөө үлгэрлэх нь хамгийн зөв арга. Таны хүнд үеүдийг хэрхэн даван туулж байгааг нөхөр тань хараад мөн адил хичээх сэдлийг төрүүлээрэй.

САНАЛ БОЛГОХ

 
 
МАН-ын даргад эдгээр хүмүүсийн хэнийг нь та дэмжих вэ?
Нийт 1681 санал өгсөн байна.

Дээшээ