Америкт 10 жил-1: АЛСЫН АМЕРИК


2017-03-15 12:00 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Социализмын үеийн Монголын хүүхэд залуучуудын нэгэн адил миний бие бага наснаасаа эхлэн “Алтан Москва”-г үзэж, тэнд суралцах юмсан гэж мөрөөддөг байлаа. Москва нь маш өвөрмөц аварга хот. Москвачуудын ярьдгаар томоохон тосгон. Москвад мэргэжилдээ сэтгэлээрээ зүтгэсэн хүн болгон аугаа гэдэг чимэг цолтой болдог. Тэдгээрийн нэг нь “Ардын”, “Гавьяат” гэдэг алдар цол. Социализм, найрамдал, эхнэр гурвынхаа төлөө архи ууж, хундага өргөж, магтаал унших явдал москвачуудын нэр төрийн хэрэг, ёс горим, заншил билээ. Москва нь генерал, хурандаа цолтой цэргийн албан хаагчдаар элбэг, цэргийн том казарм мэт хот. Энэ бүхэн “хуучин монгол хүү” - гийн хэлэх дуртай “Алтан” Москва. Москва бүхий л ололт амжилтаа Америк, Америкийн хот сууринтай харьцуулан зүйрлэдэг “алиа” хот.

Москвад Америкийн дуу хөгжим, эд бараа, хоол хүнс, кино үзмэр, ер нь америк нэртэй бүхий л зүйл шүтэгдэн бишрэгддэг. Москва үзэл бодлоороо Вашингтоныг үзэн ядна. Москва болон москвачуудаас би анх алсын Америкийг илүүтэй танин мэдэх болсон. Чухамхүү энэ хотод би анхны америк хүнийг олж харсан. Тэд оросуудаас ялгаатай, бүх талаараа боловсон, соёлтой байлаа. Оросууд америкчуудын талаар худлаа мэдээлэл тараадаг нь үнэн бөгөөд бодит үзэгдэл. Москвад би итгэхээ болив. Тэр үеэс 10 жилийн дараа монгол иргэд эх орондоо чөлөөтэй зорчих, гадаадад чөлөөтэй гарах эрхтэй боллоо. Энэ эрхийн төлөө би тэмцсэн юм.

Энэ эрхийг хамгийн түрүүнд би өөрөө эдэллээ. 1990 оны 5-р сарын сүүлээр АНУ-ыг зорин миний бие эх орноосоо салан одлоо. Энэ удаад он удаан жилээр... “Пан Америк” компаний насандаа үзээгүй сайхан онгоцоор бүтэн 14 цаг нисэв. Зүүдэндээ ч үзээгүй байгууламж бүхий Нью-Йорк хотын Кеннедигийн олон улсын онгоцны буудал дээр буулаа. Дэлхийн нийслэлээр өргөмжлөгдсөн Нью-Йорк хот өөрийн гэсэн онцлогтой. Нью-Йорк хотод их дэлхийн 180 орчим орны элч, төлөөлөгч улс орныхоо төрийн далбааг мандуулж, өөрийн дуу хоолойг чөлөөтэй илэрхийлдэг. Нью-Йорк хотын сүлжээнд хорвоогийн 200 гаруй улс орны худалдааны төлөөлөгчид өөрсдийн пүүс компани, төлөөлөгчийн газраа нээжээ. Энд ертөнцийн 360 гаруй үндэстэн ястан нэгэн дээвэр дор амьдардаг. Тэд Нью-Йорк болон Америк улсаа эх орноо гэж дээдэлнэ.

Нью-Йорк хотын төв музей, номын сан, их дээд сургууль энэ бүгд хосгүй сайхан харш, ордтой. Хөдөө бэлчээрээс сумын төвд ирэхэд нүд нэг нээгдэнэ. Сумын төвөөс аймгийн төвд ирэхэд арга нэг олдоно. Аймгийн төвөөс нийслэлд ирэхэд амьдрал нэг нээгдэнэ. Улаанбаатараас Москвад ирэхэд авхаалж байнга дээшилнэ. Харин Америкт нисэж ирэхэд эрх чөлөө амтагдана. Нью-Йорк хотод тив дэлхийн олон алдартнууд амьдардаг. Харин энд хэнийг ч “аугаа эрдэмтэн”, “ардын жүжигчин”, “гавьяат эмч” гэх өргөмжилсөн байдлаар дуудаж гоочилдоггүй. Нью-Йорк хотод би цэргийн хувцастай ганц ч хүн олж харсангүй. Нью-Йорк хот цэвэр иргэний хот байлаа.

Ардчиллын төлөө, эв хамтын төлөө, авгай хүүхдийн төлөө гэж энд хэн ч архи ууж, хундага өргөж, найр наадам болохгүй. Тэр битгий хэл гудамж цэцэрлэг, шат тавцан дээр архи дарс уухыг хуулиар хатуу хориглосон байдаг. “Алтан” Москвагаас ийм л ялгаатай. Харин америкчууд Нью-Йоркийг “Хар” Нью-Йорк гэж дуудна. Учир нь, энэ хотын оршин суугчдын 75 хувийг хар арьстан америкчууд эзэлдэг. Ийнхүү “Монгол хуучин хүү” Баттогтох овогтой Энхтүвшин миний бие “Алтан Москвагаас” ардын боловсролын дипломтой “Хар” Нью-Йорк хотод ирж “Шинэ хүү” болох гэж чармайсан нь энэ. Энэ нь миний амьдралаа шийдсэн маш зоригтой үнэн зөв алхам болсон юм.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 145 санал өгсөн байна.

Дээшээ