Америкт 10 жил-3 Сайн санааны үйлс


2017-03-22 14:00 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

1960 онд Америкийн нэрт ерөнхийлөгч Кеннеди ард иргэддээ хандаж нэгэн өвөрмөц, дайчин үгийг хэлжээ. Тэрээр «Төр надад юу өгөх биш, төрдөө би юу өгөх вэ?» гэснээрээ олон нийтийн анхаарлыг татсан байна. Ингэж хожим нь “Эх орон минь надад юу өгөх биш, эх орондоо би юу өгч чадах вэ? гэдэгт асуудлын мөн чанар оршино” хэмээх эх оронч шинэ уриа төрсөн түүхтэй.

Энэ цагаас эхлэн “Сайн санааны үйлс” буяны аян Америк даяар газар авчээ. Америкийн Энх тайвны хороо байгуулагдаж, үй түмэн залуус дэлхийн өнцөг бүрт сайн дураараа явж, ядуу дорой амьдралтай улс оронд мэдсэн сурснаа зааж сургаж эхлэв. Америкт “Сайн санааны үйлс“ маш өргөн цар хүрээний ажил болов. Энэхүү үйлсэд хамрагдсан залуус сургуулийн тэтгэлэг авах, төрийн тусгай хөтөлбөрт хамрагдахаас гадна, сайн үйлсийн ажил хийсэн газраа ажилд хамгийн түрүүнд орох бололцоогоор хангагдах давуу талтай байдаг. Энэ бүхнийг хуулинд тусгажээ.

Миний бие Америк дахь ажлын гараагаа сайн дурын үйлсээр эхэлсэн юм. Анх Америкт ирэхдээ 10 мянган доллартай байсан тул хэдэн сар цалин хөлсгүй амьдрах бололцоотой гэж би тооцсон нь энэ. Эхний гурван сар шинэ орчин, нөхцөл байдалд дасах, ойлгох зорилгоор Христийн сүм хийдээр нэлээд явдаг байсан. Энэ нь надад Америк соёл иргэншлийг мэдэх тулгуур суурь болсон юм. Тэнд очих бүрдээ шинэ олон найз нөхөдтэй учран танилцаж, өөдрөг сэтгэлтэй явах тэнхээ хүч олж байв. Мөн энэ хугацаанд ажиллах зөвшөөрлийн бичиг, нийгмийн даатгалын албан ёсны дугаар бүртгэлд хамрагдаж Америкт хууль ёсоор амьдрах эрхээ олов. Ийнхүү би Америкт албан ёсоор ажиллах эрхтэй боллоо.

Сайн санааны ажил хөдөлмөрөө эмнэлэг, эмчилгээ үйлчилгээний салбараас эхлэх шийдвэр гаргалаа. Эхлээд алхам тутамдаа үл ойлгогдох бэрхшээлтэй учирч байсан юм. Эхний хэдэн сар шинэ нийгэмдээ дасан орж, тэдний нэгэн адил ажил хийнэ гэдэг бол робот техник, хөдөлгүүрт машин болохтой адил мэт санагдаж байлаа. Ухаан санаанд яагаад ч буухгүй хүндрэлтэй байв.

Аз болж, залуу насны эрч хүчинд солонгос гаралтай Сараа гэдэг америк найз охинтой болсон нь надад үнэнхүү авралын од болсон. Тэрээр надаас 12 насаар дүү байсан ч сүрхий ухаантай охин байлаа. Өдрийн ихэнх цагийг түүнтэй хамт өнгөрүүлэх учир танин мэдэх талбар надад цаг минутаар нээгдэж ойлгогдох болсон юм. Богино хугацаанд түүний унаа машиныг ч хүртэл унаж сурав.

Эмнэлэгт хийж гүйцэтгэх миний ажил хялбар амархан байсан хэдий боловч тухайн үедээ хүч чармайлт, анхаарал, нямбай ажиллагаа шаардсан сүрхий ажил байлаа. Би эмнэлгийн санхүү тооцооны албанд ирсэн бүх захидал харилцааг ялгадаг байв. Өдөрт хэд хэдэн хайрцаг захидал ирнэ. Энэ бүхнийг ялган төрөлжүүлэх, дараа нь задлан онгойлгоод салбар салбараар нь хуваарилан тусгаарлана. Захидалд ерөнхийдөө төлбөр тооцоо, нэхэмжлэл, тайлан баланс, мөнгөн болон мөнгөн бус гүйлгээний шилжүүлэг, даатгалын компаний мэдэгдэл, банкны мэдэгдэл, буяны байгууллагын хандив зэрэг төрөлжсөн маягт бүхий бичиг баримт ордог байсан.

Баримт бичиг бүр өөрийн гэсэн хэв загвар, өнгө, маягтын хэлбэртэй байдаг тул хаанаас, юунд, хэнд хаягласан болохыг мэдэхэд хялбар байлаа. Техник, тоног төхөөрөмж, лицензийн гэрээний нэхэмжлэл ногоон судалтай маягт байхад, даатгалын компаний төлбөрийн хуудас байнга ягаан өнгийн тууш зурвастай байх жишээтэй. Утасны компаний ярианы төлбөр цэнхэр туузан маягт бүхий байх гээд хэл ус мэдэх гойд шаардлага гардаггүй байв.

Өрөө, давхар, шат бүр камерын хамгаалалттай байхаас гадна, мэргэшсэн тусгай хамгаалалтын алба 24 цагаар ажилладаг. Энэ нь Америкт эрүүл мэндийн даатгал, амь даатгал өндөр байдагтай холбоотой юм байна гэж хожим ойлгосон.

Америкийн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс засал, оношлогоо эмчилгээний компьютер зэргийг нь голдуу америкийн өөрийнх нь томоохон таван компани, корпорациас нийлүүлдэг болох нь харагдаж байна лээ. Харин туслах чанарын эд хэрэгсэл нь голдуу Тайван, Тайланд, Филиппин, Индонези гэх мэт улсынх байдаг байсан.

Жишээ нь: Резин бээлий, сандал, ширээ, хогийн сав, өвчтөний ор гээд маш олон нэр төрлийн барааг захиалгаар нийлүүлдэг юм. Энэ бүхний захиалга, төлбөр, нэхэмжлэлийг нэгэн адил олгодог байв. Төрөлжсөн сүлжээ эмнэлгийн туслах эд хэрэгслийн захиалгат гэрээ авсан гадаадын компани үйл ажиллагааны баталгаатай эрх зүйн загвараа олж чадаж байна даа гэж би тэр үед бодож билээ. Тайвань улс Америкийн эмнэлгийн туслах аж ахуйн зах зээлийн салбарт төрийн бодлогын хэмжээнд нэвтрэн орж ирсэн талаар түүхэн баримтыг хожим би хэвлэл мэдээлэл, мэргэжлийн сэтгүүл, нийтлэлээс олонтоо олж уншсан юм. 

Америкийн хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн их эрэлт хэрэгцээтэй ажил хөдөлмөр бол эмнэлгийн асрагч, сувилагч байдаг. Аль ч мужийн хотын сонин хэвлэлийн ажил хөдөлмөрийн эрэлт хэрэгцээний буланд сувилагч, асрагч ажилд авна гэсэн нийтлэл бүтэн хуудас эзэлдэг.

Америкийн Нэгдсэн Улс руу би “амьдрал доройтсон“ гэдэг учир шалтгаанаар очоогүй. Би Америкт мөнгө хийж цуглуулах, дарах хөлжих зорилгоор ирээгүй. Тийм учир сайн санааны үйлсийн ажил хөдөлмөрийг очсон даруйдаа хийж, тэгэх тусмаа буяны байгууллага болох эмнэлэгт ажлын гараагаа эхэлсэндээ бахархаж явдаг юм.

НьюБронзвек хотод орших энэ эмнэлэг нь хожим мэдэх нь ээ, Америк улсдаа дээгүүрт тооцогдох эмчилгээний газар байсан. Сайн санааны үйлсийн ажлаар гараагаа авсан миний бие АНУ-ын 25 штатаар явж, 35 төрлийн ажил хийж, гурван их сургууль төгсөж, Америк орон, америкийн ард түмэнтэй бүхий л талаараа ойр дотно болсон билээ. Энэ гайхамшгийн өчүүхэн хэсгийг энэ номоороо илэрхийлж, уншигч олонтойгоо хуваалцах гэсэн юм.

САНАЛ БОЛГОХ

 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 596 санал өгсөн байна.

Дээшээ