Америкт 10 жил-4: Хавелл хот


2017-03-24 18:44 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Анх монголчууд АНУ-д хэрхэн яаж ирсэн тухай нарийвчилсан судалгааг би хийгээгүй. Уулзаж, ярилцаж байсан хүмүүсийн яриагаар бол монголчууд гол төлөв хоёр дахь болон гурав дахь орноор дамжин ирсэн байдаг. Яг Ар монголоос ирсэн халх гаралтай монгол хүн ердөө хоёрхон байдаг юм байна. Түүний нэг нь Завхан нутгаас гаралтай Дилав хутагт, мөн Өмнөговь аймгийн гаралтай багш ламтан Жамбалдорж нар юм.

Жамбалдорж гуай эдүгээ Нью-Жерси штатын Хавелл хотод амьдардаг, 90 гарч яваа буянтай буурал. Тэрээр эх орон, сүсэгтэн олондоо 10 мянган доллар хандивлаж байсан нандин сэтгэлтэй хүн. Харин эх орондоо буцаж очно гэсэн бодол хоромхон зуур ч гэсэн тээдэггүй юм билээ. Төвөг ихтэй, хүнд бэрх түүхийг гаталсан багш ламтныг ойлгоход тийм ч амар биш болов уу! Эх орон түүнийг гомдоосон байж болох. 13 настай байхдаа Өмнөговь аймгаас Хятад  руу зугатан гарч амь аврагдсан нэгэн гунигт түүхээ нүдээ анин, амьсгаа даран байж ярьж билээ.

Дилав хутагт, лам багштан Жамбалдорж нар Монголоос Төвд, Төвдөөс Энэтхэг, тэндээсээ Америкт албан ёсоор дүрвэж ирсэн байв. Дилав хутагт анх Америкт дүрвэж ирээд нэг хэсэг монгол - манж хэлний багш хийж байсан гэдэг. Түүнд Америкийн монгол судлаач эрдэмтэн тусалсан гэсэн.

Хэсэг хугацааны дараа лам багштан Жамбалдорж болон Өвөр монгол гаралтай мөн хоёр ламыг сүсэг бишрэл, итгэл үнэмшил гэсэн зэрэглэлд багтаан дүрвэгсдийн хуулийн дагуу албан ёсоор Америкт тэтгэн авчирсан байна. Дилав хутагт нь насныхаа эцэст Нью - Йорк хотод нэгэн америк эмэгтэйтэй хамт амьдарч байсан гэсэн. Одоо түүний амьдарч байсан ганц өрөө байранд Цахар монгол гаралтай хоёр өвгөн ламтан амьдардаг. Би НьюЙорк хотод амьдардаг байхдаа хааяа очдог байлаа.

Монгол гаралтай гэсэн нэрийг хуваалцах Халимаг монголчууд Америкт харьцангуй олноор дүрвэж ирсэн байдаг. Халимаг монголчуудын дүрвэж ирсэн түүхийн тухай хэд хэдэн ном байдаг. Тэдний анхны цуваа Дэлхийн нэгдүгээр дайны дараахан Америкт дүрвэн ирсэн байдаг. Тэд голдуу Югославаас ирсэн байлаа.

Орос улсад Большевик хувьсгал мандаж, халимгууд тэр үед Орос хааны хасаг цэргийн анги нэгтгэлд алба хаадаг байж. Тэдний дийлэнх нь генерал Деникиний цэргийн албан хаагч байсан гэдэг. Улаан армийн хүчтэй цохилтонд шахагдаж гарсан генерал Деникиний цэргүүд Одесс хотоор Югослав руу зугатсан гэдэг. Югославаас тэд Доны хасаг цагаан цэргүүдийн хамт Америкийн Нэгдсэн Улсын төрийн захиргаанд улс төрийн цагаачлал хүсэмжилсэн гэгддэг.

Тэрхүү хүсэмжлэлийг Америкийн цагаачлалын хороо нааштай хүлээж аваад Доны хасаг цэргүүдийн генерал, офицер, гэр бүлийн хүмүүс болон Халимаг хасаг цэргүүдийг мөн гэр бүлийн нь хамт хүлээн авч Нью-Жерси штатын Хавелл хотын захиргааны мэдлийн газраас тусгайлан эдлэн гаргаж өгсөн түүхтэй. Доны хасаг гаралтай америкчуудын нэгэн баяр ёслолын ажиллагаанд би оролцож байсан. Тэд үндэстнийхээ соёл заншлыг нандигнан үлдээсэн байх боловч аль хэдийнээ америкжиж амжсан байлаа.

Тэд дундын эзэмшил болох маш тохилог соёл олон нийтийн байр клубтэй юм. Тэндээ баяр ёслолын үйлдэл уулзалт цуглаанаа хийдэг байв. Миний ажиглалтаар Доны хасгууд америкийн бүгд найрамдах намыг дэмждэг бололтой. Намайг Америкт анх очсон зун орон нутгийн сонгууль явагдаж байсан. Тийм учир хэд хэдэн тойрогт очиж ажиллах бололцоо олдсон юм. Доны хасгууд орон нутгийн сонгуульд гурван хүн, конгресст нэг хүн дэвшүүлж чаддаг эвсэг хамт олон байсан.

Халимаг монголчуудын хоёр дахь цагаачлалын цуваа дэлхийн хоёрдугаар дайны дараа эхэлсэн юм байна. Энэ удаа халимгууд Германы армийн талд орсон генерал Власовын анги нэгтгэлд алба хааж, Зөвлөлт оросын улаан армийн эсрэг байлдаж байжээ. Германы арми бут цохигдож, Берлин хот эзлэгдэх үед халимаг монголчууд Францын хамгаалалтын бүсэд тасран үлдэж, нэг хоёр жилдээ францад амьдарч байжээ.

Энэ хугацаанд тэдний цөөн хэсэг Франц улсаас улс төрийн орогнол хүсэж Францын байнгын оршин суугч, улмаар тус улсын иргэд болцгоосон байдаг. Харин тэдний дийлэнх олонх нь Америкт улс төрийн орогнол хүссэн боловч энэ удаа Америкийн төрийн захиргаа эрс татгалзсан хариу өгсөн гэдэг. «Халимгууд бол монголчууд. Тэд Европ соёлоос хол, байнга үймээн самуун дэгдээдэг ард түмэн» гэдэг учир шалтгаанаар татгалзах хариу бүрдүүлсэн гэж халимгууд ярьдаг.

Мэдээж хүсэл эрмэлзэл, тэмүүлэл нь хаагдаж боогдсон учир тэд мөнгөө нийлүүлэн байж хүчтэй өмгөөлөгч авчээ. Хамгийн гол нь халимгууд түүхэн талаа давуу ойлгуулахыг хичээсэн байна. Тэд «Бид монгол биш гэдгээ биш монгол нутгаас тасраад олон зуун жил болсон одоогийн халимгуудын нутаг дэвсгэр нь Европ тивд багтаж байдаг. Европт нүүдэллэн ирээд он удаан жилтэй золгож байна. Энэ хооронд хэд хэдэн үе мултрав» гэсэн тайлбарыг хамт олноороо цуглуулжээ. Гол түүхэн материалыг Парижийн болон Мюнхений номын сангуудаас авсан байна. Америкт цагаачлан ирсэн хоёр дахь цувааны бүлэг бараг бүгдээрээ халимаг-монголын түүхийг жигд сайн мэддэг хүмүүс байдаг.

Тодорхой хугацааны дараа Америкийн цагаачлалын хороо Франц, Германы хамгаалалтын бүсэд амьдарч байсан халимгуудыг цагаачаар авах шийдвэр гаргажээ. Тэд мөн л Нью-Жерси штатын Хавелл хотод хүрэлцэн ирсэн юм.

Одоо халимаг - монгол нийтдээ 600-700 өрх айл байдаг гэж ярилцацгаадаг. Хавелл хотод амьдардаг халимгууд буддын гурван сүмд хуваагдан харъяалагдана. Торгууд гаралтай халимгууд халх монгол гаралтай багш ламтны “Жамбалдорж” сүмд Норов гэх ахлагчтай нэг гал болдог. Дөрвөд гаралтай халимгууд голдуу төвд лам нартай сүмд Самбуу гэдэг ахлагчтай бас нэг гал болдог. Халимгууд дотроос хамгийн их оросжсон хэсгийг нь Бузавууд гэдэг. Эдгээр халимгууд Жижа гэдэг ахлагчтай бас нэгэн галыг бүрдүүлнэ.

Халимгууд буддын шашин шүтдэг гэх боловч сүмд хагас бүтэн сайн өдрүүдэд тэр болгон цуглаад байхгүй. Хурим найр, үхэл хагацал хоёрт нь л сүм, лам хоёр хэрэг болдог юм уу гэсэн ойлголт надад төрсөн. Халимгууд мөн Филадельфи болон Нью - Бронзвик хотуудад таран оршин суудаг.

Тэд тэндээ мөн л сүмтэй. Филадельфийн халимгууд сүм барьсан боловч тэндээ мөрийтэй тоглож, пиво, дарс уух нь их. Харин Нью - Бронзвикийн халимгууд өвөр монголчуудтай илүү дотно байдаг учир жил бүр Чингис хааны өдөрлөг зохиодог. Энэ өдөрлөгт Монголын Элчин Сайдын Яамны албан хаагчид жил бүр гэр бүлийн хамтаар оролцдог уламжлал тогтсон байгаа.

Миний хувьд би тэдний халимаг аялгуутай монгол хэлийг саадгүй ойлгож байлаа. Үүнд тэд маш их баярлаж байсан. Харин миний халх монгол хэл яриаг тэд төдийлөн ойлгож авахгүй байна лээ. Хэдий тийм боловч халимгууд оросоор саадгүй ярьдаг учир хэл амаа ойлголцохгүйн бэрхшээл надад огт байсангүй.

1990 оноос эхлэн халимаг монголчуудаас олон сайхан санаачилга гарч, өөрийн үүсэл гарал нэгт монголчуудад, Монгол улсад тус дэм болох үр бүтээлтэй үйл ажиллагааг олноор зохион байгуулсан юм.

2000 онд Америкт зохион байгуулсан Монголын соёлын өдрүүд зэрэгт Монголд элэгтэй халимгууд маш өргөнөөр оролцсон билээ. Халимаг монголчууд Америкт амьдрахдаа ч хонь, ямаа өсгөдөг. Ганц хоёр хоньтой айл олон байдаг.

Халимаг гаралтай америкчуудын дийлэнх нь барилгын бизнес эрхэлдэг. Норов, Дорж, Самбуу ахлагчтай барилгын компани бусдыгаа тэргүүлдэг. Тэд голдуу хоёр гурван давхар байшин барьж борлуулна. Монгол улсын хувьд Америкт амьдарч байгаа халимгууд маань хүний хүчин зүйлийг хэрхэн үнэлж, хүний нөөцийг хэрхэн зөв ашиглахыг дэлгэснээрзз асар үнэтэй.

Бид сүүлийн 80 жилд хүнийг басамжлан явсаар байгаад хүний хүчин чадлыг үнэлэх сэтгэлийн хараагүй болсон нь харамсалтай. Гэтэл Япон, Солонгос, Герман, Польш, Энэтхэг, Хятад, Вьетнам, Тайвань болон бусад орнууд бүгд л гадаадад гарсан нутаг нэгт хүмүүсийн оюуны хүч дэмийг ашиглан хүч сэлбэн байж хөгжилд хүрсэн бодит түүхтэй.

Хавелл хотод байхдаа миний бие Далай ламтай биечлэн уулзлаа. Далай лам жилд хоёр удаа Америкт ирж лекц, семинар уншдаг уламжлалтай. Түүнийг нэг удаа ерөнхийлөгч Клинтон “авхаалжтай бизнесмен” гэж нэрлэж байсныг сайн санаж байна.

Хавелл хотод халимгууд их байдаг учир тэнд Далай лам тогтмол ирдэг. Далай ламтай хамт зураг, дүрс бичлэг хийлгээгүй хүн бараг ховор. Надад Далай ламтай уулзах завшааныг халимаг монголын хорооны тэргүүн Жижа олгож өгсөн юм. Далай лам «Монгол орон миний хоёр дахь эх орон» гэж үнэн зүрхнийхээ угаас чин сэтгэлээр хэлж билээ. Ноён Жижа Далай ламд намайг танилцуулахдаа «Ноён Энхтүвшин нь Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалыг манлайлсан баатар хүн» гэж танилцуулав.

Далай лам хариуд нь «Би үүнийг маш их анхаарал тавьж сонсож байсан, сэтгэлээрээ дэмжиж байсан. Одоо би энэ сайхан үйлсийг чин зориг гаргаж хийсэн оюунлаг хүнтэй энд, Америкт уулзсандаа хязгааргүй баярлаж байна» гэж хэлээд «Би танд талархал илэрхийлж байна» гэж хоёр гараараа миний хоёр гарыг давхар атгаад цагаан хадаг зүүж өгч билээ. Далай ламын сургаал, лекц бүр маш сонирхолтой байдаг.

Далай лам англи хэл дээр уншдаг сургаал, номоо жил бусдад маш энгийн ойлгомжтойтойгоор хүргэдэг. Алиа хошин зүйл ч олон дурддаг. Түүний сургаалд зарим үг одоо хэр нь миний сэтгэлд хоногшин үлдсэн. Үүнд, «их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдаг», «аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд», «бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд», «жилд нэг удаа урьд очиж байгаагүй газар оч» гэх мэт.

Хавелл хотод амьдардаг халимгууд бараг бүгд л намайг гэртээ урьж зочлуулсан. Энэ нь Энхтүвшиндээ биш хүсэж хүлээдэг, бодож санагалздаг Монгол улсад байгаа нь ойлгомжтой. Тэд бүгд л Монгол улсын талаар сонин сайхан юм сонсох санаатай байсан. Би мөн Москва хотод сургууль төгссөн учир тэд Орос орны талаар ч мэдээлэл авах хүсэлтэй байдаг нь мэдэгдсэн.

Би эхний үед өөрийгөө Энхтүвшин гэж танилцуулдаг байсан. Энэ нь “энх”, мөн “түвшин” гэдэг хоёр үгнээс гаралтай гэж тогтооход дөхөм болгож хэлдэг байлаа. Америкт хүнийг дан ганц нэрээр дуудаж заншаагүй байдаг. Тийм учир би миний аав Баттогтох гээд “Баттай тогтох Энхийн түвшин” гээд та Баттогтохын Энхтүвшин гэхэд амархан тогтооно гэдэг байв.

Харамсалтай нь, миний Энхтүвшин нэрийг хэн ч тогтоосонгүй. Бүгд л “Баатар” гэж дуудна. Одоо хэр нь намайг “Баатар” гэж дуудна. Яагаад миний нэр ийнхүү солигдов гэхэд «Чи монголд ардчилсан хувьсгал хийсэн. Америкт ирсэн хамгийн анхны монгол хүн. Одоо чи ганцаараа бүх амьдралаа дааж байна. Энэ чинь баатар. Баатар хүн ингэж чадна» гэлээ. Би “Нэг ангийн хоёр” кинонд тоглож байхдаа Ганбат гэдэг нэртэй байлаа, харин Америкийн халимгууд надад “Баатар” нэр алдрыг хайрлалаа!

Анх намайг нэгдүгээр ангид ороход манай ангийн багш Ляля Завзедовна надад “Малыш” хэмээх нэр цохож өглөө. “Малыш” гэдэг үг нь симпатичный, удаленький, миленький гэсэн олон утга агуулдаг. Багш маань намайг царайлаг, цовоо сэргэлэн гэсэн агуулгаар “Малыш” гэж дуудсан бололтой.

Хожим би учиргүй зодоонч хүү байсан учир энэ нэр “удаленький крыныш” буюу тууштай, өөрийгөө аваад явчих гэдэг агуулгаар бэхэжсэн байх. Сүүлд кинонд тоглосон, хөгжим тоглодог болсон, гоцлон дуулдаг болсон зэрэг нь “миленький” ба “Малыш” - хонгорхон гэдэг нэр алдарт хүргэжээ.

Дотоод Явдлын Яаманд намайг хэсэг найзууд минь “Чулуун хүү” гэж дууддаг байлаа. Ийнхүү би чинь “Малыш”, “Хавсаа”, “Ганбат”, “Чулуун хүү” “Баатар”, “Энкуш”, “Энки” гээд олон нэр хоч, цолтой болсон. Англи хэл дээр “Baby” гэдэг. Ер нь орос, англи, герман хэл дээр “Малыш” гэдэг жижиг, бага гэсэн агуулгыг илэрхийлэхээсээ илүү хонгорхон, царайлаг, чадамгай, дийлсэн гэсэн агуулгыг илэрхийлдэг. Одоо харин “Малыш” чадамгай дийлсэн, царайлаг гэсэн агуулгаар дуудагддаг бололтой.

САНАЛ БОЛГОХ

 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 596 санал өгсөн байна.

Дээшээ