Захидал: Ээжтэйгээ огт таарахгүй юм

GoGo.mn

2017-03-28 12:23 GMT+8

Уншигч танд асуулт байвал asuult@mongolcontent.mn хаягт хандана уу

Асуулт:

Би ээжтэйгээ огт таарахгүй юм. Ээж маань бүх юманд өөнтөгч, юм бүхнийг муу муухайгаар түрүүлж харна. Хэлээд ойлгохгүй улам зөрнө. Төрсөн эхтэйгээ таарахгүй байна гэхээр хүмүүс муу хэлэх л байх. Гэхдээ үнэхээр хэцүү юм. Нөхрийг маань хүртэл муулаад байх юм. Битгий ингэж байгаач гэхээр би үнэнийг л хэлж байна гэх. Аль болох ээжээсээ хол байхыг хичээдэг боллоо. Тэглээ гээд төрсөн эхээсээ холдоод би хаачих билээ. Ээжтэйгээ адилхан хүн болчих юм биш биз дээ ч гэж айх юм. Настай хүний ааш авир өөрчлөгдөнө гэж байхгүй л байх. Яах вэ би.

Хариулт: Сэтгэл судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэг хариулж байна.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Захианд дурдсанаас харахад ээж тань асуудлын сөрөг талыг илүү их олж харж түүндээ төвлөрдөг нэг үгээр бол эрсдлийг тооцогч хэв шинжийн хүн байна. Бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн үг, үйлдэл, хандлагууд бидний сэтгэл зүйд байнга нөлөөлж, тэр хэрээрээ бидний үг, үйлдэл, хандлагыг өөрчилж байдаг. Өөрөөр хэлбэл ээж тань танд сөргөөр нөлөөлж ээжтэйгээ адилхан “өөнтөгч” хүн болох вий гэж та санаа зовж байгаатай адил та ч гэсэн ээждээ нөлөөлж ээжийнхээ бодол, хандлагыг эерэгжүүлж чадна. Үүнд цаг хугацаа, хичээл зүтгэл л шаардагддаг. Тиймээс та ээжээсээ зай барихын оронд яагаад түүнд туслаж болохгүй гэж? Ээжийгээ сөрөг агуулгатай зүйлс хэлэх бүрт нь шүүмжлэхийн оронд зүгээр л та тухайн асуудлыг яаж өөр өнцгөөс харж байгаагаа эвтэйхэн хэлж байхад хангалттай. Мэдээж ээж тань танд хэт сөргөөр нөлөөлөөд магадгүй түүний хэлсэн зүйлээс болж та нөхөртэйгөө муудалцах тохиолдол гарвал энэ үед та ээждээ туслахаас тодорхой хэмжээнд, тодорхой хугацааны завсарлага авах хэрэгтэй болсон байна гэсэн дохио гэж ойлгоорой. Хэсэг хугацаанд өөрийгөө цэнэглэж, тогтворжсоныхоо дараа эргээд ээждээ туслах ажилдаа орж болно. 

САНАЛ БОЛГОХ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 470 санал өгсөн байна.

Дээшээ