Америкт 10 жил-5: Ажлын анхны гараа


2017-03-29 03:18 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Цалин хөлстэй анхны ажилд орох үед би Америкт ирээд зургаан сар болсон байв. Энэ нь 180 хоног. Энэ цаг мөчийг би өдрөөр биш цагаар, бараг минутаар хүлээж байсан. Ажилд орох гэж маш олон байгууллагын хаалгыг татсан. Багагүй тооны ажлын анкет бөглөсөн. Би насандаа ажил хийж явсангүй.

Харин ажил намайг хайж байсан. Ажилд орох бэлтгэлийг 180 хоног хийсэн гэж болно. Өглөө бүр 6 цагт босно, цаг орчим гүйлт, биеийн тамирын дасгал, тэгээд өдрийн турш хэл дуудлага, уншлагын дасгал хийдэг байлаа. Энэ хугацаанд шинээр 5000 үг тогтоож өөрийн болгож чадсан. Үг тогтоох хувийн аргачлал үр дүнгээ өгсөн боловч тогтоож бичих аргачлал цаг хугацаа илүү шаардаж байсан. Богино хугацаанд ийнхүү америк дуудлагад дасаж, хүний хэлсэн ярьсныг ялихгүй ойлгодог боллоо.

Би нийслэлийн 23-р дунд сургуульд сурч байхдаа анх 13 наснаас эхлэн англи хэл судалж эхэлсэн. Маш олон англи дуу хөгжимдөн тоглодог хүү байв. Тэр үед нийслэл хотод англи хэл дээр дуулдаг гурван хүүгийн нэг байлаа. Хожим Москвад сурч байхдаа англи хэлний багш хөлсөлж авдаг байсан. Онц сурлагатны нэмэгдэл цалин, хоёр тарваган малгай миний бүтэн жилийн сургалтын зардал болдог байлаа. Харин энэ нь надад нэг их дэм болсонгүй.

Учир нь, орос аялгуутай англи хэл сурсан байв. Тэр үед цээжилсэн олон сайхан үг бүгд буруу дуудлагатай байв. Очиж очиж орос аялгуутай байдаг. Вьетнамчууд хэзээ ч оросоор цэвэрхэн дуудаж ярих боломжоор хязгаарлагдмал байдаг. Хятад хүн яаж ч монголд удаан байсан бас нэг аялгуу байнга дагалдан оршдог. Түүний нэгэн адил орос хүн америк англи хэлээр цэвэрхэн сайхан ярина гэдэг бараг ховорхон тохиолдол байдаг юм байна. Би үүнийг Америкт очиж байж мэдсэн.

Америк улс бараг саяхнаас эхлэн нэг аялгуунд орж байгаа. Техас муж, Флорида, Аркансас зэрэг мужууд одоо хэрнээ өөрийн гэсэн өвөрмөц аялгуутай. Америкийн хар арьстнууд одоо болтол өөрийн гэсэн сонин дуудлагатай. Энэ бол маш гайхамшигтай сонин үзэгдэл. Хар арьстнууд Америкт анх ирснээс хойш 250 жил болоод байхад нэг хэл ярианы дуудлагад ороогүй гэхэд үнэмших аргагүй юм.

Миний хувьд хэдий ялихгүй англи хэлтэй байсан ч шинэ дуудлагыг авах гээд англи хэлийг бараг эхэлж сурч эхэлсэн дээ! 
Нэгэн сайхан өглөө утас дуугарч, Америкийн томоохон хүнсний их дэлгүүрийн менежер миний нэрийг асуугаад өдрийн 2 цагт уулзалт ярилцлагатай болохыг мэдэгдлээ. 

Америкт аливаа нэгэн ажилд орохын өмнө заавал ажил хэргийн тухай уулзалт, ярилцлага явуулдаг. Ямар ажилд юу хийхээс шалтгаалан хэн, ямар чиглэлийн ярилцлага явуулах гээд бүхэл бүтэн асуудал болдог. Миний хувьд энгийн, бага тушаалын ажилд орох байсан тул надтай хялбархан түвшинд ярилцсан. Хэдий тийм боловч ярилцлагад ач холбогдол өгөх ёстой.

Хэн ч, юу ч хийж байсан компаний ерөнхийлөгч болдог арвин түүх Америк даяар олон байдаг.
Дэлгүүрт ямар ч хүн худалдагчаар ажиллаж байгаад ерөнхийлөгч болно шүү дээ. Хэн ч, хэзээ ч шууд менежер болж байгаагүй. Тийм учир аль ч компаний захиргаа хэнийг ч тэр, ямар ч албан тушаалд авахдаа маш өндөр шаардлага тавьж ажилд авах үйл ажиллагаанд өндөр хариуцлага оноодог.

Надтай хүнсний их дэлгүүрийн ээлжийн менежер ярилцаад ажилд авах болсон шийдвэрээ дуулгасан юм. Ийнхүү ярилцсан өдрийнхөө орой нь миний ажил эхэлсэн дээ. Тэрээр надад гурван хуудас бүхий ажлын гэрээ, ажил хөдөлмөрийн үүрэг, эрх болон худалдааны байгууллагын үйлдвэрчний гишүүнчлэлийн тайлбар хуудсыг гардуулсан юм.

Энэ дэлгүүр ёстой нэг томоохон хүнсний яармаг үзэсгэлэн худалдаа шиг сүртэй, нүсэр том байгууллага байлаа. Шал нь толь болоод байгаа ч юм шиг ёстой нэг тансаг газар байлаа. Тэнд ажилласан зургаан сар миний хувьд гайхал бишрэлээр дүүрэн байв.

Анхнаасаа би нэг газар зургаан сараас хэтрэхгүй ажиллаж үзэх зорилт тавьсан юм. Миний гол зорилго өөрийгөө сорих, америк амьдрал, жирийн америкчуудын ажил хөдөлмөрийн нөхцөл байдлыг өөрийн биеэр мэдрэх, суралцах явдал байсан юм. 
Би ер нь эхний зургаан жил нэг төрлийн ажлын талбар дээр удаагүй боловч надад албан тушаал, шат ахих боломж бололцоо байнга таарч байсан. Дэлгүүрт ажиллаж байхдаа, монгол хүн болсон хойно махны үнийг хамгийн түрүүнд сонирхож байлаа. Америкт хонины гуя 25 доллар байдаг. Үхрийн хэл 15 доллар.

Америкчууд зүрх, элэг, бөөр зэргийг хүнсэндээ өргөнөөр ашигладаг ард түмэн болох нь харагдсан. 
Үхрийн элэг бол өглөөдөө л алга болно доо. Миний хувьд хүнсний ийм том дэлгүүрт ажиллана гэдэг бол ахуй орчиндоо дасаж орох чухал ач холбогдолтой байлаа. Америкчууд чухам ямар хүнсний зүйл, эд бараа өдөр тутам хэрэглэдэг, юуг хэзээ илүүтэй худалдан авдаг, нийгмийн ямар анги бүлгийн хүмүүс юуг, аль төрлийн ямар хэлбэр загвартай бараа бүтээгдэхүүнийг байнга авдаг зэргийг шууд газар дээр нь өөрийн нүдээр харах болсон.

Нэг ёсондоо маркетингийн прагматик сургалт судалгааг явуулсан юм.
Энэ ажил нэг ёсондоо хүнсний хэрэглээний маркетин гийн сургалт болсон. Богино хугацаанд би нийт америкчуудын эдэлж хэрэглэдэг, хүнсэнд авдаг нийтлэг бараа материалыг өөртөө авч хэрэглэж сурлаа. Ингээд би америкчуудад учиргүй гадны хүн байхаа болив.

Ер нь найм дахь сардаа би Америк хэрэглээнд, америк хүмүүсийн нэгэн адилд орж дасаж чадсан шүү!
Намайг Америкт хоёр жил болсны дараа хэн ч надаас, «Та хаанаас ирсэн бэ?» гэж асууж байгаагүй. Миний хувьд би Америк нийгэмд маш хурдан нэвтэрч чадсан ба хожим надтай танилцсан япон бүсгүй намайг америк залуу гэж бодсон гэдэг.

Намайг ажилд орох үед Америкийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ 4 доллар 4 цент байсан. Арван жилийн дараа бараг 7 доллар болсон шиг санагдаж байна. Харин би ажилд орохдоо цагийн 5 доллар 25 центээр хөдөлмөрийн хөлсөө тогтоолгож байсан. Энэ нь хөдөлмөрийн муугүй гараа.

Ажилдаа би явган явдаг байв. Одоо бодоход Америкт миний хийж байсан ажил хөдөлмөрийн хамгийн амар, тайван нь байж. Энэ дэлгүүрт би бараа сэлбэгч, борлуулалтын тооцооны худалдагч хийж байсан.

Ажилд авсан менежер намайг “Энки” гэж дуудаж, түүнээс хойш бүтэн 10 жил миний америк нэр Энки болсон доо. Энки гэдэг нэрийг америкчууд маш амархан тогтоодог. “Энки Бэнки” гэдэг ардын шахуу дуу байдаг. Энэ нэр эмэгтэйчүүдэд ихэд таалагддаг болохыг амархан анзаарсан. Япончууд мөн амархан тогтоодог. Учир нь, Японд Бенки гэдэг алдарт самурай, домогт баатар байдаг байна.

Энки нэрийг хятад гаралтай америкчууд мөн амархан тогтоодог. Учир нь, энкай гэдэг нь пунтунхуа аялгуугаар Буяндэлгэрүүлэгч гэж ойлгогдож буудаг. Энки гэдэг нь монголоор бол зүгээр Энхээ л байхгүй юу! Тиймд нэр их солигдсон юм байхгүй хэрнээ Энки гэдэг нэр надад маш их аз завшааныг авчирсан.

Ийнхүү Америк дахь анхны цалин хөлстэй хөдөлмөрийн гараагаа аварга том хүнсний худалдааны төвд касс - борлуулагчаар эхэлсэндээ бахархаж явдаг. Зах зээлийн борлуулалт үйлчилгээ, тохижилт, удирдлага энэ бүхэнтэй би газар дээр нь танилцаж, суралцаж, эзэмшиж явлаа. Борлуулагч нь маш сайхан ажил. Зах зээлийн эдийн засагт хүн бүр борлуулагч байх учиртай. Энэ нь түүний салшгүй нэг хэсэг юм.

САНАЛ БОЛГОХ

 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 424 санал өгсөн байна.

Дээшээ