Америкт 10 жил-6: Нью-йорк хотод


2017-03-31 10:48 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Заавал томоохон хот суурин газар бараадан суух өвчин Зөвлөлт засаглалын социализмын синдром болов уу! Үл ойлгогдох энэ тэмүүлэл намайг бас дайрч өнгөрсөнгүй. “Дэлхийн нэг том хотод очих юмсан”, “Энд ажил олох юмсан” гэдэг хүсэл бүр сүүлдээ хүчтэй тэмүүлэл болсон. Харин яаж тэнд ажилтай болох эсэх нь эхлэл төгсгөл нь үл харагдах харанхуй хорвоо байлаа.

Америк улс бол мэдээлэл нээлттэй нийгэм. Ажил олж авах бүхий л сувгийг судалж эхэлсэн юм. Ийнхүү надад нэгэн ажил гойд сонирхолтой санагдсан. Энэ нь хотын хог зөөгч компанид хог ачигчийн ажил байлаа. Нью-Йорк хотын хэмжээнд хог ачдаг таван томоохон компани ажилладаг. Тэдний ажилчид цагийн 20-25 долларын цалинтай байдаг юм.

Би энэ таван компанид тавууланд нь ажил сурагласан мэдэгдэл болгож ажлын анкет бөглөж өгсөн боловч сураг чимээ тасарсаар удлаа. Хожим би сураг чимээ тасарсан шалтгааныг нь ойлгосон. Анх би социалист Монголын сэтгэлгээгээр энэ муу цэвэрлэгчийн хар ажилд хэн ордог юм гэж бодож байсан нь ёстой ташаарсан эндүүрэл байлаа.

Нэгд, цалин маш өндөр, цагийн 25 доллар, банкны ажилтан цагийн 5 доллар, багш цагийн 9 доллар, цагдаа мөн цагийн 9 доллар; хоёрт, энэ ажилд орох хүсэлтэй хүмүүс дугаар дараалалд ордог байв. Хотын захиргаанд таньдаг хүнтэй, зарим тохиолдолд мөнгө төлж байж ажилд ордог гэсэн түүхийг хоёр гурван хүнээс сонсож, хүслээ аргагүй хязгаарлан зогсоож билээ.

Сэтгэлээр ялимгүй гутарсан энэ үед надад аз тохиолоо. Миний шинэхэн танилцсан Америк лам, Нью Йоркийн гоёл чимэглэлийн томоохон компаний дэд захирал байсан бөгөөд би гайхал төрүүлэм азын шоо татлаа. Аз тохиолдол хоёр хослон намайг энэ удаад үнэт чулууны ялгагчийн ажилтай танилцуулав. Онцгой ухаан шаардахгүй энэ ажил харин тэвчээр, нямбай няхуур ажиллагааг илүүтэй шаардана.

Тиймд нүд ялихгүй ядардаг байсан. Хөдөлмөрийн хөлс цагийн 6 доллар 30 центээр тогтоогдож, амьдрал сайжрах хандлагатай байлаа. Хөдөлмөрийн хөлс долоо хоног бүрээр бодогдож гарна. Компани, санхүүгийн бүртгэл тооцоог банктай гэрээний дагуу хийдэг байв. Тиймд би цалингаа шууд банкнаас авдаг байсан учир анх удаа Америкийн томоохон банк болох “Банк ов Америка”-д данс нээлгэж, хүн боллоо.

Ажил тараад хэлний курст суралцана, харин хагас бүтэн сайн өдөр хотын төв гудамжаар явах маш сонирхолтой байлаа. Байнга явсаар байгаад энэ том хотыг гойд сайн мэддэг болсон юм. Одоо хэрнээ би явган явах маш дуртай. Долоо хоногт заавал гурван цаг явган явна. Өдөрт цаг орчим явган явах эрмэлзэлтэй байдаг.

Миний ажиллаж байсан чулуу ялгах дамжлага нь лаборатори маягийн маш тохилог ажлын байртай. Энд голдуу залуу охид ажилладаг байв. Тэд гол төлөв Тайланд, Непал, Шриланк, Энэтхэг улсаас ирсэн байлаа. Энд мөн Энэтхэг улсаас дүрвэн ирсэн Төвд үндэстэн ажилладаг байсан. Чухам тэд ямар байдлаар ирсэн, яаж энд үлдэх хууль ёсны зөвшөөрлөө олсон болохыг мэдэхгүй. Учир нь, америкт хувийн холбоотой зүйлийг асуухыг онцгой цээрлэдэг. Энд ирсэн хэн болгон үүнийг хамгийн онцгой анхаарч хүлээн авдаг болов уу.

Америкт албан ёсоор цагаачлан ирсэн хүмүүст зориулсан зургаан шатлал бүхий сургалт. Үүнд: Англи хэлээс гадна, америкийн түүх, ёс заншил гээд хамгийн их ордог нь америк хэлбэрийн амьдралын ухаан юм. Яаж ажилд орох, даатгал, тэтгэмж, татвар, банкнаас зээл авах арга зам, хэлбэрүүд гээд амьдралд амин чухал мэдээ мэдээллийг өгдөг энэ сургалт үнэ төлбөргүй. Нийгмийн даатгалынхаа дугаарыг оруулаад болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сан цагаачдын сургалтыг хариуцан даадаг.

Хувиараа ирж англи хэлний сургалтанд хамрагдах хүмүүст зөвхөн хэлний хичээл ордог. Харин цагаачдад зориулагдсан сургалтыг “Америкчлах” гэж томъёолж болох юм. Америкт олон жил байсан ч гэсэн энэ сургалт мэдээлэлгүйгээр америк амьдралыг ойлгоно гэдэг бэрх мэт санагдсан. Тийм учир зургаан шатлалт энэ сургалт албан ёсоор цагаачлан ирсэн хэн болгоныг америк нийгэмд оруулж чаддаг зам нь юм.

Тиймээс Америкт албан ёсоор ирээд удаагүй хэн ч гэсэн жишээ нь, «Хэн хэдэн долларын цалин авч байна? гэж асуудаггүй. Асуулаа гэхэд «Миний сэтгэл хангалуун байдаг” гэж хариулна. Учир нь, нэг төрлийн ажил олон хувилбарын цалингийн тогтолцоотой байдаг.

Хүнтэй үзэл бодлын талаар битгий ярь, шашин шүтлэг бол хувь хүний асуудал, хүнд яаж үгүй гэж хэлэх вэ? гэх мэт өвөрмөц сэтгэхүй дээр тогтсон Америк нийгмийн тогтолцоог Америкт ирсэн албан ёсны цагаачид л мэдэж ойлгодог. Тийм учир Америкт албан ёсоор амьдарсан хүн, хувиараа юмуу, хууль бусаар америкт байгаа хүмүүсийн сэтгэхүй ялгаатай байдаг. Монголын Элчин Сайдын Яаманд найман жил болсон хүн монгол хүнээрээ л байна, түүнтэй нэгэн адил Америкт дөрвөн жил сургуульд сурсан хүн мөн л монгол хэвээр байна. Харин албан ёсоор цагаачлан үлдсэн монгол хүн 2-3 жилдээ Америкжих хандлагатай болно. Тэгж байж шинэ нийгэмд амьдрах тэнхээг олдог.

Миний ажиллаж байсан үнэт чулууны компанид азийн орнуудаас ирсэн олон үндэстэн байсан гэж дээр дурдсан. Түүний дотроос Тайланд, Төвд гаралтай америкчууд надад бусдаас илүү дотно байлаа. Тайландчууд өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг. Төвдүүд монголчуудтай нэг шашин шүтлэгтэй гэдэг утга санаанаас сэтгэл гаргадаг бололтой.

Би Америкт байхдаа олон төвд хүмүүстэй уулзаж танилцаж байсан. Төвдийн Далай ламын төлөөлөгчийн газар түүнээс зохион байгуулж буй бүхий л ажиллагаанд оролцож байлаа. Тэр битгий хэл, Америкт байгаа төвдийн эсэргүүцлийн жагсаалд оролцож явлаа. Энэ эсэргүүцлийн жагсаал, НҮБ-ын төв байрны өмнө болж билээ. Мөн түүнчлэн Төвдийн түүхийг нарийвчлан судалсан. Төвдийн шашин шүтлэгийг биширдэг Непал улсын хөгжил дэвшил онцлог зэргийг мөн олж уншиж байсан. Энэ бүхний дараа би өөрийгөө энэ бүхнээс хол байх шийдвэрийг зөв гэж үзсэн.

Америкт Монголуудад их сэтгэлтэй ханддаг хүмүүс бол гарцаа гүй япон солонгосчууд, мөн туркууд байдаг. Хамгийн гол нь тэд шинэ Америкчууд байж дотно сэтгэл гаргана. Хоёр дахь үе болоод ирэхэд Монгол улс хаана байдгийг ч мэдэхгүй болдог. Шинэ америкчууд гэдэг нь өөрийн төрөлх эх орондоо төрсөн, америкт албан ёсоор ирээд цагаачлалын хуулийн дагуу хууль ёсоор амьдрах зөвшөөрлөө авсан хүмүүсийг хэлж байгаа юм.

Гол төлөв эдгээр хүмүүс нэг, 2, 5 жил болоод байнгын оршин суух эрхийг авах авдаг. Байнгын оршин суух эрхийг олох маш олон суваг байдаг. Энэ чиглэлийн зохицуулсан хуулийн 37 боть эмхтгэл бий. Түүнийг уншиж сууснаас өмгөөлөгч авсан нь хавьгүй дээр байх. Тав, найм, 10 жил америкт амьдарсан хүмүүс иргэн болох эрх зүйн нөхцөлөөр хангагдана. 

Америкийн иргэн болно гэдэг бол америкт ирсэн хүн болгоны хамгийн баяр баясгалантай, хэзээ ч марташгүй, нэн чухал үйл явдал. Америкийн иргэн болсон гээд архидаж байсан түүхийг би ёстой сонсоогүй юм байна. Дэлхий дээр яг хэдэн үндэстэн ястан байдаг нь тодорхойгүй байдаг. Учир нь, Африкийн нэг улсад л гэхэд 40 орчим үндэстэн ястан байдаг. Нийт 200 улс орон, 450 орчим үндэстэн ястныг гэвэл өнөөдөр америкт 450 үндэстэн ястан амьдардаг гэж бардам хэлэх байна. 1990 онд миний бие Америкт очиж албан ёсоор үлдэх хүсэлт гаргаснаар Монгол Улсын анхны “Алтан хараацай” болсон юм.

Одоо Америкт албан ёсоор хуулийн дагуу 20 хүн амьдарч байгаа бол, сургууль соёл гээд хууль бусаар бараг 100 мянгаад хүн амьдардаг гэсэн тооцоо байдаг. Дийлэнх олонд тэнд үлдэх, улмаар байнгын оршин суугч болох магадлал бий. Өнөөдөр гадаадад оршин суугаа манай иргэд эх орондоо хэд хэдэн сая америк доллар гуйвуулж байна. Тэдний илгээсэн бага ч болтугай мөнгөөр аав ээж, ах дүүс, амраг садан нь энд амьдралаа дээшлүүлж байгаа. Яваандаа гадаадад оршин суугаа монголчууд эх орондоо эд мөнгө материаллаг болон оюуны хүчтэй хөрөнгө оруулалт оруулах нь дамжиггүй.

Америкийн хотуудын дүүрэг бүр уртаашаа тоогоор дугаарладаг. Нэг тал нь тэгш тоогоор нөгөө тал нь сондгой тоогоор дугаарлан явдаг. Харин өргөөшөө болоод ирэхэд нэрээр дуудагдаж ялгардаг. Энэ нь гол төлөв Америкийн хувьсгалын анхны 13 хүний нэрээр явдаг. Вашингтон, Жеферсон Мэдисон, Хамилтон гэх гудамжны нэр хот болгонд байдаг.

Нью-Йорк хотын төвийн дүүргийг Манхаттэн гэж нэрлэдэг. Уртаашаа 1-120 гудамжтай. Энэ дүүргийг уртааш нь алхах юм бол яг гурван цаг болдог. Нэгээс арав хүртэлх гудамжинд өндөр орлого бүхий иргэд амьдардаг. 10-18 хүртэлх нь ядуу хороолол гэж тооцогддог. Энд хүмүүс цуглах дуртай. Энэ хэсэгт шөнийн баар, 24 цагийн зугаа цэнгээний газар, хямдхан зочид буудал, гадна гудамжны худалдаа үйлчилгээ элбэг харагдана. Мөн энэ хэсэгт хямдхан хувцасны дэлгүүрүүд олон бий. Энд хотын хар тамхичид олноор цуглана. Хотын хэт баячууд 60-70 тоотод амьдардаг. Монголоос НҮБ-д суух төлөөлөгчийн газар мөн энэ хэсэгт байрладаг.

Хотын дээд хэсэгт дэлхийд нэр алдартай Колумбын их сургууль байрладаг. Би энэ сургуулийн орчим нэг хэсэн амьдарсан. Амьдрах хугацаандаа тус сургуулийн олон сайхан профессор, багш нартай танилцсан. Тэд голдуу орос гаралтай Еврей улсууд юм. Тэдний дунд долоо хоног бүр яруу найраг, уран зохиолын үдэшлэг явагдаж байв. Энд би анх дуулж, Есениний яруу найргаас анх уншиж оролцсоноос хойш 20 гаруй үдэш өнгөрөхөд нэг мэдэх нь 60 хүнийг нэр усаар нь таньдаг болсон байлаа.

Намайг тэдэнтэй танилцах үед Оросын нэрт дуучин Алла Пугачёва болон миний шүтэж явсан “Машина времени” хамтлаг ирж билээ. Тэд Нью-Йорк хотын Манхаттэн дүүрэгт байрлах Оросын томоохон ресторанд тоглолтоо хийсэн юм. Москвагийн нүсэр том стадионд тоглодог хүмүүс Америкт рестораны дуучид болж хувирч байв. Мөн яг энэ үеэр Монгол улсын анхны ерөнхийлөгч Очирбат, Нью-Йорк хотод ирсэн билээ.

Хачирхалтай нь ерөнхийлөгчийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн нэгэн сэтгүүлч залуу оргон зайлж Америкт үлдсэн байж. Би бүтэн 10 жил Америкт амьдрахдаа тэр залуутай уулзах байтугай сураг чимээг нь ч сонсоогүй.

Нью-Йорк хот миний хувьд дэндүү нүсэр том хот хэвээр сэтгэлд үлдсэн. Орон байрны түрээсийн үнэ дэндүү өндөр. Манхаттэн хэсэгт нэг өрөө байр 800 доллараас хямд байна гэж бараг байхгүй. Ажил олоход туйлын бэрх. Нью-Йорк хотын төвийн том том барилгыг Японы аварга компаниуд худалдан авсан байдаг. Хоёр гудамжны хэмжээний барилга байшин, бизнесийг Солонгосын томоохон компани худалдан авч, эзэмшлээ болгосон байдаг.

Нью-Йорк хотод Хятадын хотхон бий. Ер нь Хятадын хотхон Америкийн бүхий л томоохон хотуудад байдаг. Харин Нью-Йорк хотод хамгийн том хятад хотхон байршдаг. Энд англи хэл огт мэддэггүй хятад хүн олон амьдардаг. Тэдэнд англи хэл мэдэх ямар ч шаардлага байдаггүй. Учир нь, нэгд хотхон нь том, тэнд бүх юм хятад хэлээр зохицуулагдана. Хятад ном, сонин, телевиз, радио гээд ер нь бараг бие даасан улс орон шиг л байдаг. Тэнд цагдаагийн албаныхан хүртэл хятад хэлтэй хүмүүс. Нью-Йорк хотын хүнсний жижиг дэлгүүрийн сүлжээ, хими цэвэрлэгээ зэргийг солонгос гаралтай америкчууд эзэмшсэн байна. Тэд энэ байр суурийг бусад томоохон хотуудад ч тогтоож чадсан.

Нью-Йорк хотын таксины жолооч нар голдуу Пакистан гаралтай хүмүүс байдаг. Тэд англи хэлээр маруухан хэдий ч хотыг маш сайн мэднэ. Тэд байнга газрын зурагтай явдаг. Нью-Йорк хотын газрын зураг манай хүүхэд залуучуудын нэвтэрхий толь бичиг шиг гудамж гудамжаар нь маш нарийн гаргасан зузаан дэвтэр байна. Нью-Йорк хотын утасны лавлах болох шар дэвтэр л гэхэд боть ном байдаг.

Арабын террористуудын зохион байгуулсан нисэх онгоцоор бусниулсан дэлхийн худалдааны төвийн хоёр цамхагт байрлаж байсан пүүс компаний хөрөнгө мөнгөний эргэлт Герман улсын дунд зэргийн хотын төсвөөс давж байсан гэдэг. Дэлхийн худалдааны төв гэдэг нэртэй болохоос биш энэ хоёр цамхагт Америкийн болон гадаадын томоохон пүүс компаний удирдах газар байршиж байжээ. Товчхондоо Нью-Йорк хот нь үнэнхүү ажил хэргийн үйл ажиллагааг өрнүүлсэн цэвэр бизнесийн хот юм.

 

САНАЛ БОЛГОХ

 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 784 санал өгсөн байна.

Дээшээ