Америкт 10 жил-7: Филадельфи хот


2017-04-05 12:10 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Филадельфи хот нь харьцангуй эртний хот бөгөөд европ загварын барилга байшин ихтэй. Энэ хотод Ирланд гаралтай америкчууд олноор амьдардаг. Хотын төв америкийн бусад хотуудын нэгэн адил тэнгэр баганадсан өндөр өндөр шилэн барилгаар дүүрэн.

Энэ хотод би Христийн сүмийн төвийн нэгэн байранд ирээд, тэндээс хоногийн 22 долларын байр олоод, улмаар бизнес арилжаа, худалдаа эрхэлдэг компани пүүсийн хаяг, байршлыг сонгож байгаад, нийт 100 орчим компани пүүсийн хаалга татаж явлаа. Энэ хооронд хүний нөөцийн бизнес эрхэлдэг дунд насны нэгэн америк хүнтэй маш дотно танилцсан юм.

Тэрээр надад ажил олох арга тактик, ухааныг маш няхуур зааж өгөв. Эхлээд орох ажил, албан тушаалаа тодорхойлох, дараа нь тухайн албан тушаалын ажлын тодорхойлолтыг сайтар судлах, тэгээд тухайн болон түүнтэй дүйцэх албан тушаалтай холбогдсон ном, эрх зүйн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс гээд холбоотой бүхий л мэдээллийг олж өөрийн болгож авах, тогтоох. Мөн өөрийгөө тодорхойлох хоёр хүнээ сонгох, өргөдөл болон захидал, бусад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, эцэст нь уулзалтанд бэлтгэх, зөв тохируулан хувцаслах, үс засалтаа сонгох.

Энэ бүхнийг тэр хүн сар шахам хугацаанд өдрийн бүтэн цагийн турш надад зааж сургаж билээ. Хичээл сургалт нь яг жүжиг шиг явагддаг байв. Тэр асуулт тавина, би хариулна. Алдааг засна. Дахин давтана. Энэ бүхэн шинэ загварт орж олон дахин давтагдана. Сүүлдээ тэр хүн өөрөө амжилтанд хүрсэн юм шиг хөөрөн баярлах нь надад ч бас сайхан байдаг байлаа.

Нэгэн өглөө мань эр “За, чи одоо мөнгө ургуулах ажилд орох бэлтгэлээ хангаж дууслаа. Одоо чи сая доллар шиг харагдах хэрэгтэй” гээд эрчүүдийн бөс барааны нэрийн дэлгүүрт намайг дагуулан очлоо. Дэлгүүрт эзэн нь гээд нас нас тогтсон нэгэн сайхан хүн бүтэн хоёр цагийн турш надад зориулж сонголт хийж, уг сонголтынхоо шалтгааныг тайлбарлаж билээ.

Америк хүмүүсийг сонсох хоббитой гэж хэлж болно. Түүнийг презентаци гэж нэрлэдэг бөгөөд тухайн хүн яаж, ямар хэлбэрээр, ямар аргаар уг бүтээгдэхүүнийг сурталчилж байгаагаас нь шалтгаалсан борлуулалтыг нэмэгдүүлэх нэгэн арга юм. Энэ нь америк хүн бүрийн гойд сонирхох мөнхийн сэдэв байдаг. Борлуулалтын арга технологийг тайлбарласан олон ном, сургаал ч бий. Энэ нь бүхэлдээ цогц шинжлэх ухаан болдог.

Борлуулалт нь шууд биш ч гэсэн борлуулах зорилгод хандсан хөнгөн асуултаар эхэлж, борлогдох барааны тухай танилцуулга, сурталчилгаа тайлбараар үргэлжилж, эцсийн буюу хамгийн чухал хэсэг болох борлуулах үйл явдлаар өндөрлөдөг. Энэ үе шатууд өөр өөрийн онцлогтой.

Энэ дэлгүүрээс би хос костюм, хоёр цагаан цамц, зангиа, хоёр оймс, гутал зэргийг худалдан авч билээ. Зардал болох 1300 долларыг шинэ танил болсон Томас төлөх санал гаргаж, би түүнийг хүүгүй эргүүлэн төлөх тааламжтай хэлцлийг газар дээр нь хийв. Энэ нь надад сэтгэлийн маш том дэм болсон. Энэ хүн сэтгэл зүрхээрээ надад амжилт хүсэж байсан тул би алдах эрхгүй байлаа.

Костюм, цамц, зангиа, гутал бүр өөрийн онцлогтой. Зангианы зангидах хэв маягийг европынхоос тэс ондоо. Пүүсийн захирал, менежер, компаний эзэн, төрийн албан хаагч, өмгөөлөгч, арилжигч, зөвлөх гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс костюм, зангиагаараа ялгагдах бөгөөд энэ нь маш нарийн урлаг юм.

Шинэ дүр төрхтэй болсон намайг тэр өдрийн орой Томас оройн хоолонд урьсан юм. Оройн зоогонд биднээс гадна гурван хүн ирэв. Тэд нас тогтсон, юм үзсэн, ёстой “хатуухан самар” гэмээр лут байрын хүмүүс байлаа. Харин миний бие ямар хоол захиалж авах арга ухаанаа мэдэхгүй нэгэн. Учир нь, миний мэдэх хоол тэр үзэмжтэй меню дотор ганц ч алга байлаа. Жар гаруй итали хоолны жороос ядаж нэгийг ч мэдэхгүй яваадаа гутах шиг болов. Бөглүү харанхуй нийгэмд төрж өссөний гай, харамсал энэ өдөр надад маш хүчтэй цохилт болсон юм. Америкт ирж 11 сар болсон хэрнээ хоол хүнсний тухай ном олж уншаагүйдээ би өөрийгөө зэмлэж, бүр илүүтэй харамсаж билээ.

Тэгээд Филадельфи хотод би анх удаа номын сангийн карт нээлгэж, номын санд суух болов. Номын сан гэдэг бол оюуны ордон танин мэдэхүй юм гэдгийг би энд л бүрэн мэдэрсэн. Москва хотод сурч байхдаа би Лениний номын санд тогтмол суудаг цорын ганц монгол оюутан байсан. Монгол хүнийг гадаад хувцас хунар, нүүр царайгаар нь амархан танина шүү дээ. Ямартаа ч миний сурч байсан 1984–1988 онуудад тэр номын санд монгол оюутан өдрийн од шиг тааралддаг байв.

Хагас бүтэн сайнгүй өдөр бүр суудаг байж билээ. Тэгэхэд Москвад надад тийм гайхалтай мэдрэмж төрж байгаагүй. Номын сан гэдэг чинь нэг ийм л юм байх ёстой юм байна гэж Филадельфийн номын сангийн дүр төрх намайг гэгээрүүлж билээ. Энд би Итали хоолны нэр, жор, орц, бүтэц гээд хэд хэдэн зузаан номыг бүр тэмдэглэл хөтөлж нарийн судалсан юм. Хоолны нэр томъёог цээжлэх гэж удсандаа би одоо хэр нь их гайхаж явдаг. Бодвол их тэвдэж цочирдсон болов уу. 

Цагтаа Пушкин, Лермонтов, Есенин зэрэг зохиолчдын урт сунжирсан найраглал, шүлгийг цээжээр мэддэг байсан, одоо хэр нь мартаагүй яваа. Эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл ангийг толь бичиг мэт тогтоодог байлаа. Гэтэл энэ итали хоолны 120 гаруй жорны нэр томъёог хооронд нь маш их будилж билээ.

Тун удахгүй Томас дахин үдийн зоогонд урилаа. Энэ удаа япон хоолны ресторанд зоог барив. Зоогонд Томасаас гадна өмнө нь хамт зоог барьж байсан хүмүүсийн нэг нь гэр бүлийн хүнтэйгээ хамт ирсэн байв. “Энэ ресторан бол далайн загасны хоол, жороор манай хотод тэргүүлдэг алдартай ресторан” гэж надад танилцуулаад “Танд таалагдана гэдэгт би итгэж байна” гэлээ Харин надад тааламжтай амт огт мэдрэгдээгүй.

Идэх хоолоо сонгож чаддаггүй амьд хүн гэж байх уу? Ийм л асуултыг би өөртөө тавьсан даа. Социалист монгол оронд төрснөөр идэр залуу настай золгож, Москвад нөгөө гахай, тахианы мах идсэн ч “хуучин хүү” хэвээрээ л байж. Миний толгойд би яаж “шинэ хүү” болох вэ? гэсэн асуулт эргэлдэх болов. Энэ л асуулт миний “байх, байхгүйг” шийдэх гол, том зорилт боллоо.

Томасын намайг бэлтгэж, хүмүүстэй хамт зоогонд урьсны нууц тайлагдаж, бид хамтдаа арилжааны бизнесийг шинээр эрхлэх болов. Тун удахгүй бид ерөнхий хөрөнгө оруулагчтайгаа уулзав. Тэрээр бидний үйл ажиллагааг шууд санхүүжүүлэхээр боллоо. Ийнхүү бид арилжааны пүүс компани нээх шийдвэрт хүрч, компаниа анх таван хүнтэйгээр эхэлсэн юм. Компаний төв байрыг хотын төвийн нэгэн цамхагт нээх болсон бөгөөд би компаниа 13-р давхарт байршуулах санал гаргалаа. Тэдэнд арван гурав гэдэг бэлгэшээлтэй, бэлгэдэлтэй тоо болохыг би тайлбарлав.

Түүнчлэн намайг “Америкийн анхны хувьсгалчид 13 штатаар нэгдэж байсан. Филадельфи хот бол хувьсгалын өлгий хот. Бидний бизнес тэр чигээрээ хувьсгал. Бид хамтран хорвоо дэлхийгээ улам гоё, сайхан амьдралаар өөрчилж чадна” гэж хэлэхэд тэд уулга алдаж “Монголд ардчилсан хувьсгалыг мөн 13 хүн зохион байгуулж ялалтанд хүргэсэн” гэж зөвшөөрөхийн ялдамд “Танд ийм сайхан санаа гаргасанд туйлын их баярлаж байна. Бид одоо ялах нь дамжиггүй боллоо” гэж сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа. Сэтгэл маш өөдрөг байв. Миний маш итгэл үнэмшилтэй ярьсан зүйл тэднийг ихэд өөрчилсөн. Үүнийг би хожуу ойлгосон юм.

Ийнхүү бид компанийхаа байрыг 13-р давхарт маш ёслол төгөлдөр нээсэн бөгөөд компанийхаа нэрийг “Хангарьд интернэшнл ХХК” хэмээн тогтож, холбогдох баримт бичиг ердөө 15 минутын дотор хотын захиргаанаас гарсан ба үйл ажиллагаа явуулах эрхийн лиценз штатын төрийн нарийн бичгийн баталгаатайгаар 14 хоногт багтаж шуудангаар ирэв. Удаах хоёр сарын хугацаанд биднийг хотын худалдааны танхим, хотын бага, дунд бизнесийн товчоо зэрэг албан газрууд урьж гадаадтай арилжаа, худалдаа хийхэд анхаарч, болгоомжлох зүйлийн талаар өргөн мэдээлэл өглөө.

Бид бизнесийн гараагаа Орос улсын Владивосток, Магадан хотоос эхлэх төлөвлөгөөтэй байсан тул энэ хоёр хотын тухай бүх мэдээллийг олж авсан юм. Хамгийн дэлгэрэнгүй мэдээг Америкийн төрийн департамент буюу манайхаар Гадаад явдлын яам өгдөг. Уг мэдээллийн эзэн нь Владивостокт суугаа Америкийн консул байсан бөгөөд тэр нь Америкийн тагнуулын газартай холбоотой байж болзошгүй байв.

Манай компани гадаадад гүйлгээ хийх хоёр банкаа сонголоо. Сонголт хийсэн хоёр банк Владивосток, Магадан хотуудын маркетингийн судалгааг гаргаж өгөв. Энэ бүх мэдээллийг би сар гаруй судалсан юм. Учир нь, ажил хэргийн англи хэл ба сургалтын англи хэл гэдэг чинь монгол, япон хэл шиг хоорондоо ялгаатай байдаг. Би англи хэл сурч байсан болохоос англи хэл дээр бизнес эрхэлж яваагүй болохоор энэ бүгдийг өөрөө орчуулж орос хэл дээр буулгаж байлаа.

Түүний зэрэгцээ манай компани Владивосток, Магаданд гардаг орон нутгийн сонин хэвлэлийг захиалан авдаг болов. Надад судалгааны зургаан сарын хугацаа өгсөн боловч би бизнесээ шууд эхлэх санал оруулж, утсаар анхныхаа хүнтэй холбогдлоо.

Надад хангалттай материал гар дээр минь байсан, хоёрт, орос хүний бүтэн нэрийг авахад хэн хэнтэйгээ хамаатан болох нь амархан мэдэгдэх давуу талтай байдаг. Тиймд би хотын даргын овог нэр, удмын нэрсийг гүйлгэж шүүсээр шөнийн баарны эзэн хүний нэр дээр тогтож, хамтрагчийнхаа сонголтыг хийлээ. Үүнийгээ Владивосток хотын холбооны коммутатор залгагч бүсгүйгээс лавлаж асуухад үнэн болох нь батлагдав. Социалист системийн нэг “сайхан” нь хэрэгтэй, хэрэггүй юм болгоныг мэддэг явдал юм.

Харин манай компаний америкчууд, бид чухам яагаад шөнийн баарны эзэнтэй хамтарч бизнес хийх болсныг нэг л ойлгож өгөхгүй байлаа. Орос шинэ түнштэйгээ би нийт 6 – 7 удаа утсаар ярилаа. Ийнхүү ердөө 14 хоногийн дараа бид Владивостокоос хөлдөөсөн улаан загас 60 тонныг худалдан авахаар тохиролцов.

Манай компаний америкчууд бидний түнш болсон орос эр маань загас олзворын компанигүй байж ямар хурдан бидний захиалгыг бүрдүүлж чадав гэж гайхаад байлаа. Би тэдэнд “Энэ бол Орос улсын маш өвөрмөц онцлог” гэж тайлбарлав.

Хоёр сарын дараа орос түнш маань хоёр залуу бүсгүй дагуулсаар Филадельфи хотод хүрэлцэн ирлээ. Манай хэд надаас дагуулсан хоёр бүсгүй нь ямар учиртай болохыг асуухад нь би тайлбар өгсөн боловч тэд ойлгоогүй үлдсэн.

Орос түнш, түүнийг дагалдагч хоёр бүсгүй, бид дөрөв бүтэн сар гаруй хугацаанд тансаг “Хильтон” зочид буудалд байрлав. Сарын дотор бид бизнесийн зураглалыг тун ойлгомжтой болгосон. Энэ нь ердөө л Бартер худалдаа байсан. Оросын тал улаан загас, бид Кентуакки штатын тахианы мах нийлүүлэх боллоо.

Яг ийм загвараар бид мөн Магадан хотын нэгэн бизнесментэй худалдаа хийх болов. Магаданы бизнесмен мөн л хоёр загвар өмсөгч бүсгүйтэй ирсэн. Манай хэд мөн л гайхсан. Сүүлдээ тэвчээр нь алдагдсан бололтой нэг сонин асуултыг надад тавьсан. Энэ оросууд чамайг хамаатан саднаа болгох гэж байгаа юм уу? Тэгвэл бас бодууштай санагдаж байна. Харин сонголтоо тун яарахгүй хийх хэрэгтэй гээд надад амь даатгал, орон сууцны хөдөлшгүй хөрөнгийн ипотекийн зээлийг хэрхэн өөрсдөө хийсэн зэргийг ярьж өгөв. Үүгээрээ тэд гадаадын хүн ийм байдлаараа садаа болдог гэдгийг надад тайлбарласан хэрэг.

Эндээс би ипотекийн зээл, амь насны даатгал, дүрвэгсдийн хууль, иргэний хууль, гэр бүлийн хууль зэрэг олон хуулийн хам зохицуулалт нийлээд гадаад эхнэр юм уу, нөхөр авахад нэг их таатай нөхцөл бүрдүүлж өгдөггүйг ойлгож авсан юм. Түүнээс хойш америк залуутай суух бүсгүй хорвоогоор дүүрэн болохыг хожим ойлгосон. Гадаадаас гурван удаа эхнэр авчрах тохиолдолд эрүү үүсэх ч бололцоо байдаг. Салаад суугаад байна гэдэг өөрөө шунахайн сэдэлтийн үйлдэл гэж ойлгогддог байна.

Филадельфи хотод байх үедээ би 1990 оноос өмнө Америкт гарсан бүхий л кино бүтээлийг видео прокатнаас авч үзсэн. Өдөрт л 3 – 4 кино үздэг ёстой нэг видео маньяк байлаа. Хэл сурахад түлхэцтэй гэж өөрийгөө урамшуулдаг байв.

Санамсаргүй тохиолдлоор япон гаралтай нэгэн америк хүнтэй номын санд учран, анд болцгоосон юм. Бид хоёр япон номын тавцан дээр зэрэгцэн зогсож байгаад танилцсан. Хамгийн инээдтэй нь тэр намайг япон хүн гэж бодоод надтай японоор ярьсан юм. Түүнийг Хироши гэх ба Америкт суурьшаад 35 жил болсон байлаа.

Тэрээр япон рестораны эзэн байснаас гадна Филадельфи хотын шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүгч хүн байлаа. Түүнтэй танилцсанаар би зав л гарвал түүний шүүх хуралд оролцдог болов. Энэ цагаас эхлэн Америк улсын нийгмийн харилцааны соёл, хувийн зан харьцаа, нийгмийн гоо зүй, ёс суртахууны суурь нь шүүх хурал юм байна гэдгийг ёстой нэг ойлгохын ихээр ойлгосон. Ийм утгаар шүүх засаглал нь ардчиллын нэг багана, төрийн гол тулгуур болдгийг гүн гүнзгий ойлгосон юм.

Өмнө нь би шударга ёсыг нийгэмд авчирна гэсэн гоё чамин үг бүхий ном уншиж явсан болохоос жинхэнэ мөн чанарыг нь ухан ойлгож мэдрээгүй нэгэн байв. Ер нь тэгээд хүн гэдэг чинь аливааг үзэж, сонсож, сэтгэлээрээ мэдэрсэн цагт итгэж үнэмшдэг бололтой. Би бараг 10 жилийн турш завтай чөлөөтэй үедээ шүүх хуралд сууж байсан. Америк маш олон төрлийн шүүхтэй тул сарын өмнөөс сонирхол татах шүүх хуралдааныг сонгоно. Тэгэхдээ бүр өдөр, цагийг нь сонгож, төлөвлөх хэрэг гарна. Иргэний, захиргааны, гэр бүлийн, цагаачлалын, хөдөлмөрийн, эрүүгийн, бага гомдлын шүүхээс гадна телевизээр шүүх ажиллагааг шууд нэвтрүүлнэ.

Шинэ хүнтэй танилцах бүр танин мэдэхүйн баяр баяслыг авчирна гэдэг бол Америкт биеллээ олсон зүйл.
Филадельфи хотод ийнхүү “Хангарьд” компанийг нээгээд удаагүй байхад Монголын парламентын анхны төлөөлөгчид ирсэн. Түүний бүрэлдэхүүнд С.Баяр, Х.Хулан, Батсүх нарын олон хүн байв. Би тэдэнтэй утсаар холбогдож, Вашингтон хот руу очиж авчраад, Филадельфи хотыг өнгөцхөн үзүүлээд, өөрийн компанийг танилцуулсан юм.

Энэ үед би компанийхаа ерөнхий захирлаар сонгогдож манай компани 11 хүнтэй болсон байлаа. Монголын парламентын гишүүд ирэх болсонд манай компанийхан бүр ч их гайхсан. Бид тэдэнд лимузин машинаар үйлчилж байв. Тэгээд Монголын парламентын гишүүдээс манай компанийхан намайг хэн болохыг анх удаа сонсож дуулсан. Би тэдэнд МоАХ, Ардчилсан хувьсгалын талаар ярьж байсан болохоос биш, би дэд зохицуулагч нь байсан, анхны үндсэн хуулийн шинэ төслийг бичсэн, энээ тэрээ гэж юу ч яриагүй юм.

Үүнээс үүдэн манай хэд маш овсгоотой ажиллаж эхлэв. Тэд штатын төрийн нарийн бичиг, хотоос нэр дэвшсэн конгрессмен зэрэг төрийн хүмүүстэй уулзуулах төлөвлөгөө шууд сэдэв. Манай парламентын гишүүдийг ирээд явсны дараа манай компаний байрлах өндөр цамхгийн гол хаалган дээр Монгол улсын далбааг байрлуулсан. Төв хаалган дээр Япон, Солонгос, Тайвань, Герман, Америк улсын далбаа байсан бөгөөд тэдгээр дээр Монгол улсын далбаа нэмэгдэв.

Орон нутгийн сонинд монголын парламентын төлөөлөгчид манай компанид зочилж ирсэн тухай нийтлэл гарав. Түүнд “Хангарьд” интернэшнл компаний захирал монгол хүн болохыг тодорхой дурдаж билээ. Үүнээс хоёр долоо хоногийн дараа гурван компаний эзэн Монголтой бизнес хийх сонирхлоо илэрхийллээ. Тэд манай компанийг консалтинг зуучлалаар гэрээнд орох саналыг дэвшүүлсэн юм. Ийнхүү бидний үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжсөн юмдаг. 

Шинэ нөхцөл байдлыг манай компанийхан хөрөнгө оруулагчдадаа танилцуулсан бөгөөд удалгүй тэднээс компаний зөвлөл болох таван хүнийг гурван хоногийн хугацаатайгаар тэдний нэгнийх нь эзэмшил газарт очиж түр саатахыг санал болгосон урилга хүлээн авав.

Гол хөрөнгө оруулагч болох нууц ноёнтон маань Атлантын далайн эрэг орчим газар хэд хэдэн байр, хэд хэдэн газрыг эзэмшдэг болох нь бидэнд тодорхой болсон. Миний хувьд амьдралдаа анх удаа Атлантын далайг нүдээрээ харж, цэнгүүн агаараар нь амьсгалан зогслоо. Амьд явсны хувь тавилангаар их дөрвөн далайн нэгийг ийнхүү харлаа. Их хүчийг мэдэрч, сэтгэлийн дэмийг хүртлээ.

Хөрөнгө оруулагчтай өдрийн хоолон дээр уулзаж, хамт хооллох зуураа 2–3 цаг ярилцав. Сүүлийн уулзалт бараг 8 цаг үргэлжилсэн. Эцсийн дүнд “Монголтой бизнес хийх нь маш их эрсдэл дагуулсан хэдий ч сонирхолтой байж болох юм” гэсэн товчхон дүгнэлт өгсөн нь ерөнхийдөө Монгол улстай бизнес хийнэ гэсэн зөвшөөрөл байлаа.

Долоо хоногийн дараа Томас бид хоёр Вашингтон орлоо. Тэнд бид хоёрыг төрийн департаментын Монголыг хариуцсан түшмэл хүлээн авлаа. 1991 он гэхэд төрийн департаментын Хятадын хэлтэст монгол улсыг хамаарч Монголыг хариуцсан ганцхан хүн тэнд байдаг байж. 1991 оны байдлаар ямааны ноолуурын чиглэлээр Борис Шмель гэдэг хүн одоогийн “Амикал” компанийг байгуулж байсан байна. Бусдаар монголыг сонирхсон хүн байсангүй.

Төрийн департаментын түшмэл бүсгүй Монгол улстай маш цөөхөн бизнес хийгдэж байгаа бодит, үнэн мэдээг өгч байгаадаа маш тэвдэж байв. Тэрээр Монголд суугаа консулын газраас ирсэн хэсэг мэдээг бидэнд өглөө. Тэр мэдээнд нэг сонин зүйл байсныг би огт мартдаггүй. Тэр нь “Хоршооллын холбооны дарга П.Жасрай надтай уулзлаа (надтай гэдэг нь консул).

Жасрай нь өмнөх засгийн газрын үед он удаан жил сайд байсан хүн. Тэрээр архи экспортонд гаргах сонирхолтой” гээд “Монгол архи нь орос архины лицензээр хийгдсэн, шил, шошго болон хайрцаг савыг нь сайжруулах шаардлагатай юм байна. Би түүнд Хонконг дахь холбогдох бизнестэй холбоо барихыг зөвлөсөн” гэж хэлэв. Энэ мэдээ бидэнд ирсэн юм чинь Монголтой бизнес хийх сонирхолтой хэн бүхэнд очсон байж таарна. Тэр үед Монголын талаар ямар ч мэдээлэл байсангүй. Манай элчин сайд гэж ёстой социализмын үеийн түшмэл байв.

Монголын тухай дэлгэрэнгүй мэдээг анх Бадрал гэдэг хүн интернэтээр цацаж өгсөн. 1996 он шиг санагдана. Бадрал Хавайн их сургуульд сурч байсан. Ийнхүү төрийн департамент орчихоод бид Монгол Улсын Элчин Сайдын Яамыг зорилоо. Тэнд би Томасыг ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга болон худалдааны атташе нартай уулзуулах байв. Миний хувьд энэ хоёр хүнтэй өмнө нь маш олон удаа утсаар ярьж уулзаж ярих зүйлийн талаар хэлж байсан. Тэд намайг америк хүнтэй ирнэ гэж мэдэж байсан. Уулзалт төлөвлөсөн ёсоор боллоо.

Миний төсөөлж байснаас илүү сайхан боллоо. Гэтэл Томаст огт таалагдсангүй. Томас надад хэлэхдээ ”Энэ хоёр хүн бидэнтэй бизнес хийх сонирхолгүй байна” гэлээ. Би учрыг лавлан асуув. Түүний тайлбар миний сэхээг нээж, намайг шинэ ертөнцтэй танилцуулсан юм. Тэр нь ердөө инээмсэглэл байв.

Уулзах явцад манай элчин сайдын яамны хоёр түшмэл огт инээсэнгүй, яаж инээх вэ дээ? Тэд анхааралтай сонсож, миний хувьд маш их тусалж, дэмжсэн. Харин америк хүний нүдээр тэд огт инээгээгүй учир бизнес хийх, хамтран ажиллах хүсэлгүй мэт харагдаж байв.

Америкт би 1990 оны 6 сарын 12-нд ирсэн. Гурав хоногийн дараа өмгөөлөгч хөлсөлж, Америкт албан ёсоор үлдэх хүсэлтээ гаргасан. Сарын дараа найз охинтой, тэр тусмаа Америкт найз охинтой болсон. Энэ нь Америкт бол маш том үзүүлэлт. Учир нь чинээлэг хэрнээ найз охингүй хүн олон байдаг. Тиймээс энэ нь том үзүүлэлт гэдгийг би маш хожуу мэдсэн.

Наймдугаар сард миний нийгмийн даатгалын гэрчилгээ, 10-р сард ажил эрхлэх зөвшөөрлийн бичиг гарсан юм.

Асар богино хугацаанд худалдааны пүүсийн ерөнхий захирал болж, амжилтанд хүрлээ. Үүнээс ч илүү амжилтанд хүрч чадна гэдгээ би мэдэрсэн. Гэсэн ч энэ нь миний зорилго биш байлаа.

 

САНАЛ БОЛГОХ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 470 санал өгсөн байна.

Дээшээ