Америкт 10 жил-8: Сан-франциско хот


2017-04-07 12:38 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Филадельфи хотоос Сан-Франциско орох замуудаас төмөр замаар явах сонголтыг илүү сонирхолтой гэж үзэж шийдвэрээ гаргасан юм. Нөгөөтэйгүүр, Америкийн галт тэрэг нь өөрийн онцлогтой байлаа. Монголоос Москва орох аянд галт тэрэг нь ганц давуу талтай байдаг. Учир нь, гар тээш ихтэй нөхцөлд галт тэргээр аялах нь илүү тохиромжтой мэт. Гэтэл Америкийн гал тэргэнд гар тээшний агуулах сав, зай үгүй. Энэ нь миний гайхлыг ихэд төрүүлсэн.

Америкт ирээд жил болсон хүний хувьд би чамлахаарг үй гар тээштэй болсон байв. Мөн жилийн дотор хангалттай мөнгөн хуримтлалтай болсон байлаа. Энэ нь Филадельфи хотод эхлүүлсэн бидний арилжаа, худалдааны компани нь орлого сайтай ажилласан болон миний цалин маш өндөр тогтоогдсонтой холбоотой. Би хамт компани байгуулсан түншүүддээ талархал илэрхийлээд явах болсон шалтгаанаа хэлсэн. Би тэдэнд “Би хоол хийж сурмаар байна” гэлээ. Тэд надад Сан-Франциско хот явах зөвлөмж өгсөн. Учир нь, Сан-Франциско хот рестораны бизнесээр Америк улсдаа тэргүүлдэг.

Энэ хотод улсдаа тэргүүлэх олон тогооч амьдардаг. Ийнхүү АНУ-ыг өргөөш нь дардан ганган хар замаар туулах сэтгэл татам аялал эхэлсэн юм. Аз болж, Санкт-Петербургаас ирсэн хэсэг залуус надтай хамт нэг автобусанд таарлаа. Тэд Лос-Анжелес орох зорилготой аялалд гарсан байв. Хамгийн гол нь тэд урлагийн хүмүүс бөгөөд гитартай явцгааж байсан юм.

Дуулах, хөгжимдөх гэдгийг ёстой нэг мэргэжлийн түвшинд үзүүлж байлаа. Орос дууны зузаан номтой байсныг хэлэх үү, бүгдий нь тогтоож сурсан байсныг хэлэх үү, би бүгдий нь дуулж билээ. Гэтэл тэд намайг ийм их орос дуу мэдэж байгаад гайхаж байсан. Би ч мөн ёстой нэг нэвт оросжжээ гэж өөрийгөө бодож билээ. Бид бүтэн гурав хоног хамт аялсан. Замд орос бүсгүйчүүд бутербродоор байнга дайлж, би хүнсэндээ бараг мөнгө зарцуулдаггүй байв.

Миний гадаад үзэмж, гадаад хэлний мэдлэг харьцангуй зүгширсэн байсан тул тэд намайг монгол хүн гэж бодсонгүй. Монгол улсын талаар болон Америкт ирээд хэр удсан гэх мэт асуулт ердөө тавиагүй. Би ч тэднээс лавлаж асуусангүй. Бид ердөө л дуулж явлаа.

Харин нэг бүсгүй надаас байнга англиар яриа өдөж байв. Орос хүнтэй англиар ярих нь миний хувьд бас л шинэ мэдрэмж байв. Учир нь, тэр бүсгүй оросоор сэтгэж, англиар ярьж байсан юм.

Америкт хот, хөдөө гэдэг ялгаа бараг байхгүй. Хотын төв болгон өндөр, шилэн цамхаг байшинтай. Засмал зам гэдэг бол манай жолооч нарын мөрөөдөл болсон, зүүдэнд ч буухгүй, ёстой дардан гэдэг нэр томъёонд дүйцнэ.

Нью-Йорк хотыг “хар хот” хэмээдгийн нэгэн адил Филадельфи, Вашингтон, Чикаго хотыг мөн “хар хот” гэж нэрлэн томьёолдог. Лос-Анжелес хотыг латин хот гэдэг бол Сан-Франциско хотыг ази гаралтай холбон нэрлэх нь үе үе сонсогддог. Яг газар дээрээ ази гаралтай америкчууд тийм их байдаггүй юм билээ.

Америкийн хот бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Чикаго хотод Польш гаралтай америкчууд олноор амьдардаг. Тэд хамтаар Польшид өрнөсөн ардчилсан хувьсгалд жинтэй хувь нэмэр оруулсан улс. Нью-Бронзвик хотод Унгар гаралтай америкчууд олноор амьдарна. СанАнтонио хотод Вьетнам гаралтай америкчууд амьдардаг бөгөөд тэд бүр сүүдрийн засгийн газар байгуулсан байдаг.

Тэд Вьетнамд социализмын дэглэм өөрчлөгдөхийг хүлээж, чөлөөт сонгууль явуулах бүхий л үйл ажиллагаагаа төлөвлөсөн байсан. Вьетнам гаралтай америкчууд, өнөөдөр Вьетнамыг тогтмол мэдээллээр хангаж байгаа. Америкт гарсан их сургуулийн сурах бичиг бүр Вьетнам хэл дээр орчуулагдсан байдаг. Энэ бол үнэлж үл барам оюуны асар том хөрөнгө оруулалт юм.

Сан-Франциско хотод япон гаралтай америкчууд харьцангуй их гэж болно. Хятад гаралтай америкчууд лав хоёр гурав дахь үе хүртлээ хэл соёлоо хадгалсан байв. Харин хоёр дахь үедээ амьдарч байгаа япончууд эх хэлээ мартаж, зөвхөн англи хэлтэй хоцордог онцлогийг би олж харсан. Солонгос гаралтай америкчууд мөн адил. Халимгууд мөн тийм байсан. Нэгэн ихээхэн онцлогтой зүйлийг би олж харснаа хуваалцвал: Хоёр гурав дахь үеийн япон, солонгос, хятад, халимаг, тайланд америкчуудыг хооронд нь ялгах аргагүй болдог юм билээ. Тэд мөн голдуу хоорондоо гэрлэдэг.

Сан-Франциско хотын төвд хятад хотхон байрладаг. Бусад томоохон хотын хятад хотхоноос хамгийн цэвэрхэн, хамгийн их хөл үймээнтэй нь гэж хэлж болно. Мөн хятад хотхон нь хоолны амт чанар, хятад барааны дэлгүүр зэргээр тэргүүлдэг.

Америкийн улс төрчид хятад хотхонд маш их анхаарал тавьдаг. Тэд хятадын шинэ жилээр байнга парад, ёслолд оролцдог. Мөн хятад кантон аялгуугаар бага сага ярьдаг. Би Клинтоны ярьж байсныг сонссон удаатай. Буш мөн хэдэн өгүүлбэр хэлээд авсан. Орон нутгийн сонгуульд оролцогчид хятад хоол идэж байгаа зураг, дүрс бичлэг зэргийг рекламдах дуртай байдаг.

Ер нь америкчууд хятад хоолонд их дуртай. Харин америкийн хятад хоол Бээжингийн хятад хоолноос эрс тэс ялгаатай. 1996 онд миний бие америк бизнесийг төлөөлж ирэхдээ үүнийг анзаарсан. Америк хятад хоол Хонконгийн хятад хоолноос ч ялгаатай санагдсан. Америкт цагаачилсан хятадууд америкчуудад зориулан хятад хоолны жорыг зохиосон бололтой. Ойролцоогоор 200 гаруй хоолны жор зохиосон байдаг. Түүний тал хагас нь далайн загас, далайн амьтны гаралтай хоол эзэлдэг. Хамгийн үнэтэй нь акул загасны орц бүхий шөл. Энэ нь дотроо хэд хэд ангилагддаг.

Хятад гаралтай америкчуудын дийлэнх нь рестораны бизнес эрхэлдэг. Сүүлийн үед зүү төөнүүрийн бизнес өргөнөөр дэлгэрэх болсон. Энэ чиглэлийн бизнесийг гол төлөв Бээжин, Шанхай гаралтай хятадууд эрхэлдэг болох нь мэдэгдсэн. Эмчилгээний төлбөр даатгалаар хийгддэг тул хүмүүс үйлчлүүлэх нь их.

Харин солонгос гаралтай америкчууд япон зоогийн газар олноор нээдэг. Тэд мөн хими цэвэрлэгээний томоохон сүлжээтэй. Хими цэвэрлэгээний бизнес эзэндээ жилд 200 мянган долларын орлого оруулдаг гэсэн тоо баримт байдаг. Тэгвэл Сан-Франциско хотын дарга жилдээ 120 мянган долларын цалинтай байдаг гэж дурдагдаж байсан.

Сан-Франциско хотын төвийн автобусны үйлчилгээ үнэгүй. Хотын төвд томоохон дэлгүүрийн сүлжээ олонтой. Хүмүүс нь иймэрхүү томоохон дэлгүүрүүдээр үйлчлүүлэх сонирхолтой. Дэлгүүрээс орж буй орлого автобусны зардлыг нөхдөг харилцан уялдааг хотын захиргаа зохицуулсан байдаг.

Сан-Франциско хотыг мөн ижил хүйстний хосуудын хот гэж нэрлэдэг. Энд жил бүр гомо болон лейсбичүүдийн чуулга уулзалт, парад жагсаал явагддаг. 1996 оноос эхэлж ижил хүйстэн хүмүүс албан ёсоор хуримлаж, хотын захиргаанд бүртгүүлдэг болсон.

Америкийн хотуудаас Сан-Франциско хот нь шинэ жилийг хамгийн өргөн хүрээтэй, тэгсэн мөртөө задгай тэмдэглэж чаддаг хот.

Америкт гудамж, талбайд архи, пиво уухыг хориглосон байдаг. Дэлгүүр, үйлчилгээний газар архи, пиво, дарс, тамхи борлуулахдаа заавал биеийн байцаалт үзэж байж гүйлгээ хийдэг. Хуулийн дагуу 22 наснаас доош насны иргэдэд архи, пиво, дарс, тамхийг зарж борлуулахыг хориглосон байдаг. Хууль зөрчсөн дэлгүүр, баар, бусад үйлчилгээ явуулах эрхээ алдах эрсдэлтэй байдаг.

Сан-Франциско хотод латин америк гаралтай америкчууд олон байхаас гадна энэ хот эрт цагт Испанийн колонийн харьяа байсан түүхтэй. Түүхэн уламжлал СанФранциско хотын дүр төрхийг тодорхойлж байдаг. Хотын төв хэсэгт Испани хэв шинжийн төрлийн архитектурыг хадгалсан барилга байгууламж олон бий.

Сан-Франциско хотод Азийн томоохон орнуудын төлөөлөгчийн газар, консулын алба ажилладаг. Ази номхон далайн бүсийн орнууд Сан – Франциско хотод өөрийн банк, худалдаа арилжааныхаа пүүсийг нээсэн байдаг.

Сан-Франциско хотод Америкийн түргэн хоолны томоохон компаниуд байрладаг. Уг компаниуд нь “Хотдог” хэмээх талханд хавчуулсан зайдасны худалдааг эрхэлдэг. Энэ хоол нь америкчуудын зооглох дуртай зуушны нэг.

Түүнийг борлуулах үйл ажиллагаанд ресторан, зоогийн газар шаардагдахгүй. Энэ үйлчилгээ нь зөөврийн халуун сав бүхий тэрэг, борлуулагч хоёроос бүрддэг учир гүйлгээг хаана ч зохион байгуулах тохиромжтой байдаг онцлогтой. Зайдас, амтлаг, талх зэргийг компанийн тусгай жороор хийсэн байх тул өөрийн гэсэн амт, чанарыг агуулсан байдаг.

Сан-Франциско хотод дэлхийд алдартай Levis жинсний бүх төрлийн хувцасны үйлдвэр-компани байгуулагдаад хэдэн зуун жилийг өнгөрөөж байна. Энэ том компани хотын төсөвт он удаан жил маш жинтэй хувь нэмрийг оруулжээ.

Сан-Франциско хотын нэгэн дүүрэгт хуучин ЗХУ – аас ирсэн еврей гаралтай оросууд олноор амьдардаг боловч өөрийн гэсэн хотхон байгуулж чадаагүй. 1990 оноос эхлэн Америкийн телевиз бараг өдөр бүр Москва болон Оросын бусад хотууд, жирийн орос хүмүүсийн тухай нэвтрүүлэг байнга гаргадаг байсан юм.

Оросууд энэ байдлаас болсон байх өөрийгөө орос гэхээс маш их ичдэг байсан. Мөн оросууд нэг дор олноороо амьдрах хүсэлгүй хүмүүс бололтой. Аль болох бие биенээсээ хол байхыг эрмэлзэнэ. Оросын залуучууд америк амьдралд хурдан дасаж, шингэж, уусах тэмүүлэлтэй байдаг сонирхол надад анзаарагдсан. Тэд, бид америкчууд гэдгээрээ бахархах туйлын дуртай. 

Намайг Сан-Франциско хотод байхад ОХУ-ын ерөнхий сайд Черномырдин албан ёсны айлчлалын үеэр хүрэлцэн ирж Оросоос суралцахаар ирсэн оюутнуудтай уулзалт хийсэн. Тэнд 200 гаруй оюутан сурдаг ч бүгд хувийн зардлаар сурдаг гэнэ. Ерөнхий сайд Черномырдин тэдэнд хандан “Эх орноо санаж байна уу?” гэхэд бүгд чимээгүй дуугүй сууцгааж байв. Ерөнхий сайд гайхаж байснаа “Та нар сургуулиа төгсөөд эх орондоо очих юм байгаа биз дээ? Эх орон чинь та нарыг хүлээж байна. Энд сурч мэдсэнээ эх орныхоо өргөн талбарт нэвтрүүлэх хэрэгтэй” гэхэд оюутнууд “Бид буцах бодол ч үгүй, сонирхол ч үгүй.

Тэнд амьдралын баталгаа байхгүй” гэж олноороо хариулж билээ. Ерөнхий сайд хариуд нь “Манай засгийн газар барууны өндөр хөгжилтэй улсад, тэр тусмаа АНУ-д боловсрол олсон хүмүүст өндөр цалинтай албан тушаал өгч ажиллуулж байгаа. Ирээд надтай шууд уулзаж болно” гэхэд нэг оюутан “Оросын парламент, засгийн газар зах зээлийн боловсрол нимгэн хүмүүсээр дүүрэн. Тэдэнтэй ажиллана гэдэг бол мод, чулуутай харьцахтай адил. Оросын засгийн газар үгүй ядаж залуу хүмүүсээс бүрдсэн байсан бол бас ойлгуулах гэж чармайж болох юм“ гэж хариулж билээ. Уулзалтанд оролцож үүнийг сонссон хүмүүс инээлдэцгээж байлаа. 

Миний хувьд энэ бүхнийг сонсоод Оросын ерөнхий сайдын өмнөөс санаа зовж, ичих шиг болсон. Орос улсыг дэлхийд тэргүүлэх боловсролтой их гүрэн гэхэд хэн ч маргахгүй. Хамгийн их ном уншдаг ард түмэн, бичиг үсэгт 100% тайлагдсан гэхэд хилсдэхгүй. Гагцхүү ямар боловсрол вэ гэдэгт хамгийн гол асуудал оршиж байгааг би ойлгосон юм. Дэвшлээс тасархай боловсрол, хөгжил дэвшил авчрахгүй нь ойлгомжтой.

Оросын дундаж насны ямар ч хүн дэлхийд хэдэн далай тэнгис байдаг, хэдэн тив, хэдэн улс орон байдаг, Африк тив хэзээ эрх чөлөөгөө байлдан олсон, Энэтхэг улсын анхны ерөнхийлөгч хэдэн хүүхэдтэй, нэрт хөгжмийн зохиолч Бетховен хэнээс мөнгө зээлж авсан, Монгол Улсын нийслэлийг яагаад Улаанбаатар гэж нэрлэсэн гэх мэт олон асуултанд хариулж чадна. Харин америк хүн бүр, дээрх асуултуудад хариулж мэдэхгүй, сонсоо ч үгүй.

Өмгөөлөгч хийдэг нэгэн бүсгүй надтай маш дотно танилцсан юм. Тэр мэргэжилдээ гаршсан, баян чинээлэг эмэгтэй. Бүтэн жил гаруй найзлахдаа тэрээр намайг хаанаас ирсэн болохыг огт асуусангүй. Нэгэн удаа бид хамтдаа “Монгол шорлог” хэмээх зоогийн газар орсон юм. Би “Монгол шорлог” ресторан анх Америкт хэрхэн үүссэн тухай түүнд ярьж өгөв.

Өмгөөлөгч эмэгтэй ихэд сонирхон сонсож, нэг чухал уулзалтаа хүртэл хойшлуулсан. Ярианы төгсгөлд би “Харин яг ийм хоолны төрөл, жорыг Монгол улс болон монголчууд өөрсдөө хийж зооглодоггүй” тухай ярихад тэрээр “Монголчууд, Монгол гэдэг чинь Африкт байдаг бил үү?” гэв. Бодвол Ангол улстай андуурсан юм болов уу? Иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Учир нь, тэдний эзэмшсэн боловсрол мэргэжил тэдэнд хэр их орлого оруулах вэ гэдэгт л мэдлэг боловсролоо хандуулдагт оршино.

Америкийн бараг бүхий л хотуудад монгол хоолны зоогийн газар бий. Энэ нь хоёр янзын нэртэй байна. Монгол грилл буюу монгол барбикю (монгол жигнэсэн мах буюу монгол шорлог гэсэн утгатай үгнүүд). Монгол хоолны газар нь нэгдсэн сүлжээний бизнест орж зохион байгуулагдаагүй. Харин Англи улсад монгол зоогийн газар нь зохион байгуулалттай сүлжээний бизнес болсон байдаг.

Монгол зоогийн газар нь америкчуудын дур сонирхлыг хэзээний татсан, амт чанартай хоолоор үйлчилдэг. Хоолны жор, технологи нь маш энгийн бөгөөд хялбар. Үйлчлүүлэгч өөрийн хоолны орц, хэмжээг өөрөө тодорхойлдог. Үйлчлүүлэгч нь эхлээд махны сонголтоо хийнэ. Сонгож авсан махаа аяганд хийгээд үйлчлүүлэгч ногоогоо сонгож, эцэст нь соус болон амтлагчийн сонголтоо хийнэ.

Монгол зоогийн газар ердөө хоёр л тогоочтой. Тогооч нар хэрэглэгчийн нүдэн дээр, дугуй хэлбэрийн ширмэн тогоон дээр хоолыг бэлэн болгодог. Дугуй ширмэн тогоо нь хэт огцом халаад эргээд халуун нь буурдаг. Халаах зуух нь ширмэн плитка хэлбэртэй байдаг. Энэ тогоог Тайваньд үйлдвэрлэж нийлүүлдэг.

Хоолыг эргүүлж сэгсрэн бэлэн болгодог. Үйлчлүүлэгч мах, ногоо, соус буюу амтлагчаа сонгоно. Тогооч түүн дээр тусгайлан бэлтгэсэн гоймон нэмж, эцсийн шатанд гоймонтой хуурга хэлбэрийн хоол боловсрон гардаг. Ресторан аль болох монголоор загварчлах дизайнжуулах бодлого баримталдаг боловч тэр нь санасанд хүрэхүйц бус. Мэдээжээр монголын зураач, сийлбэрчин, мужаан зэргийн нарийн мэргэжлийн туслалцаа дутагдаж буй нь илэрхий. Ийм төрлийн ресторан хот болгонд байдаг гэж дурдсан. Жижигхэн хотод хүртэл 2-3 байдаг. Рестораны хаяг, утас зэргийг олоход маш хялбар. Америк улс даяар тооцвол ойролцоогоор мянгаад монгол зоогийн газар ажилладаг.

Америкт нээгдсэн монгол зоогийн газрын түүхийг сонирхуулъя. Хубилай хаан анд гарахдаа монгол хоолны энэ төрөл, хэлбэрийг амтлан зооглож байсан тухай энэ хоолны түүх, тайлбарыг танилцуулсан хуудсанд дурдсан байдаг. Тэр үед хаанд зориулж маш том ширмэн хавтгай тогоог хэсэг чулуун дээр байрлуулан 180оС-ын хагас болох 900С-ын ширүүн галаар халааж, үлдсэн 900С-т нь галыг нь сулруулсан технологийг хэрэглэж байжээ.

Хубилай хаан голдуу ан гөрөөний махыг зэрлэг сонгино, тусгайлан бэлдсэн гоймонтой хольж зооглож байсан гэдэг түүхийг маш сонирхолтой энгийн хэлбэрээр танилцуулсан байдаг. Рестораны бизнес ямар хэмжээнд байх ёстой юм, түүнийг хэрхэн удирдаж, менежментийн ямар арга барил, хэлбэр зохистой зэргийг мэргэжлийн талаас үзэж, сонирхох, судлах, дүгнэлт хийх сонирхолтой хүмүүс Сан-Франциско хотыг зорьж болох юм.

Миний бие Сан-Франциско хотод зургаан сар орчим зочид буудалд байрлан энэхүү судалгааг хийж, оюуны таашаал хүртэж билээ. Сан-Франциско хотод мөн хоолны урла-гийн академи болон тогоочийн олон тооны сургууль, курс байдаг. Энэ хотоос олон сайхан хүмүүс рестораны бизнесээр саятан болсон гараагаа эхэлсэн онцгой түүхтэй.

Сан-Франциско хот нь өвөлдөө дулаан, зундаа сэрүүвтэр, дөрвөн улирлын турш цаг агаар маш тохиромжтой, ногоон мод, зүлэг ургадаг хүний сэтгэлийг татсан газар. Бурхан хишгээ хүртээсэн энэ газар нутгийн тухай олон сайхан дуу байдаг. Тэр бүгд, бүхний сонсох, дуулах дуртай дуу болцгоосон нь цаанаа бас учиртай болохыг би очиж байж өөрийн биеэр мэдэрсэн.

Сан-Франциско хот нь олон мянган жуулчдыг татсан жуулчдын хот юм. Хотын хойд хэсэгт далайн боомтын нэгэн арал дээр чанга дэглэмийн Арканзас хэмээх шорон байсан түүхтэй. Одоо энэ нь жуулчдын очиж, сонирхон үзэх гэсэн нэгэн том үзмэр болсон юм. Энэ шорон өөрийн гэсэн түүхтэй бөгөөд харуул хамгаалалт, тогтоосон онцгой дэглэмээрээ улсдаа тэргүүлдэг байжээ. Хэдий тийм боловч уг шоронгоос гурван хоригдол оргож чадсан ер бусын гайхалтай түүх байдаг.

Оргодлуудыг одоо хэр нь барих нь бүү хэл сураг чимээ ч гаргаж чадаагүй гэдэг. Тэд амьд байгаа бол 80 гарсан хүмүүс байгаа гэнэ. 50 орчим жилийн өмнө оргосон хоригдлуудад одоо хэр нь өршөөл үзүүлээгүй нь бас сонирхол татдаг. Энэ түүхийг харуулсан гоц сонирхолтой кино дэлхий нийтийн таашаалыг хүртсэн нь бүр ч сонин үйл явдал юм. Сан-Франциско хотыг АНУ-ын Ази, номхон далайн улс орнуудтай арилжаа наймаа хийдэг гол суваг, худалдаа арилжааны төв хаалга гэж бас нэрлэдэг.

 

САНАЛ БОЛГОХ

 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 784 санал өгсөн байна.

Дээшээ