Америкт 10 жил-9: Сиэтл хот


2017-04-14 13:01 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Сиэтл хот Америкийн бусад хотуудын нэгэн адил бас л өөрийн гэсэн онцлогтой. Америкчууд Сиэтл хотыг бороо нөмөрсөн хот гэдэг. Энд үнэхээр бороо маш их орно.

Бороо ороод л байдаг, үер болсон юм байдаггүй. Газар шороо нь бороонд зохицсон бололтой шингэц сайтай. Бороо их ордог болоод тэр байх, энэ хотын иргэд кофе их уудаг, тиймээс хотод кофены хоёр том сүлжээ бизнес хоорондоо өрсөлдөнө. Хүмүүс аль алинаар нь үйлчлүүлж байгаа харагддаг.

Сиэтл хотод Скандиновын орнуудаас үүсэл гаралтай америкчууд хүн амын дийлэнх хувийг эзэлдэг.

Сиэтл хотын хойд талын дүүрэгт дэлхийд алдартай “Боинг” онгоцны үйлдвэр байрладаг. Тиймд хүн амын тал хувь нь энэ үйлдвэрт ажилладаг.

Сиэтл хотын төв хэсэгт нийтийн тээврийн хэрэгсэл болох автобусны үйлчилгээ үнэгүй байдаг. Хотын хойд талд Вашингтон штатын Их Сургууль оршино. Энэ их сургуулийн Анагаах ухааны дээд сургууль Америк улсдаа тэргүүлдэг.

Сиэтл хотыг дагаад олон жижиг дагуул хотууд бий болсон байдаг. Сиэтл хот, түүний орчимд гол төлөв амьжиргааны түвшин өндөртэй хүмүүс олноор амьдардаг. Зөвхөн Сиэтл хотын төвд гэхэд 6-7 том эмнэлэг ажилладаг. Америкт эмч нар өндөр цалинтай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлнэ. “Боинг” компаний ажилчид мөн өндөр цалинтай. “Боинг” компани нь үндсэндээ дэлхийн 170 улс орныг онгоцоор хангаж байна. Энэ компани нь Америкийн цэрэг дайны зориулалттай олон төрлийн нисдэг тэрэг, онгоцыг үйлдвэрлэнэ.

Мөн Сиэтл хотын орчимд эмийн үйлдвэр, эмийн техник технологийн үйлдвэрүүд цөөнгүй байдаг. Энэ бүгд нь энэ хотын оршин суугчдын амьжиргааны түвшинг өндөр болгосон байх.

Миний бие Сиэтл хоттой зэрэгцээ орших Киркланд гэдэг хотод сүүлийн дөрвөн жил амьдарсан. Америкийн хотуудаар зөндөө явсан надад энэ хот маш их таалагдсан.

Хотын оршин суугчид бүхэлдээ “Микрософт” компаний ажилчид гэж хэлж болно. “Микрософт” компани нь Киркланд хотын зэргэлдээ Рентон гэх хотод байршдаг. “Микрософт” компаний эзэмшлийн газар нутгийг аваад үзэх юм бол дангаараа манай нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгтэй дүйцэх байх. Энэ компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн. Билл Гейтсийг дагаад энэ компаний 200 хүн саятан болсон. Саятан хүмүүсийн орон байр гэж ямар байдгийг Киркланд хотод үзэж болох юм. Америкийн орон нутгийн төсөв гол төлөв газар эзэмшлийн болон үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрддэг. Тийм учраас Киркланд хот Америкийн бусад хотуудаас хотод орох орлого төсвөөрөө өндөр байх нэн ялгаатай. Хотын нутаг дэвсгэрт Вашингтон штатын хоёр томоохон сонины үйлдвэр зэргэцэн байрлана. Энэ хотод мөн Японы техник технологийн томоохон компаниуд байгуулагдсан байдаг.

Хот орлоготой байна гэдэг бол хотын үзэмжийг эрс дээшлүүлдэг. Киркланд хот бол маргаангүй цэвэр цэмцгэр, үзэмжтэй, цэгцтэй хот. Хот нь тохилог, хүмүүс нь ч сайхан. Энд бүх юм сайхан. Жигд сайхан хот нийгэм гэж Киркланд хотыг хэлнэ. Киркланд хотод орлого өндөртэй хүмүүс олноор амьдардаг тул энд Америкийн урлагийн мастерууд байнга ирж тоглолт хийнэ. Хотын театр нэг их том биш. Гэсэн ч ачаалал ихтэй, өдөр бүр хөтөлбөртэй байдаг. Орлого ихтэй Америкчууд үндэсний дуу хөгжим болсон “Кантри” дуугаа сонсох дуртайг би энд олж харсан.

Хот өөрөө тансаг, дээрээс нь оршин суугчид байнга хандив өргөнө. Киркланд хотын номын санг дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн хандивын хөрөнгөөр босгосон юм. Хот баячуудаар дүүрэн тул хотын номын сан хүнээр дүүрээд байдаггүй. Ялангуяа компьютер интернэтийн үйлчилгээ нь цагийн ачаалал бага байдаг. Буянтай хүний хандив гэж юу болохыг энд л харж мэдэрч, биширч явлаа.

Сүүлийн дөрвөн жил би энэ номын сангаас огт салаагүй. Энэ номын санд суух маш тохитой.

Орлого өндөртэй хүмүүсийг дагаад мөн спорт клубууд олноор бий болдог юм байна. Киркланд хот гэхэд хэд хэдэн сайхан спорт клубтэй. Спорт клубуудын тохь тухтай гэж ямар байхыг мөн энд л харсан. Киркланд хотод нүүж ирэхийн өмнө бүтэн зургаан жил олон номын сан, спорт клубуудээр явж үйлчлүүлж байсан. Спорт клуб, номын сангийн тохь тух гэдэг нь миний хувьд хүн цөөндөө байдгийг анзаарсан хэрэг. Мэдээж номын сан, спорт клуб нь олон нийтийн газар учир хүн, үймээн их байх ёстой. Харин би энэ удаа Америк “Хувийн амьдрал”-ын үнэ цэнийг ойлгож байгаа нь энэ байжээ.

Өмнө нь “Америкийн нийгмийн амьдрал” цуврал лекц дээр сэтгэл зүйн ухааны нэгэн Америк доктор ярихдаа “Америкт ирсэн хэн болгон долоо дахь жилдээ америкчлагдаж эхэлдэг. 10 дахь жилдээ Америк болдог” гэж хэлж билээ.

Америкт албан ёсоор дүрвэж ирсэн цагаачид бүгд хичээл сургалтанд хамрагддаг учир явсаар явсаар тэдний сэтгэхүйн хэмжээнд ойртон очдог. Тусгайлан бэлтгэсэн энэ хичээлийн программ эцсийн эцэст “Хүний эрх чөлөө” гэдэг ойлголтыг маш олон өнцгөөс ойлгуулан тайлбарладаг байна. Харин ганцхан ойлголтыг нэгэн жигд хүлээн авдаг.

Энэ нь “хүн төгөлдөр биш” гэсэн чин үнэн ойлголт. Тийм учир Америкт “Манлай баатар”, “Гавьяат цол”, “Үндэсний удирдагч” гэсэн нэр томъёо соёолох үр үндэс байхгүй. Бүтэн 200 гаруй жил Америкт Ленин, Сталин, Цэдэнбал, Чойбалсан шиг хүмүүс тодорсонгүй.

Америкийн номын сангуудад Ленин, Сталин, Мао Зэ Дун, Ким Ир Сен, Гитлер зэрэг хүмүүсийн хувийн түүхийг харуулсан ном хэд хэдэн төрлөөр байдаг. Хамгийн их уншигддаг ном ч гэж хэлж болно. Америкчууд юунд хөтлөгдөн эдгээр номуудыг унших болов оо?!

Энэ оньсогыг тайлахын тулд би тэдгээр номын санд байх холбогдох бүхий л номыг уншсаны зэрэгцээ баримтат киног ч мөн үзсэн. Америкийн номын сангуудад маш олон төрлийн видео кассетууд байх бөгөөд эдгээр хүмүүсийн тухай дүрс бичлэг, баримтат кино олон бий. Эцэст нь надад оньсого тайлагдсан. Миний бодлоор улс нийгэмдээ дарангуйлал авчирсан эдгээр хүмүүст нийтлэг нэг онцлог байгаа нь ажиглагдсан. Тэд бүгд л өөрсдийн нийгэмд өрнөсөн хувьсгалд манлайлагч бус жирийн оролцогчид байсан байна. Тэд бүгд л боловсролгүй хүмүүс байхын зэрэгцээ алуурчин буюу хүний амийг хороохыг захиалагчид байжээ. Эцэст нь хэлэхэд, тэднийг хоосон товойлгон гаргахад түүнээс боловсрол муутай хүмүүс оролцсон байх ийм онцлог талуудтай юм байна.

Мэдээж ийм хүмүүсийн түүх хэний ч үлгэр дуурайл болохгүй. Хүнийг дөвийлгөсөн хоосон магтаал монголоор дуусах юм байна гэдгийг би эх орондоо ирсэн хойноо ойлгож харсан. Заавал моод монголоор дуусах шаардлагагүй баймаар.

Киркланд хот бол XXI зууны хотын загвар. Чинээлэг нийгмийн хот суурин газрын дүр төрх. Энэ хотоос би шинэ хотын, шинэ нийгмийн шинэчлэгдэх Америкийн нүүр царайг олж харсан юм.

САНАЛ БОЛГОХ

 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3661 санал өгсөн байна.

Дээшээ