Америкт 10 жил-10: Санта-Роза хот


2017-04-19 13:00 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Калифорни штатыг “Компьютер техник технологийн штат” хэмээн дуудах нь өнөө цагийн шинэ нэр томъёолол болов уу. Калифорни штат нь хэзээнээс дарс хийдэг усан үзмийн тариалангаар дэлхийд алдартай газар. Энд хэдэн арван үе удам дамжсан дарс үйлдвэрлэлийн хэдэн зуун пүүс компани үүд хаалгаа нээгээд зуу гаруй жил болж байна. Дарс нь хэдэн зуун жилээр хадгалагдах тохиолдол байх бөгөөд мянган долларын үнэтэй хэд хэдэн дарсны төрөл байдаг байна.

Би Калифорни штатын олон хотоор явж үзсэн. Хот, дүүрэг бүр өөрийн гэсэн онцлогтой. Калифорни штат нь өөрөө жуулчдын анхаарлыг маш хүчтэй татсаар ирсэн газар. Түүний дотор Санта Роза хот бүхэлдээ усан үзэм тариалангийн талбай болсон суурин газар. Энд нийтийн тээврийн үйлчилгээ байна гэдэг ойлголт байхгүй. Хувийн унаа машинтай байж л тэр их олон эзэмшлийг үзэж харах бололцоо гарна. Хүмүүс энд үзэсгэлэнт байгаль орчинтой харьцаж нүдний таашаал авахаас гадна, уул хадаар морин аялал зугаалаад оролцох сонирхолд хөтлөгддөг байна. Санта Роза хотод гол төлөв орон нутгийн жуулчид цагийн аль ч улиралд ирж долоо хоногийг таатай өнгөрүүлнэ. Гадаадын жуулчдаас хүн цөөхөн харагдах боловч, Францчууд усан үзмийн газар эзэмшлээр зугаалах дуртай байдаг юм байна гэж бодогдсон.

Усан үзмийн газар тариалан эзэмшигчид өөрийн талбай дээр усан үзэмнээс гадна төрөл бүрийн цэцэг, бургас мод тариалдаг учир өнгө алагласан үзэмж бүхий аварга хивс дэвссэн мэт санагддаг.

Миний ажиллаж байсан компаний захирал Санта Роза хотод усан үзмийн томоохон эзэмшил газартай байсан тул үе үе намайг урьдаг байлаа. Одоо бодож байхад үзэж харсан тэр зураглалыг уран зохиолын номд дүрслэн буулгах боломжгүй юм. Хүний хөдөлмөрийн гайхамшиг, газрын хөрсний үр шим хоёр нийлэхээрээ санаанд багтамгүй илбэ шидийг бүтээдэг болохыг харж гайхашран явлаа. Ийм сайхан юм бүтээсэн хүнтэй эн зэрэгцэн ярьж суух ч хэцүү байдаг юм билээ.

Усан үзмийн газар гол төлөв уулархаг газар байдаг учир энд мөн морин аялал хөгжсөн байна. Намайг очдог жил Санта-Роза хотод морин зугаалга ид өрнөж байлаа. Тиймд морин хөтчийн ажлын байр олон гарч энд тэнд ажилд авах зарлал тааралддаг байв. Тиймд би энэ ажилд өөрийгөө сорих тэмүүлэлд автлаа. Морин аялал нь өглөө эрт усан үзмийн талбай дундуур тусгайлан гаргасан зам жимээр эхэлдэг. Үдээс хойшхи аялал оройн есөн цаг хүртэл үргэлжлэх ба уул ус гол дагасаар яваад ойн бүсэд орших тусгайлан барьсан байшинд очиж хоноглоод өглөө нь буцаж ирдэг. Морь унаж таашаал аваад, бас цалин аваад явна гэж би сэтгэж ч үзээгүй явлаа. Хөдөө орон нутагт амьдарсан монгол хүнд насаараа хийх өндөр цалинтай сайхан ажил. Харин миний хувьд яагаад ч юм сэтгэл гонсгор байлаа. Би сул цалин аваад байгаа ч юм шиг санагдаад байх учир компаний эзэнд жуулчдыг татах өөрийн шинэ саналыг дэвшүүллээ. Энэ нь Монгол гэрийн загвар байсан юм. Түүнд монгол гэрийн загвар учиргүй таалагдаж билээ.

Америкчууд маш өөдрөг сэтгэлтэй, шинэ содон зүйлийг тэр дор нь хүлээж авах өвөрмөц чадвартай бөгөөд хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй хийж чаддаг онцлогтой хүмүүс.

Компаний эзэн бид хоёрыг шинэ төсөл боловсруулж байхад Америкт “Атилла хааны удирдах ухаан” хэмээх ном хэвлэгдэж гарсан юм. Энэ нь оны хамгийн ихэд борлуулагдсан номоор тодорсон байлаа. Тиймд бид хоёр төслөө “Атилла” гэж нэрлэв. Төслийг боловсруулах зорилгоор түүхийн холбогдолтой ном, сэтгүүл, кино, зураглал гээд 20 гаруй бүтээлийг цуглууллаа. Төсөл нийлээд 30 хуудас боллоо. Үүнд газар хөрсний судалгаа, цаг агаарын жилийн дөрвөн улирлын хэлбэлзэл, монгол гэрийн дүрслэлийг авсан компьютер график зураг, байрлах хүний багтаамж, дотоод тавилга гээд сонирхол татах мэдээ, мэдээллийг багтаасан байв. Энэ төсөл банкны зээлийн товчооны мэргэжилтнүүдэд мөн таалагдсан учир тэд төслийн санхүүгийн хэмжээ, зээлийн хүү зэргийг урамшуулах, олгох хэлбэрээр тогтоож өглөө. Энэ бүхний эцэст барилга, зураг төслийн хэд хэдэн компаниуд уг төслийн архитектурын багцаа макетыг бий болгох хүсэлтийг илгээв.

Бидний хүсэлтийг гурван компани хүлээж авсан юм. Түүний дотроос Тайваны компани сонирхолтой санал гаргаж захиалгыг авлаа. Ийнхүү Монгол гэрийн хэлбэрийг хадгалсан дугуй цагаан байгууламж баригдсан юм. Гэр дүрслэл бүхий жуулчдын энэ байгууламжийг амархан угсрах боломжоор хангагдсан тоноглол орсон байсан. Уулархаг газар, ногоон бүсд цагаан гэр байрлах нь маш сонин, анхаарал татсан үзэмж болдог юм билээ. Монгол гэр нь заавал хуучин загвараа хадгалсан байх шаардлагагүй юм байна гэж бодож байлаа. Орчин цагтайгаа нийцэж Монгол гэр нь хэд хэдэн загвар хэлбэрийг олдог байна. Нэн ялангуяа, Монголд жуулчид зун ирдэг учир зуны улиралд нийцсэн шинэ загварыг олох, унь, хаалга заавал модон байшин байж байх гээд шинэлэг олон зүйлийг хийж болох бололцоо харагдсан.

Санта-Роза хотод анх ийнхүү Монгол гэрийн хэлбэр үзэмжийг хадгалж үлдээсэн жуулчны комплекс байгууламж бий болсон түүхтэй. Өнөөдөр Америкийн олон газар Монгол гэр бүхий байгууламж баригдсан байдаг. Энэ нь гол төлөв хүүхэд залуусын зуны зуслан амралтын газар юм. Энэ чиглэлийг сонирхсон хүмүүс интернэтээр дамжиж өргөн мэдээлэл хүртэж болох юм. Эдгээр байгууламж нь гол төлөв хоёр давхар буюу модон тавцан дээр байрлуулсан байсан.

САНАЛ БОЛГОХ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 470 санал өгсөн байна.

Дээшээ