Америкт 10 жил-11: Аляск штат


2017-04-21 13:00 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Миний бие Аляск штатад очсон гэх боловч мөн чанартаа ганц хоёр өдөр болоод шууд далай тэнгис рүү ажил хийхээр гурван сарын хугацаатай гарсан. Энд голдуу оюутнууд зуны амралтаараа ахиу мөнгө олно гэсэн зорилготой ирдэг байна. Америкийн томоохон их сургуулийн сонин хэвлэлд “Аляск штатад загасчнаар авч ажиллуулна” гэх зарлал байнга гардаг юм.

Загасчин гэх мэргэжлийн хувьд миний төсөөлөл бага төдийгүй айдас төрүүлсэн ажил байлаа. Гол мөрөнд загас барих нэг хэрэг, харин тэнгис далайд бүтэн гурван сараар гарч загасчин болно гэдэг бол миний хувьд дахин мөрөөдөх ажил биш байлаа. Тэнгис далай гэдэг маань өөрөө байгаль ертөнцөөс бүтээгдсэн нэгэн аугаа хүч. Загасчин гэх мэргэжил нь дотроо ажил үүргийн эрхлэлт, агнуурын төрөл, чиглэлээр ялгаатай байдаг.

Миний ажилд орсон загас агнуурын компани нь хавч барьдаг төрөлжсөн компани байлаа. Хавчийг тэнгис далай шуурга салхинд өртөгдөх үед барьдаг онцлогтой байдаг юм билээ. Энэ үед хавч олноороо баригддаг байна. Тэнгис далайд удаан хугацаагаар дунд оврын усан онгоц гаргадаг ба тэрээр хавч болон төрөлжсөн загас агнуурын ажил гүйцэтгэдэг. Барьсан хавч, загасыг өөр нэгэн усан онгоц долоо хоногтоо багтан ирж авдаг.

Гурван сар загасчид зөвхөн загас болон далайн амьтан орсон орц бүхий хоол унд зооглож явсан учир зарим талаараа миний хувьд залхах маягтай байв. Аз болж компани хуулиар заагдсан тоо хэмжээ, квотоо амжуулан базааж чадав. Өөрөөр хэлбэл, агнах ёстой загас хавчаа барьсан гэсэн үг. Эхний хоёр сард далайн шуурга үе үе таарсан тул олз омог ихтэйгээр эх газар руугаа хоёр долоо хоногийн өмнө буцах болсон доо. Тэр үед надад цалин хөлс огт бодогдсонгүй. Эсэн мэнд хатуу хөрсөн дээр хурдан очиж зогсох юмсан гэж бодогдож билээ.

Компани хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргийн дагуу хөдөлмөрийн хөлсийг бодож олгов. Энэ төрлийн ажлын хөлс голдуу 12 мянган доллар байдаг бололтой. Сарын дөрвөн мянга гэж бодоход нэг их чамлахааргүй. Америкт автобусны жолооч сарын 3 мянган долларын цалинтай байдаг. Харин загасчид цалингаа бөөндөж авдаг ба татвар төлдөггүй бололтой.

Загасчин, тэр дундаа хавч барих хөдөлмөр нь дэлхийн нэн аюултай, осол аваарт өртөгдөх ажил болохыг сүүлд уншиж мэдэж билээ. Амь насанд аюултай ийм ажил төрлийг хямдхан даатгалтай хийсэн болохоо би бас сүүлд нь мэдсэн юм.

Богино хугацаанд 12-15 мянган доллартой болох хүсэлтэй хүнд боломжийн ажил байдаг учир залуучууд олноор ирдэг бололтой. Миний хувьд энэ хөдөлмөр намайг голох ажил байлаа. Аляск штат нь мөн өөрийн гэсэн онцлогтой газар. Энд бага оврын нисдэг тэрэг унаа машиныг орлож байдаг. Энэ нь цөөн хүн ам, өргөн уудам нутагтай холбоотой нэгэн онцлог байлаа. Нисдэг тэрэгний мотор нь бага оврын мотоциклийн моторын хэмжээний байдаг юм байна. Тийм учраас машины засвартай харьцуулахад сэлбэг, үйлчилгээ нь харьцангуй хямд гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа.

Жижиг онгоцны үйлдвэр Монгол улсад маш тохиромжтой юм шиг санагдсан.

Жижиг онгоц нь хил хамгаалалт, иргэний хамгаалалт, шуудан харилцаа гээд хөдөөгийн иргэдийн унаа болох боломжтой юм.

Онгоцны мотор нь гэрлийн мотор, мотоциклийн мотор болж болох хувилбартай байж болох.

Хөдөөгийн иргэд онгоц өргөнөөр хэрэглэснээр малын хулгай багасах хандлага гарна.

Жижиг нисдэг тэрэгний өртөг “жип” машинаас хамаагүй хямд тусдаг. Өнөөдөр нэг машиныг нэг улс дагнаж хийхээ байсан цаг үе. Тиймд Монгол Улс, нисдэг тэрэгний аль нэгэн хэсгийг хийж болохоор санагдсан.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Вилъям Севард 1867 онд Аляска штатын нутаг дэвсгэрийг Оросын хаант улсаас худалдан авах ажиллагааг тэргүүлсэн. Түүнээс хойш Америкчууд энэ штатыг “Севардын мөсөн хонгил” гэж нэрлэдэг болсон юм билээ. 30 жилийн дараа Аляскийн Клондайк голын сав газраас асар их алтны нөөц олдож, олон мянган Америкчууд энэ штатыг зорьж тэндээ суурьшсан юм. Цагтаа ашиггүй наймаа гэж томьёологдож байсан энэ штат өнөөдөр асар ирээдүйг агуулсан штат болсон. Аляска штат нь 1959 онд АНУ-ын бүрэлдэхүүнд “Штат” улсын 49-р субъектээр орсон түүхтэй.

САНАЛ БОЛГОХ

 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3661 санал өгсөн байна.

Дээшээ