“Шик хатагтайн зөвлөгөө” номын хэсгээс

GoGo.mn

2018-08-20 14:38 GMT+8

Лос-Анжелес хотын Өмнөд Калифорны их сургуулийн оюутан Женнифер Л.Скотт түнтийтэл нь чихсэн хоёр цүнх ачаатай, өөрийн амьдралыг өөрчлөх мөрөөдөл дүүрэн Парис хотын нисэх онгоцны буудалд буужээ. Оюутан солилцоогоор анх ирж байхдаа тэрээр франц загварын хээнцэр дэгжин хувцаслалт, чамин тансаг жинхэнэ франц амьдралын хэв маягаас суралцана гэж бодож байснаас биш Нью-Йорк таймсын шилдэг борлуулалттай номын зохиогч болж олон зуун мянган эмэгтэйн амьдралыг өөрчлөх юм гэж санаагүй бизээ.

Энэ бол Парисын арванзургадугаар дүүрэгт амьдрах Шик хатагтайгаас Лос-Анжелесийн оюутан Женниферын сурч авсан үнэтэй зөвлөгөөгөөр дүүрэн ном юм. Ном доторх зөвлөгөө-хичээлүүд маш тодорхой, энгийн хэрнээ өдөр тутмын амьдралд эерэг хандлага, зөв дадал,  итгэмээргүй өөрчлөлт авчирсан тухай уншигчид нь ам булаалдан ярьж байна. Бидний амьдарч буй материаллаг ертөнцөд тоо томшгүй сонголт, түүнийг дагасан эцэс төгсгөлгүй хэрэгцээ, хүсэл шунал нэгэнт бий болоод байгаа ч бид өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээс хэтэрсэн хэрэглээг хязгаарлаж, цомхон хэр нь энгийн амьдарч, хамгийн гол нь амьдралын хором мөч бүрээс аз жаргал амталж байх туйлын чухал хэрэгцээгээ тодорхойлох боломжуудыг нээж өгч байгаад л энэхүү номын үнэ цэн оршино.

Бүлэг бүр нь Шик хатагтайгаас сурч мэдсэн үнэтэй зөвөлгөөнүүдээс бүрдэнэ. Хаана амьдрах, хэр их орлого олохоос үл хамааран хэрэгжүүлж болох санаанууд ч бий. Тоо ширхэгээс илүү чанарт анхаарч, хэрхэн зөв зохистой хооллох, мөнгөндөө тааруулан хэрхэн чамин дэгжин хувцаслах, гоо сайхнаа хэрхэн арчилж тордох тухай олон үнэтэй зөвлөгөөг та ганцхан номоос авч болох нь ээ. Эцэст нь хэлэхэд, нэг л мэдэхэд өдөр бүр тань онцгой өдөр мэт санагдаж эхэлнэ. Ингээд эрхэм уншигч танд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаад буй  “ШИК ХАТАГТАЙН ЗӨВЛӨГӨӨ: ПАРИСТ СУРАЛЦСАН МИНИМАЛ АМЬДРАЛЫН 20 НУУЦ” номын нэгдүгээр хэсгийн нэгдүгээр бүлгээс хэсэгчлэн хүргэж байна.

Нэгдүгээр хэсэг: ХООЛЛОЛТ БА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Бүлэг 1. Аахар шаахар амны зугаа таныг дэгжин харагдуулахгүй

...би гэдэг хүн төрөлх Калифорнидоо өдөржин замбараагүй идэж ууж, үргэлж л элдвийн зүйл хивж явдаг нэгэн. Кракер жигнэмэг идэнгээ жүрж хазална, болоогүй ээ бас араас нь өөр төрлийн жигнэмэг идээд, тараг ууна... Гэртээ байдаг шигээ франц айлын гал тогоогоор эргэлдээд, идэх юм эргүүлээд байвал яадаг бол?

Эднийхэн өглөө бүр тогтсон цагтаа өглөөний цайгаа ууна. (Өглөөний цай нь ямар гайхалтай гээч!) Харин өдрийн хоолоо гадуур ямар нэг кафед амтархан идэхийг илүүд үзэх бөгөөд оройн хоолон дээрээ дахин гэр бүлээрээ ширээ тойрон сууж, хамгийн багадаа гурван төрлийн тансаг зоог барина. Өдөр бүрийн хоол тийм сэтгэл татам байвал хэн хоолноос өмнө кракер жигнэмэг мэтийн зүйлээр гэдсээ дүүргэхийг хүсэх билээ дээ. Хоолноос өмнө хэрэгтэй хэрэггүй юм идэх хэрэггүй гэж хэлж байгаа би ч гэсэн төрөлх Америк орондоо буцаж ирснээсээ хойш хааяа нэг хоолноос өмнө хөнгөн зууш, амттан идчихдэг хэвээр. Гэхдээ зөвхөн биед хэрэгтэй зүйлсийг сонгож идэх болсон. Франц явахаасаа өмнө би чихэр ихтэй амттан, чипс, кракер жигнэмгийг уутаар нь идчихдэг байв. Харин одоо тийм амттан идэхээ больсон. Хэрэв хооллохоос өмнө ямар нэг зүйл идэх бол биед сайныг нь л идэж байхаар шийдсэн. Жишээ нь грек йогуртад нэрс хийж идэх, улаан лоолийн шөл, төрөл бүрийн жимс жимсгэнэ гэх мэт эрүүл хүнсийг хэрэглэж байгаа.

Аливаа хоол хүнсийг идэхдээ хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлж, амтыг нь сайтар мэдрэх хэрэгтэй. Эцсийн дүнд чиний л биед хоол хүнс орж байгаа шүү дээ. Тиймээс цэвэрч нямбай, хүндэтгэлтэй хандах нь зүйтэй. Миний хувьд оройн хоолны өмнө тэсэлгүй кракер жигнэмэг ч юм уу чихэрлэг зүйлс идчихдэг байсан бол хатагтай Шикийн хайран сайхан амттай зоогийг үнэ цэнгүй болгох байсан биз ээ. Хатагтай Шикийн хийсэн маслотой цагаан соус бүхий шарсан загас, шинэхэн төмс болон вандуйн зууш, карамельтай цэлцгэнүүр намайг хүлээж байгаа гэж бодохоор л яаж ч их өлссөн хоол гарахаас өмнө их талх идэж гэдсээ дүүргэхгүй юм шүү гэж боддог байв.

Хатагтай Шикийн хувьд хоолыг туйлын их чухалчилж үздэг байсан төдийгүй тэдний гэр бүлийн зоог ямагт ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа мэт байдаг байлаа. “Олигтой хүнс ч алга, өнөөдөртөө пицца захиалаад идчихье” гэх тохиолдол эднийд нэг ч гарч байсангүй. Тэд хэзээ ч орой хоол хийхэд хэтэрхий оройтжээ гээд оройн есөн цаг болж байхад гал тогооныхоо өрөөнд зогсоогоороо бэлэн хоол иддэггүй. (Надаас өөр олон хүн ингэж иддэг гэдэгт итгэлтэй байна.) Хатагтай Шик хэд хэдэн өөрийн гэсэн амтат хоолны жортой байсан ба тэдгээрээ ээлжлэн хийдэг байв. Хүнсний агуулахад нь үргэлж амттай хоол бэлтгэхэд шаардлагатай хүнсний материал өрөөстэй. Хатагтай бяслагтай хучмал зэрэг гарын хоолоо хийгээгүй өдрөө бэлэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний мухлагаас худалдаж авсан утсан мах, салямитай зууш бэлтгэнэ. Тийм хоолтой өдрөө ч мөн ялгаагүй ёслол төгөлдөр зоог барих ба амталж утсан төрөл бүрийн махыг ар араас нь тавцантай гаргана.

Хатагтай Шикийн гэр бүлийнхэн өдөр бүр сайн чанарын хоол хүнс хэрэглэдэг байсан юм. (Тос масло, сахар бүгдийг хэрэглэх ч калоригүй амтлагч зэргийг огт хэрэглэхгүй.) Шикийн гэрийн хоол амтлаг, тэжээллэг, уламжлалт франц хоол билээ.

ТОВЧХОНДОО:

• Өдөр бүр элдэв амттан идэлгүй, чанартай хоол хүнс хэрэглэх.

• Гэрээ элдэв амттан идэх хүсэл төрүүлэхээргүйгээр тохижуулах.

• Хоолноос өмнө ямар нэг юм идмээр санагдаад болохгүй бол биед сайн хүнс сонгох. Харин яасан ч зуршил болгож болохгүйг санаарай! Алхаж явахдаа, жолоо барьж байхдаа, босоогоороо хэрхэвч юм идэж болохгүй. Шилжилт хөдөлгөөн хийж байх үедээ юм идэхгүй байя.

• Эрүүл тэжээллэг хоол идэхийн тулд ходоодоо хоосон байлгах.

• Тогтмол ус ууж, шингэнээ нөхөж байх.

• Эрүүл, тэжээллэг хоол хийхэд анхаарах. Хоол хийх хүнсний материалаа арвин сонголттойгоор базааж байх.

• Эцэст нь залхуурал, замбараагүй хооллолт биднийг хэрхэвч дэгжин харагдуулдаггүйг санаарай!

Номын тухай мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/232/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 724 санал өгсөн байна.

Дээшээ