Түгжрэлд өнгөрүүлэх цагийг ҮР АШИГТАЙ болгох аргууд


2018-09-06 13:00 GMT+8

Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүрт тулгамдсан асуудал бол түгжрэл. Өглөө, өдөр, орой бараг шөнө ч түгжирч байна. Ямар сайндаа л Драгоноос Чулуун овоо хүртэл аль замаар явбал хурдан очих вэ гэтэл Төв аймгаараа явбал хурдан очно гэдэг явган яриа гарах вэ дээ.

Түгжрэлийг арилгаж, саадгүй зорчдог болтол нэлээд хугацаа зарцуулах тул түгжрэлийг өөрийгөө хөгжүүлэх цаг болгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл энэ цаг хугацааг бухимдаж бус сурч боловсрохоос эхлээд өөрт хэрэгтэй зүйлсэд зарцуулаарай. Ингээд түгжрэлийг үр ашигтай болгох зарим аргуудаас сонирхуулж байна.

ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАХ

Ажлын эхний өдөр буюу даваа гарагийн түгжрэлийг та хамгийн түрүүнд төлөвлөгөө гаргах цаг болгоорой. Тухайн долоо хоногт юу хийх, ямар ажилд түлхүү анхаарах талаараа бичих нь биелэлтэд сайнаар нөлөөлөх нь бий. Тиймээс та ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэг бай ажлын амьдралын төлөвлөгөөгөө гаргаж цаг хэмнээрэй.

УТСААР ЯРИХ

Хамгийн эхэнд энэ хугацааг та хэн нэгэнд биеэр үзүүлж чадаагүй халамж анхаарлаа өгч болох цаг гэж хараарай. Амьдрал зохиож гэр бүл болсон хүмүүсийн хувьд эцэг эхтэйгээ өдөр бүр ярьж амжихгүй байх нь бий. Ажил, ажил гээд аав, ээжтэйгээ ярихаа түр хойшлуулсан бол энэ хугацаанд та аав ээж, найз нөхөдтэйгөө яриарай.

ПОДКАСТ СОНСОХ

Дараагийн хийж болох зүйл бол подкаст сонсох. Хүн бүр ухаалаг утастай болсон энэ үед та ажил мэргэжилтэй холбоотой, хэл сурахад туслах, сонирхолтой, хөгжилтэй гээд олон подкастуудыг түгжрэлд өнгөрөөх цагаараа сонсож болох юм.

  • Mongol Student Podcast – Дэлхийн өнцөг булан бүрд сурч, ажиллаж буй оюутнуудтай ярилцаж, мэдээлэл хуваалцдаг.
  • Business radio 98.9 – Эдийн засгийн чиглэлээр мөн хувь хүний хөгжилд чиглэсэн сонирхолтой мэдээ, нийтлэлүүдийг эндээс сонсох боломжтой.
  • Seheeten Mongol Podcast - Амьдралын хэв маягийн талаар Нямын Найм , Тайвантай хамт - номын хэлэлцүүлгийг эндээс сонирхож болно.
  • Positive Mongolians – Шведэд амьдардаг залуу хосын эрхлэн гаргадаг энэхүү подкастаас та маш олон сэдвийн талаар олон сонирхолтой зүйлсийг хүлээн авах боломжтой юм.

ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭ САЙЖРУУЛАХ СОНСГОЛ ХИЙГЭЭРЭЙ

Хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсвэл түгжрэлд сонсох дасгал хийж болох юм. Олон төрлийн аппликэйшнийг ашиглаад хичээл, харилцан яриаг сонсох боломжтой. Жишээлбэл, англи хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсвэл 6 minutes english-ийг сонсохыг санал болгож байна.

ӨӨРТЭЙГӨӨ БАЙХ ЦАГ БОЛГООРОЙ

Их хотын амьдрал бидний өөртэйгөө байх хугацаанаас хумсалсаар байдаг. Түгжрэл, ажил, гэр гэсээр аливааг эргэцүүлэх, өөртэйгөө ярилцах цаг хугацаа нэгэнт үгүй болдог. Өглөө эрт гэрээсээ яаран гараад өдөржин гүйж, орой нэг их бухимдсан хүн гэртээ ирээд хоол идсэн болоод л унтдаг. Тиймээс түгжрэлд та амьдралын тухай эргэцүүлж, өнгөрсөнд хийсэн алдаа хийгээд оноогоо дүгнэхэд зарцуулаарай.

Жич: Автомашин жолоодож яваа бол утсаар ярихдаа чихэвч зүүгээрэй. Харин подкаст сонсохдоо сүлжээ ашиглан автомашиныхаа хөгжмөөр сонсох нь таны аюулгүй байдалд тустай. Мөн явган зорчигчид зам хөндлөн гарахдаа гарцаар, чихэвчээ авч зорчихыг сануулах нь зүйтэй болов уу.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 904 санал өгсөн байна.

Дээшээ