Оршуулга болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд хэрхэн хувцаслах вэ

А.Мишээл | GoGo.mn

2018-09-11 09:40 GMT+8

Оршуулга болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохдоо хэрхэн хувцаслах тухай тогтсон ёс журам байхгүй ч мэдэж явахад илүүдэхгүй дараах зөвлөгөөг хүргэж байна.

Олон үндэстний ёс заншилд хар өнгийг гашуудлын өнгөнд тооцдог бөгөөд оршуулгын болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд хар хувцас өмсөх ёстой гэж үздэг.

Та оршуулгын болон гашуудлын ёслолд явах гэж байгаа бол ажил хэргийн уулзалт, ажлын ярилцлаганд ямар хувцас өмсөх байсан тухай эхлээд бодоод үзээрэй.  Ерөнхийдөө оршуулгын ёслолд өмсөх хувцас нь загвар өнгөний хувьд уламжлалаа хадгалсан, бараан байх ёстой гэж үздэг ч шашин соёлоос хамаараад зарим нь өөр өнгийн хувцас өмсөх тохиолдол байдаг аж.

Тухайлбал, Солонгост хөх, Египет болон Этиопт шар өнгийг, Ойрхи Дорнодын зарим соёлд цагаан өнгийг гашуудлын өнгө гэж үздэг байна. Хамгийн гол нь таны хувцас хэт баяр ёслолын бус, цэвэр цэмцгэр, индүүдлэгтэй байх нь чухал ажээ.

Нийтлэг анхаарах зүйлс:

  • Онгорхой гутал өмсөхгүй байх
  • Шивээстэй бол ил гаргахгүй байх
  • Элдэв чимэглэлгүй нарны шил зүүх
  • Сүрчиг эсвэл хурц үнэртэй биеийн тос түрхэхгүй байх

Эрчүүд хэрхэн хувцаслах вэ?

Эрчүүд жинсэн өмд /жинсэн цамц/, тод өнгийн эсвэл богино ханцуйтай цамц /футболка/, пүүз, кет, саравчтай малгай зэргээс татгалзаарай.

Гашуудлын ёслолд зангиатай цамц, өмд, бүс, хослолын доор өмсдөг гутал, /бидний нэрлэдгээр буузан хоншоортой гутал/ өмсөх нь зохимжтой. Хувцас тань бүхэлдээ тас хар өнгөтэй байх албагүй.

Эмэгтэйчүүд хэрхэн хувцаслах вэ?

Эмэгтэйчүүд хэт задгай, анхаарал татсан, баяр ёслолын, олон янзын зүүлт чимэглэлтэй, цэцгэн хээтэй, эсвэл өдөр тутмын, энгийн хувцаслахаас, имээ гаргадаг зүүлт, бугуйчвнаас татгалзаарай. Оршуулгын үеэр уйлаад будгаа урсгах талтай тул усны хамгаалалттай сормуусны будаг түрхэх хэрэгтэй.

Гашуудлын ёслолд эмэгтэйчүүд даруухан ээмэг зүүлт, богино биш банзал, өмд /жинс биш/, ханцуйтай цамц, гутал /пүүз, кет биш/ өмсөх нь зохимжтой. Зарим шашин соёлд эмэгтэйчүүд малгай өмсдөг уламжлал бий.

Оршуулгын ёслолд биеэ хэрхэн авч явах вэ:

1.Энгийн харьц

Дотны хүнээ алдсан хүнтэй та хэрхэн харьцаж, юу хэлэхээ мэдэхгүй тохиолдол гардаг. Бүү санаа зов. Байдлыг илүү дээр болгох шидэт үг гэж үгүй тул та эмгэнэл илэрхийлж дотны хүнээ алдсанд нь харамсаж буйгаа хэлэхэд л болно. Эсвэл ямар ч үг хэлэлгүй зүгээр л тэвэр.

Мөн эмгэнэл илэрхийлж цэцэг илгээх, /монголчууд дугтуйтай мөнгө өгөх/ нь нэгэн хэлбэрийн эелдэг соёлд тооцогддог.

2. Бүү хоцор

Оршуулгын болон нас барагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд 10 минутын өмнө, олон хүн цуглах бол хагас цагийн өмнө ирснээр тухайн гэр бүлд хүндэтгэл үзүүлж байгаагийн илэрхийлэл билээ. Оршуулгын ёслолд хожигдсон бол та ирсэн хүмүүсээ хүндлээд саад болохгүйгээр суудлаа эзлэх нь зүйтэй.

3. Нийгмийн сүлжээнд зураг тавих тийм ч таатай зүйл биш

Гашуудлын ёслолын үеэр утасныхаа дууг хааж, цүнх эсвэл халаасандаа хийгээрэй. Та гэр бүлийн чухал гишүүн нь биш л бол оршуулах ёслолын талаар жиргэж, зургийг нь инстаграмдаа тавих нь тийм ч ёс зүйтэй үйлдэл биш.

4. Хүүхэдтэй явах уу

Бага насны хүүхдээ гэртээ үлдээх нь зүйтэй. Гэхдээ хүүхэд тань нас барсан хүнтэй ойр дотно байсан бол хамт явах эсэхийг нь асуух нь зүйн хэрэг бөгөөд зургаа болон түүнээс дээш насны хүүхдээ  авч явахаас бүү санаа зовоорой. Тэд бидний төсөөлж байгаа шиг уй гашууг тийм ч хүндээр тусгаж авахгүй.

САНАЛ БОЛГОХ

 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3160 санал өгсөн байна.

Дээшээ