Австрали улс руу суралцахаар виз мэдүүлэхдээ анхаарах зүйлс

GoGo.mn

2018-11-28 14:45 GMT+8

Монгол улсаас Австрали улсад суралцагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ визаны үндсэн эрсдэлүүд ба түүнээс хэрхэн зайлсхийх талаар зөвлөгөө, мэдээллийг олгож байна.

1. САНХҮҮГИЙН БАТАЛГАА

Санхүүгийн баталгааны талаар хүмүүс янз бүрийн мэдээлэлтэй байдаг. Ихэнх тохиолдолд 50-60 орчим сая төгрөгийг байршуулна гэдэг үндсэн мэдээлэлтэй байдаг бол яг ямар хугацаанд болон, уг орлогыг хэрхэн нотлох талаар мэдээлэл хомс байдаг.

Хүмүүсийн гаргадаг алдааны дийлэнх нь уг хэмжээний мөнгийг нэг дор их хэмжээгээр нь, эсвэл 2-3 удаа таслан хийснээр санхүүгийн баталгааг бүрдүүлсэн хэмээн ойлгодог. Гэвч элчингийн ажилтан нь уг хэмжээний мөнгөн орлогын урсгалыг хэр ихээр өмнө хийгдэж байсан, мөн уг орлогыг албан ёсны бичиг баримтуудаар нотолж чадах эсэх, хуучин гүйлгээний дүнтэй уг их хэмжээний гүйлгээнүүд таарж байгаа эсэх талаар хэд хэдэн дүн шинжилгээ хийдэг. 

Санхүүгийн баталгааг нь дараах байдлаар бүрдүүлбэл таны виза зөвшөөрөгдөх магадлал илүү байдаг. Үүнд: 

- Урт хугацааны хадгаламж. Хадгаламж нь 1 жил ба түүнээс дээш хугацаатайгаар хадгалагдсан байдал нь виз амжилттай гарах үндсэн нөхцөл болдог

- 5 сая ба түүнээс доошхи орлого. Ихэнх тохиолдолд 5 ба түүнээс дээш сая төгрөгийн гүйлгээр Bulk буюу их хэмжээний орлого хэмээн тооцдог тул та мөнгөө одооноос бий болгож эхлэх гэж байгаа бол үнийн дүнгээ сайтар бодолцох хэрэгтэй.

- Дансныхаа гүйлгээтэй уялдуудан орлогын үнийн дүнгээ тооцож оруулах. Таны дансны хуучин гүйлгээний үнийн дүн дундажаар ямархуу хэмжээтэй байна гэдгийг тооцоолон, уг үнийн дүнгийн дагуу ойролцоо үнийн дүнтэйгээр орлогоо оруулах нь зөв.

- Данснаас дансруу хийх шилжүүлэг. Та хэрэв өөрийн харилцах данснаас мөнгө авч, хуримтлуулж буй дансруугаа шилжүүлж байгаа тохиолдолд хуучин харилцах дансныхаа гүйлгээг давхар хавсаргаснаар уг мөнгөний эх үүсвэрийг нотолж чадах юм.

Их хэмжээний мөнгөн орлогыг нотлох аргууд:

- 5 ба түүнээс дээс сая төгрөгийн мөнгөн орлого орж ирсэн тохиолдолд дараах байдлаар зайлшгүй нотлох хэрэгтэй. Үүнд:

- Эцэг эх, ойрын ах дүүсээс орж ирэх мөнгөн бэлэглэл. Таныг гадаад улсад суралцахтай холбоотой бэлэглэлийн гэрээ хийж, ойрын ах дүүстэйгээ нотариат дээр очин баталгаажуулах боломжтой

- Бизнесийн орлого байдлаар нотлох тохиолдолд уг орлогын эх үүсвэрийг албан ёсны гэрээ, контрактаар баталгаажуулж болно.

- Байр болон машин зэрэг хөдлөх, үл хөдлөх зарсан тохиолдол нь ихэнх тохиолдолд эрсдэлтэй зэрэг рүү багтдаг учраас анхаарна уу.

Батлан даагчтай тохиолдолд өөрийн хамаарлыг нотлохын тулд:

- Эцэг эх, өвөө эмээгийн батлан даалт нь шууд зөвшөөрөгддөг

- Төрсөн ах болон эгч, дүүгийн батлан даалт нь мөн адил зөвшөөрөгддөг.

- Бусад тохиолдол бол уг батлан даагчтай яг ямар харилцаатай, яагаад өөрийг тань батлан дааж байгаа талаар маш дэлгэрэнгүй тайлбар хийсэн захидал хавсаргах ёстой.

- Батлан даагч нь яагаад энэ мөнгийг суралцагчид зарцуулж байгаагаа тайлбарлах үүрэгтэй.

2. СУРАЛЦАХ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Суралцах зорилго нь 1 ба түүнээс дээшхи хувийн захидал, хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд дараах хэд хэдэн төрлийн агуулгуудыг заавал захидалдаа багтаах ёстой. Үүнд:

- Яагаад Австрали улсыг сонгон суралцах болсон тухай

- Монголдоо суралцах боломж байхад гадаад улсад заавал суралцах гэж байгаа шалтгаан

- Суралцах гэж сонгосон сургуулиа хэрхэн судалсан тухай

- Сургалтын визаны нөхцөл, түүний талаар хэр мэдээлэлтэй байгаа

- 18 нас хүрснээс хойшхи суралцсан түүх, ажлын туршлагаа дэлгэрэнгүй бичиж 6 сар ба түүнээс дээш хугацааны GAP буюу сул орон зайгаа нөхөх шаардлагатай

- Таны Австрали улсад суралцах гэж байгаа курс, зэрэг нь одоо ажиллаж буй ажил, сурсан сургалтын түүхтэй хэрхэн уялдаж байгаа эсэх

- Төгсөөд Монголдоо ирээд таны сурсан мэдлэг тань таны амьдралд ямар бодит өөрчлөлт гаргаж байгаа тухай

- Монголдоо буцан ирэх бодит шалтгаанууд юу юу байгаа тухай маш тодорхой мэдээллийг тайлбар захидалдаа багтаан өгснөөр таны суралцах зорилго хангалттай гэж үзэн, виза гарах магадлал нэмэгддэг.

Эх сурвалж: ICMA LLC  

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1022 санал өгсөн байна.

Дээшээ