2018 ОНЫ ОНЦЛОХ 8 НОМ


2019-01-08 17:10 GMT+8

Бид Интерном номын их дэлгүүртэй хамтран өнгөрч буй 2018 оны онцлох 8 номыг танилцуулж байна. Энэхүү 8 номыг сонгохдоо бид уншигчдын дунд хамгийн эрэлттэй байсан гэдэг үзүүлэлтийг голлон харгалзсан юм.

2018 он уншигчдын хувьд олон олон гайхалтай зохиолуудыг эх хэлээрээ уншсан, ярилцсан, хэвлэн нийтлэгчдийн хувьд номын ертөнцөд шинэ уур амьсгал, өнгө төрх нэмсэн чансаатай бүтээлүүдийг олноор бүтээсэн жил болж өнгөрч байна.

Sapiens: Хүн төрөлхтний товч түүх

Барак Обама, Билл Гейтс, Марк Зүкерберг гээд олон алдартнууд санал болгох номын жагсаалтдаа тогтмол багтаадаг, түүх бичлэгийн хэвшмэл байдалд хувьсгал хийсэн нэгэн гайхалтай бүтээлийг энэ онд бид эх хэлээрээ унших боломжтой болсон нь Израилийн түүхч Юваль Ной Хараригийн “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” билээ.

Хэвлэгдэн гарсан цагаасаа хойш бүхий л номын дэлгүүрүүдийн бэстселлерийг тэргүүлсээр буй уг бүтээл огтхон ч залхааж уйдаахгүй сонирхолтой бичлэгийн хэлбэрээрээ өнгөрснөөр аялуулахаас гадна өнөөдрийн бид, ирээдүйд биднийг юу хүлээж байж болох тухай хийгээд хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн хувьсал, хувьсгалуудтай танилцуулах болно.

Номын хэсгээс унших бол ЭНД дарна уу. 

Шик хатагтайн зөвлөгөө: Парист суралцсан минимал амьдралын 20 нууц

Зохиогч өөрийн туршлага, мэдлэг дээрээ тулгуурлан бичсэн, заримдаа ёгт, хошигносон аясыг ч мэдрүүлэх “Шик хатагтайн зөвлөгөө” ном өнөө цагийн материаллаг ертөнцөд тоо томшгүй сонголт дунд амьдарч буй хүмүүс бид өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, хэрэгцээнээсээ хэтэрсэн хэрэглээгээ хязгаарлаж, цомхон хэр нь энгийн амьдарч, амьдралын хором мөч бүрээс аз жаргалыг амталж байх тухай хичээлийг бүлэг тус бүрдээ заах болно.

Номын нэрийн хувьд: Дэгжин хээнцэр, цэмцгэр гэх утгыг илтгэх франц хэлний “Шик” гэх энэ үг монголчууд бидний хувьд тийм ч дотно биш билээ. Энэ номоос Шик гэдэг үг нь зөвхөн дэгжин хээнцэр гадаад төрх байдлыг илтгээд зогсохгүй зөв зохистой амьдралын хэмнэл, дэг жаягтай амьдралын хэм хэмжээ, аливаад хандах эерэг чиг хандлага, дадал зуршил, үнэ цэнтэй амьдралын тухай өргөн цар хүрээг хамарсан ойлголт болохыг мэдэж болно. Зохиогч Парист оюутан байх хугацаандаа өөрийн амьдарч байсан айлын эзэгтэй буюу өөрийн үлгэр дуурайл болсон франц хатагтайн нэрийг энэхүү бүтээлдээ “Шик хатагтай”, тэдний гэр бүлийнхнийг “Шикийнхэн” хэмээн нэрийдсэн нь ч ийм учиртай.

Подкаст сонсох бол ЭНД дарна уу.

Өдрөөс үлдсэн зүйл

Энэ оны онцлох номуудын нэг бол яах аргагүй хамгийн отгон Нобелийн шагналтан Казүо Ишигүрогийн “Өдрөөс үлдсэн зүйл” роман байлаа. Монсудар хэвлэлийн газар Казүо Ишигүрогийн бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр уншигчдадаа хүргэж буй бөгөөд хамгийн эхний зохиол нь “Өдрөөс үлдсэн зүйл” роман байсан бол ирэх онуудад түүний бусад бүтээлүүдийг мөн орчуулан хүргэхээ мэдэгдсэн юм.

Хүний амьдралын ээдрээ нугачааг уран яруу, нарийн гярхай дүрслэн бичсэн эл роман нь амьдралын утга учир, хувь хүн болоод нийгэм соёлын нарийн төвөгтэй харилцаа, сэтгэл хөндүүрлэм мөн чанарыг илчлэн харуулснаараа онцгой бүтээл болсон төдийгүй хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн бүтээл хийсэн нь Оскарын наадамд 8 төрлөөр нэр дэвшин, кино урлагийн сонгодгуудын нэгд зүй ёсоор тооцогдох болсон юм.

Подкаст сонсох бол ЭНД дарна уу.

Иван Денисовичийн нэг өдөр

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Утга зохиол цуврал энэ онд Г.Г.Маркес, Чингиз Айтматов, Стефан Цвейг, А.И.Солженицын зэрэг утга зохиолын суутнуудын бүтээлүүдээр үргэлжилснээс бид хойд хөршийн зохиолч Александр Исаевич Солженицыний “Иван Денисовичийн нэг өдөр” зохиолыг онцолж байна.

Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёвын тусгай зөвшөөрлөөр гарч байв. Энэхүү тууж Солженицынийг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.

Энд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулна. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгожээ.

Номын тухай дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

Амьдрахуй

Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуагийн “Амьдрахуй” тууж мөн манай дэлгүүрийн бэстселлер бүтээлүүдийн нэг байлаа. “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, Чарльз Деккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ.

Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж.

Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын "Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь" ном худалдаанд гарснаасаа хойш хэл сурах хүсэл эрмэлзэлтэй олон мянган залуусын хамгийн ихээр сонирхон худалдан авч буй ном болоод байна.

Энэ ном танд уураг тархиа зөв ойлгон түүний нөөц боломжийг бүрэн дайчилж, гадаад үгийг хялбархан цээжлэх дадал олгох болно. Тархины тань унтаж буй хэсэг сэрж, билэг танхай төсөөллүүдийг ургуулан бодож байх зуур та өөрөө анзааралгүйгээр хэдэн зуун үгсийг цээжлэх чадвартай болсон байна гэдгийг зохиогч батлан хэлж байна.

Өглөөний гайхамшиг

Хувь хүний харах өнцгийг өөрчлөх ном хаа нэг таардаг бол амьдрах хэв маягийг өөрчлөх ном маш ховор тохиодог. Харин Хэл Элродын "ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ" ном энэ бүхнийг таны бодож байгаагаас ч богино хугацаанд бий болгох болно.  

Номд дурдсанаар бидний сонголт болоод үйлдэл нэг бүр тэр ч бүү хэл бодол нэг бүр нь бидний хэн болохыг тодорхойлж, улмаар амьдралын маань түвшинг тодорхойлоход үлэмж нөлөө үзүүлдэг аж. Хамгийн чухал зүйлсээ хөгжүүлэхэд өдөрт нэг цаг зарцуулахад хангалттай, харин энэ нэг цагийг хэзээ, яаж гаргах вэ? гэдгийг тус номоос уншаарай.

Элон Маск: Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь

Энэ онд Пиксар анимейшний ерөнхийлөгч Эд Катмулын бүтээл, Нью-Йорк Таймсын бэстселлэр “Бүтээлч Inc” монгол хэлээр орчуулагдан гарч олон залуучуудад мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх урам зориг хайрласан бол оны төгсгөлд буюу хэдхэн хоногийн өмнө энэ цаг үеийн хамгийн дуулиант энтрепренер Элон Маскийн амьдрал, хөшигний ардах түүхүүдийг өгүүлсэн “Элон Маск: Tesla, SpaceX ба гайхамшигт ирээдүйг бүтээх нь” ном мөн уншигчдад хүрсэн нь томоохон тэсрэлт байлаа.

Номын тухай: “Элон Маск бол манай цаг үеийн хамгийн агуу энтрепренер сэтгэгчдийн нэг. Түүний бишрэм оюун ухаан, зогсолтгүй урагшлах тэмүүлэл, зүрх алдам зорилгодоо бат итгэх үнэмшлийн ачаар бид нийтээрээ үр өгөөж хүртэх боломжтой болж байгаа юм. Элон Маскийн энэ намтар Tesla, SpaceX, SolarCity-ийг байгуулсан хөшигний ардах түүхүүдийг хамгийн ойроос өгүүлж, Элоны гар эрмэлзлээ бодит ажил болгохын тулд хэрхэн ажилладгийг харуулснаараа онцгой юм. Тэр бол дэлхийг өөрчилж буй өвөрмөц дүр бөгөөд тоглоомын дүрмийг өөрчилж буй санаануудаа хэрхэн сэдэж, хэрхэн хөгжүүлж ирснийг нь Ашли Ванс тун сонирхолтойгоор хүүрнэжээ.” Хүний геномын дарааллыг нээсэн нэрт эрдэмтэн Ж.КРЭЙГ ВЕНТЕР

БОНУС + 2019 он

2019 онд биднийг дэлхийд бэстселлер болж байгаа хийгээд монгол зохиолчдын маань олон гайхалтай ном хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Баттай болсон мэдээллээр АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн намтар, ганцхан өдрийн дотор 725,000 гаруй хувь борлогдож шуугиан тариад буй “Becoming”-ыг Монсудар хэвлэлийн газар 2019 оны III сард орчуулан гаргахаар төлөвлөөд буй ажээ.

Подкаст сонсох бол ЭНД дарна уу.

Л.Энхсайхан

reader.mn

САНАЛ БОЛГОХ

 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3650 санал өгсөн байна.

Дээшээ