Сэтгэлзүйчийн ЗӨВЛӨГӨӨ: Ээж аав бие биеэ хүндэлбэл хүүхэд бусдыг хүндэлнэ


2019-01-21 17:33 GMT+8

Гэр бүл хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн өгсөн хүүхэд хүмүүжлийн талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Эцэг эхчүүдийн  гаргадаг нийтлэг алдаа:

  • Хүүхдийг дарамталсан, сүрдүүлсэн, айлгасан, жинтэй үг хэрэглэвэл миний хүүхэд айгаад миний үгэнд орно гэж ойлгодог. Хүүхэд намайг дарамтлахын оронд яагаад тайлбарлаж, намайг сонсож, миний арга эвийг олж болдоггүй юм бэ гэж боддог.
  • Дийлэнх ээж аавууд хүүхдэдээ гар хүрдгээ зөв хүмүүжил гэж боддог. Гэвч хүүхэд эргээд эцэг эхтэйгээ харилцах, эцэг эхээсээ айхгүйгээр өөрийгөө илэрхийлж сэтгэл санаагаа хуваалцахаа больчихдог. Тэр хэрээр өөртөө итгэлгүй, дотогшоо болж хүмүүждэг юм.

Хүүхдийг сэтгэл санаагаар дарамталдаг үгс:

  • Ийм хүүхэдтэй байснаас байгаагүй нь дээр
  • Чи угаасаа чадахгүй, хийсэн ч чадахгүй
  • Чамд хэлээд ч нэмэргүй, хэнийгээ дуурайгаад ийм болчихдог байна аа
  • Тэнэг ээ, иймхэн зүйл мэдэхгүй юу, ухаан муутай
  • Орхиод явчихна шүү, муу хүнд өгчихнө шүү гэх мэт

Хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах вэ?

Хүүхдэдээ элгэмсэг, найрсаг хандаж, тэдэнд хайртайгаа илэрхийлж, тэднийг сонсож, хамт цагийг өнгөрүүлж, тоглож, бие биедээ итгэх итгэлцэлтэй болох хэрэгтэй.

Хүүхдийнхээ насны онцлогт нь тохируулж харилцах хэрэгтэй. Жишээ нь, бага насны хүүхэд ээж аавдаа хайрлуулж байгаагаа, өсвөр насандаа том хүний байр сууринаас харилцаж, хүндлүүлэх хүсэлтэй гэх мэт онцлогийг аав ээж нар ойлгох хэрэгтэй.

Хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй хүн болгох вэ?

Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь олон төрлийн хүмүүжлийг өгч болно гэж үзэж байна. Эх хүн өөрөөрөө дамжуулан хүүхдэд гоо зүй, эрүүл мэнд, урлаг уран сайхан, орчны хүмүүжил зэргийг олгож болдог. Ураг ээжийгээ сонсож мэдэрч байдаг. “Ураг”-т таны сэтгэл санааны мэдрэмж, дуу хоолой, хоол унд, нойрсолт, дасгал хөдөлгөөн, ямар орчинд явах зэрэг нь төрсний дараах хүүхдийн орчиндоо хэрхэн өөрийгөө авч явах дадал хэвшилд бодитойгоор нөлөөлж чадна. 

Хэлд ороход нь хүүхэдтэйгээ сайн харилцдаг байгаарай.  Хүүхэд хэлд орохоороо маш олон зүйлийг асуудаг. Тэр үед нь төвөгшөөлгүй хариулдаг байх хэрэгтэй.

Ээж ааваасаа хангалттай хайр халамж мэдэрсэн хүүхэд сэтгэлийн хаттай болдог. Сэтгэлийн хат нь хүүхдийг бусдын муухай харилцааг даадаг, чимээгүй өнгөрөөдөг, бусдын сөрөг харилцаанд стресстэхгүй байхаас гадна ямар нэгэн эрсдэлээс өөрийгөө хамгаалдаг, хэн нэгэн танихгүй хүний сөрөг хандлагаас мултраад гарчихдаг зэрэг олон эрсдэлээс хамгаалдаг.

Номхон тэмээ ноолоход амар гэхчлэн хамгийн их уураа гаргадаг хүн нь хүүхэд байна.

Хүүхдээ өөрчлөхийн өмнө та өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй. Ээж аав бие биеэ хүндэлбэл хүүхэд ээж аавыгаа хүндэлнэ, бусдыг хүндэлнэ, өөрийгөө ч хүндэлнэ. 

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн дэлгэрэнгүй ярилцлагыг  ЭНД дарж уншина уу.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ