Номын хэсгээс: ШОК НОМЛОЛ 1 – Гамшиг дагуулсан гамшиг

GoGo.mn

2019-05-09 12:30 GMT+8

Канадын сэтгүүлч Наоми Клайны Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл бүтээлийг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргажээ. Нью-Йорк таймсын бестселлер mус бүтээлд Милтон Фридман тэргүүтэй неолиберал эдийн засагчдын гаргаж ирсэн Шок номлол улс орнуудад хэрхэн хэрэгждэг тухай өгүүлдэг. Түүгээр ч барахгүй өнөөгийн Монгол улсын сүүлийн 30 жилийн ээдрээтэй, эргэлзээтэй асуудлуудын зангилааг бага боловч уншигчдад тайлж өгөх болно. 

Неолибералуудын бодлогоо хэрэгжүүлэх орчин нөхцлийг дайн тулаан, нийгмийг хамарсан үймээн самуун, байгалийн гамшиг зэрэг хүчин зүйлүүд бүрдүүлж өгдөг байна. Тиймээс эхний цувралаараа неолибералууд хэрхэн гамшгийг ашигладаг тухай та бүхэнд толилууллаа.­­

Нью-Йорк Таймс сонины дүгнэснээр Нью-Орлеанс нь “Гэрээт сургуулийн хүртээмжээр улсдаа тэргүүлэх лаборатори” болсон бол Фридманы талыг баримтлагч Американ Энтерпрайз Институт “Луйзианагийн дэвшилтэт үзэлтнүүд олон жил үзээд бүтээгүй боловсролын шинэчлэлийг... Катрина хар салхи ганц өдрийн дотор амжууллаа” гэв. Харин үерийн хохирогчдод зориулж төсөвлөсөн мөнгөөр улсын боловсролын системийг хувьчилж байгааг яаж ч чадалгүй харж суусан улсын сургуулийн багш нар Фридманы энэ төлөвлөгөөг “Боловсролын боловсон дээрэм” гэж нэрлэсэн билээ.

Гамшигт үйл явдлыг далимдуулан нийтийн орон зайд зохион байгуулалттайгаар халддаг явдал, аюулт ослыг зах зээлийн алдаж болохгүй боломж гэж хардаг үзлийн хоршилд би “гамшгийн капитализм” гэдэг нэр олоод байгаа юм.

Гамшгийг далимдуулах гэдэг бол Фридман болон түүний нөлөө бүхий дагалдагчдын гучин жилийн турш хурцалсаар ирсэн зэвсэг билээ. Гамшиг болохыг хүлээж байгаад, ард түмэн үймсэн хойгуур төрийн эрх мэдлийн жижиг хэсгийг тасалж хувьд шилжүүлээд, энэ “реформ”-оо тэр дор нь байнгын болгон баталгаажуулаад авдаг энэ л стратеги.

Нэг алдартай эсээндээ Фридман орчин үеийн капитализмын урагш давших тактикийн мөн чанарыг тайлбарласан байдгийг би шок номлол нь юм байна гэж ойлгосон. Энэ эсээндээ тэрээр “Жинхэнэ өөрчлөлт гаргах боломж олгодог хөшүүрэг бол гамшиг юм. Гамшиг нь бодит уу, хийсвэр үү гэдэг нь зарчмын хувьд хамаагүй. Гамшиг нүүрлэхэд түүний хариуд авах арга хэмжээ нь ямар нэг үзэл санааны үр байдаг. Энэ бол бидний урагшлах зам мөн гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл, бид эхлээд одоо хэрэгжих бодлогыг хэрхэн өөрчлөх чиглэлээ боловсруулна.

Улмаар улс төрийн хувьд боломжгүй нөхцөл нь улс төрийн зайлшгүй нөхцөл болж өөрчлөгдөх хүртэл тэр санаагаа тордож, тэтгэж, амьд байлгана” гэсэн байдаг. Зарим хүн гамшигт бэлдэхдээ лаазалсан бүтээгдэхүүн, ус нөөцөлдөг. Фридманчид болохоор чөлөөт зах зээлийн үзэл санаагаа нөөцөлж, зүлгэж суудаг ажээ. Улмаар гамшиг хэлж биш, хийсэж ирмэгц түүнд нэрвэгдсэн хүмүүсийн цочроо нь гараад “бүх юм байсан байрандаа эргэж орох”-оос өмнө нь эргэж буцалтгүй өөрчлөлтийг түргэн хийж авах нь чухал гэж Чикагогийн их сургуулийн профессор үзсэн байна.

“Шинэ захиргааны хувьд томоохон өөрчлөлтийн ард гарах хугацаа 6-9 сар л байна. Энэ хугацаанд амжиж шийдмэг хөдлөхгүй л юм бол дахиж тийм боломж гарахгүй” гэж тэр тооцсон байдаг. Олон төрлийн өвдөлтийг бүгдийг нь “нэг дор” мэдрүүлэх ёстой гэсэн Макиавеллигийн сургаалын нэг хувилбар болох энэ зөвлөмж нь түүний хамгийн урт настай стратегийн сургаал болж таарсан юм.

1970-аад оны үед, Чилийн диктатор Генерал Августо Пиночетийн зөвлөхөөр ажиллаж байхдаа олныг хамарсан гамшигт үйл явдал ямар ашигтайг Фридман ойлгосон байдаг.

Дэлхий дахинд зах зээлийн энэ загвар хэрхэн нутагшсан түүхийг судлах тусам гамшиг, хямралыг далимдуулах нь бүр эхнээсээ л Мильтон Фридманы дархан мэх байсныг би олж мэдэв. Угаас гамшиг, хямрал тохиож байж л Капитализмын фундаменталист хэв маяг хүрээгээ тэлдэг байжээ. Далимдуулж байгаа сүйрэл нь жил ирэх тусам тэлж, улам цочирдом болсоор байгаагаас биш, Ирак, Нью-Орлеанст болсон ажиллагаа нь цоо шинэ, 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа л бий болсон санаа юу гэвэл тийм биш байлаа. Харин ч эдгээр зоригтой туршилт бол гучин жилийн турш шок засалд гаршсаныхаа охь дээжийг хүртсэн л хэрэг байж.

Энэхүү шок номлолын өнцгөөс өнгөрсөн гучин таванжилийг харвал бидний мэддэгээс огт өөр харагдана. Бидний амьдарч буй энэ үеийн хамгийн жигшмээр хүний эрхийг зөрчсөн тохиолдлуудыг ардчиллын эсрэг дэглэмүүдийн үйлдсэн садист үйлдлүүд гэж олон түмэн ойлгодог боловч үнэндээ бол олон нийтийг айдаст автуулах, чөлөөт зах зээлийн “реформ нэвтрүүлэх хөрс суурийг бэлдэх маш тодорхой зорилгоор авсан арга хэмжээнүүд болж таардаг.

Ганд нэрвэгдсэн тариачид хур бороог, Христийн Зионист хөдөлгөөнийхөн Диваажинд илгээгдэх мөчийг хүлээн залбирч байдаг шиг энэ багийн Латин Америк, Зүүн Европт гамшгийн капитализмын туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай гол хүмүүс нь угаасаа л ямар нэгэн гамшиг болоосой гэж анаж байдаг зуршилтай болсон байжээ. Хүссэн гамшиг нь тохиох цагт өөрсдийнх нь хөдлөх цаг болсныг тэд хэнээр ч хэлүүлэлгүй ойлгодог байна.

Фридманы толгой дотор байсан гамшиг нь цэрэг дайны биш, эдийн засгийн хямрал юм.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 849 санал өгсөн байна.

Дээшээ