Таны санхүүгийн мэдлэгт: Банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг хэрхэн ойлгох вэ?

GoGo.mn

2019-08-13 13:20 GMT+8

1.Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт

Зээлийн эрсдэл буюу олгосон зээл эргэж төлөгдөхгүй байх нь банкны санхүүгийн эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг, нэг гол эрсдэл юм. Эдийн засгийн ерөнхий байдал эсхүл тухайн зээлдэгчийн бизнесийн онцлогоос болоод зээл эргэж төлөгдөхөө байлаа ч харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгө бүрэн бүтэн байх ёстой. Энэ баталгааг хангахын тулд банкуудад тодорхой хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх шаардлагыг тавьдаг. ингэснээр алдагдлыг банк өөрийн хөрөнгөөрөө хааж, харин харилцагч хадгаламж эзэмшигч хохирохгүй үлдэнэ гэсэн үг юм. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь тухайн банк хэр эрсдэл даах чадвартай вэ гэдгийг харуулах чухал үзүүлэлт болдог.

2.Төлбөр түргэн гүйцэтгэх  чадварын харьцаа үзүүлэлт

Банк хуулиар харилцагчийн мөнгийг анхны шаардлагаар нь гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг боломжтой байлгахын тулд банк хөрөнгийн тодорхой хэсгээ бэлэн мөнгө, бусад түргэн борлогдох буюу хөрвөх чадвар сайтай хөрөнгө хэлбэрээр бэлэн байлгах шаардлагатай. Үнэт металл, Засгийн газрын үнэт цаас, төв банкны үнэт цаас зэрэг нь зах зээл дээр хурдан борлогдож, шууд бэлэн мөнгө болж хөрвөх чадвар өндөртэй байдаг. харин зээл бол ихэвчлэн эргэн төлөгдөж байж л бэлэн мөнгө болох тул түргэн борлогдох зүйл биш юм. тухайн банк хэр төлбөрийн чадвартай байна вэ гэдгийг энэ үзүүлэлт харуулна.

3.Зээлийн төвлөрлийн  эрсдэлийн зохистой харьцаа

"Бүх өндгөө нэг сагсанд хийх хэрэггүй" гэдэг зарчим банкуудын хувьд чухал. Зээл олгохдоо газарзүйн байрлаас эхлээд эдийн засгийн салбар, зээлдэгчээ аль болох төрөлжүүлэх нь зээлийн эргэн төлөлтөд учрах эрсдэлийг бага байлгах ач холбогдолтой. Эдгээрээс ялангуяа нэг зээлдэгч, түүнтэй холбоотой этгээдэд их хэмжээний зээл олгох нь зээл эргэн төлөгдөхгүй байх тохиолдолд банкинд том эрсдэлийг үүсгэдэг тул зохицуулалтаар хязгаарлаж өгдөг.

4.Гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа

Гадаад валютын эх үүсвэр татах, гадаад валютаар зээл олгох, эсвэл валютын арилжаа хийх нь арилжааны банкны өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааны нэг юм. Гэхдээ ханш өөрчлөгдөх үед валютын өглөг, авлага нь хоорондоо хэт зөрүүтэй бол эрсдэлийг үүсгэдэг тул зохицуулагчийн зүгээс зах зээлийн энэ эрсдэлийг бага байлгахын тулд дээд лимитийг тогтоож өгдөг. Гадаад валютын нээлттэй позиц буюу валютын өглөг авлагын зөрүү нь банкны өөрийн хөрөнгийн тодорхой түвшнээс хэтрэх ёсгүй бөгөөд, ингэснээр ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг банк дааж чадна гэсэн үг юм.

5.Үндсэн хөрөнгийн харьцаа

Банк харилцагч, хадгаламж эзэмшигчдээс татсан эх үүсвэрээрээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гм зээл олголт, санхүүгийн зуучлалд хамаарахгүй зүйл хийх нь зохимжгүй. Иймд зохицуулагчийн зүгээс банкинд эзэмшиж болох үндсэн хөрөнгө дээр нь дээд лимит тогтоож өгдөг.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн зохих ёстой хэм хэмжээ, түүнийг хэрхэн хангаж ажиллаж буйг улирал тутам банкууд вебсайт дээрээ мэдээлдэг. Мөн санхүүгийн тайлангаа нийтэлдэг тул ер нь ямар хэмжээтэй банк вэ, бизнес нь хэр өсч байгаа, ашигт ажиллагаа нь хэр вэ, эрсдэл даах чадвар нь ямар түвшинд байна зэргийг үзэж болно. Үүний тулд активын хэмжээ, бүтэц болон өсөлт, чанаргүй зээл түүнд байгуулсан эрсдэлийн сан, цэвэр ашиг ба түүнийг нийт актив эсвэл өөрийн хөрөнгөд нь харьцуулсан харьцаа гэх мэт тухайн банкны санхүүгийн байдлыг илэрхийлэх энгийн үзүүлэлтүүд тус болно.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ