Хайртай гэдгээ давтаж хэлэхээс бүү төвөгшөө!


2011-11-07 00:00 GMT+8
Хэрэв та хоёр доорх зөвлөмжүүдийг дагаж чадвал танай гэр бүлд ямар ч маргаан гарахгүй.

Гэргий танаа:
Нөхөр чинь таны санаснаар хурдан тушаал ахихгүй бол энэ тухай түүнд бүү ярь. Байдлыг улам муутгана.

Хэрэв та өөрийн нэр дээр банканд мөнгө хийвэл дэвтрээ нөхөртөө заавал үзүүл. Учир нь танай нөхөр нуусан дэвтрийг чинь олчихвол гомдож мэднэ.

- Нөхрөө хол газар удаан хугацаагаар явсан хойно танайд таньдаг залуу чинь бол, энэ тухай нөхрөө ирэхээр хамгийн түрүүнд хэлээрэй. Хэрэв хөршүүд амжаад шивнэчихвэл тоогүй юм болж мэднэ шүү.

- Та нөхрийнхөө хармайнаас юм уу, цүнхнээс нь эмэгтэй хүний зураг олсон бол огт мэдээгүй дүр үзүүлээрэй. Энэ нь ердөө мөрөөдөл ч байж болно шүү дээ. Иймэрхүү явдал мөрөөдөмтгий эрчүүдэд тохиолдож л байдаг юм.

- Охин чинь нэг залууд дурлачихлаа гээд аавд битгий хэлээрэй гэвэл түүний гуйлтыг биелүүлээрэй. Охин чинь өөрөө аавдаа хэлэг.

- Хүүгийн чинь ангийн багш өөрийг чинь дуудаад ямар хэрэг тарьсныг нь хэлбэл нөхөртөө заавал хэлээрэй. Тэр өөрийгөө хүүхэд хүмүүжүүлэх үүрэгтэйгээ мэдэж аваг.

Нөхөр танаа:
- Хуримаа хийхээс өмнө хэдэн хүүхэнтэй найзалж байснаа эхнэрээсээ бүү нуу. Харин үүнийгээ байн байн бахархан ярьж эхнэрээ тэдэнтэй харьцуулж болохгүй шүү.

- Ажил дээр чинь бүтэлгүй явдал тохиолдвол эхнэртээ шууд хэл. Сайн эхнэр» бүхнийг ойлгож тусална.

- Хэрэв хүүхдийн талаар ч юм уу эсвэл гэр бүлийн санхүүгийн байдал чинь таны санааг зовоож байгаа бол энэ тухайгаа эхнэртээ заавал хэлж байгаарай.

- Огт санаандгүй байдлаар ямар нэг орлого олбол эхнэртээ үнэнчээр хэлээрэй. Хэн ч хаанаас ч олсон бай тэр орлого гэр бүлийн хэрэгцээнд л зориулагдах ёстой шүү.

- Ажил дээр чинь тантай хэн нэгэн эмэгтэй ердийн л мөртлөө бусдаас арай ойр дотно харьцаатай, та хоёр бие биенээ цаашлуулах зэргээр тоглож нааддаг бол энэ тухай гэрийнхэндээ ярих хэрэггүй. Эхнэр чинь буруугаар ойлгоод хардаж мэднэ.

- "Эхнэртээ би чамд хайртай" гэдэг үгийг хэдийд ч хамаагүй хэлж бай. Олон удаа ингэж хэлэхээсээ бүү төвөгшөөгөөрэй. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хэлэх нь чухал шүү. Учир нь энэ үг юуг ч бүтээх чадалтай юм шүү.             

/Хань/

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ