Гоо сайхан байхын нууцаас...


2011-12-02 00:00 GMT+8
Загасны тос залуужуулдаг
АНУ-ын Калифорни мужийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй нөлөө өгөх хүнсний зүйлийг эрэн судалж, туршсаар байж. Эцэст нь мөнхийн залуу хэвээр байлгаж, хөгшрөлтийг удаашруулах тустай бүтээгдэхүүнийг олж тогтоожээ.

Энэ нь загасны тос юм. Эвгүй хурц үнэртэй, уг шингэн тосонд Омега-3 хүчлүүд агуулагддаг. Эдгээр хүчил ДНК болон түүний гадна бүрхэвчийг гэмтэхээс хамгаалснаар хөгшрөлтийн үйл явц удааширдаг аж. Омега-3 хүчил загасны тосноос гадна грек самар, буурцаг, хулууны үрэнд агуулагддаг байна.

Хүний бие махбодид хэрэгтэй хүнсний зүйлсэд мах, шинэ cүү, өндөг орсон байна. Харин хүнсний ногооноос бүх төрлийн байцаа, сонгино, сармис, жимсний төрлөөс алим, ундааны төрлөөс ногоон цай хамгийн тустай аж.

Улаан лооль бүх төрлийн арьсанд тохиромжтой
Тослог арьс: Хоолны гурван халбага улаан лоолийн шүүсийг цайны нэг халбага яншуйн шүүстэй холиод хэлбэр гарган хөлдөөгчинд хийнэ. Үүнийгээ нүүрнийхээ арьсанд арчих маягаар хэрэглээрэй.

Хуурай арьс:
Үрүүрт үрсэн улаан лоолийг бага зэргийн цардуултай хольж, шингэртэл нь хутгаад, хэдэн дусал ургамлын тос нэмээрэй. Энэхүү маскийг арьсандаа 20 минутын турш тавина.

Бүх төрлийн арьс: Бүх төрлийн арьсанд аарц, улаан лоолийн маск тохиромжтой. Хоолны хоёр халбага шинэхэн аарц, хоолны нэг халбага сүү, цайны нэг халбага наранцэцгийн тос, нимгэн хэрчсэн улаан лоолийг хутгаад давсал. Бэлдсэн маскийг нүүрэндээ 15-20 минут тавина. Үүний дараа бүлээн усаар угааж, хүйтэн усаар нүүрээ зайлаарай.

Линз болон хиймэл сормуусны сөрөг тал
Нүдний линз:
Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно. Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрдэг. Менлинзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

Мөн зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэд өвддөг. Нүдний хуурайшил нь контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.

Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм. Линзээ зүүхээсээ өмнө гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 cap тутамд нэг удаа сольж байгаарай.

Сормуус суулгах: Хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг. Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй. Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно. Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг. Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно. Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болдог аж.

Үс арчилах нь зөв угаахаас эхэлдэг
Өнөө үед хүмүүс үснийхээ эрүүл байдал, зөв арчилгаанд анхаарлаа хандуулдаг болсон. Үсээ гэмтэхээс хамгаалж, сайн арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн дөрвөн төрөлд хуваагддаг.

Хэвийн үс: Гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг.

Тослог үс: олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг.

Хуурай үс: Гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог үсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.

Холимог:
Энэ төрөлд гол төлөв урт үстэнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсний уртад бүрэн хүрэлцдэггүй учраас уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Загасны тос сормуусандаа түрхвэл ургана

Сормуус нь үстэй адил 90 хувийн уураг каротинаас бүрддэг. Амьдралын туршид хүний сормуус байнга унадаг ч унасан хэсэгт нь дахин шинээр ургадаг байна. Харин сормуусны ургалт зогсож, их унавал өөрөө төдийгүй эргэн тойрныхон ч анзаарч эхэлнэ.

Энэ нь чанаргүй гоо сайхны бараа хэрэглэх, нүүрний будгаа буруу цэвэрлэх, харшил, стресс, мэдрэлийн өвчин, нүдний үрэвслийн өвчинтэй холбоотой. Гэрийн нөхцөлд сормуусыг үсний адил ургамлын тос, тосонд уусгасан витамин бүхий тэжээлийн маскаар арчилна. Ургамлын тосны хувьд чидун жимс, бүйлсний тос байж болох бөгөөд загасны тос байвал бүүр сайн байдаг гэнэ. Мөн Е витамины тосон уусмал, Е витамин нэмсэн ургамлын тос байж болно.

Ингээд бэхжүүлэгч тосоо багсны тусламжтайгаар хуурай сормуусны угаас нь үзүүр хүртэл өдөр бүр түрхэнэ. Та багсаа сормуусны угтаа аль болох хүргэхийг хичээгээрэй. Гэхдээ тосыг нүдэндээ огт хүргэж болохгүй. Сормуус бэхжүүлэх энэ эмчилгээг сарын хугацаатайгаар үргэлжлүүлнэ. Шаардлагатай бол үүнийг жилд хэдэн ч удаа хийж болно.

/Нийгмийн толь/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 324 санал өгсөн байна.

Дээшээ