Франц эмэгтэйчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх зургаан нууц


2017-09-24 12:10 GMT+8

Ихэнх эцэг эхчүүд эрүүл, аз жаргалтай, авъяастай хүүхдүүд өсгөхийн тулд янз бүрийн л ном, зөвлөгөө уншдаг. Гэтэл хүүхэд хүмүүжүүлэх нэгдсэн, бүгдэд нь тохиромжтой систем байдаггүй ба хүүхдээ хүмүүжүүлэх аргаа өөрсдөө л олох ёстой. Эмэгтэйчүүд бидний өөртөө, хүүхэддээ, нөхөр, гэр бүлдээ хэрхэн хандахаас хүүхдийн хүмүүжил ихээхэн хамаарна.

  1. Хүүхэдтэй харьцах 
    П.Друкерманы номонд өгүүлснээр хүүхдэд бүр нялх хөхүүл байх үеэсээ бүхнийг ойлгож, хянах чадвартай байдаг тул тэдэнтэй хувь хүн талаас нь харьцах хэрэгтэй. Үүний тулд хүүхэдтэйгээ ярьж сурах шаардлагатай. Хүүхдээ эелдэг байлгаж сурга. Биеэ зөв авч явах, ямар үед юуг хийж болохгүй тухай болон яагаад гэдгийг нь 2-3 сартай хүүхдэд ч тайлбарлаж зааж байх хэрэгтэй. Францчууд тэднийг бүх зүйлийг ойлгодог гэж үздэг.

     
  2. Томчуул ч гэсэн өөрийн амьдралтай
    Ээж ядардаг, амрах хэрэгтэй гэдгийг хүүхэддээ ойлгуул. Ээжүүдэд өдрийн дэглэм байх ёстой. Ээж нар хүүхдээ бусдаар харуулж өөр ажилаа амжуулах, хүүхдүүд насанд хүрээд гэрээ орхиод явахад аав нь л ээжтэй нь үлдэх учраас аавд нь цаг гаргах хэрэгтэй гэдгийг хүүхэд багаасаа мэдэж ойлгох ёстой гэж Франц эмэгтэйчүүд үздэг байна. 

     
  3. Хүүхдэд итгэ
    Хүүхэддээ итгэж бай. Уначихвий, гэмтчихвий, өөр яачих ч юм билээ гэх мэтээр байнга бүү дага. Ингэснээр хүүхэд биеэ дааж сурах ба та ч хүүхэддэ итгэдэг болно.

     
  4. Хүүхэд хооллох соёл
    Францчууд хүүхдээ өлгийтэй байхаас нь олон янзын амт, үнэр мөн жимс ногооны өнгийг мэдрүүлдэг. Франц хүүхдүүд хооллох нарийн цагийн хуваарьтай. Замбараагүй цаг наргүй амттан, элдэв юм идэхгүй. Энэ нь хоол унднаасаа таашаал авахад ч нөлөөлнө. Хоолны сонголт, хоол хийж бэлтгэх, ширээ гоё засах зэрэг нь франц гэр бүлийн хувьд хүүхдүүдтэйгээ цагаа хамт өнгөрөөх нэг арга юм. Жишээ нь: Франц хүүхдүүдийн хамгийн анх хийж сурдаг бялуу нь тарган бялуу байдаг. Хүүхдүүд бялууныхаа орц бүтээгдхүүнүүдийг нарийн хэмжиж дэс дараалалтай хийдэг. Энэ нь хүүхдийг өөрийгөө хянаж тэвчээртэй байлгахад сургадаг.

     
  5. Эцэг эхийн нэр хүнд ба “үгүй“ гэж хэлж чаддаг байх
    Хүүхэд эцэг эхээ хүндлэх ёстой ба эцэг эх, шаардлагатай үед хүүхдэд хатуу “ Үгүй “ гэж хэлж чаддаг байх ёстой. Хүүхдийг аялдан дагаж болохгүй. Дураараа байснаараа хүүхэд жаргалтай байдаггүй. Замбараагүй, эмх цэгцгүй болно. Хүүхэдтэй харилцах харилцаанд эцэг эх гол. Эцэг эх юу болох, юу болохгүйг шийднэ. Хүүхдэд эрх чөлөөтэй байх тодорхой хязгаар тогтоож өгдөг. Хүүхдэд чанга бай гэж байгаа бус бүх зүйлд хэмжээ хязгаар байдгийг л ойлгуул.

     
  6. Хүүхдийг алгуур хөгжүүл
    Хүүхдээ төгс болгох гэж шахаж зовоолгүй, алгуур хөгжих боломж олго. Өнөөгийн эцэг эхчүүд хүүхдээ олон дугуйлан, нэмэлт хичээлд явуулж, багаас нь хөгжүүлэх явдал түгээмэл болжээ. Юунд нь яарна вэ? Танин мэдэх чадварыг нь л хөгжүүл. Жишээ нь Францчууд бяцхан хүүхдүүдээ бассейн руу аваачихдаа сэлүүлж сургахаас илүү устай танилцуулж, устай холбоотой мэдрэмжүүдийг нь сэргээж өгдөг байна. 

Эцэст нь хэлэхэд хүүхдийн хүмүүжилд ээжийн үүрэг их боловч эх хүн, эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ зарц биш шүү дээ. Хэдий Франц эмэгтэй шиг байх хэцүү ч Франц хүмүүжлийн талаар уншаад өөрийгөө, гэр бүлээ өөр нүдээр харах боломж гарсан гэж найдаж байна. Зөвхөн аз жаргалтай эцэг эхийн дэргэд аз жаргалтай хүүхэд өснө гэдгийг санаарай.

Эх сурвалж: www.golbis.com
Орчуулсан: Б.Байгалмаа

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 145 санал өгсөн байна.

Дээшээ