Захидал: Өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харьцах учраа олохоо байлаа

GoGo.mn

2016-12-12 13:07 GMT+8

GoGo мэдээний агентлаг Сэтгэл судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Энэ төвийн мэргэжлийн сэтгэл зүйч манай уншигчдын асуултанд хариулт долоо хоногт хоёр удаа хариулт өгч байх юм. Уншигч та asuult@mongolcontent.mn хаягаар асуулт илгээх боломжтой.

Асуулт:

Би өсвөр насны эрэгтэй хүүхэдтэй хүн. Хүүхдийнхээ учрыг бүр олохоо байгаад байна. Нэг л их уур уцаартай, үг хэлэх бүрт өөдөөс сөргөсөн хүн. Тэр бүрт нь барьж аваад зодоод байлтай нь биш. Аятайхан ярья гэхээр ерөөсөө суугаад хүний үг сонсоод найрсаг сайхан ярилцана гэж байхгүй, тэгээд л уур хүргэчих юм. Өсвөр насанд хүнд хэцүү байдгийг нь ойлгож байна. Гэхдээ би бүр яаж харьцах ухаанаа олохоо байчихаад байна. Ингээд намайг яаж харьцах аргаа олохгүй байх зуур хүүхэд маань буруу зам руу орчих вий гэж айх юм. Яагаад ийм их ууртай байдаг юм бол оо. Яавал би хүүхдийнхээ уурыг дарах вэ. Яаж өөрийгөө хүүхдийнхээ төлөө л энэ бүхнийг хийж байна гэдгээ ойлгуулж, хүүхэдтэйгээ ойлголцох вэ. Зөвлөөч.

Хариултыг Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Аюургунай өгч байна.

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Эцэг эхчүүдийн хувьд өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцаж, ойлголцох тал дээр харилцааны асуудлууд их гардаг нь нийтлэг асуудал юм. Энэ нь маш олон шалтгаанаас үүсэлтэй байдаг. Зарим тохиолдолд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүйгээс үүсдэг.

Хүүхэд “яг өөрийнхөө хүссэнээр бүх зүйлийг хийхийг хүсдэг бол”. Эцэг эхчүүдийн хувьд “өөрсдийнхөө үзэл бодлыг тулгах”  зарчимаар хүүхдүүдээ харилцдаг нь хоорондоо үл ойлголцох байдал үүсэх шалтгаан болдог.

Та хүүхэдтэйгээ ойлголцох нь дан ганц ярилцах ёстой гэсэн үг биш юм. Та хүүхэдтэйгээ ярилцахын өмнө өөрийнхөө сэтгэлзүйн хувьд хэр бэлтгэлтэй, уур бухимдалгүй байгаа эсэхээ  сайн анзаарах хэрэгтэй. Учир нь та ярилцаж байх үедээ хэтэрхий их ууртай, таны сэтгэл хөдлөл тань дээд цэгтээ хүрсэн байвал, та хүүтэйгээ бүрэн ойлголцож чадахгүй. Энэ тохиолдолд эсрэгээрээ хүүтэйгээ харилцах харилцаа тань улам хүндэрч болзошгүй. Мөн  хүүгийнхээ тухайн нөхцөл байдалд гаргаж буй сэтгэл хөдлөлийг ч бас анзаарч байх нь зүйтэй.

-Миний хүү ээжтэйгээ  ярилцахдаа бэлэн байна уу ?

-Бид одоо энэ асуудлын талааар ярилцаж болох уу? гэх мэт асуулт асууж байх нь хүүхдэд асуудлаа бодох боломж олгохоос гадна, таньтай харилцахад төвөггүй байдлыг бий болгоно.

Хэрвээ хүү тань “Тийм” гэж хариулбал та хүүтэйгээ ярилцаж эхлэх нь зүйтэй. Танд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

1.Та хүүгийнхээ юу мэдэрч байгааг хамтдаа ярилцах нь хамгийн чухал Ээж нь “чамайг энэ асуудлын талаар ингэж бодож байгаа гэж бодож байна” зөв үү ? гэх зэргээр ярилцаж  хүүгийнхээ мэдрэмжийг хуваалцсах хүүхдээ илүү сайн ойлгох боломжийг олгодог. Та энэ үед ярих биш сайн сонсогч байх нь илүү үр дүнтэй.

2.Өөрийнхөө мэдрэмж, юу бодож байгаагаа маш ойлгомжтойгоор товчхон хэлж ойлгуулснаар хүү тань таныг илүү ойлгох болно.

3.Хүүхэддээ сонголт хийх боломжийг олгосноор тэднийг өөрийнхөө амьдралыг хянах, асуудлыг шийдвэрлэхэд бага багаар суралцахад нь тусадлаг.

4.Та хүүхдүүдийнхээ хийж буй зүйлийг болно болохгүй гэж дүгнэхээсээ илүүтэйгээр “ яагаад “ болохгүй, мөн “яаж хийвэл болдог” талаар янз бүрийн аргаар тайлбарлаж байх нь хүүхдэдтэйгээ ойлголцоход илүү хялбар байх болно.

5.Та хүүхдээ бусад хүүхдүүдээ бүү харьцуулаарай. Учир нь хүүхэд бүр дахин давтагдашгүй онцлогтой байдаг. Та хүүхдээ бусадтай  харилцуулснаар  өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл нь буурах сөрөг үр дагаваруудтай байдаг.

Зарим хүүхдэд эцэг эхтэйгээ хамт суугаад ярилцах нь хэцүү санагддаг. Иймээс  та хүүдээ захидал бичиж болно. Тэрхүү захиандаа хүүтэйгээ “ямар асуудлаар ярилцмаар байгаа тухайгаа”, “таньд ямар санагдаж байгаа”, “ямар сэтгэгдэл төрж байгаагаа” дурьдаад. Бидний хэн хэнд маань боломжтой ямар шийдлүүд гаргаж болох талаар санал бодлоо хуваалцахыг хүссэнээ илэрхийлж болно.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ