Шинэ санааг хэрэгжүүлсэнээр амжилтад хүрнэ


2010-08-24 14:07 GMT+8
Төсөл боловсруулж өөрчлөлт, шинэчлэлт хийх үйл ажиллагаа нь шинэ санаа сэдэлтээс эхэлдэг. Өрнөдийн орнуудын зарим эрдэмтний сэтгэл зүйн салбарт хийсэн судалгаанаас үзэхэд шинийг ^ эрэлхийлэгч-бүтээгч хүмүүст "босох уу суух уу"-гаас "унтаж амрах уу" хүртэл өдөрт 650-иас доошгүй тооны асуудал тавигдаж, элдэв санаа бодол төрдөг байна. Монголчууд "хүний санаа- зуны ялаа" гэдэг. Энэ нь хүн гэдэг бодгаль ямагт шинийг эрэлхийлж олон арван зүйлийг сэдэж, сэтгэж явдагтай холбоотой.

Тэгвэл бүх л бүтэн байгууллагыг бүрдүүлэгч хэдэн арав, хэдэн зуун хүний хувьд шинэчлэлт, өөрчлөлтийн хичнээн олон шинэ санаа, уран ухаан хадгалагдаж явааг тооцоолон хэлэхэд бэрх юм. Харин байгууллагын удирдлага та ажилчдынхаа зүгээс байгууллагынхаа амьдрал, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан олон арван санаанаас ирээдүйд ажил хэрэг болж үр ашиг өгөх хамгийн чухал бөгөөд оновчтойг нь сонгон авч, "санаанаас төсөлд" гэдэг зарчмаар өөрчлөлт, шинэчлэлт хийх нь зүйтэй.

Ер нь шинэ санаа гэж юу вэ? Байгууллагын өмнө тулгарсан болон тулгарах саад бэрхшээлтэй асуудлыг даван туулахад чиглэсэн шийдвэрийн таамаглал, асуудлыг шийдэх арга замын талаарх төсөөлөл, эсхүл шийдлийн тодорхой хувилбар гэх мэтээр шинэ санааг мэргэжлийн ном, хэвлэлүүдэд тодорхойлсон байдаг. Мөн санаа гарч ирэхгүй, уг санааг жирийн олон санаанаас зөв сонгон авч чадаагүй бол байгууллага тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй бөгөөд ийм байдал даамжирвал зах зээлээ алдаж дампуурахад шууд хүргэнэ.

Байгууллагын хөгжлийн талаар гарсан санаа, саналуудад нарийн нягт шүүлт хийж зайлшгүй чухал санаануудыг шалгуур үзүүлэлтээр сонгон авч төсөл боловсруулахад ашиглах, энгийн, хүч чармайлт, боловсруулалт шаардахгүй санаануудыг өдөр тутмын ажлыг сайжруулахад хэрэглэх, ойрын үед ашиглах боломжгүй ч ирээдүйд тус болох санаануудыг "санааны банкинд" хадгалах , хэрэг болохгүй санаануудыг хаях шаардлагатай. Шинэ санааг дэвшүүлж, сонгон авч хэрэгжүүлэх шаардлага нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг бизнесийн гадаад, дотоод нөлөөллийг үйл ажиллагаандаа оновчтой харгалзаж, эдгээр орчны харилцан уялдааг хангаж байхгүй бол ээдрээтэй асуудалд зайлшгүй тулгарч болох магадлал өндөр байдаг.

Шинэ санааг дэмжиж урамшуулдаг үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэх явдал нь байгууллагын амжилтыг шууд нөхцөлдүүлж байдаг. Бизнесийн ертөнцөд нэр алдраа дуурсгасан олон арван компаниуд шинэ санааг хөхүүлэн дэмжихэд онцгой анхаардаг байна. Жилийн төсөвдөө шинэ санаа гаргасан ажилтнуудаа урамшуулахын хамт гаднаас "Санаа манайх мөнгө танайх" гэдэг зарчмаар шинэ санаа, тэргүүний бүтээл худалдан авах зориулалттай санг төлөвлөдөг ажээ. Японы менежерүүд үр дүнтэй эсэхээс нь үл хамааран шинэ санаа бүрийг урамшуулдагынхаа ачаар зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлж чаддаг юм хэмээн үздэг байна. Шинэ санааг хэн ч гаргаж болно. Жирийн ажилчдаас эхлээд дээд удирдлагаа хүртэл тохиолдлын яриа, маргаан, тэр ч байтугай гудамжинд ярилцан зогсож байгаа хүмүүсээс ч шинэ санаа худалдан авах "мухлаг" ажиллуулдаг байна.

Дэлхийд нэр цуутай Уолт-Дисней олны цугласан газраар явж компанийн нь талаар хүмүүс юу ярилцаж байгааг мэдэж ирэх үүрэгтэй 30 гаруй төлөөлөгч ажиллуулдаг аж. Туршлагатай менежерүүд боловсон хүчнийг шилж сонгохдоо санаачилгатай, санаагаа бусаддаа солилцож, хэлэлцэж чаддаг, шинэ санаагаа хэрэгжүүлэхийн төлөө буцалт, цуцалтгүй тэмцдэг чанарыг голлон анхаарч байдаг нь жирийн хэрэг биш бөгөөд тийм хүмүүсийг байгууллагын зүтгүүр гэдэг байна. Ер нь шинэ санаа дэвшүүлж байгаа нь тухайн байгууллагын хувьд шийдвэрлэх асуудал байгаатай холбоотой. Үйл ажиллагаа явагдаж байгаа цаг ямагт асуудал гарч байдаг.

Энэхүү асуудлын учир шалтгааныг олж, шинэ санаа дэвшүүлэн шийдвэрлэж, түүнийг хэрэгжүүлэн ямарваа нэг үр дүнд хүрсний дараа түүнээс улбаалан дахин асуудал тавигддаг. Тэр асуудлыг шийдэхийн тулд асуудал судалгаа шалтгаан шинэ санаа шийдвэр гэсэн дарааллаар хэрэгжүүлнэ. Бид өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт хийхээр шинэ санаа дэвшүүлэхийн өмнө шийдвэрлэвэл зохих асуудлууд, тэдгээрийн бий болсон шалтгаануудыг илрүүлэх ёстой. Швед улсын "Кроссо" компанийн удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөс жишээ татъя.

Энэ компани олон салбартай, томоохон хамтлагийн нэг аж. Уг компанийн ажил үйлс нь хэвийн явагдаж байснаа зах зээлийн гадаад орчин нь өөрчлөгдөөгүй, нөөц боломж нь шавхагдаагүй нөхцөлд үр ашгийн үзүүлэлт нь жилээс жилд буурах хандлагатай болсон байна. Ажиллагсдын тоо, мэргэжил, мэргэшлийн бүтэц хангалттай, эргэлтийн хөрөнгийн хомсдолд ороогүй зэргийг үндэслэн тус компанийн удирдлага буюу менежментэд өөрчлөлт, шинэчлэлт хийх явдал тулгамдсан асуудал болохыг хөндлөнгийн шинжээчийн оролцоотойгоор илрүүлжээ. "Кроссо" компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь гаднын зөвлөгч, шинжээчид болон өөрийн компанийн удирдах, инженер техникийн ажилтнуудыг оролцуулан байгуулсан төслийн багийнхны судалгаагаар доорх шалтгаануудыг тогтоожээ. Өмнөх захирлын зүгээс удирдлага, зохион байгуулалтын асуудлыг уялдуулан зохицуулж чиглүүлэх үйл ажиллагаа сул байсан. Удирдах ажилтнуудын хооронд сөргөлдөөн буй болсон. Удирдах ажилтнууд нь нас ахисан. Удирдах ажилтнуудын санаачлага суларсан. Дээд шатны удирдлагуудын дунд захирлын нэр хүнд унасан. Ажлыг идэвхжүүлэх шижим түлхэц, хөдөлгөх хүч суларсан. Шийдвэр нь оновчтой бус, цаг үедээ гардаггүй. Зорилгодоо нийцүүлэн компанийн үйл ажиллагааг залж жолоодоогүй. Байгууллагын зохион байгуулалтын дүрэм, журам тодорхой хэт ерөнхий хавтгайруулсан. Мэдээллийн систем үр өгөөж муутай.

Гол удирдлага нь компанид тохиолдож буй бэрхшээлийг даван туулах арга ажиллагааг гартаа оруулаагүй. Санхүүгийн албаны орон тоо нүсэр. Ажиллагчдын хоорондын харилцаа эрүүл бус, хүмүүс нь өвөр хоорондоо байнга маргалдаж сөргөлддөг. Боловсон хүчний ажлын арга барил нь хоцрогдсон. Удирдах ажилтнууд болон ажиллагсдын ажлын арга барил нь мэдэгдэм хоцрогдсон. Удирдах ажилтнууд болон ажиллагсдын ажлын зааг хүрээ оновчтой тогтоогдоогүй, эрх үүрэг, хариуцлага нь тодорхой бус. Боловсон хүчнийг чадваржуулах ажил зогсонги байдалд орсон. Сургалтын ажлыг муу зохион байгуулсан зэрэг болно. Дээрх шалтгаануудын сөрөг нөлөөллийг арилгахтай холбогдуулан ажиллагсад, зөвлөгч, шинжээчдийн зүгээс олон санал гаргасны дотроос доорх санааг хэрэгжүүлэхээр сонгон авсан байна.

Үүнд, удирдлагын зохион байгуулалтад бүтцийн өөрчлөлт хийх, удирдлагыг санаачилгатай, бүтээлч залуучуудаар бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны дүрэм, журмыг шинэ зорилгод нийцүүлэн боловсронгуй болгох. Удирдах ажилтнуудын эрх, үүрэг хариуцлагын хүрээг оновчтой тогтоох, байгууллагын үйл ажиллагааны хяналтын журмыг боловсронгуй болгох, боловсон хүчний сургалтыг мэргэжлийн институт түшиглүүлэн төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах гэх мэт найман санааг хэрэгжүүлжээ. Ингэснээр тус компанийн удирдлага амжилттай ажиллаж чаджээ.

/Бизнес таймс/

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ