Мөнгийг зохицуулдаг биш УДИРДДАГ болоорой

Б.Чимэг | GoGo.mn

2018-10-29 14:50 GMT+8

Академийн захирал Ш.Амартүвшингийн “Мөнгийг зохицуулдаг биш, удирддаг болоорой” зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

Ш.Амартүвшин захирал илтгэлийнхээ эхэнд “Хүүхэд төрөхөд л мөнгөнд хандах хандлага нь тодорхой болсон байдаг уу?” гэж сонсогчдоос асуув. Зарим нь шууд л үгүй гэсэн бол нөгөө хэсэг нь эргэлзэнгүй харагдана.

Зарим нялх хүүхэд дөлгөөн тайван байдаг бол зарим нь хэт мэдрэг, уйланхай байдаг. Энэ бол төрөлхийн шинж чанар юм. Харин энэ онцлогт нь тулгуурлан, тухайн хүүхдийн мөнгөнд хандах хандлага аажмаар төлөвшдөг аж.

Гэвч эцэг эхчүүд, багш нар энэ нь төрөлхийн зан чанар гээд орхилгүй хүүхдэд болон өөрсдөдөө зөв боловсрол эзэмшүүлж чадвал төрөлхийн чанарыг олдмол чанар болгон хувиргах боломжтой гэв.

Зарим хүн хэт баяжин, зан ааш нь өөрчлөгдвөл бид хоорондоо “Мөнгө л түүнийг эвдлээ” гэж ярьдаг. Үнэндээ мөнгө тэр хүнийг эвдээгүй, харин илчилсэн хэрэг. Энэ утгаараа мөнгө томруулдаг шилтэй ижил.  

Ер нь хүмүүсийг үрэлгэн, хэмнэгч гэж хоёр хувааж болно. Аль аль нь давуу болон сул талтай. Үрэлгэн хүмүүс заримдаа өөрийгөө өмөөрөхдөө мөнгийг гаргасны хэрээр олдог гэдэг. Гэвч энэ нь их эрсдэлтэй бөгөөд буруу бодол юм.

Санхүүгийн боловсрол үе дамждаг тул ээж аавууд маш болгоомжтой байх ёстой. Та үрэлгэн, хэмнэгч байхаас таны хүүхэд мөнгөнд хэрхэн хандах нь шууд хамаарна. Иймд хэрэв та үрэлгэн бол энэ сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдий хайр сэтгэлээр  холбогдон гэрлэсэн ч эхнэр, нөхрийн мөнгөнд хандах хандлага өөр бол тухайн гэр бүлд зөрчил үүсдэг. Мөн хүүхдүүд хэмнэгч биш харин үрэлгэн ээж/аавыгаа дуурайх гээд байдаг сөрөг талтай.

Цаашлаад гэр бүл дотор нууц “оффшор” данс бий болж, цалин буунгуут эхнэр нь хуу хамдаг гээд зарим нөхөр орлогынхоо тодорхой хэсгийг “оффшор” дансандаа хийх уршигтай. Иймд мөнгийг зохицуулдаг биш удирддаг байх эсэх нь танаас өөрөөс тань шалтгаална гэсэн юм.

Эх сурвалж: afa.mn  

 Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 3328 санал өгсөн байна.

Дээшээ