5000 төгрөгийн шинэ дэвсгэртэд ямар хамгаалалт нэмсэн бэ?

Б.Чимэг | GoGo.mn

2019-01-08 10:00 GMT+8

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүрэгтэй. Мөн төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажилладаг.

Манай улсад хуурамчаар үйлдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг. Иймд Монголбанк нэн түрүүнд эдгээр 3 дэвсгэрт дээрх нэгдүгээр түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулжээ.   

Эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийн, сүүлийн үеийн шинэ технологиор хийсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулжээ. Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай.

Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулжээ. Иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар.

Шинэчлэгдсэн 5000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргах бэлтгэлийг Монголбанк арилжааны банкуудын хамт хийн, энэ оны нэгдүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ өмнөх хэвлэлтийн 5000 төгрөг буюу одоо гүйлгээнд явж буй дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэнэ гэж Төв банкнаас мэдээллээ.

Иргэд иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэдсэнээр төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч, хохирол амсах явдлаас зайлсхийнэ.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4273 санал өгсөн байна.

Дээшээ