Шимтэглэй цэцгийн арчилгаа


2014-05-05 12:35 GMT+8

Бид өмнөх удаад уншигч та бүхэндээ цахирмаа цэцгийн арчилгаа-ны талаарх мэдээлэл хүргэсэн бол энэ удаад цэцэг сонирхогчдын хамгийн их ургуулдаг цэцэгсийн нэг шимтэглэйн талаарх мэдээллийг хүргэж байна.

Уугуул нутаг нь Өмнөд Африк бөгөөд биологийн латин хэллэг нь Geranium, Монгол нэршил нь Шимтэглэй, оросоор Герань гэж нэрлэдэг. Эрдэмтэд одоогоор 280 гаруй зүйлийн шимтэглэйг нээгээд байгаа.

Тал  хээр, уулархаг газар, цөл гээд дэлхийн хаа сайгүй тархан ургадаг цэцэг юм. Дээшээ 40-50 см хүртэл өндөр ургана.

Цэцэг нь гоёмсог бөгөөд цагаан, ягаан, улаан, улбар шар, хөх ягаан өнгөтэй байдаг. Цэцэг нь дангаараа, хослож эсвэл баг цэцэг болон дэлгэрдэг. Шимтэглэй нь нэг наст, хоёр наст, олон наст гэсэн  гурван төрөл зүйлд хуваагддаг.  Олон наст шимтэглэй цэцэг нь дотроо 4  бүлэгт хуваагддаг байна.

Энгийн шимтэглэй /common geraniums/

Хаан шимтэглэй /regal geraniums/

Мөлхөө шимтэглэй /ivy geraniums/

Анхилуун үнэрт навчтай шимтэглэй /scented-leaf geraniums/

Энгийн шимтэглэй нь өдөрт нарны гэрэлд 6-8 цаг байх шаардлагатай. Зуны дулаан тааламжтай агаарт сайн ургадаг. Мөлхөө шимтэглэйг сагсанд хийж дүүжилж ургуулахад тохиромжтой бөгөөд хагас сүүдэртэй сэрүүвтэр орчинд сайн ургадаг байна. Мөн гадаа цэцэрлэгт мөлхөө хэлбэрээр ургуулж болдог. Анхилам үнэрт навчтай шимтэглэйн гол чанар нь түүний навчнаас үнэртэх тансаг сайхан үнэрт оршино. Хаан шимтэглэй нь бусад шимтэглэйнээс гоёмсог үзэмжит цэцэгсээрээ ялгардаг бөгөөд хагас сүүдэрлэг орчинд ургах дуртай. Хонь болон Арслангийн ордныхонд ээлтэй цэцэг.

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Хөрсний бүтцэнд (2:2:2:1) харьцаатай үржил шимт хөрс, навчит хөрс, бууц, элс орно.

Гэрэл

Нарны шууд тусгалд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Баруун болон өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Өдрийн хурц нарнаас зайлсхийгээрэй. Иш нь сунаж навч нь жижигрээд байвал гэрэл дутсаны дохио.

Агаарын чийг

Өрөөний агаарын чийгшил дунд зэрэг байх  нь тохиромжтой байдаг. Хэрвээ навч шарлаж захаараа хатаж эхэлбэл энэ нь чийгшил дутаж буйн дохио юм. Харин навч сулбайгаад унжаад эхэлбэл ус чийг ихэдсэний шинж тэмдэг. Навч ирмэгээрээ улайж эхэлбэл хэт сэрүүн агаартай байна гэсэн үг. Агаарын чийгшлийг нэмэх шаардлагатай бол устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна.

Усалгаа

Хоёр услагааны хооронд хөрсийг хатсан эсэхийг шалгаж байж дараагийн услагааг хийнэ. Услагаа ихэдвэл үндэс ялзарч цэцэг үхэх аюултай.

Дулаан

Өрөөний агаар хэт халуун байвал цэцэглэлт удааширдаг. Мөн хэт сэрүүн нөхцөлд удаан байлгавал цэцэглэлт багасаж навч шарлаж унадаг гэдгийг анхаараарай. Хөрсөн дээрх хэт хүйтрэлт өнгөрсний дараа буюу зургадугаар сарын 10-аас хойш гадаа гаргаж тавьж болно. Өвлийн улиралд 10-15c дулаан орчныг бүрүүлж өгөөрэй. Зундаа 15-18с дулаантай байх нь тохиромжтой.

Бордох



Шимтэглэй цэцэгт (10-10-10) гэсэн харьцаатайгаар бордоог найруулж сард нэг удаа ид ургалтын үе буюу 3-10 сар хүртэл бордоно.

Өвчлөлт ба арчилгаа

Навч болон цэцгэнд ус хүргэж болохгүй бөгөөд хүргэсэн тохиолдолд мөөгөнцөр болон бусад бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Хэт хүйтэн болон хөрсний чийг ихэдсэнээс болж мөөгөнцөр үүсэх нь бий. Хатаж шарласан навч болон цэцэглэж дууссан цэцгийн ишийг тухай бүрд нь тасдаж авч байгаарай. Учир эдгээр муудсан навч цэцгийн иш нь шинээр ургах цэцэг навчны шим тэжээлээс хуваалцаж ургалтын явцыг удаашруулдаг сул талтайгаас гадна хортон шавьж үржих нөхцөл болдогийг анхаараарай.

Үржүүлэх ба тайралт

Хавар гурван сард цэцэглэхээс нь өмнө таналт тайралт мөн шилжүүлэн суулгалтыг хийнэ. Шимтэглэй хэт өндөр болж хөгширөхөөр цэцэглэлт нь удааширдаг тул хавар жижиглэж тайрах хэрэгтэй бөгөөд ингэснээр шинэ шилбэ навч үүсч цэцэглэлт ихэснэ.

Мөн бут хэлбэрийн тайралт хийснээр цэцэг гоё үзэмжтэй харагддаг. Шимтэглэйг хөрсөнд суулгахдаа үндсийг нь хөрсний гүнд суулгаж болохгүй, гүехэн суулгах нь тохиромжтой байдаг. Учир нь хэт гүнд суулгасанаас иш ялзарч мууддаг. Үржүүлэхдээ үрээр болон ишний найлзуураар үржүүлнэ. Арваннэгдүгээр сараас дараа жилийн тавдугаар сар хүртэл цэцэг амардаг тул энэ үед нь сэрүүвтэр газар тавьж долоо хоногт нэг усална.

Шимтэглэй цэцгийн үр

Цэцэг нь дэлбээлэхийн өмнө

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 330 санал өгсөн байна.

Дээшээ