Америкт 10 жил-21: Америк загварын амьдрах оршихуй


2017-05-26 13:00 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Америкчууд насаараа өр зээл тавьдаг. Энэ нь тэднийг мөнхийн орлогын хойноос хөөх эрэлд гаргадаг. Магад үүнд америк овсгоо тодорч дэлхийд тэргүүлдэг болгосон байх. Учир шалтгаан нь мөн олон өөр зүйлд байдаг. Учир нь, зээлийг бусад бүхий л оронд нэгэн адил олгодог. Харин америкчууд банкны зээлийг зээл гэдэггүй “Урьдчилгаа” гэж томьёолдог.

Хүн төрөх, үхэх хоёр нь нэн үнэн. Татвар төлөх нь мөн нэн үнэн гэж америкчууд ярьдаг. Татвар төлнө гэдэг бол эрх чөлөөтэй байна гэсэн үг. Эрх чөлөөтэй хүн л татвараа төлнө. Өгсөн татвар нь яаж хэрхэн зарцуулагдаж байгааг асууна, шаардана. Татвараа төлж чадахгүй байна гэдэг бол төрийн ивээл тэтгэлэгт байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх чөлөөгүй хүн. Америкт “эрх чөлөө” гэдэг нь эрхэм үг. Эрх чөлөөгөө зөв эдлэх ёстой гэдэг ойлголтонд татвараа шударгаар төлөх ёстой гэж бууна. Татвараа нуун дарагдуулах, согтуугаар машин жолоодох зэрэг нь ноцтой гэмт хэрэг.

Машин хулгайлсан, танхайрсан, орон байрны хулгай, бусдын эд хөрөнгийн хулгай зэрэг нь ганц үйлдэлтэй бол гэмт хэрэг болдоггүй. Учир нь, энэ нь тохиолдол байж. Үүнийгээ жилийн хугацаанд харуулах ёстой.

Ийм төрлийн гэмт үйлдлийн хэрэг бүртгэл ганц цаас болдог. Зургаан сарын дараа шүүгчид очих хуудас цагдаа өгнө. Шүүгч мөн дахин зургаан сарын хугацаа өгнө, дараа нь уг үйлдлийг хэрэгсэхгүй болгодог.

Америкт, хүний байгаль хорвоогоос заяасан зан авирыг сайтар мэддэг. Хүний машин хулгайлсан хүн баригдсан хэрнээ огт ял сонсолгүй явж л байдаг. Жилийн дараа тэр нь тохиолдлын чанартай байж гэдэг л ойлголт байхаас, өөр ямар нэгэн тайлбар, асуулт хэн ч тавьдаггүй байна.

Хүн төрөлхийн бэртэгчин, атаа жөтөөч, хувиа хичээгч, шунахай сувдаг гэж америкчууд хүүхэд ахуй цагаасаа мэднэ. Ийм хэдэн шалтгаанаар хүн төгөлдөр байж чаддаггүй. Тэгэхдээ хүн бүрт авъяас бий. Тэр нь хүнийг хангалуун амьдруулна.

Энэ суурь ойлголт бүхний гараа болдог. Америкийн банкны зээл хүн бүрийг авьяастан гэдэг нүдээр харна. Алдаа эндэгдэл зэргийг тохиолдол гэж үздэг. Үүнд, америк нийгмийн тогтолцоо оршдог.

Амьдрах оршихуй нь зээл, зээлийн үйл ажиллагааны тавцан дээр явагддаг гэдэг тодорхойлолт яг дүйцнэ очно.

Америкт банкны их хэмжээний хадгаламжтай байх нь нэг их ашигтай биш. Учир нь хадгаламжийн хүү нь орлого учир татвартай байна. Иймд мөнгө хөрөнгө ихтэй америкчууд хөрөнгө мөнгөө байнга эргэлтэнд оруулж, өсгөх эрмэлзэлтэй байдаг. Тиймд зээлийн байгууллага нь зөвхөн банк, банкны байгууллага ганцаараа биш юм. Банкыг хөрөнгө оруулагч гэж нэрлэж томьёолдоггүй, хөрөнгө оруулагч нь хөрөнгө бөөгнүүлсэн хүн байдаг. Өнөөдөр америкт гаруй хоёр сая томоохон хөрөнгө оруулагч хүн амьдардаг гэсэн тоо бий.

Америк загварын амьдрах оршихуй яг үүнд оршино.

Хүн амьд явах эрхтэй гэдэг. Хоол ундтай байж амьд явна. Америкт нэн ядуу хүмүүсээ хүнсээр хангах хэд хэдэн программ байдаг.

Нийгмийн даатгалын сангаас ажилгүйчүүдэд жил зургаан сарын хугацаатай тэтгэвэр, хөлс олгодог. Энэ хооронд төрөл бүрийн мэргэжлийн сургалтанд хамруулдаг. Нийгмийн хангамжийн сангаас орон байртай ядуу иргэдэд хоол хүнсний талон өгнө.

Энэ талон нь үндсэндээ мөнгө гэсэн үг. Нэг ялгаа нь энэ талоноор архи дарс авч болохгүй. Орлого багатай гэр бүлд зориулсан орон сууц, байр байдаг. Энэ нь гол төлөв хоёр өрөө, сарын төлбөр нь гэр бүлийн орлогоос шалтгаалдаг. Огт төлбөргүй тохиолдол ч байна. Ажил хийх сонирхолгүй, гэр оронгүй хүмүүст хотын захиргаа шөнө хоноглох байр гаргадаг. Мөн хотын төвийн нэг байшинд өдөр, оройд халуун хоол савлан тараана. 

Мөн хотын нэг хоёр сүм өглөө, өдөр хоёрт хоол хийж өгдөг. Хотод хоол хүнс, талх будаа, ногоо гоймон үнэгүй түгээх дэлгүүртэй. Энд голдуу орлого багатай настай хүмүүс ирдэг. Махнаас бусад бүх төрлийн хүнс байдаг гэж хэлж болно.

Америкт хүн өлсөж үхнэ гэж хэзээ ч байхгүй. Өлсөж байгаа тул хулгай хийчихлээ гэж хэн ч мэдүүлэг өгөхгүй.

Америк загварын амьдрах оршихуй үүнд оршино.

Энэ загвар нь түүхэн үеэсээ нүүдэлчин амьдралын загвараас эхэлжээ.

Америкийн уугуул иргэд болох индейчүүдийг мөн дүрвэн ирж нутагшин суурьшсан гэж үздэг. Энэ талаар олон төрлийн судалгаа хийгддэг байна. Түүний нэг хэсэг нь хойд америкт нүүдэллэн ирсэн америкийн хойд тивд шинээр нутагшин суурьшсан хүмүүс төв Азиас гаралтай гэж тогтоосон явдал. Энэ чиглэлийг илүүтэй тулгуур болгон судалгааг өрнүүлж байгаа нь үр дүнгээ өгсөөр байна.

Америкийн индейчүүд хятадаас гаралтай гэж шинэ нээлт хийж буй хятад эрдэмтэд ч тодорсон. Ямартаа ч энэ нь нэлээд улс төрийн өнгө аяс орж эхэлсэн. Хятад болон Тайвань улс хөрөнгө мөнгө хаяж хөлсний эрдэмтдийг энэ салбарт оруулаад байгаа бололтой.

Эхлэл төгсгөлгүй судалгааны объект хэзээ нэгэн цагт нууцаа тайлах байх. Харин хэл шинжлэх ухааны талаасаа хойд америкт нийтдээ 500 гаруй хэлээр ярьсан олон омог хоорондоо зэргэцэн оршин амьдарч байсан нь тодорхой болсон. Хэл судлалын талаасаа уугуул иргэд болон индейчүүд 500 янзын аялгуу бүхий хэл, дохио хэрэглэж байж. Харин ахуй амьдрал, аж төрөх хэлбэрээр тэд эрс ялгаатай гурван хэсэгт хуваагддаг. Ой хээрийн анчин нүүдэлчин хэсэг байхад, хээр талын газар тариалан эрхлэх суурьшмал, далайн эрэг орчим загас агнах омгуудаас бүрджээ.

XI зууны үед одоогийн Канад улсын Новаскотиа хот орчим анхны Европчууд ирсэн юм байна гэдэг таамаглал гарсан. Учир нь энэ хотын далайн эрэг хавьцаа эртний Норвеги улсын викинчуудын барьж заншсан амбаар сараалжийг олсон байна.

1585 оноос европчуудын анхны суурьшил одоогийн хойд Каролина штатын Роапок хотын тэнгисийн эрэг орчмоос эхэлсэн түүхтэй.

1607 онд англичуудаас гол төлөв бүрдсэн европчуудын хоёр дахь суурин газар Jamestown хотод бий болжээ. Тэд испаничуудтай сөргөлдөөнд орохгүйг хичээж байршлаа сонгож зай барьж байсан гэдэг. Америк гэдэг нэр нь итали гаралтай Америго Веспучи гэсэн нэрнээс үүдсэн юм. Энэ хүн Европчуудын ирж суурьшсан шинэ ертөнцийн талаар олон сайхан тэмдэглэл хийж европ даяар хэвлэж байжээ. Европт түүний “Шинэ ертөнцийн” тухай сонирхол татсан нийтлэлийг уншсаар байгаад нэрийг нь дагуулан Америк гэж нэр оноосон байна.

Европоос шинэ ертөнц рүү тэнгис далайгаар 6-12 долоо хоног аялж байж очдог байжээ.

Нью-Иорк хотын хамгийн тансаг дүүрэг болох Манхаттен арал цагтаа 25 доллараар зарагдаж байсан байна. Арлын нутгийн индейчүүдийн омгийн ахлагч үнийг тогтоосон нь энэ байж. Одоо Манхаттен шиг үнэтэй газар дэлхийд ховор байгаа.

Дани, Швед, Англичууд хамтдаа Филадельфи хотыг байгуулжээ. Энэ хотын нэр нь ах дүүсийн сэтгэл шингэсэн гэж тайлбарлагддаг. Чухамхүү энэ хотоос америкийн тусгаар тогтнол, хувьсгал, үндсэн хууль түмэн олонд тунхаглагджээ.

Америк тивд англичууд суурьшиж ирсний дараа яг 12 жил болоход африк гаралтай боолчуудын анхны цуваа аян замдаа гарсан байна. Америк тив, америк орон зайг 12 жилийн зөрөөтэй эзэгнэж нэг нь боол, нөгөө нь эзэн явсаар он удаан жилийг гаталсан төвөг ихтэй түүх. Иргэний дайн, энхийн тэмцэл, цаг ямагт өрнүүлсээр арьсны үзэл ялгааг өөрчлөх, зогсоох оролдлогуудыг байнга өдөөсөн түүх америкийн нийгмийн өөрийнх нь төрх. Одоо хэрнээ тэр тэмцэл байсаар л байдаг. Нэн гайхалтай нь америкийн харууд өөрийн гэсэн хэл аялгуутай, африк гаралтай америк хүнтэй утсаар ярихад л энэ нь мэдэгддэг.

Америкийн Нэгдсэн Улсыг бүрдүүлсэн гол штат болох Пенсельвани, Нью-Иорк зэрэг нь Дани, Герман, Польш, Португаль, Швед, Норвеги, Франц, Англи, Итали, Ирланд зэрэг үндэстнээс бүрдэж байжээ.

1776 онд Америкийн Нэгдсэн Улс тусгаар тогтнолоо зарлах үед таван хүний гурав нь англи гаралтай цагаачид буюу оршин суугчид эзэлж байв.

1820 оноос эхлэн АНУ-ыг зорьсон европын цагаачдын хүчтэй давалгаа ихэссэн байдаг. 1860 он хүртэл гол төлөв немц хэлний аймаглал давамгайлж байсан бол 1880 он гэхэд Скандинов, Итали, Орос, Унгар, Австри зэрэг орнуудаас цагаачилсан иргэдийн тоо дийлэнх болов. Мөн энэ онуудад мянга, мянган хятад иргэд голлож зүүн өмнөд хятадаас үй олноор америкт дүрвэн иржээ.

1900 он гарсаар Японы цагаачид тус улсыг зорьсон их цувааг эхлүүлснээр Солонгос, Филиппин, Вьетнам, Тайланд, Энэтхэг, Пакистан, Этиоп, Иран, Палестин, Латин Америк зэрэг орноос дүрвэх иргэдийн хязгааргүй цуваа одоо хэр нь үргэлжилсээр байна.

Америк нийгмийн хүчин чадал нь эрдэнэт хүний үй олон үзэл бодлыг ардчилал, хүмүүнлэг ёс горимд нийцүүлсэнд оршдог. Энэ нь америк загварын амьдрах оршихуй болжээ.

САНАЛ БОЛГОХ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1239 санал өгсөн байна.

Дээшээ