Америкт 10 жил-22: Америк, Монголчуудын сэтгэхүйн онцлог


2017-05-31 13:00 GMT+8

-Б.Энхтүвшин: Америкт 10 жил номноос-

Монгол хүн нэг, хоёр, гурав гээд зүүн гарынхаа эрхий хуруунаас тоолж эхэлдэг бол америк хүн долоовор хуруунаасаа тоолж эхлээд эрхий хуруугаар дуусдаг. Харин орос хүн чигчий хуруунаасаа эхлээд эрхий хуруугаараа дуусгадаг онцлогтой.

Америк хүнд үндсэрхэг үзэл байхгүй, харин үндэсний бахархал гүнзгий оршмол. Үндэснийхээ далбааг айл бүр мандуулдаг. Үндэснийхээ далбааны өнгөтэй малгай, зангиа, хүзүүний алчуур, цамц, өмд, богино өмд зэргийг хүмүүс өмсөж хэрэглэх нь олонтаа харагддаг.

Орчин цагт америк залуучууд мөнгөний хойноос улайран явахаа больсон гэдэг. Надад ч гэсэн тийм байдал анзаарагдсан. Америкчууд оюутан байх үедээ бүгд л хагас цагийн ажил хийдэг. Хагас цаг гэдэг нь дөрвөн цаг. Тэд голдуу ресторанд ажиллана. Тиймд идэр залуу наснаасаа үйлчилгээний мөн чанарыг ойлгодог. Энэ утгаараа дээрэнгүй зантай америк хүн гэж байдаггүй.

Хэрэв хэн нэгэн америк бүсгүй рүү харах юм бол тэрээр инээнэ. Энэ нь та тэр эмэгтэйд таалагдсан гэсэн үг огтхон ч биш.

Америк айлд урьдчилан мэдэгдэхгүй очно гэдэг бол байж боломгүй зүйл.

Америк залуу охид их, дээд сургуульд орох жилдээ тусгай программ үздэг. Тэр нь “Яаж үгүй гэж хэлэх вэ?” гэсэн семинар байдаг. Жишээ нь Хэрэв танд нэгэн залуу “Хоолонд хамт оръё” гэвэл “Яасан сайхан санаа вэ?, Хоёулаа дараа болъё” гэх. Энэ нь үндсэндээ үгүй гэсэн үг гэж эрэгтэй ойлгох ёстой. Мөн дараа гэдэг нь яг дараа хэзээ нэгэн цагт гэсэн үг огтхон ч биш.

“Та ирж байгаарай” гэдэг нь хүрээд ир, үе үе ирээд бай гэсэн үг огтхон ч биш.

Америкчуудад нийтийн дуу гэсэн ойлголт байхгүй.

Хоёр гурван хүн нэг төрлийн архи, пиво ууна гэсэн ойлголт, ёс байхгүй. Хүн бүр өөр өөрийн сонголттой.

Хүн ам цөөнтэй газарт америкчууд, бие биенээ танихгүй ч гэсэн хоорондоо мэндэлдэг. Охид бүсгүйчүүд өөрийн хайртай залуугаа дагуулан явж түүнд таалагдах үнэртэй усыг сонгож хэрэглэдэг.

Америкчууд хоорондоо таарахдаа хөнгөн тэврэлдэх, мөн салахдаа нэгэн адил үйлдэл хийдэг. “Хоолонд хамт оръё”, “Өлсөж байна уу?” гэдэг нь би даана гэсэн үг биш. Хоолоо даах бол тэр тухайгаа хэлдэг. Ийм тохиолдолд нөгөө тал ширээний мөнгө тавина. Тэр нь хоолны үнийн 20%-тай тэнцэнэ. Америкчууд хүний дотоод амьдралд хөндлөнгөөс орох, заналхийлэх хоёрыг нэг хэлбэрийн ойлголтоор хүлээж авдаг.

“Бурхан ганцхан өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг” гэсэн үг америк түмний сүлд үг болсон байдаг.

Ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлно гэдэг. Америкийн хувьд улс төрийн амьдралыг дунд насны эмэгтэйчүүд шууд утгаараа тодорхойлдог. Тийм учраас ерөнхийлөгч болон бусад бүх шатны амбан захирагч нар, нэн тэргүүнд америк дунд насны бүсгүйчүүдэд таалагдахаар зүс царай бие хэлбэртэй байх ёстой болдог. Мөн эхнэртээ хайртай үнэнч гэдгээ олон талаасаа харуулах шаардлага гарна.

Ерөнхийлөгчөөр өрсөлдөж байгаа горилогч нь авгайтайгаа бүжиглэх, чанга тэвэрч үнсэх, хүүхдүүдтэйгээ тайзан дээр гарч ирэх зэрэг нь улс төрийн сонгуулийн шоу хөтөлбөрийн гол хэсэг болдог. Дунд насны эмэгтэйчүүдийн гол шалгуур, мөн горилогчийн сэхээлэг, оюунлаг, чадвар байдаг учир горилогч нь бодол санаагаа товч оновчтой, шулуун шууд илтгэх шалгуурт өртдөг. Энэ бүхний дараа ерөнхийлөгч, штатын амбан сайд хэн болох нь тодорхойлогдон, тогтоогддог. Үүнд намын харьяалал тун бага нөлөөтэй.

Америкт биеэ засаад гэрээ засах. Гэрээ засаад төрөө засах хүмүүсийг дунд насны бүсгүйчүүд тогтоодог.

Өөрийгөө үл мэддэг бөгөөд аминч суртахуунд автагдсан хүн ердөө боол гэсэн ойлголт нийт ард түмний ойлголт. Америкчууд цэргийн алба хаах нь эх орондоо үнэнчийн баталгаа гэж ойлгодог. Сайн дурын ажил үйлс, хандив халамжийн бүх нийтийн хөдөлгөөнд оролцсон хүнийг өөрийгөө таньсан, хувиа бодсон аминч сэтгэлгээнээс ангижирсан хүн гэж дүгнэдэг. Боолын сэтгэлгээтэй хүмүүст нийгмийн тогтолцоо үл нөлөөлдөг. Тэдэнд дарангуйлал байна уу, ардчилал байна уу, хамаарал багатайг америкчууд бусад орны түүх, тогтолцооноос сайтар мэддэг.

Ард түмний доторх хүн бүрийн шинж төрхийн дэвшил нь нийгмийн дархлаа, улс орны хөгжлийн баталгаа болдгийг америкчууд өөрийн түүхийн дүн шинжилгээнээс мэдэрсэн ард түмэн.

Эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг хүн бусдын амьдрал, үйлдэлд хүчтэй нөлөөлж байдаг. Тэнд л хамгийн оновчтой прагматик сургалт оршдог гэсэн бодит дүгнэлт Америкийн боловсролын загварыг бүрдүүлдэг. “Амьдрал түшсэн боловсрол нь нийгмийн нэг гишүүн болохын төлөөх сургалт” гэсэн уриа сонгуулийн гарааны хэлэх ёстой үгсийн нэг болдог.

Хүн бичиг номоор бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгөлдөржүүлдэг гэсэн ойлголт америк хүн гэдэг тодорхойлтонд хамт шингэсэн байв.

Хүнд зөв мэдлэг хэчнээн их байхын хэрээр бие тоох сэтгэл нь арилдаг гэсэн ойлголт америк нийгэмд лавтай, баттай суурьшсан тал болох нь илт харагддаг. Их зантай америк хүн гэж байдаггүй байх. Баян чинээлэг байх тусам энгийн жирийн байх зураглал харин тодоор харагдана.

“Хэмнэх гамнах гэдэг бол эрх чөлөөний ээж” гэдэг үг америкийн хувьсгалчдаас үүдэлтэй үг учир энэ сургаал америкийн эрх чөлөөний түүхтэй чацуу, нэг оны хоёр.

Америкт олны дунд олонтаа хэлж хэвшсэн зарим зүйр цэцэн үгэнд Америк сэтгэл зүйн зураглал багтаж явдаг.

Live and Learn. Амьдраад мөн сураад гэдэг нь насаараа сурна гэдэг ойлголтыг агуулжээ. Америкчууд ёстой насаараа сурдаг хүмүүс. Хот дүүрэг бүр олон нийтийн төвтэй. Тэнд олон тооны сургалтууд бий. Настай хүмүүст зориулсан маш олон сургалт байдаг. Энэ нь гол төлөв хөгжим, урлаг болон усан доторх гимнастик.

Time is money. Цаг хором бүр мөнгө гэсэн үг./Хөдөлбөл хөлс/ Америкийн ямар ч хот өглөө 06 цаг гэхэд хөдөлгөөнд орно. Өглөөний хоолны газрууд хаалгаа нээсэн байдаг. Үйлчилгээний бизнест ажиллаж байгаа хүн цагийг хоосон өнгөрүүлнэ гэдэг байж боломгүй. Заавал үйл ажиллагаанд оролцсон, өрнүүлсэн байх ёстой. Учир нь цаг гэдэг өөрөө мөнгө. Хүн бүр, цалин хөлсөө цагаар тооцож авдаг. Тийм учир зүгээр байх цаг хором гэдэг ойлголт байдаггүй.

Learn to walk before you run. “Гүйж харайхын өмнө явж сур” гэдэг /Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа/ нь энэ хорвоогийн бүхий л үйл ажиллагаанд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэсэн ойлголт. Америкийн ерөнхийлөгчийн хугацааг дөрвөн жилээр тогтоож. Тэрээр дахин нэг л хугацаагаар улиран сонгогдож болох нөхцөлийг заажээ. Хэдий тийм боловч улиран сонгогдсон ерөнхийлөгчийн тоо харьцангуй цөөхөн байдаг.

Америкийн томоохон аж ахуйн нэгж, компани нь 30 жилийн дотор нэг хүнийг гурван төрлийн албан тушаалд томилдог. Ямар ч хүн нэг газар удаан ажиллаж үр бүтээл өгнө гэж байдаггүй. Хүний амьдралд хоёр том хямрал учирдаг. Нэг нь шилжилтийн нас, нөгөө нь дунд насны хямрал.

Homer sometimes nods. “Гомер хүртэл зүүдэлдэг” гэдэг. Энэ хорвоод төгс төгөлдөр хүн гэж байхгүй гэсэн үг. Энэ сургаал хэдэн мянган жилийн настай. Энэ нь аль ч шашин сургаалын үндэс болж явдаг. Үүн дээр америк зан суртахуун тогтсон байна.

Walls have ears. Хана чихтэй байдаг гэдэг нь сонсогдохгүй, дуулдахгүй зүйл гэж энэ хорвоод үгүй гэсэн ойлголт. /Будавч бултайн даравч дардайна/

A horse stumbles that has four legs. Морь дөрвөн хөлтэй хэрнээ унаж бүдэрдэг. /Бөх хүн бүдүүн/ өвсөнд гэдэг үг нь алдаа дутагдалгүй юм гэж байхгүй гэсэн санаа. Амтай болгон алдана гэдэг ч үг байдаг.

Every man has a fool in his sleeve. Хүн бүрийн ханцуйнд мунхаг оршдог гэдэг нь сайн талд саар мөн оршихуй гэсэн үг. /Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, Бусдын толгой дээрх өвсийг харав/

You can take a horse to water but you can not make him drink. Морийг усан цөөрөмд дагуулан авчирч болно, харин ус уулгуулж үл чадна гэдэг нь хүчээр хийлгэж болно, харин сэтгэлийг үл хүчилнэ гэсэн ойлголт. /Сэтгэлийг нь эзэмтүгэй! Бие нь хаа холдох вэ? Чингисийн сургаал

It is not the places that grace the men, but men the places. /Өөдлөх айл үүднээсээ/ Газар шороо хүнийг чимэхгүй, харин хүн газар шороог чимдэг гэдэг нь энэ хорвоод муухай мэргэжил гэж байхгүй. Гэр орон эмэгтэй хүнийг чимэхгүй, харин эмэгтэй хүн гэр орноо чимнэ. Албан тушаал хүнээ чимдэггүй, харин хүн албан тушаалыг чимнэ. Тийм учир америкт алба ажил бүрийн ажлын тодорхойлолт, шаардлага, шалгалт шүүлэг, сонголт, шат ахилт бүгдийг зохицуулсан хууль тогтоомж гарсан ба олонд нээлттэй. Энэ бүхэн хөдөлмөр тэгш эрхлэх хуулиар зохицуулагддаг.

Never put off dill tomorrow what you can do today. /Цагийн юмыг цагт нь/ Өнөөдөр хийж болох зүйлийг хэзээ ч маргааш гэж бүү хойшлуул. Өдрийн юмыг өдөрт нь, ноогдсон үүргээ цаг тухайд нь гэсэн ойлголт. He that never climbed never fell. /Эр хүн долоо дордож найм сэхнэ/ Өөд авираагүй хүн унана гэж байхгүй гэдэг нь ажил хийгээгүй хүн алдана гэж байхгүй гэсэн ойлголт. Эрсдэл гаргаж байж амжилтанд хүрнэ. Эрсдэл гэдэг нь амьдралд байх ёстой зүйл, америк нийгэмд тогтсон ухагдахуун. Харин тухайн асуудал нь эрсдэл байна уу, сүйрэл байна уу гэдэг нь бас өөр асуулт.

Let every man praise the bridge he goes over. /Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө/ Хүн бүр явж буй гүүрнийхээ төлөө мөргөх ёстой гэдэг нь цалин хөлс авч буй компанийнхаа ажил үйлсэд чин сэтгэлээсээ оролц гэсэн агуулгатай дүйнэ. Америкчуудын нэгэн онцлог бол гарцаагүй ажил хэрэгч явдал мөн.

Ямар ч ажил хийсэн сэтгэл гаргадаг. Дахин уухгүй юм шиг худаг бүү бузарла гэсэн өөр нэгэн үг байдаг.

The devil is not so black as he is painted. /Муу л бо л хар уулын овоохой/ Чөтгөрийг хар болгож зурсан шиг тийм ч хар биш. Муу муухай гэсэн үнэлгээ тэр бүр муу байна гэсэн үг биш байдаг гэсэн санаа. Энэ нь ердөө туйлшралгүй байх гэсэн агуулгыг оноосон үг юм.

There is no smoke without fire. /Овоо босгоогүй бол шаазгй юунд суух вэ?/ Галгүйгээр утаа гарна гэж байхгүй гэдэг нь учир шалтгааны холбоосыг өгүүлсэн үг. Сайн муу ч бай аливаа үзэгдэл, тогтолцоо өөрийн эхлэлтэй байдгийг өгүүлсэн санаа. Социалист үзэл баримтлалаас коммунист үзэл бодол гарсан. Дэлхийд хамгийн хүчирхэг гэж тооцогдож явсан оросын коммунист нам хоосон номлол байснаа харууллаа. Социалист үзэл баримтлалаас фашист үзэл бодол гарсан. Америкт энэ хоёр үзэл бодлыг хуулиар хорьсон байдаг.

There is no rose without thorus. /Гаднаа гяланцаг, длтроо паланцаг/ Өргөсгүй сарнай гэж байхгүй гэдэг нь тэгш үзэсгэлэн гэж байхгүй гэсэн ойлголт.

A fool may ask more questions in an hour than a wise man can answer in seven years. /Долоо хэмжиж нэг огтол/ Саруул ухаантан долоон жил хариулах асуултыг саваагүй тэнэг нэг цагийн дотор түүнээс асууж амжина. Хүн өөлөх амархан, өөрийгөө танихад хугацаа орно. Шийдвэр гаргахад хугацаа шаардана гэсэн санаа агуулсан үг.

It never rains but it pours. / Яван чангарна/ Бороо зүгээр нэг ордоггүй аадар болдог гэсэн үг нь нэг юм нэгээр дуусдаггүй гэсэн үг. Гайхамшиг ганцаар ирдэггүй гэсэн өөр нэгэн үг байдаг.

A man is known by the company he keeps. /Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо/ Хүнийг хэнтэй нөхөрлөж байгаагаар нь таньдаг

An hour in the morning is worth two in the evening. /Эрт босвол нэгийг дуулна, насны багад эрдэм сур/ Өглөөний нэг цаг оройны хоёр цагтай дүйцнэ гэсэн үг нь өглөө байнга давуу талтай гэж юм уу, юмыг түрүүлж хар гэсэн агуулгыг тодорхойлсон үг.

You can’t unseramble eggs. /Үгийн шарх эдгэхгүй, Ам алдвал барьж болдоггүй/ Өндөгний шингэн хэсгээс өндгөө сэргээхгүй гэсэн үг нь түүхийг дахин сэргээхгүй, өнгөрсөн цагийг эргүүлэн авчрахгүй гэсэн ойлголтыг агуулсан санаа.

Энэ бүгд Америк, Монголын сэтгэхүйн ялгаа, онцлогийг бага боловч тодорхойлж өгнө.

Эцэст нь америкт 3600 төрлийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, 1700 мэргэжлээр мастер болон докторын зэрэг хамгаалдаг.

Одоогоор 300 мянган тэрбумтан амьдардаг. 2020 онд 700 мянга болох тооцоо гарсан.

11 сая саятан амьдардаг ба 2020 онд 30 саяд хүрнэ гэдэг.

Монгол Улсад 30 мэргэжлээр 200 их, дээд сургууль сургалтаа явуулдаг.

Америк, Монгол орны зааг, хөгжлийн ялгаа энэ ялихгүй жишээн дээр харагдана.

Харин ч би эх орныхоо хөгжлийг өөдрөгөөр хардаг. Учир нь, тэр том орон зайг олж харж, ухаарч мэдэрсэн. Өнөөдөр монголд хэдэн зуун мянган хүн гадаадад сургууль төгсөж амьдарч байна. Энэ их оюуны хүчин чадал эх орныг маань өөрчилнө.

Харин хэдэн жил дараалж төрийн өндөр албан тушаалыг хуйвалдааны аргаар эзэгнээд байгаа хоосон яригчид эх орон, ард түмнийг дарласаар, дарамталсаар байна.

Хүмүүнлэг: Ертөнцийг үзэх үзэл, ёс зүйн ба гоо зүйн мэдрэмж, үндэстний хамаарал, бишрэл зэргийн онцлогийг өөртөө шингээсэн үнэлэмж.

Ёс суртахуун нь Соёлын зорилго. Соёлтой байна гэдэг нь иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нөхцлөөр хангагдсан байна.

Урлаг, шинжлэх ухаан хоёр хүнийг иргэншүүлдэг.

Кант.

Иргэншсэн нийгэм бол гишүүдийнхээ амьдралыг дэглэсэн албан ёсны сахилга батанд үндэслэдэг.

Хүн төрөлхтний ирээдүй бол иргэншлээс соёлд шилжихүй мөн.

Ардчилал нь эрхэмсэг оршихуйг бүтээх чин сэтгэлгээ.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ