Номын хэсгээс: Сингапурын хөгжлийн нууц-1

GoGo.mn

2017-05-11 15:08 GMT+8

Номын хэсгээс: Сингапурын хөгжлийн нууц

Монголчууд бид ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөхөж ирээд байна. Монгол улсын ерөнхийлөгч юу хийж чадах, түүнд ямар хариуцлага хүлээлгэх, түүнээс бид чухам юу хүсэнг хүлээх ёстой гээд олон асуудал бидний өмнө хүрч ирлээ.  Энэ хариуцлагатай чухал үйл хэргийн өмнө Монсудар хэвлэлийн газраас уншигчиддаа зориулан эх орон, ард түмэндээ дурсагдан хайрлагдсан нэгэн хүний намтар, үйл хэргийн тухай нэгэн шинэ номыг эрхлэн гаргасан байна.

“Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” нэртэй уг ном бол Английн тэнгисийн цэргийн бааз байрлаж байсан загасчдын тосгоныг хэдхэн жилийн дотор дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улс болгосон хүний намтар, тус улсын хөгжил цэцэглэлтийн түүх бөгөөд Ли Куан Ю хэмээх удирдагчийн “улс орноо өөрийн гэр орноо эмхэлж байгаа юм шиг цэгцэлсэн” туршлага, төр удирдах арга барилыг өгүүлсэн ажээ.

Уг номоос Монсудар хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэж байна. Агуулгыг хуулбарлахыг хатуу хориглоно.

  1. Зохиогчийн үг

Сингапур улс тогтвортой байдал, өсөлт дэвшил, хөгжил цэцэглэлтийн замдаа баттай шилжин орсны дараа Сингапурт төрж өссөн залуу үеийнхэндээ зориулж энэхүү номыг бичлээ. Байгалийн баялаг гэхээр юмгүй, ердөө 640 км2 хэмжээтэй газар нутагтай; шинээр тусгаар тогтносон, үндэсний хүчтэй үзэл бүхий том улсуудаар хүрээлэгдсэн манай улсын хувьд тэсэж үлдэнэ гэдэг ямар хүнд хэцүү сорилт байсныг өнөөгийн залуучууддаа ойлгуулахыг хүссэн юм.

1942 онд дайны гамшгийг биеэр мэдэрч, Японы эзлэн түрэмгийллийн үед ихээхэн зовлон зүдгүүр амссан, Сингапур улсын эдийн засгийг шинээр босгоход хүчин зүтгэсэн хүмүүс хэт дэврүүн сэтгэлд авталгүй аливааг бодитоор харж байлаа.

Нийгмийн дэг журам, хувь хүний аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил аяндаа бий болдоггүй, харин тэр бүхэн ард түмнээсээ сонгогдсон, чин шударга хийгээд үр ашигтай ажилладаг засгийн газрын дундаршгүй хүчин чармайлтаар бий болдог гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй.

Би Англи улсад их сургууль төгсөөд 1950 онд Сингапурт өөрийн үзэл бодол, зорилгодоо итгэл төгс эргэж ирэхдээ тулгарах аюул, тохиолдох саад бэрхшээлийн талаар олигтой төсөөлөлгүй байжээ. Колоничлолын эсрэг тэмцлийн давалгаа намайг болон миний үеийнхнийг бүхэлд нь нөмрөн авсан байв.

Би үйлдвэрчний эвлэл, улс төрийн үйл хэрэгт оролцож, улс төрийн нам байгуулж, өөртөө засах Сингапур орны анхны сонгуулиар байгуулагдсан засгийн газрын ерөнхий сайдаар 1959 онд 35 насандаа ажиллаж эхэлсэн юм. Би нөхдийнхөө хамтаар коммунистуудтай эвсэж, нэгдсэн фронт байгуулсан. Гэхдээ бидний зам алсдаа сална гэдгийг анхнаасаа л мэдэж байсан юм. Тэр цаг ирэхэд хатуу ширүүн тэмцэл өрнөсөн ч аз болоход бидний ялалтаар төгссөн билээ.

Малайтай нэгдсэнээр Сингапурын ирээдүй өнө удаан батажна гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн 1963 онд бид тэдэнтэй нэгдэж, Малайз улсыг хамтран байгуулав. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 1964 оны долдугаар сард Сингапурт малай, хятад үндэстний хооронд сөргөлдөөн гарч, улмаар бослого болон өрнөсөн юм.

Засаглагч нам буюу Малай Үндэстний Нэгдсэн Байгууллага (МҮНБ-United Malay National Organisation)-ын доторх хэт даврагч үзэлтнүүд малай үндэстэн давамгайлсан Малайз улсын төлөө тэмцэж, бидэнтэй сөргөлдөж байлаа. Биднийг айлгахын тулд иргэдийг өдөөн, бослогод татан оролцуулж байв. Үүний эсрэг бид Малайзын эв нэгдлийн гэрээнд нэгдсэн Малай болон Малай-бусчуудыг дайчилж, “Малайзчуудын Малайз улсын төлөө” уриатай жагсаал цуглаан зохион байгуулж байв. Гэвч 1965 оны наймдугаар сард Малайзын холбооноос гарахаас өөр сонголт бидэнд үлдээгүй билээ.

Угсаатан хоорондын мөргөлдөөний аюул, бусдын сүрдүүлгээс залхсан ард иргэд маань тусгаар улс байгуулахад тулгарах бүхий л хүндрэл бэрхшээлийг даван туулах шийдвэр төгс байлаа.

Угсаатан хоорондын мөргөлдөөн бидэнд том сургамж болсон төдийгүй арьсны өнгө, хэл, шашнаас үл хамааран хүн бүрд тэгш боломж олгодог, олон үндэстнийг нэгтгэсэн тийм улс байгуулах хүсэл эрмэлзлийг маань улам бадраасан билээ. Энэ бол бидний бодлогын амин сүнс болсон итгэл үнэмшил юм.

Бид Малайзаас тусгаар улс хэвээр оршиж, хүн амаа аж амьдралтай нь залгуулахын тулд хэчнээн урт, хэцүү зам туулсныг энэ номд өгүүлнэ. Бидэнд ямар ч боломж байхгүй мэт санагдах тийм хүнд бэрхшээлүүдийг ч даван туулсаар гучин жилийн дотор бид ядуурлаас гарч, хөгжил цэцэглэлтэд хүрсэн юм. 1965 оноос хойших гурван жилд бид хөлөө олохын тулд амсхийх чөлөөгүй, маш нягт нямбай ажиллав.

1971 онд хангалттай тооны ажлын байр бий болгож чадсанаа мэдээд сэтгэл маань уужирч билээ. Их Британи цэргээ гаргасны дараа улам бүр нэмэгдэж болзошгүй байсан ажилгүйдлийг угтан бид олон тооны ажлын байр бий болгож чадсан байв. Гэхдээ 1973 онд буюу дэлхийн нефтийн хямралаар нефтийн үнэ дөрөв дахин өссөн тэр үед л манай эдийн засаг хөл дээрээ тогтож чадахаар боллоо гэдэгт итгэж эхэлсэн юм.

Үүнээс хойш хийсэн бидний ажил бол аж үйлдвэржсэн томоохон орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалтаар холбогдсон чадварлаг үндэстэн болох, бараа, үйлчилгээ, мэдээллийг бүс нутагтаа түгээх томоохон төв болохын төлөө гаргасан нөр их хичээнгүй зүтгэл, зөв оновчтой төлөвлөлт, зоримог санаачилгуудын нэгдэл байлаа.

Нэг хүнд ногдох ДНБ 1959 онд (намайг анх ерөнхий сайд болох үе) 400 ам.доллар байсныг 1990 онд (ерөнхий сайдын ажлаа өгсөн үе) 12,200 ам.доллар болгон өсгөж, улмаар 1999 онд 22,000 ам.доллар болтол нэмэгдүүлсэн бидний амжилт дэлхий дахины улс төр, эдийн засгийн асар том өөрчлөлтүүдийн үед тохиосон юм. Материаллаг талаас нь авч үзэхүл, бид гуравдагч орны ядуурлын зовлонгоос ангижирсан. Тэглээ ч манай урлаг, соёл, нийгмийн хэм хэмжээ бидний бүтээн босгосон, тэргүүлэгч хөгжилтэй орнуудын түвшинтэй дүйцэхүйц уг дэд бүтэцтэй зохицон нийцэхэд сингапурчуудын амьдралын дахиад нэг бүтэн үе шаардагдана.

Хүйтэн дайнд хэн ялах нь тодорхойгүй байсан 1960/70-аад онуудад бид барууны талыг баримтлах болсон юм. Дэлхийг хоёр хэсэгт хуваасан хүйтэн дайн олон улсын харилцааг маш энгийн болгосон байлаа. Манайтай хөрш улсууд коммунизмын эсрэг байсан тул бүс нутагт эв нэгдэл тогтож, бид Америк, Баруун Европ, Японы зүгээс ч дэмжлэг авч байв. 1980-аад оны сүүлчээр бид ялагчийн талд яваагаа ойлгосон билээ. Энэ номоороо би эдийн засаг, цэрэг арми, үндэстнийг хэрхэн бүтээн босгох гэх зэргийг заах зорилго агуулаагүй.

Энэ номдоо миний өмнө, нөхдийн маань өмнө тулгарсан асуудлуудын талаар, тэдгээрийг бид хэрхэн шийдвэрлэж байсан тухай өгүүлнэ. Би өмнөх номдоо үйл явдлыг он цагийн дарааллаар эрэмбэлэн бичсэн билээ. Хэрэв тэгэх аваас энэ ном дэндүү урт болох тул 30 жилийн үйл явдлыг сэдэвчлэн багцалж 700 гаруй нүүрт багтаалаа.

Үргэлжлэл бий...

НОМ цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ