Номын хэсгээс: Сингапурын хөгжлийн нууц- 2

GoGo.mn

2017-05-16 10:01 GMT+8

“Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номоос Монсудар хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэж байна.

2. Ганцаараа явах боллоо

Байшин барих, хөдөлгүүр засах, зохиол бичихийг зааж тайлбарласан ном, гарын авлага бишгүй олон бий. Харин улс орныг хэрхэн хөгжүүлэх, тэр тусмаа Хятад, Британийн Энэтхэг, Голландын Зүүн Энэтхэгээс цагаачилж ирсэн зүсэн бүрийн дүрвэгсдийг хэрхэн нэг үндэстэн болгон зангидах, бүс нутгийнхаа арилжаа худалдааны гол боомт байсан хотын урьд өмнөх эдийн засгийн ач холбогдол алдагдахын цагт ард иргэдээ хэрхэн хоногийн хоолтой нь залгуулахыг зааж сургасан ном бидэнд байгаагүй юм.

1965 онд буюу 42 настайдаа, тусгаар тогтносон Сингапур улсын төрийн тэргүүн болж, хоёр сая хүний аж амьдралыг хариуцах болно гэдгээ би төсөөлж ч байсангүй. Би 35 насандаа (1959 он) өөртөө засах Сингапур орны ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн.

Сингапур бол анх англичуудын байгуулсан худалдааны жижиг боомт байснаа яваандаа, дэлхийн бүх тэнгис далайг эрхшээсэн Их Британийн эзэнт гүрний чухал нэгэн зангилаа цэг болсон, өмнө нь улс оршин тогтнож байгаагүй арал билээ. Британийн эзэнт гүрэн нуран унахад бид их биеэс ангид лугших зүрх мэт, эх газрын нөмөр нөөлөггүй өнчин арал өвлөн авсан юм.

Тусгаар тогтносны дараахан гадаадын хэвлэлүүд биднийг мөдхөн сүйрнэ гэж таамаглан бичиж байсанд дотор харанхуйлж байв. Их Британи өөрийн колони орнуудаа орхин явж байгааг нэгэн сэтгүүлч Ромын эзэнт гүрний уналттай зүйрлэн бичиж, Ромын цэргүүд явсны дараа хуульт ёс улан дор гишгэгдэж, зэрлэг бүдүүлгүүд дураараа дургиж байсантай адилтгажээ.

Сидней Морнинг Хералд (Sydney Morning Herald) сонинд (1965 оны наймдугаар сарын 10-нд) Дэнис Уорнэр “Сингапур бие дааж хөгжих боломжгүй гэж гурван жилийн өмнө үзэж байсан бол өнөөдөр тийм зүйлийг бид төсөөлөхийн ч аргагүй” гэж бичсэн байв. Лондоны Сандэй Таймс (Sunday Times) сонинд 1965 оны наймдугаар сарын 22- нд Ричард Хьюз (Richard Hughes) бичихдээ “Хэрэв 100 гаруй сая фунт стерлингийн өртөгтэй Британийн бааз хаагдвал Сингапурын эдийн засаг сүйрнэ” гэсэн байв.

Ийм явдал болно гэж бодохоор би ч бас дотроо эмээж байсныг нуухгүй. Гэхдээ ингэж бодож байгаагаа хэзээ ч ил хэлж байсангүй. Учир нь хүмүүсийг сэтгэлээр унагах биш, харин тэдэнд итгэл өгөх нь миний үүрэг билээ.

Надад хойшлуулшгүй шийдвэрлэх хэд хэдэн асуудал байлаа. Юуны түрүүнд Сингапурын тусгаар тогтнолыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) гишүүнээр элсэх явдал.

Миний өмнө тулгарсан гурав дахь чухал асуудал, сэтгэлийг минь хамгийн ихээр зовоож байсан зүйл бол “Яаж хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах вэ?” гэдэг асуудал байв. Индонез улс Сингапуртай сөргөлдөж, манай худалдааг бараг зогсоочихоод байлаа. Малайз улс Сингапурыг алгасаж, худалдааны түнш, импортлогч, экспортлогч нартайгаа шууд харьцаж, зөвхөн өөрийнхөө боомтоор худалдаа эрхлэхийг зорьжээ. Урьд нь Британийн захиргаан доорх нэгэн том бүс нутгийн төв нь болж байсан Сингапур одоо хэрхэн амьжиргаагаа залгуулах вэ?

Энэ асуултын хариуг бид түргэн олохгүй бол хэдийнээ 14 хувь болсон ажилгүйдэл цаашид улам өсөхөөр байлаа. Түүгээр ч зогсохгүй бид Британийн захиргаан дор амьдарч байснаасаа өөр арга замаар амьжиргаагаа залгуулж сурах хэрэгтэй болоод байв. Манай агуулахууд каучук, халуун ногоо, наргил модны самрын хайрс, дал модны хайрс зэрэг түүхий эдээр дүүрчихсэн, ажилчид тэдгээрийг цэвэрлэх, ангилах ажлыг зогсолтгүй хийж байсан урьдын дүр зургийг би тодхон санадаг.

Одоо эдгээр түүхий эдийг Малайз, Индонезээс авчирч боловсруулах, ангилах боломжгүй болсон. Бид эдийн засгийн цоо шинэ хэв маягийг бий болгож, дэлхийд хаана ч байхгүй шинэ аргачлал, шинэ тогтолцоог турших хэрэгтэй байв. Учир нь Сингапуртай адил төстэй орон дэлхийд хаана ч үгүй. Хонконг хэдийгээр бидэнтэй адил арал боловч урьдын адил Британийн захиргаанд оршиж, эх газрын Хятад улсын нэг хэсэг хэвээрээ байлаа. Эдийн засгийн хувьд ч ялгаагүй Хонконг Хятадын эдийн засгийн нэг хэсэг хэвээрээ тул коммунист бус улсуудтай худалдаа хийх, капиталист ертөнцтэй харьцах гүүр зам нь болдог билээ. Ийнхүү би тулгамдсан асуудлууд, байгаа боломжуудаа эргэцүүлж цэгнээд, хэрэв Зүүн өмнөд Азид байрлах хот-улс тэсэж үлдэнэ, тэнхэрч өндийнө гэвэл бусадтай адилхан байж хэрхэвч таарахгүй гэсэн гаргалгаа хийсэн юм.

Манай хөршүүд биднийг алгасаж, бүс нутгийн худалдааны төв, зуучлагч байсан урьдын үүрэг ролийг маань үгүйсгэж байгаа бол бид хийх зүйлээ бусдаас илүү чанартай, бусдаас хямд өртгөөр бүтээж чадах, сайн боловсорсон, аливаад тэвчээртэй, дасан зохицох чадвартай хүмүүс болохын төлөө онцгой их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болсон гэдгийг ухаарлаа.

Бид тэс ондоо хүмүүс болох хэрэгтэй байв. Бидэнд байсан хамгийн чухал хөрөнгө бол ард иргэдийн маань бат итгэл, сэтгэл. Тэдний итгэлийг бид коммунистууд, малайн хэт үндсэрхэх үзэлтнүүдтэй тэмцэж, төв засгийн газрын мэдэлд байсан цагдаа, цэргүүд биднийг өдөөн хатгах, айлгахыг эс хайхран байж олж авсан билээ. Коммунистууд намайг болон манай нөхдийг “колоничлогч империалистуудын уяаны нохой”, “малайн феодалуудын боол, гар хөл” гэж хочилж байв.

 Гэлээ ч, байдал үнэхээр муудахад бидэнд хамгийн их эргэлзэж байсан, хятад хэлтэй, зүүнийг баримталсан иргэд маань хүртэл мөнөөх хөрөнгөтний Англид боловсрол эзэмшсэн биднийг тэдний төлөө зогсож, эрх ашгийг нь хамгаалж байгааг нүдээрээ харсан юм.

Ард иргэдийнхээ итгэлийг муу засаглал, авлигаар үгүй хийж замхруулахгүйн төлөө бид маш их хичээж ажилласан. Улс төрийн энэ хүчийг бид өөрт байгаа багахан хөрөнгөд түшиглэн далайн тээврийн хамгийн хөдөлгөөнт зам дээрх стратегийн чухал байршилтай хот улсаа дэлхийн дээд зэрэглэлийн боомт болгон өөрчлөхийн төлөө зориулсан юм.

Бидэнд байсан бас нэг чухал хөрөнгө бол ажилсаг, арвич хямгач, сурч мэдэхийн төлөө чармайдаг ард иргэд маань билээ. Хэдийгээр манай улс олон угсаатнаас бүрдэж байсан ч шударга, бүгдэд тэгш хандсан бодлого явуулж, ажилгүйдэл гэх мэт зовлон бэрхшээл зөвхөн цөөнхийн мөрөн дээр буудаг биш харин зовлон жаргалаа бүгдээрээ хуваалцдаг байвал янз бүрийн үндэс угсааны хүмүүс хоорондоо эвтэй, тайван амьдарч чадна гэдэгт би итгэж байсан юм.

Янз бүрийн үндэс угсаатнаас бүрдсэн Сингапурын олон хэлт, олон соёлт, олон шашинт нийгмийг хадгалах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахуйц чадварлаг, эрч хүчтэй улс болгохын төлөө чармайх нь хамгийн чухал байв. Харин яаж дэлхийн зах зээлд нэвтрэх вэ? Хариултыг нь би мэдэхгүй байлаа. Хэн ч биднийг Британичуудаас сал гэж шаардаагүй. Өөрсдийн мэдрэмждээ хөтлөгдөн бид тусгаар тогтнолын төлөө тэмцсэн. Одоо харин хоёр сая гаруй хүний аюулгүй байдал, аж амьдралыг авч явах үүрэг бидний нуруун дээр ирлээ. Бидэнд ухрах зам байгаагүй, хэрэв бид амжилтад хүрэхгүй аваас амьд үлдэх цорын ганц арга бол эргээд Малайзтай нэгдэх, ингэхдээ Малайзын тавих нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрөх, улмаар Малакка (Malacca), Пенанг (Penang) зэрэг мужуудтай адилхан ердийн л нэг муж болох ирээдүй л хүлээж байлаа.

Миний нойр хулжчихдаг байв. Эмч нар нойрны эм бичиж өгсөн боловч оройн хоолон дээрээ багахан шар айраг, дарс уучихвал эм ууснаас хавьгүй дээр үйлчилнэ. Тэр үед би дөнгөж дөч гарчихсан, залуу, эрч хүчтэй ч байж. Хэчнээн шахуу ажилласан ч би орой бүр 2 цаг орчим гольф тоглон 50- 100 орчим бөмбөг цохиж, ганц хоёр найзтайгаа 9 нүх тоглож завсарладаг заншил тогтоов. Гэсэн хэдий ч би нойргүйдлээс салж чадахгүй л байлаа.

Нэгэн өглөө Британийн дээд комиссар Жон Роб засгийн газраасаа хүлээж авсан яаралтай мэдээ дамжуулахаар над дээр ирэхэд би орноосоо ч босож чадахгүй ядарчихсан хэвтэж байсан юм. Британийн ерөнхий сайд Харолд Уилсон энэ байдлыг мэдсэн нь гарцаагүй, тиймээс ч миний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн билээ.

1965 оны наймдугаар сарын 23-нд би түүнд хариу бичихдээ “Сингапурын талаар санаагаа бүү чилээ. Миний нөхөд болон би хэчнээн ядарч зовсон ч эрүүл ухаантай, учир зүйтэй хэвээрээ. Улс төрийн шатрын өрөг дээр аливаа нүүдэл хийхээсээ өмнө бид бүх үр дагаврыг маш сайн нягтлан тунгааж байгаа... Бидэнд тэмцэх хүсэлтэй ард иргэд, тэсэж давахыг чармайж буй алба хаагчид маань байна...” гэсэн юм. Ийнхүү бид хэцүү асуудлуудаа шийдэх гэж хамаг ухаанаа шавхаж байх үед 1965 оны есдүгээр сарын 30-ны өдөр Индонезэд төрийн эргэлт гарлаа гэсэн түгшүүрт мэдээ ирэх нь тэр. Коммунизмын талыг баримтлагч офицерууд Индонезийн зургаан генералын амийг хөнөөжээ. Генерал Сухарто (Suharto) төрийн эргэлт хийгчдийг дарахаар хөдөлснөөр цус урсаж эхлэв. Эдгээр тодорхой бус нөхцөл байдал миний сэтгэлийг улам түгшээж байлаа.

Ингээд 1965 оны наймдугаар сарын 9-ний тэр нэгэн өдөр би хаана хүрэхээ ч мэдэхгүй, хаагуур явахаа ч мэдэхгүй холын аянд гарсан юм даа.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 95 санал өгсөн байна.

Дээшээ