Номын хэсгээс: Сингапурын хөгжлийн нууц- 3


2017-05-18 15:45 GMT+8

- Шударга, гэхдээ халамжийн бус нийгэм -

Бид ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөхөж ирээд байна. Монгол улсын ерөнхийлөгч юу хийж чадах, түүнд ямар хариуцлага хүлээлгэх, түүнээс бид чухам юу хүсэн хүлээх ёстой гээд олон асуудал бидний өмнө хүрч ирлээ.

Энэ чухал цаг үед улс төрийн бэлэн гарын авлага болохуйц, зөвхөн улс төрч ч биш компани удирдаж байгаа эсвэл гэр орноо авч яваа хүн бүрийн унших ёстой чухал бүтээл “Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номоос Монсудар хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэж байна.

3. Шударга, гэхдээ халамжийн бус нийгэм 






























Бид социализмд итгэдэг, хүн бүр нийгмийн баялгаас шударгаар хувь хүртэх ёстой гэдэгт итгэдэг байлаа. Харин өндөр бүтээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхэд хувь хүний хүчин чармайлтыг өдөөх, гаргасан хүчин чармайлтыг шударгаар үнэлэх нь маш чухал юм байна гэдгийг сүүлд ойлгож билээ.

Гэвч хүн бүрийн чадвар харилцан адилгүй. Ийм нөхцөлд хувь хүний гүйцэтгэлийг үнэлэх, урамшуулах асуудлыг зах зээл шийдвэрлэх ёстой гэж орхивоос цөөн хэдэн хүн л ялагч болон гарч ирж, зарим нь тодорхой хэмжээний үр шим хүртэж, харин ихэнх хүмүүс хоосон хоцрох биз ээ. Ингэвээс нийгмийн шударга ёсны үзэл санаанд цохилт болж, нийгмийн амар тайван байдал ганхах нь дамжиггүй.

Чөлөөт өрсөлдөөнд суурилсан, “ялагч бүхнийг авна” гэсэн 1960-аад оны колонийн Хонконгийн хөгжлийн загвар Сингапурт огт тохирохгүй байлаа. Хонконг дахь колонийн засгийн газарт таван жил тутам сонгогдох шаардлага огт үгүй, харин Сингапурт байдал тэс ондоо.

Чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөс бий болдог туйлшралыг тэнцвэржүүлэхийн тулд орлогоо нэмэгдүүлэх, хувь хүний чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй боловсрол гэх мэт салбарт үндэсний орлогоосоо дахин хуваарилалт хийх хэрэгтэй болдог.

Орон сууц, нийгмийн эрүүл мэндийн салбар ч гэсэн үүнд хамаатай. Харин хувь хүний эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр, өндөр насны хангамжийг зөв зохион байгуулах нь тийм ч амар зүйл биш. Тиймээс бид аливаа асуудлыг шийдвэрлэх бүрдээ хүмүүс системийг буруугаар ашиглах, үргүй зардал гарах магадлалтайг байнга санаж, маш прагматик байр сууриас хандаж байлаа.

Хэрэв бид татварыг нэмэх замаар нийгмийн баялгийн хуваарилалтыг хэрэгжүүлэх аваас бүтээлч, сайн гүйцэтгэлтэй хүмүүс маань хүчин чармайлт гаргахаа болино. Хэрхэн тэнцвэртэй, зөв бодлого барих вэ гэдэгт асуудлын зангилаа оршино.

Миний эн тэргүүнд санаа тавьж байсан зүйл бол иргэн бүрээ хэрхэн улс орныхоо өнөөдөр, ирээдүйтэй салшгүй холбоотой болгох вэ гэдэг асуудал байв. Хүн бүр хувьдаа орон байр өмчилдөг тийм нийгмийг цогцлоохыг би хүсэж байсан юм. Хямд өртөгтэй, хайхрамжгүй эдэлсэн, өөд нь татаж засаж сэлбэдэггүй түрээсийн орон сууцны хороолол ба хувийн орон сууц өмчлөгчдийн хорооллын хоорондох эрс тэс ялгааг ажиглаад, хэрэв айл өрх бүр хувьдаа орон сууц, байшин өмчилдөг болчихвол нийгэм илүү тогтвортой байх юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон юм.

1963 оны есдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиар ялалт байгуулсныхаа дараа буюу Сингапур Малайзтай нэгдчихсэн байсан тэр үед миний үүрэг болгосны дагуу Орон сууц, хотын хөгжлийн зөвлөлөөс (Housing and Development Board) иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүллээ. Орон сууц, хотын хөгжлийн зөвлөл (ОСХХЗ) бол ажилчдад зориулсан хямд өртөгтэй орон сууц барихаар 1960 онд байгуулагдсан төрийн байгууллага.

ОСХХ Зөвлөл 1964 оноос эхлэн иргэдэд бага хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай орон сууцны зээл олгож эхлэв. Гэвч иргэд маань орон сууцны үнийн урьдчилгаа 20 хувийг төлж чадахгүй байснаас энэ хөтөлбөр сүйдтэй өргөжсөнгүй. Сингапурын сонгогчид цөм хотын хүмүүс байсан нь 1965 онд тусгаар тогтносноос хойш миний анхаарлыг татсан асуудлын нэг болов.

Учир нь бусад улсын туршлагаас харахад хот суурин газрын сонгогчид үргэлжид л тухайн цаг үеийнхээ засгийн газрын эсрэг санал өгдөг. Тиймээс айл өрх бүрийг хувьдаа сууц өмчлөгч болгосноор улс төрийн тогтвортой байдлыг хадгалж болно гэж шийдсэн юм.

Миний өөр нэг чухал санаа бол Сингапур орноо батлан хамгаалах нь “учир утгатай” гэдгийг үндэсний албанд хүүгээ үдэж мордуулах эцэг эхэд мэдрүүлэх явдал байв. Хувийн байр сууцгүй айлын хөвгүүд чинээлэг хүмүүсийн эд хөрөнгийг хамгаалахын төлөө зүтгэж төвдөхгүй л болов уу. Тиймээс олон зуун жилийн түүхээр холбогдоогүй ард иргэдээс бүрдсэн манай шинэ улсын хувьд иргэдээ эд хөрөнгө өмчлөгч болгох нь амин чухал асуудал болсон юм.

Батлан хамгаалахын сайд Кен Сви ч энэ асуудал дээр намайг бүрэн дэмжлээ. Харин бусад сайд нар маань сууц өмчлүүлэх төлөвлөгөөг нийгэмд хэрэгтэй боловч тийм ч амин чухал асуудал биш гэж үзэж байлаа. Тэтгэврийн төв санг (Central Provident Fund) колонийн Засгийн газар анх энгийн хуримтлалын сан хэлбэрээр байгуулсан юм. Уг хуримтлалын санд ажилчин цалингийнхаа 5 хувийг, ажил олгогч ч мөн 5 хувьтай нь тэнцэх хэмжээний шимтгэл төлөх агаад ажилчин уг хуримтлалыг 55 нас хүрмэгцээ эргүүлж авах бололцоотой тогтолцоо.

Тэтгэврийн тогтолцооных нь хувьд авч үзвэл энэ нь хангалтгүй зохицуулалт байлаа. Кен Сви бид хоёр ярилцаж байгаад ажил эрхэлж буй хүн бүр зайлшгүй хамрагдах ёстой хуримтлалын энэ тогтолцоог ажилтан бүрийг орон сууцтай болгох хөтөлбөртэй холбож өргөжүүлэхээр болов.

Ингээд 1968 онд Тэтгэврийн төв сангийн (ТТС) тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсний дараа ОСХХЗ- өөс орон сууц өмчлүүлэх хөтөлбөрөө шинэчиллээ. Ингэснээр ажилчид ТТС-д оруулсан хуримтлалаасаа орон сууцны үнийн урьдчилгаа 20 хувийг төлөх, орон сууцны зээлийн төлбөрийг 20 жилийн хугацаанд сар бүр төлж байх боломжтой болсон юм.

Өөрийнхөө энэ төлөвлөгөөний талаар би ҮЭҮК-ийн удирдлагуудтай урьдчилан ярьж тохиролцсон билээ. Үйлдвэрчний удирдлагууд надад итгэж байсан учраас ажилчин бүрийг хувийн орон сууцтай болгоно гэж тэдэнд өгсөн амлалтаа биелүүлэхэд тулгарах бүхий л бэрхшээлийг давж гарна гэж би шийдсэн билээ. Тиймээс би энэ хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч, байнга анхаарал хандуулахын зэрэгцээ зах зээлийн нөхцөл байдлын улмаас цалин хөлс, барилгын өртөг, газрын үнэд өөрчлөлт орох бүрд уг хөтөлбөрт шаардлагатай зохицуулалт хийсээр байв.

Цалин хөлсийг нэмэх тухай зөвлөмжийг Цалин хөлсний үндэсний зөвлөлөөс жил бүр өмнөх жилийн эдийн засгийн өсөлтөд үндэслэн гаргаж байлаа. Гар дээр очих цалин хөлс нь нэмэгдэхэд дассан ажилчдын хувьд ТТС-д төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, хэрэглээндээ зарцуулах мөнгөний хэмжээг бууруулахад тэд нэг их таатай хандахгүйг би сайн мэдэж байлаа. Гэсэн хэдий ч бид ТТС-д төлөх шимтгэлийн хувь хэмжээг жил бүр бага багаар өсгөж ирсэн бөгөөд ингэхдээ ажилчдын гар дээр очих нийт орлогыг нэмэгдүүлэхэд ч мөн анхаарч ажилласан. Энэ нь ажилчдад ч хүндээр тусахгүй, инфляцыг ч хөөрөгдөхгүй сайн талтай байлаа.

Эдийн засаг жил бүр өндөр өсөлттэй хөгжиж байсны ачаар л бид энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан юм. Бий болголцсон баялгаасаа шударгаар үр шим хүртэх боломжийг ажилчдад олгоно гэсэн амлалтаа Засгийн газар орон сууц эзэмшүүлэх хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлсэн учир хөдөлмөрийн харилцаа ч тайвнаар тогтворжсон.

Букит Хо Сви (Bukit Ho Swee) дэх 47 орчим акр (19 орчим га) газрыг хамарсан 1961 оны их түймрээр тэнд шавааралдан баригдсан модон тагзнууд бүрэн шатаж, 16,000 орчим айл өрх орох оронгүй болж хоцров. Гал унтраасны дараахан би холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, уг газрыг Засгийн газар худалдаж авах, ингэхдээ сул газрын үнээр биш, харин тэр газар дээр сууцууд байсан үеийн үнээр худалдаж авахаар болсон юм.

Ингэснээр уг газрын үнэ тухайн үеийн сул чөлөөтэй газрын зах зээлийн үнээс гуравны нэгээр бага болохоор байлаа. Хуулийн төслийг өргөн барихдаа би “Галаар далимдуулан ашиг хонжоо олно гэдэг жигшмээр хэрэг. Хэрэв хэн нэгэнд эндээс ашиг хонжоо олох боломж олгох аваас тагз, амбаар бүхий газар эзэмшигчдийг түймэр тавихад уриалан дуудсанаас өөрцгүй хэрэг болно” гэж хэлж билээ.

Сүүлд мөн дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нийтийн зориулалтаар газар худалдаж авах эрхийг Засгийн газарт олгон, газрын үнийг 1973 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн ханшаар тогтоов.

Эдийн засгийн өсөлтийн үр дүн, улсын төсвөөс санхүүжүүлэн барьж байгуулсан дэд бүтцийн ачаар үнэ нь нэмэгдсэн газраас зөвхөн газар эзэмшигч дангаараа ашиг олох нь шударга бус хэрэг гэж би үзсэн юм. Гэхдээ манай эдийн засгийн байдал дээрдэх тусам бид газрын ханшийг тогтоох суурь оноо урагшлуулж, газрын үнийг зах зээлийн үнэд дөхүүлж байлаа.

ОСХХЗ-өөс орон сууц худалдаж авах гэсэн иргэдийн тоо 1967 онд 3,000 байсан бол энэ тоо хурдацтай өссөөр 1996 онд 70,000 болтлоо нэмэгдэв.

Орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд би заримдаа шууд оролцсон тохиолдлууд ч бий. Тухайлбал, 1974 оны тавдугаар сард ОСХХЗ- ийн гүйцэтгэх захиралд хандан орон сууцны чанарыг сайжруулах, хэв загвар, гаднах өнгө төрхийг олон янзаар төрөлжүүлэхийг хүсэж, шинээр баригдаж буй хорооллууд бие биеэсээ ялгарах ёстой гэдгийг хэлэв.

Үүний дараа шинэ хорооллуудад ногоон талбай, хиймэл нуур зэргийг барьж байгуулснаар өнгө төрх нь хоорондоо эрс ялгаатай болж билээ. 1965 оноос хойших арван жилд баригдсан орон сууцны шинэ хорооллууд хотын төв хэсгийн захаар буюу Тион Бару, Квинстаун, Тоа Пэйо, МакФөрсэн (Tiong Bahru, Queenstown, Toa Payoh, MacPherson) зэрэг эдэлбэр газарт баригдсан байв. Харин 1975 оноос хойш шинэ хорооллуудыг нэлээд зах газар луу, тухайн үед хөдөө газар, эсвэл тариалангийн талбай байсан газруудад барьсан юм.

ЭЗХЗ-ийн ажилтнуудтай ярилцаж байгаад би эдгээр шинэ газарт тодорхой хэмжээний газрыг нөөцөд авч, ирээдүйд агаар бохирдуулдаггүй үйлдвэр барьж байгуулан, хүүхдүүд нь хэдийн сургуульд явдаг болсон ч гэртээ суусаар байгаа олон зуун эмэгтэйг ажлын байраар хангахаар төлөвлөсөн билээ.

“Филипс” (Philips) компани 1971 онд Тоа Пэйод анхны үйлдвэр барьснаар миний төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхлэв. Үүний дараа Хьюлэт Пакард, Компак, Техас Инструментс, Эйпл Компьютер, Моторола, Сигэйт, Хитачи, Мицүбиши, Айва, Сименс (Hewlett-Packard, Compaq, Texas Instruments, Apple Computer, Motorola, Seagate, Hitachi, Mitsubishi, Aiwa, Siemens) зэрэг олон тооны ҮДК- ууд компьютерын дагалдах хэрэгсэл, электрон бараа үйлдвэрлэхээр орчин үеийн, агааржуулагч бүхий, цэмцгэр үйлдвэрүүдээ нээв.

Эдгээр үйлдвэрийн ойролцоо амьдардаг эмэгтэйчүүд голдуу 150,000 орчим хүн ажлын байраар хангагдсанаар тэд өрхийн орлогоо хоёр, гурав дахин нэмэгдүүлэх бололцоотой болсон юм.

 Гучин жилийн дотор болсон үйл явдлыг хэдхэн хуудсанд багцлаад биччихлээр бүх юм зовлонгүй, шууд бүтчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэх нь лавтай. Гэвч маш олон асуудлууд бидний өмнө тулгарсан даа.

Ялангуяа эхний жилүүдэд тариачид, хөдөөнийхнийг түрээсийн төлбөр бараг төлдөггүй, ус, цахилгаан, бие засах газаргүй, хэрэглээний зардалгүй модон байшингаас нь нүүлгэж, шаардлагатай бүх нөхцөлийг хангасан ч хэрэглээний зардлаа сар бүр төлөх ёстой тохилог орон сууцад оруулж байсан тэр үед олон бэрхшээл тохиолдож байв.

Энэ нүүдэл бол хувь хүний хувьд төдийгүй нийгэм, эдийн засгийн үүднээс аваад үзсэн ч тэр, тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шилжилт. Хүмүүс шинэ нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй болов.

Хөгтэй ч гэмээр, огт утгагүй мэт санагдах үйл явдлууд тохиолдоно. Гахай тэжээдэг байсан хэдэн айл хайртай гахайгаасаа салж чадахгүй, олон давхар байшин дахь орон сууцандаа гахайтайгаа хамт нүүж иржээ. Зарим нь гахайгаа шатаар дээш гаргахын тулд тэднийгээ тууж хөглөж байсан гээч!

12 хүүхэдтэй нэгэн айл модон тагзнаасаа нүүж Хуучин онгоцны буудлын гудамжин дахь барьсан шинэ орон сууцанд орохдоо тахиа, нугаснуудаа авчирч гал тогоондоо тэжээжээ. Нугас, тахиануудаа том өрөөндөө оруулахгүй гэж айлын эзэгтэй гал тогооны өрөө рүү орох тэр хэсэгт модон хашилт хийсэн байлаа. Үдэш болмогц тэр айлын хүүхдүүд гадаа гарч байрны ойролцоох зүлэгтэй газраас шувуундаа өгөх өт, хорхой түүдэг байжээ. Тэр айл дараачийн байрандаа нүүж орох хүртэл буюу арваад жилийн турш хүүхдүүд нь ийнхүү өт, хорхой түүсээр байжээ...

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 88 санал өгсөн байна.

Дээшээ