Номын хэсгээс: Засгийн газраа авлигаас ангид байлгасан нь

GoGo.mn

2017-05-26 12:00 GMT+8

5. Засгийн  газраа авлигаас ангид байлгасан нь

“Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номоос Монсудар хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэж байна.

Энэ удаа улс орондоо авлигыг сүлжээг бүрэн үгүй хийж, авлига өгдөг, авдаг сэтгэхүйг өөрчилсөн тухай өгүүлсэн чухал хэсгээс нийтэлж байна.

Ард Түмний Үйл Хэргийн Нам (АТҮХН) 1959 онд анх засгийн эрх барьсан цагаасаа эхлэн засгийн газраа авлигаас ангид, цэвэр байлгана гэж шийдсэн юм. Азийн орнуудын удирдагчдын шунал, авлигал, ёс суртахууны доройтлыг хараад бидний дотор муухайрч байлаа.

Дарлагдсан ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэгчид эргээд ард олноо цөлмөн дээрэмдэгч болж байв. Улс орных нь ч хөгжил уруудан доройтсоор. Бид Ази дахь колоничлолын эсрэг хувьсгалын давлагаагаар гарч ирсэн билээ. Гэвч Азийн үндэсний баатрууд үзэл санаанаасаа урваж, ард түмэндээ өгсөн амлалтаа хөсөр хаяж, увайгүй, ичгэвтэр хэрэгт хутгалдахыг хараад бидний сэтгэл өвдөж байсан юм. Дайны дараа Англид сурч байхдаа Хятад орноо авлигад идэгдсэн, арчаагүй удирдагчдаас салгах хүсэл нь буцалсан хятад оюутнуудтай танилцаж, уулздаг байлаа. Гиперинфляц (үнийн хэт хөөрөгдөл), ард түмнээ ясанд нь тултал мөлжсөн зэргээс болж тэдгээр удирдагчид шившигтэйгээр ялагдаж, Тайвань руу зугтсан юм.

Удирдагчдынх нь авлигад идэгдсэн, хомхой сувдаг, ёс суртахуунгүй байдал нь Сингапурын хятад сургуульд сурч байсан маш олон оюутнуудыг коммунист болоход түлхсэн билээ. Оюутнууд хятадын коммунист удирдагчдыг үйл хэрэгтээ үнэнч, зорьсон үйлсийнхээ төлөө өөрийгөө золиосолдог, хувиа боддоггүй, хувьсгалч чанарыг үлгэр жишээ болгон тусгаж авч байв. Тухайн цаг үед ийм итгэл үнэмшил давамгайлж байсан юм.

1959 оны тавдугаар сард болсон бүх нийтийн сонгуулиас өмнө бид авлигатай тэмцэхээ илэрхийлж маш чухал алхам хийсэн юм. Лим Ею Хокийн (Lim Yew Hock) Засгийн газар (1956-1959) авлигад улам бүр идэгдсээр байлаа. Түүний засгийн газрын Боловсролын сайд Чью Сви Ки (Chew Swee Kee) дараачийн сонгуулиар коммунистуудтай үзэлцэхдээ хэрэглэх зорилгоор 1 сая сингапур долларыг Америкийн нэгэн эх сурвалжаас авсан байв. Үзэл санаатай холбоогүй шалтгаанаар багавтар хэмжээтэй мөнгийг хүмүүст тарааж өгсөн гэдэг яриа ч амнаас ам дамжиж байлаа. Хангалттай бэлтгэл, зохион байгуулалтгүй байсан бид ирэх сонгуулиар коммунистуудыг ялна, Засгийн эрхэнд гарсан тохиолдолд тэдэнтэй тэмцэж чадна гэдэгтээ эргэлзэж байв.

Гэвч авлигад идэгдсэн тэр үеийн засгийн газрын луйварчид ахин ялбал дараачийн таван жилд төрийн албаныхан ч мөн авлигад идэгдэж, хожим нь тэр байдлыг засахад маш хэцүү болох байв. Тэр үед төрийн албаныхан харьцангуй цэвэр байсан юм. Тиймээс бид ялахын төлөө тэмцэхээр шийдсэн билээ.

Авлига авах сонирхол Сингапурт төдийгүй хаа сайгүй их байлаа. Жишээ нь, гадныхан тухайн орон руу орж ирэхэд хамгийн түрүүнд нүүр тулдаг хүмүүс бол хил, гаалийн ажилтнууд. Зүүн Өмнөд Азийн олон нисэх буудал дээр аялагч, жуулчдыг гаалийн хэсгээр нэвтрэхэд нь зориуд саатуулж, бэлэн мөнгө өгөхөөс нааш оруулахгүй байх нь бий. Замын цагдаагийнхны ажлын практикт ч мөн адил түвэгтэй асуудлууд үүсдэг. Хурд хэтрүүлсэн нэрийдлээр жолоочийг зогсооход жолооч жолооны үнэмлэхээ цагдаад өгөхдөө дараачийн шатны арга хэмжээнээс зайлсхийхийн тулд завсарт нь мөнгө хавчуулдаг. Ахлах офицерууд нь ч ялгаагүй сайн үлгэр дуурайл үзүүлдэггүй. Автомашины осолд ороод гэмтлийн эмнэлэгт ирсэн хүн эмнэлгийн тусламж түргэн авахын тулд эмнэлгийн хүлээн авахын ажилтнуудад ч бас мөнгө өгч авлигадах нь манай бүс нутгийн олон хотод түгээмэл.

Цалингаараа амьдарч чадахгүй байгаа хүмүүсийн хувьд албан үүрэг гүйцэтгүүлэх гэж олгосон багахан эрх мэдэл нь мөнгө олох арга хэрэгсэл болдог ажээ. Авлигаас ангид, үр ашигтай засгийн газрыг байгуулах зорилгоо бид маш гүнзгий ухамсарлаж байсан юм.

Сонгуульд ялж, 1959 оны зургадугаар сард Хотын зөвлөлийн танхимд болсон төрийн албаны тангараг өргөх ёслолд ирэхдээ бид цөмөөрөө цагаан цамц, цагаан өмд өмссөн юм. Үүгээрээ бид хувийн болон албаны үүрэгтээ цэвэр тунгалаг, чин шударга хандахаа илэрхийлсэн хэрэг.

Ийм ч байхыг хүмүүс биднээс хүсэн хүлээж, бид ч тэрхүү итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй ажиллахаар шийдсэн юм. Коммунистууд ажилчин ангитай ойр гэдгээ өмссөн хувцсаараа (жирийн богино ханцуйтай цамц, ердийн өмд), хэрэглэдэг тээврийн хэрэгслээрээ (автобус, такси), амьдардаг орон сууцаараа (үйлдвэрчний эвлэлийн байрны жижиг өрөөнүүд), хүүхдүүдийнхээ сургуулиар (хятад сургууль) харуулж байв.

Коммунистууд миний агааржуулагчтай ажлын өрөө, орон гэрийг, миний унадаг америк үйлдвэрийн Стүдбэйкер (Studebaker) машиныг, гольф тоглож, шар айраг уух дуртайг минь, хөрөнгөтний гэр бүлийн гарал үүсэл, Кэмбрижийн боловсролыг маань элэглэн шоолж байв. Гэвч тэд намайг болон миний нөхдийг ажилчид, үйлдвэрчний эвлэлд туслахдаа тэдний мөнгийг саасан гэж хэзээ ч буруутгаж чаддаггүй байв.

Манай сайд нарын ганцаас бусад нь бүгдээрээ их сургуулийн боловсролтой хүмүүс байсан. Засгийн газарт ажиллахгүй байсан ч бид аж амьдралаа бие даан аваад явчих хүмүүс бөгөөд тэгнэ ч гэдэгтээ над шиг мэргэжлийн хүмүүс итгэл төгс байдаг. Тиймээс бидэнд заавал мөнгө хурааж цуглуулах шаардлага байгаагүй. Хамгийн гол нь бидний эхнэр цөм ажил эрхэлдэг байсан тул хэрэв зээ биднийг шоронд хорих, эсвэл хаа нэгтээ яваад эзгүй байх хооронд ам бүлээ тэжээчихээр байлаа.

Энэ бүхэн манай сайд нар төдийгүй тэдний эхнэрүүдийн төрийн ажилд хандах хандлагыг тодорхойлсон юм. Сайд нар хүмүүсийн хүндэтгэл, итгэл найдварыг дааж ажиллаад ирэхээр төрийн ажилтнууд маань ч гэсэн цэх шударга байж, шийдвэрүүдээ итгэл төгс гаргадаг болов. Коммунистуудтай хийсэн тэмцэлд ялалт байгуулахад энэ өөрчлөлт маш чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

1959 оны зургадугаар сард Засгийн газраа байгуулсан тэр өдрөөсөө эхлэн бид орж ирсэн орлогын доллар бүрийг бүртгэж, ард иргэдэд хүргэх замд хэн нэг нь хумсалж дутаахгүйгээр тоо бүрэн хүртээхэд онцгой анхаарал хандуулсан юм.

Өөрөөр хэлбэл, албан тушаалын эрх мэдлийг хувийн зорилгодоо ашиглаж байсан тэр газруудад тусгайлан анхаарч, муу дадлаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, зогсооход чиглэсэн хяналтаа хамгийн түрүүнд чангатгаж эхэлсэн юм. Улам ихэссээр байсан авлигал, ялангуяа цагдаа, гудамжны наймаачдыг хянадаг байцаагч нар, газрын албаны мэргэжилтнүүдийн дотор дунд болон доод түвшинд нэмэгдсээр байсан авлигыг таслан зогсоох зорилгоор Британичууд Авлигалыг мөрдөн шалгах газрыг (АМШГ- Corrupt Practices Investigation Bureau) 1952 онд байгуулж, авлигатай тэмцэх ажлыг хариуцуулсан байв. Цагдаа, хяналтын байцаагчид хууль зөрчсөн этгээдийг, жишээ нь нийтийн зориулалттай газарт зөвшөөрөлгүй худалдаа наймаа эрхэлсэн, төрийн эзэмшлийн газарт байшин барьсан зэрэг зөрчлийг илрүүлж хуульд заасан арга хэмжээ авах үүрэгтэй хүмүүс билээ.

Эдгээр ажилтнууд илрүүлсэн зөрчлийг арилгахыг хууль зөрчигчөөс шаардаж ч болно, эсвэл авлига авч юу ч үзэж хараагүй мэт өнгөрөөж ч чадна. Харин бид засаглалын дээд түвшинд оршин буй том хэмжээний авлигыг таслан зогсооход анхаарлаа төвлөрүүлж, АМШГ-ын үйл ажиллагааг энэ чиглэлд хандуулсан юм. Жижиг жараахайнуудын авлигач байдлыг бид дүрэм журмаа энгийн болгох, тодорхой удирдамж, заавар боловсруулж, асуудлыг хувь хүн үзэмжээрээ шийдэх явдлыг зогсоох, тэр ч байтугай шаардлагагүй гэж үзсэн тохиолдлуудад зөвшөөрөл олгодоггүй болгох замаар шийдвэрлэхээр шийдэв.

Авлигын хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх явцад олон асуудал тулгарч байсан тул бид хууль тогтоомжоо байнга боловсронгуй болгож, чангалж байлаа.1960 онд оруулсан хамгийн үр дүнтэй нэмэлт өөрчлөлт бол, хэрэв шүүгдэгч олсон орлогоосоо давсан хэрэглээтэй, эсвэл өөрийнхөө орлогоор авч чадахааргүй байсан эд хөрөнгө эзэмшдэг бол шүүх энэ нөхцөл байдлыг авлига авсныг нь нотлох баримтад тооцож болно гэж заасан явдал юм.

Ерөнхий сайдын харьяанд үйл ажиллагаа явуулдаг АМШГ-ын дарга бол хурц мэдрэмжтэй нэгэн. Сайдаас авхуулаад жирийн албан хаагч зэрэг хэнийг ч шалгах эрхтэй тэрбээр иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүлсэн хэнбугайтай ч тэмцэж чаддагаараа олны дунд нэр хүндтэй болсон хүн. эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглах гэсэн хүмүүний санаанд хязгаар үгүй.

Авлигын зохион байгуулалттай сүлжээг цэвэрлэх ажил тийм ч хэцүү байгаагүй. Харин боломж ашиглан дангаар хийгдсэн авлигын хэргийг илрүүлэх л хамгийн хэцүү байлаа. Мөн тийм хэргийг илрүүлсний дараа гэмт хэрэгтнүүдийг бут ниргэх хэрэгтэй байв. Том хэргүүдийн талаарх мэдээлэл сонин хэвлэлүүдийн эхний нүүрэнд гарч байв.

1960-аас 1980-аад оны хооронд хэд хэдэн сайд авлигын хэргээр шийтгэгдсэн юм. Үндэсний хөгжлийн сайд байсан Тэ Чиан Ваны (Teh Cheang Wan) хэрэг хамгийн хүнд байлаа. Түүний хуучны хамтрагчдын нэг нь 1986 оны арван нэгдүгээр сард АМШГ-т байцаагдаж байх үедээ Тэ-д 400,000 сингапур долларыг хоёр удаа бэлнээр өгсөн гэдгээ хүлээжээ.

Эхний удаа өгөхдөө түүний эзэмшлийн газрыг засгийн газар худалдаж авахаар шийдвэрлэсний дараа газрынхаа зарим хэсгийг өөртөө авч үлдэхэд нь туслахын тулд, хоёр дахь удаа өгөхдөө нэгэн барилгын компани улсын эзэмшлийн газрыг хувьчлан авч барилга барихад нь туслах зорилготой байсан гэж мэдүүлжээ. Авлигын энэ хэргүүд 1981, 1982 онд болжээ. Тэ мөнгө авснаа эрс үгүйсгэж, хэргийг түдгэлзүүлэх зорилгоор АМШГ-ын дэд даргатай холбогдон, уулзаж ярилцъя гэсэн байв. Засгийн газрын нарийн бичгийн дарга маань энэ бүхний талаар надад мэдээлээд, Тэ надтай уулзахыг хүсэж байгааг дамжуулав.

Хариуд нь би мөрдөн шалгах ажиллагаа дуусахаас өмнө түүнтэй уулзах боломжгүй гэсэн юм. Долоо хоногийн дараа буюу 1986 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдөр “Тэ танд захидал үлдээгээд нас баржээ” гэж миний хамгаалалтын албаны ажилтан надад мэдээлсэн юм.

 Тэр захидалдаа ингэж бичжээ: Ерөнхий сайд танаа. Сүүлийн хоёр долоо хоногийн турш би их сэтгэлээр унаж, гутарлаа. Ийм зохисгүй явдал болсонд би хариуцлага хүлээж байна. Би өөрөө бүх хариуцлагаа үүрэх ёстой. Нэр төрөө эрхэмлэсэн дорнын эр хүний хувьд би хийсэн алдааныхаа төлөө өөрийгөө хамгийн хүнд шийтгэлээр шийтгэх нь зөв гэж үзлээ. Таныг хүндэтгэсэн, Тэ Чиан Ван

Бэлэвсэн эхнэртэй нь очиж уулзахад талийгаачийн цогцос орон дээрээ байв. Засгийн газарт бүх насаараа зүтгэсэн нөхөр нь нэр төрөө сэвтүүлэхийг хүссэнгүй гэж эхнэр нь хэлээд задлан шинжилгээ хийлгүүлэхгүй байж болох уу гэж асуув.

Зөвхөн жам ёсны дагуу нас барсан гэдгийг эмч нотолсон нөхцөлд л задлан шинжилгээ хийлгүүлдэггүй билээ. Ингээд задлан шинжилгээ хийгдэж, талийгаачийг их хэмжээний натрийн амитал (sodium amytal) ууж амиа хорлосныг илрүүлсэн юм. Энэ асуудлыг парламент дахь сөрөг хүчин өлгөн авч, шалгалтын комисс байгуулахыг шаардав.

Би шаардлагыг тэр дор нь хүлээж авсан юм. Энэ бүхэн асуудлыг олон нийтэд улам ил болгосноор талийгаачийн эхнэр, охины сэтгэл санаанд хүндээр тусаж, удалгүй тэд Сингапурыг орхин явав. Тэд хэзээ ч эргэж ирээгүй. Тэд ч бас хүний нүүр харахын аргагүй болжээ. Засгийн газрын доторх авлига бол нийгэмд заналхийлж буй аюул гэж үздэг, түүнийг үзэн яддаг сэтгэлгээг бид нийгэмд төлөвшүүлж чадсан юм. Тэ нэр нүүрээ барж, доромжлогдохын оронд өөрийнхөө амийг егүүтгэх замыг сонгожээ.

Номыг онлайнаар худалдан авахыг хүсвэл доорх баннер дээр дарна уу.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 150 санал өгсөн байна.

Дээшээ