Номын хэсгээс 6: Хэвлэл мэдээллийг цэгцэлсэн нь

GoGo.mn

2017-05-30 14:24 GMT+8

 “Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номоос Монсудар хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэж байна.

 

Сингапурын хэвлэл мэдээлэл 1959 оноос хойших дөчөөд жил хөгжихдөө колонийн засгийн газраас тогтоосон жаягийг эвдэж чадсан юм. Бид хэвлэл мэдээлэл, ялангуяа англи хэл дээр гардаг хэвлэл мэдээлэлд зориулсан “хэтэрч болохгүй хязгаар”-ийг тогтоон мөрдүүлж байж энэ зорилтыг гүйцэлдүүлсэн. Хэвлэлийн “Стрэйтс Таймс” (Straits Times) группэд ажиллаж байсан сингапурчууд британи редактор, сурвалжлагчдын нөлөөнд байлаа. Сингапурын улс төрийн соёл барууны орнуудынхаас өөр байсан, өөр байсаар ч байгаа гэдгийг манай 1980-аад оны шинэ үеийн сэтгүүлчид ойлгох хүртэл нэлээд хугацаа шаардагдсан юм. Төр засагт байнга эргэлзэж, хардаж байдаг барууны сэтгүүлчдийн улс төрийн хандлага, бичвэрийн хэв маяг манай өмнөх үеийн сэтгүүлчдэд нөлөөлсөн байв.

Харин хятад, малай сэтгүүлчид барууны хэвлэл мэдээллээс үлгэр дуурайл авдаггүй онцлогтой. Тэд засгийн газрын бодлогыг зөвшөөрч байвал бүтээлчээр дэмжиж, харин хүлээн зөвшөөрөөгүй бол бодитой шүүмжилдэг байв. 1990-ээд оны үеийн, 40 шүргээгүй насны сэтгүүлчид бүгдээрээ сингапур сургуульд сурч хүмүүжсэн хүмүүс. Гэвч, англи, хятад, малай сэтгүүлчдийн хоорондох соёлын ялгаа арилаагүй хэвээр. Редакторын шүүмж, сонины гарчиг, мэдээний сонголт, сониндоо хэвлэсэн уншигчдын захидлын сонголт зэргийг харахад тэдний хоорондын ялгаа түвэггүй ойлгогдоно.

Хятад боловсролтой уншигч болон англи уншигчийн улс төр, нийгмийн үнэлэмж ялгаатай. Хятад уншигч хувь хүний эрх ашигт биш, нийгмийн эрх ашигт илүү ач холбогдол өгдөг юм. Сингапурт англи хэл дээр гардаг гол хэвлэл болох “Стрэйтс Таймс” сонин британичуудын эзэмшилд байхдаа тэдний ашиг сонирхлыг ил шулуун хамгаалдаг байлаа. Сонинуудыг зар, сурталчилгаагаар дүүргэж байсан Британийн арилжааны пүүсүүд, албан ёсны төлбөртэй мэдээ, мэдээлэл нийтлүүлж байсан колонийн засгийн газрын нөмөр нөөлгөн дор уг сонин оршин тогтнож байлаа. Орон нутгийн чанартай, англи хэл дээр гардаг өөр ямар ч сонин хэвлэлтийн тоо, үзүүлж буй үр нөлөөгөөрөө “Стрэйт Таймс” сонины хаана нь ч хүрдэггүй байв.

Хятад хэл дээрх сонинууд өөрийн гэсэн оршин тогтнох арга барилтай. Сониныг хөрөнгө мөнгөтэй хятад худалдаачид эзэмшиж, өөрсдийнхөө эрх ашгийг сониноороо дамжуулан зүтгүүлдэг. Уншигчдаа татахын тулд эдгээр сонин эхний нүүрэндээ Хятад орны тухай, хятадын боловсрол, соёлын тухай, Хятадад болж буй дайны тухай мэдээлнэ. Хятад хэл дээр гардаг хоёр гол сонин, тухайлбал, “Наньянг сиан пау” (Nanyang Siang Pau), “Син чью жит по” (Sin Chew Jit Poh) сонинууд хөрөнгө чинээтэй хоёр хятад гэр бүлийн эзэмшилд байсан бөгөөд тэдний редакторууд нь барууны талыг баримталсан хүмүүс байв. Харин зүүний талыг баримтлагч залуухан хятад сэтгүүлчид мөн эдгээр сонинд ажилладаг, тэдний зарим нь коммунист намын гишүүн байв.

Уугуул аялга дээр, тухайлбал, хятадын бусад аялга, тамил зэрэг хэл дээр хэвлэгддэг сонинууд нийт Сингапурын сонин гэж хэлэгдэхээргүй, тодорхой хүрээний уншигчдынхаа л эрх ашигт үйлчилнэ. Малайчуудын “Утусан Мелаю” сонин араб үсгээр хэвлэгдэж, пан Малай-Индонезийн үндэсний үзлийн зэвсэг болсон байлаа. Эрх чөлөө, үнэнийг сахин хамгаалагч гэж өөрсдийгөө тунхагладаг хэвлэл мэдээллийн талаарх миний үзэл бодол Сингапур, Малайзын төлөө ажиллаж байсан анхны жилүүдэд төлөвшин тогтсон юм.

 Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэвлэлийн эзний хувийн болон түүний бүлгийн эрх ашгийг хамгаалах эрх чөлөөнөөс хэтэрдэггүй зүйл.

 1959 оны тавдугаар сард болсон өөртөө засах Сингапур улсын хамгийн анхны сонгууль дөхсөн тэр үеэр “Стрэйтс Таймс” сонин Ард түмний үйл хэргийн намын эсрэг эрс шийдэмгий зогсож, биднийг сонгуульд ялуулахгүйг хичээж байлаа. Иймээс бид “Стрэйтс Таймс” сонинтой нээлттэй сөргөлдөхөөр шийдсэн юм.

Уг сонин Британийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэсэн бидний дүгнэлтийг “Стрэйтс Таймс” сонинд урьд нь ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан Ража бататгаж өгөв. Энэ сониныг Билл Симмонс (Bill Simmons) гэгч бадируун, том биетэй, туршуул гэмээр харцтай ч ажилдаа чадварлаг, англи сэтгүүлч удирдаж байлаа. Хэрэв бид сонгуульд ялбал уг сонинтой тооцоо бодно шүү гэдгээ би ил тод хэлж, тэдэнд нээлттэй дайн зарласныг Симмонс нухацтай хүлээж авчээ. Тиймээс манай нам үнэхээр сонгуульд ялчихвал сонгууль өнгөрмөгц сонины газраа Куала Лумпурт нүүлгэхээр бэлтгэж эхэлсэн байна.

“Стрэйтс Таймс сонины редакторууд Куала Лумпур луу зугтах нь хэн бүхэнд ил болсон нууц” гэж хэлээд би дөрөвдүгээр сарын дундуур, санал хураах өдрөөс хоёр долоо хоногийн өмнө эхний сумаа тавилаа. Түүнчлэн, уг сонины цагаан арьст сэтгүүлчдийн дэндүү нэг талыг баримталсан нийтлэлүүдээс би нэр заан дурдаад, тэдгээрийнх нь хариуг яг өөрсөдтэй нь адил барина гэдгээ мэдэгдэв.

Дараачийн өдөр нь Ража англи хэлээр хэвлэгддэг “Сингапур Стандарт” (Singapore Standard) сонины эсрэг мэдэгдэл хийв. Уг сониныг “Тайгэр болм” (“Tiger Balm” буюу өвчин намдаах зориулалттай барын түрхлэг) компанийн эзэн, саятан ах дүүс О (Aw) нар эзэмшдэг. “Сингапур Стандарт” сонин мөн адил АТҮХН-ын эсрэг бичиж байсан юм.

Уг сонины дэд редактораар 5 жил ажиллачхаад байсан Ражаг нэг бол үзэл бодлоо өөрчил, эсвэл ажлаасаа гар гэж сонины газрынхан тулгажээ. Ража тэр даруй ажлаасаа гарсан юм.

Харин сингапур эзэнтэй сонинууд яаж ч шүүмжилж байсан бид тэвчих ёстой гэдгийг би нөхдөдөө тодорхой хэлж байв. Тэд Сингапуртаа амьдарч, аливаа бодлогын үр нөлөөг амсах хувь төөрөгтэй хүмүүс учраас бид үзэл бодлыг нь хүндэтгэн үзэх ёстой. Харин “Стрэйтс Таймс” бол огт өөр хэрэг, яагаад гэвэл тэд нүүдлийн шувууд. Асуудал үүсмэгц Малай руу зугтаж гарчихаад, тэндээсээ Сингапурын хэвлэлийн эрх чөлөөний төлөө амиа өгөхөд ч бэлэн гэж тунхаглаж мэдэхээр хүмүүс.

 “Стрэйтс Таймс”- ынхан надад цохилт өгөхийн тулд сониныхоо хамгийн ахмад настай ажилтан Лэсли Хоффманыг (Leslie Hoffman) миний эсрэг турхирчээ. Тэрбээр ази-европын эрлийз, Сингапурын иргэн. “Би нүүдлийн шувуу биш. Энэ сонины нийтлэлийн бодлогын төлөө хариуцлага хүлээдэг хүний хувьд би ноён Ли болон Ард Түмний Үйл Хэргийн Нам засгийн эрхэнд гарсан ч, Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг миний эсрэг хэрэглэсэн ч би эндээ, Сингапуртаа үлдэнэ... Сингапур бол миний гэр орон” гэж тунхаглаж байв. Үнэхээр зоригтой хүний үг шүү! Гэвч Хоффман сонгуулийн өмнөх өдөр Куала Лумпур луу зугтсан түүхтэй.

Бид сонгуульд яллаа. “Стрэйтс Таймс” сониныг эзэмшигчид, ахлах редакторууд бүгд Куала Лумпур луу зугтав. Британийн ашиг сонирхлыг хамгаалж байсан болохоос биш хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрхийн төлөө байгаагүй гэдгийг нь тэдний энэ хулчгар зан батлан харуулсан юм. Сингапурыг 1965 онд тусгаар тогтносны дараа “Стрэйтс Таймс” эргэж ирсэн. Харин энэ удаад тэд бүрэн шинэчлэгдэж өөрчлөгдсөн, АТҮХН-ыг дэмждэг болсон байв. Гэвч ингэлээ гээд миний сэтгэл хөөрсөнгүй. Малайзын Малай үндэсний үзэлтнүүдийн шахалтаар Стрэйтс Таймс Групп сониныхоо Куала Лумпур дахь салбарыг Малай Үндэстний Нэгдсэн Байгууллагад худалдахаас өөр аргагүй болсон байжээ. Харин АТҮХН л сониноо Сингапурт үргэлжлүүлэн гаргахыг Британийн хувьцаа эзэмшигчдэд зөвшөөрсөн юм. Симмонс эв найртай байхаар эргэн ирж, “Стрэйтс Таймс” ч цэвэр арилжааны зорилготой, улс төрийн асуудалд оролцдоггүй сонин болсон юм. Лесли Хоффман Сингапурт эргэж ирээгүй, харин Австралид очиж суурьшсан байлаа.

Үргэлжлэл бий ...

Жич: Номыг онлайнаар худалдан авахыг хүсвэл дараах баннер дээр дарна уу.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ