Номын хэсгээс 7: Олон аялга , нэг хэл

GoGo.mn

2017-06-06 16:37 GMT+8

Монгол улсын дараагийн ерөнхийлөгчөөр сонгогдохоор өрсөлдөж буй 3 нэр дэвшигчийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Монгол улсын ерөнхийлөгч юу хийж чадах, түүнд ямар хариуцлага хүлээлгэх, түүнээс бид чухам юу хүсэн хүлээх ёстой гээд олон асуудал бидний өмнө хүрч ирлээ.  Энэ хариуцлагатай чухал үйл хэргийн өмнө Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан эх орон, ард түмэндээ дурсагдан хайрлагдсан нэгэн хүний намтар, үйл хэргийн тухай шинэ номоос хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэж байна.

“Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” номоос ...

Эхнэр Чу бид хоёр хоёулаа англи хэлээр хичээлээ заадаг сургуульд сурч боловсрол эзэмшсэн юм. Уугуул соёлоосоо хэчнээн хөндийрснөө, яг л Карибын арлын орнуудаас ирсэн хятад оюутнууд шиг болсныгоо бид хоёр Англид сурч байхдаа Хятадаас ирсэн оюутнуудтай танилцсанаас хойш мэдэрч билээ. Төрөлх биш хэлээр сурч, гаднын соёлын үнэт зүйлсийг хагас хугас өөриймшүүлсэн бид яг л төөрөлдсөн хүмүүс шиг байсан сан. Мандарин болон хятад хэлний бусад аялгаар ярьдаг, Сингапурын жирийн хятадуудаас би огт өөр хүн юм шиг санагддаг байв. Миний үзсэн ном, надад хичээл заасан багш нарын ертөнц миний амьдардаг ертөнцөөс тэс ондоо байлаа. Рафлс коллежийн хэдэн зуун төгсөгчдийн нэг адил боловсрол эзэмших явцдаа азийн уугуул соёлтой танилцаагүй, тэгсэн мөртлөө Британийн соёлд ч бүрэн идээшээгүй, чухамдаа бол бид хоёр соёлын дунд төөрсөн байлаа.

Хүүхдүүдээ аль хэлээр сургах нь улс төрийн ямар үр нөлөөтэй болохыг дан нэг хэл, соёлтой улсад төрж өссөн хүмүүс ойлгоход амаргүй л дээ.

Сингапурт хэзээ ч хүмүүс нийтлэг нэг хэлээр ярьж байгаагүй. Сингапур бол колоничлогч засгийн газрын удирдлага дор цугласан олон хэлтний газар байлаа. Эцэг эх нь хүүхдүүдээ ямар хэлээр сургахаа өөрсдөө мэдэг гээд Британичууд энэ асуудлыг зөнд нь орхидог байв. Колонийн засгийн газар цөөн тооны англи сургууль байгуулж, тэнд түшмэл, нярав зэрэг албан хаагчдыг бэлтгэж байснаас гадна малайчуудад зориулан малай хэлний бага сургуулийг байгуулсан байв. Энэтхэгчүүд тамил ба энэтхэгийн бусад хэлээр заадаг анги, сургуулиа өөрсдөө байгуулж байлаа. Харин чинээлэг хятадууд өөрсдөө санхүүжүүлэн хятад сургууль байгуулж байв. Ийнхүү янз бүрийн үндэстний хүүхдүүд эх хэл дээрээ сурч байсан учраас тэд өөр өөрсдийн төрөлх хэл, соёлдоо гүнзгий татагдаж байсан юм. Эдүгээ цагаас жишээ татваас, Канадын Квебек мужийн (Quebec) 5 сая франц хүн Умард Америкийн 300 сая орчим англи хэлтний дунд амьдарч, эх хэлээрээ ярьсаар буйтай л төстэй явдал юм. 1959 онд анхны Засгийн газраа байгуулсны дараа бид малай хэлийг үндэсний хэл болгохоор шийдвэрлэж, Малайтай нэгдэх замаа тэгшитгэж байв. Харин англи хэлийг албан хэрэглээний болон нийтийн хэл болгох шаардлагатай юм байна гэдгийг төд удалгүй ойлгосон доо. Хэрэв бид малай, хятад, эсвэл тамил хэлийг нийтийн хэлээр сонгосон бол олон улсын худалдааны төв болох гэсэн зорилго маань бүтэхгүй байх сан. Англи хэлийг хэрэглэвэл аль нэг угсаатан бусдаасаа давуу эрх эдлэх боломжгүй болно.

Гэвч энэ бол шууд барьж аваад өөрчилчих боломжгүй эмзэг асуудал байлаа. Эх хэл, соёлдоо сэтгэл зүрхээрээ үнэнч хандаж байсан янз бүрийн үндэстэн, угсаатны хүмүүст англи хэлийг заавал сурах ёстой гэж албан ёсоор тулгах нь аюултай. Тиймээс бид нөхцөл байдлыг зөнд нь орхиж, малай, хятад (мандарин), тамил, англи гэсэн албан ёсны дөрвөн хэлийг зэрэг хэрэглэж байв.

Олон үндэстнээс бүрдсэн Сингапур улсыг тогтвортой, эв найртай хөгжүүлэхийн тулд бид ямар олон саад, бэрхшээл давж туулсныг ахмад үеийн багш нар сайн мэддэг. 1979 онд Кен Сви Боловсролын сайд болоход нь би түүнд хандаж “Ахмад багш нар маань сурагчдадаа амьдралын утга учрыг ойлгуулж, тэдэнд шийдэмгий байх, үүрэг, хариуцлагаа ойлгохын чухлыг мэдрэхэд тусалдаг. Англи хэлт багш нартай харьцуулахад тэд илүү өндөр шаардлагатай, эрч хүчтэй хүмүүс” гэж бичиж байв. Хятад хэлийг хоёрдогч хэл болгосон залуу багш нар уламжлалт үнэт зүйлсийг ахмад багш нар шигээ тууштай баримтлахгүй байлаа.

... Бие биеэсээ ялгарах соёлын өөр өөр уламжлал, үнэт зүйлийг хадгалж үлдэхийг бид хүссэн юм. Америкийн нөлөөнд автсан ч япончууд япон хүнээрээ үлдэж чадсан билээ. Элбэг хангалуун өссөн япон залуучууд эцэг эхийнх нь үеийнхэн шиг өөрийн ажиллаж буй компанидаа тууштай зүтгэх нь багассан ч тэд япончууд хэвээр үлдсэн. Европынхон болон америкчуудтай зүйрлэхэд тэд хавьгүй илүү хичээл зүтгэлтэй, нийгмийнхээ сайн сайханд хувь нэмэр оруулах хүсэлтэй хэвээр. Хэрэв япончууд ингэж чадсан юм бол бид ч бас чадах ёстой гэсэн итгэл надад төрсөн юм.

Үргэлжлэл бий ...

Жич: Номыг онлайнаар худалдан авахыг хүсвэл баннер дээр дарна уу.

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ