Номын төгсгөлийн хэсэг: Сингапурын хөгжлийн нууц

GoGo.mn

2017-06-23 09:45 GMT+8

Монгол улсын дараагийн ерөнхийлөгч хэн байхыг сонгох сонголтын өдөр ойртсоор байна. Энэ өдрүүдэд бид арал дээрх загасчдын тосгоныг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улс болгосон Ли Куан Ю-гийн дурдатгал номоос цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаа бид уг номын төгсгөлийн хэсгээс тоймлон хүргэж байна.

“Сингапурын эцэг”  хэмээн нэрлэгддэг тус орны анхны ерөнхий сайд асан Ли Куан Югийн дурдатгал “Сингапурын хөгжлийн нууц. Гуравдагч ертөнцийн орон үсрэнгүй хөгжилд хүрсэн түүх: 1965-2000” ном бол жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй хүн ямар байдлаас, ямар түвшинд аваачиж болдогийг харуулсан чухал гарын авлага билээ.

Би зургаан настай байсан тэр жил өвөөгийнхөө каучукийн тариаланд төмөр утсаар хэрсэн модон дугуйтай үхэр тэргэнд суугаад энхэл донхол ихтэй шороон замаар дэржигнүүлэн, жигтэйхэн хөгжилтэй явж хүрч билээ. Тавин жилийн дараа буюу 1977 онд би дуунаас хурдан “Конкорд”онгоцоор Лондонгоос Нью-Йорк руу гуравхан цаг нисэж хүрсэн юм. Технологи энэ дэлхий ертөнцийг танигдахын аргагүй өөрчилжээ.

Би дөрвөн улсын төрийн дууллыг дуулсан хүн. Эхлээд Их Британийн Хатан хааныг бурхан ивээх болтугай (God save the Queen), дараа нь Японы Кимигаёо (Kimigayo), дараа нь Малайзын Негара Ку (Negara Ku), хамгийн сүүлд Сингапурын Мажула Сингапура (Majulah Singapura) дууллыг дууллаа. Сүүлийн тавин жилийн доторх улс төрийн өөрчлөлт хувьсал ийм л байсан билээ.

Гаднын цэргүүд ирж, буцаж байлаа. Эхлээд Британийн цэргүүд, удаалаад Автрали, Энэтхэг, дараа нь Японы арми тайвань, солонгос цэргээ дагуулаад ирсэн. Дайны дараа Их Британийн цэргүүд коммунист бослогыг дарахаар эргэж ирсэн. Дараа нь Сингапур тусгаар тогтнов. Индонез Малайзын эсрэг “сөргөлдөөн”-өө эхлүүлэв. Улс төрийн өөрчлөлтийн хүчтэй урсгал намайг хаман авч одсон юм. Би нөхдийнхөө хамт 1954 онд Ард Түмний Үйл Хэргийн Намаа байгуулж байхдаа бидний өмнө ямар аюул, бэрхшээл хүлээж байгааг мэдсэн бол бид тэр аюултай аялалд гарах байсан болов уу? Бид дэндүү түвэгтэй, адармаатай бэрхшээлүүдтэй тулгарна гэдгийг мэдсэн бол улс төрд тийм их эрч хүч, өөдрөг дэврүүн сэтгэлтэй орохгүй байсан юм.

1950- аад онд коммунистууд Хятадад ямар их амжилтад хүрснийг Сингапур, Малайд амьдардаг хятадууд олж мэдээд баяр хөөрөөр буцалж байлаа. Гэтэл англи хэлтэй, колоничлолын үеийн хөрөнгөтний төлөөлөл болсон бидний хэдэн нөхөд тэр үед хүн амын дийлэнхийг эзэлдэг хятадуудтай хятад хэлээр ярьж, өөрсдийгөө ч ойлгуулж, таниулж чадахгүй байж тэмцэл, тулаанд тэр чигээрээ шуударч орсон юм.

Малайн Коммунист Намтай тэмцэлдэнэ гэж яаж зүрхэлж чадав аа? Бид тэр үед ийм зүйлийн талаар огт бодож байгаагүй. Бид зүгээр л британичуудыг нутагт нь буцаахыг хүсэж байв. Учрах аюул бэрхшээлийг умартсаар бид урагшилж байлаа.

Бидний зүрх сэтгэлийн дуудлага ухаан бодлоос маань илүү хүчтэй байв. Нэгэнт эхлүүлсэн тэмцэлдээ бид улам бүр л гүнзгий шигдэж байв.

Бид бодож байснаас ч эрт коммунистуудтай тэмцэж, зэвсэгт нууц бүлгүүдээр араа хамгаалуулсан коммунист ажилчид, оюутнууд, соёлын байгууллагуудын нэгдсэн фронттой өрсөлдсөн юм. 1963 онд Малайтай нэгдэж, Малайз улсыг байгуулах замаар бид коммунистуудыг бут цохих асуудлаа шийдвэрлэсэн. Гэвч Малай үндэстний нэгдсэн байгууллагын удирдлага дахь малайн хэт үндсэрхэг үзэлтнүүд малай үндэстний ноёрхол бүхий нийгэм байгуулахыг хүсэж байсныг олж мэдэв. Энэ нь угсаатан хоорондын мөргөлдөөн, байнгын зөрчилд түлхэж, эцэст нь 1965 онд Сингапур Малайзын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносон.

Тэгтэл биднийг Индонезийн “сөргөлдөөн” тосож авсан юм. Индонезийн сөргөлдөөн 1966 онд зогсмогц Их Британи Сингапураас цэргээ гаргана гэдгээ 1968 онд зарлалаа. Ийнхүү бид нэг асуудлын ард гараад л өмнөхөөсөө ч хүнд хэцүү асуудалтай тулж байсан юм. Ямар ч найдлагагүй болсон мэт хэцүү үе бидэнд бишгүй олон тохиолдож байв. Эрх мэдэлд хүрсний дараах эхний хэдэн “дадлагажих” жилүүдэд бид олон чухал сургамж олж авсан юм.

Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байсан учраас бид тэдгээрт нийцүүлэн бодлогоо боловсронгуй болгож, шинэ зүйлд тасралтгүй суралцаж байв.

Манай засгийн газрын хэд хэдэн сайд, Кен Сви, Ража, Сью Сен зэрэг сайд нар маань их юм уншдаг, шинэ санаа бодолд нээлттэй ханддаг, гэхдээ шинэ юм болгоныг тэр дор нь шүүрч аван хөнгөн хуумгай ханддаггүй байсан нь миний хувьд маш их олз байв.

Бид уншсан сонирхолтой ном, нийтлэлүүдээ бие биедээ дамжуулан уншуулдаг байлаа.

Эхний хэдэн жилд бид туршлагагүй, гэнэн байв. Гэвч аливаа шинэ санааг хэрэгжүүлэхээсээ өмнө заавал ч үгүй туршиж, болгоомжтой ханддаг байсан нь биднийг аварсан юм. Байнгын дарамт шахалт, сорилт бэрхшээлийг даван туулах явцад миний нөхөд, бидний хооронд нөхөрлөлийн гүн бат холбоос гагнагдсан юм. Шил шилээ даран гарч ирж байсан олон хямралын явцад бид нэг нэгэндээ өөрсдийн амь насаа даатгаж байв. Бид бие биедээ итгэдэг, нэг нэгнийхээ давуу, сул талыг сайн мэддэг, сул талыг нь ойлгож, хүлээн зөвшөөрдөг байв.

Бид хэзээ ч иргэдийн дунд санал асуулга явуулж, юу хийхээ тодорхойлж байгаагүй.

Харин Сингапурыг коммунист бус, аль нэг угсаатан давамгайлан ноёрхогч бус, харин эрч хүчтэй нийгэм болгож хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай байгааг тодорхойлж, өөрсдийн бодлогоо ард иргэддээ ойлгуулж, дэмжлэгийг нь авч ажилладаг байв.

Бид 1959 онд анх улс төрд орохдоо улс орныг яаж удирдан залах, эдийн засаг, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар маш бага ойлголттой байв. Шударга бус, тэгш бус нийгмийг сайн сайхан болгож өөрчилье гэсэн хүсэл эрмэлзэл л бидний дотор оргилж байсан юм.

Харин ийм өөрчлөлт хийхийн тулд улс төрийн эрх мэдлийг олж авах шаардлагатай байлаа. Улс төрийн эрх мэдэлд хүрснийхээ дараа бид дуусгаагүй ажлаа дуусгахын тулд ард иргэдийнхээ дэмжлэгийг хүлээж, эрх мэдлээ хадгалж үлдэх шаардлагатай болсон.

Би шударга, үр ашигтай, иргэдийн хэрэгцээг шийдвэрлэж чадахуйц тогтолцоог бүрдүүлэхийн тулд чадварлаг эрчүүдийг сайд, эрх мэдэл бүхий төрийн бусад өндөр албан тушаалд томилдог байсан.

Ажилчдыг өөрийн талд татах, үүний зэрэгцээ хөрөнгө, мэдлэг, менежментийн ур чадвар, гадаад зах зээл бүхий хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээг хангаж, Малайзаас хараат явж ирсэн эдийн засгаа Малайзын туслалцаагүйгээр хөгжүүлэх шаардлагатай байсан юм. Бид ажилдаа суралцаж, хурдан өсөж байв. Хэрэв бидний амжилтыг тайлбарлах ганцхан жор байгаа гэж үзвэл тэр нь бидний зүгээс юу хийвэл амжилт олох, эсвэл яаж хийвэл илүү амжилт олж болох вэ гэдгийг зогсолтгүй судалж, эрэл хайгуул хийж байсан явдал гэж би хэлнэ.

Би хэзээ ч аль нэг онолын “барьцааны хүн” байгаагүй ээ. Би зөвхөн учир шалтгаан, бодит нөхцөл байдалд захирагддаг байсан юм. Аль нэг онол, тогтолцоог судлахдаа “Бодит амьдрал дээр энэ бүтэх үү?” гэдэг асуултыг зайлшгүй тавьж шинжилдэг байв.

Энэ бол миний олон жил алба хашихдаа хийсэн ажлуудыг маань холбосон алтан утас билээ. Хэрэв тухайн онол бүтэлгүйтэж, сайн үр дүн авчраагүй бол би дахин цаг зав, хөрөнгө хүчээ үрдэггүй байв. Би нэг алдаагаа барагтаа бол дахин давтдаггүй, мөн аль болох бусдын хийсэн алдаанаас суралцахыг чармайдаг байв. Би шинжээчид, хагас дулимаг мэргэжилтнүүд, ялангуяа нийгэм, улс төрийн шинжлэх ухааны эрдэмтдийн зөвлөгөө, шүүмжлэлийг тоохгүйгээр ажлаа явуулаад заншчихсан юм.

Эдгээр хүмүүсийн нийгмийн хөгжлийн талаар, ялангуяа ядуурлыг бууруулах, нийгмийн халамжийг өргөжүүлэх чиглэлээр баримталдаг онол нь тэдний мөрөөдлийнх нь илэрхийлэл байдаг. Би зөв шийдвэр гаргахыг дандаа хичээдэг, гэхдээ заавал улс төрийн хувьд зөв шийдвэр байх ёстой гэж зүтгэдэггүй байв. Сингапурт төлөөлөгчийн газартай барууны хэвлэл мэдээллийн сэтгүүлчид өөрсдийн онолоо номлож, миний хэрэгжүүлсэн бодлогыг шүүмжлэн, манай засгийн газар болон сонгогчдод нөлөөлөхийг оролддог байлаа.

Харин ард иргэд маань засгийн газартайгаа адилхан прагматик, бодит хандлагатай байсан нь үнэхээр олзуурхууштай. Сингапурын хөгжлийн түүх бол аж үйлдвэржсэн орнуудын давуу талуудыг, тухайлбал, тэдний шинэ нээлт, технологи, бизнес, эрч хүчийг тусган авсны үр дүн билээ. Энэ бол хүн төрөлхтөн баялаг бүтээх, сайн сайхан амьдрахын тулд шинэ арга замыг хайж олдог түүхийн нэг хэсэг.

120 орчим загасчид л амьдарч байсан арлыг “Ийст Индиа” компанийн (East India Company) ажилтан Стамфорд Рафлс 1819 онд олж зангуугаа буулган, Энэтхэгээс Хятад хүрэх далайн зам дээр байрладаг асар том худалдааны төв болгон өөрчилсөн юм.

Угтах ирээдүй маань сайн сайхан, гэрэл гэгээтэй харагдахын зэрэгцээ тодорхой бус нөхцөл байдлаар дүүрэн. Аж үйлдвэржсэн нийгмийн халааг мэдлэгт суурилсан нийгэм залган авч байна.

Тиймээс ирээдүйд улс орнууд мэдлэгт суурилсан, суурилаагүйгээрээ хуваагдах болно. Сингапур мэдлэгт суурилсан ертөнцийн нэг хэсэг болохыг чармайх ёстой.

Сүүлийн гучин жил бид амжилттай сайн хөгжсөн нь ирээдүйд яг энэ маягаар явахын баталгаа болохгүй ээ. Харин биднийг хөгжилд хөтөлсөн үндсэн зарчмуудаасаа ухрахгүй явж чадвал бид ирээдүйд ч мөн амжилт олох магадлал өндөр. Хөгжлийн үр шимийг хувааж хүртээх замаар нийгмийн эв эеийг цогцлоох, хүн бүрд тэгш боломж олгох, хамгийн шилдэг эрэгтэй, эмэгтэйчүүдийг ялангуяа засгийн газрын удирдлагад ажиллуулж, авьяас чадварыг дээдэлдэг тогтолцоог хадгалах гэсэн энэ зарчмуудаа бид хэзээ ч гээх ёсгүй.

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 151 санал өгсөн байна.

Дээшээ