Номын хэсгээс: Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал-1

GoGo.mn

2017-06-29 15:22 GMT+8

Зун бол амрах, оюуны алжаалаа тайлахад хамгийн тохиромжтой улирал байдаг. Иймээс та уншихыг хүссэн номуудаа яг одоо уншиж өөртөө цаг гаргаарай. Gogo.mn сайт Монсудар хэвлэлийн газартай хамтран дэлхийн сонгодог зохиолуудаас цувралаар хүргэж байна.

Эхний цувралаараа 1950-1980-аад оны хооронд дэлхийн бүх хэлээр орчуулагдсан, Ярослав Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал” зохиолоос хүргэж байна.

I БҮЛЭГ

Эрэлхэг цэрэг Швейк дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон нь

-Ингэхэд манай Фердинандыг алчихсан юм биз дээ гэж зарц авгай нь Швейкид хэлэв. Хэдэн жилийн өмнө эмнэлгийн комисс өөрийг нь мангуу гэж тооцсоноос хойш Швейк цэргийн албаа орхиод муусайн ноход цуглуулж сайн угсааны гэдэг хуурмаг нэр зохиож худалдах болжээ. Үүнээс гадна үе мөчний өвчинд нэрвэгдээд , үүнийг үгүүлж байгаа энэхэ н үед өвдөгтөө тос түрхээд илж суув.

Швейк өвдгөө илэх зуур,

-Мюллер гуай, ямар Фердинандыг тэр вэ? Миний таних хоёр Фердинанд бий. Нэг нь эм найруулагч, Прушийнд ажил хийдэг, яагаад ч юм бэ нэг удаа андуураад үс ургуулахад хэрэглэдэг эм нэг шилийг уучихаж билээ. Нөгөө Фердинанд нь нохойн баас зууруулдаг юм. Тэр хоёрын аль нь ч үхлээ гэсэн огтхон ч гарз алга аа.

-Үгүй эзэнтэн яагаав дээ Конопишид суудаг байсан нөгөө шүтлэг бишрэлтэй шадар бүдүүн ванг гэхэд

-Шадар ван! Ээ сахиус минь ээ! Хачин юм аа Шадар ван гуайд хаана тийм гай учирч орхив?

-Хатантайгаа хоёулаа машинаар явж байхад нь гар буугаар Сараевт цааш нь харуулчихаж гэнээ.

-Үгүй ер өө, машинаар гэнэ үү, Мюллер гуай. Яая гэх вэ, тийм өндөр дээдэстэн тэгж наргиж болох ч юм аа. Харин машинаар тэгж наргих нь сүүлдээ муугаар төгсөнө гэж лав бодоогүй байж таарна даа. Тэгээд бас Сараевт шүү! Мюллер гуай тэр Сараев гэдэг чинь Боснид байгаа юм шүү… Энэ хэргийг бол янз нь Туркүүд хийсэн байж таарах нь. Бид уул нь тэдний тэр Босни Герцеговина руу гар сарвайх хэрэггүй л байсан юм. За тийм хэрэг болдог байжээ. Мюллер гуай, Шадар ван тэгээд таалал төгсөө юм биз дээ. Удаан тарчилж гэнэ үү?

-Шадар ван гуай тэр дороо нам болсон юм байх аа. Гар буу тийм ч тоглоом биш шүү дээ. Саяхан манай энэ зусланд нэг хүн гар буу оролдож байгаад, гэрийнхнийгээ цөмийг, бас дөрвөн давхраас хэн юү буудаад байгааг нь үзэхээр очсон үүд харгалзагчийг алчихсан.

-Зарим гар бууг чинь яаж ч оролдоод дуугарахгүй шүү. Тиймэрхүү хийцтэй гар буу гэж өдий төдий. Гэхдээ эрхэмсэг шадар ванг үгүй хийх гэж арай тусгай юм сонгож авсан биз дээ. Мөн тиймэрхүү ажил хийх гэсэн хүн лав аяыг нь олж хувцасласан байгаа гэж мөрийцөхөд ч би бэлэн байна. Тийм өндөр дээд ноёнтонг буудчих гэдэг амар хэрэг биш ээ. Энэ чинь нэг тэнүүлчин явжээ байгаад ой харгалзагчийг буудчихдагтай адилгүй. Энд чинь хамгийн гол нь Шадар ванд ойртоход л байгаа юм. Тийм хүнд уранхай навтастай ойртож яавч болохгүй, заавал ч үгүй бүрх малгай тавих хэ рэгтэй, ингэхгүй бол цагдаад ч баригдаж мэднэ.

-Тэнд хүн амьтан их олон байсан гэж дуулдах юм. Швейк өвдгөө илж дуусаад, Мюллер гуай! тэр ч заавал тийм байж таарна. Ухаан нь та шадар ван юм уу эзэн хааныг алъя гэж боджээ гэвэл та заавал нэг хүнтэй зөвлөж таарна. Нэг хүний санаагүйг нөгөө хүн санах шүү дээ. Нэг нь нэг юм, нөгөө нь бас өөр юм хэлж очиход “амжилт олох зам нээгдэнэ” гэж манай сүлд дуунд гардаг шиг болно. Гол нь тийм өндөр дээд хүн хэдийд хаагуур явахыг шинжлэх хэрэгтэй.

Манай талийгаач Елизаветаг хуурайгаар дүрчихсэн Люкенийг санаж байна уу? Тэр чинь түүнтэй цуг зугаалж явсан юм шүү дээ. Тэгэхлээр ер нь хүнд итгэхийн эрх байна уу? Тэр цагаас хойш ганц ч эзэн хатагтай гадаа зугаалахаа больсон юм. Дахиад олон хүн ийм осолд орно шүү дээ. Хараад байгаарай Мюллер гуай, эд чинь мөд оросын хаан, хатан хоёрт ч гар хүрч мэднэ.

Өвөг ахаас нь эхэлж байгаа хойно, магадгүй гай болж манай эзэн хаанд ч халдаж мэднэ. Тэр хөгшинд чинь Фердинандаас арай илүү олон өштөн байгаа шүү. Саяхан гуанзанд нэг хүн: “Цаг ирэхээрээ энэ эзэн хаад дараа дараагаараа нисээд өгнө. Улсын прокурор ч тус болж чадахгүй” гэсэн гэнэлээ. Тэгсэн чинь тэр этгээд , уусан шар айргийнхаа үнийг төлөх юм байсангүй учир гуанзны эзэн, цагдаа дуудахад хүрчээ. Гэтэл тэр этгээд буудлын эзнийг нэг, цагдааг хоёр тавьж гэнэ ээ. Дараа нь түүнийг согтууг нь гаргахаар шорон руу аваачжээ.

Хорвоод чинь хачин юм болох болжээ, Мюллер гуай! Ингэхэд Австрид дахин нэг гарз учирсан юм биз дээ. Намайг цэргийн албанд байхад нэг явган цэрэг ахмадыг буудчихаж билээ. Тэр цэрэг буугаа сумлаж аваад албан тасалгаанд оржээ. Тэнд байсан улс, энд чамд хийх юм үгүй, гар гэхэд , заавал ахмадтай уулзана л гээд байж. Ахмад гарч ирээд гадуур чөлөөгөөр явах эрхийг нь хасаж л дээ, тэгтэл нь зүрх рүү нь тас хийлгэчихсэн гэдэг . Сум нь ахмадыг нэвтэлж гараад, бэхийн сав хага онож, бэх нь албан бичиг сэлтэн дээр асгарч бас бөөн хэ рэг тарьж билээ гэхэд Мюллер гуай хэ сэг зуур дуугүй болсноо Швейкийг хувцсаа өмсөж байхад "Тэр цэргийг тэгээд яасан бэ?" гэж асуусанд цаадах нь малгайгаа цэвэрлэх зуур: –М өрөвчөөр боож үхсэн юм. Тэр мөрөвч бас өөрийнх нь биш, өмд шувтарчихаад байна гэж шоронгийн хуягаас гуйж авсан юм билээ. Буудаж алуулахыг хүлээлтэй ч биш дээ. Үгүй тэгээд Мюллер гуай арга ч үгүй шүү дээ. Тийм байдалд орсон хэн хүний толгой эргэлгүй яах вэ. Шоронгийн хуягийг албанаас нь халж зургаан сарын ял оногдуулсан боловч, түүнийгээ эд лэлгүй Швейцари руу оргоод одоо тэнд нэг сүмд санваартан болсон гэнэ билээ…

Мюллер минь одоо чинь үнэн шударга хүн цөөн болжээ. Миний бодоход, шадар ван гуай Сараевт өөрийг нь буудсан тэр хүнд л осолдож итгэсэн байж таарна. Тэр хүнийг үзээд “намайг талархан мэндэлж байгаа болохоор сайн хүн байна” гэж л бодсон байх. Тэгтэл цаадах нь тас хийлгэчихээ биз. Нэг сум зоогоо юу, хэд хэд ийг үү? гэв.

-Шадар ванг сэг болтол нь бүх сумаараа буудчихсан гэж сонинуудад бичсэн байна эрхэм ээ!

-Яах ийхийн зуургүй л тэгж буудчихдаг юм даа. Мюллер гуай, тун ч төлөөгүй шүү. Би л тийм хэрэг хийх байсан бол Брауниг гэдэг жижиг буу авна. Хүүхдийн тоглоом шиг харагдах мөртлөө, хоёр хормын дотор түүгээр чинь тарган туранхай ялгаагүй хориод шадар ванг буудчихаж болох юм даг. Энүүхэндээ гэж ярихад байна шүү дээ Мюллер гуай тарган хүнийг ононо гэдэг туранхайг онохоосоо амар байх юм шүү.

Португалид эзэн хааныг нь яаж буудсаныг та санаж байна уу? Тэр чинь бүр ийм бүдүүн байсан юм. Хаан гэдэг туранхай байж таарахгүйг та өөрөө мэднэ шүү дээ...

За би “хонхорын” гуанзанд очлоо... Нөгөө гөлгийг хүн авах гээд ирвэл манай хотын захын нохдын байранд байгаа, чихийг нь саяхан засаж хайчилсан эдгэхээс нь нааш авчирч болохгүй, салхи цохиулчихаж мэднэ гэсэн гээрэй. Түлхүүрээ үүдний хүнд үлдээчихээрэй.

“Хонхорын” гуанзанд ганцхан хүн байсан нь нууц цагдаагийн газрын төлөөлөгч Бретшнейдер гэгч ажээ. Гуанзны эзэн Паливец сав суулга угааж, Бретшнейдер түүнтэй чухал юмны тухай яриа үүсгэх гэж өдөж ядаж байв. Паливец нэг үг хэлээд л хараал хэлж, “хошного” “баас” гэж зүхдэг бүдүүлэг муухай зантайг нь хэн бүхэн андахгүй. Гэхдээ ном судар их уншсан, Ватерлогийн дэргэдэх тулалдаанд Наполеоны хуучин торгон цэргүүд Англичуудын бууж өг гэсний хариуд “баас, торгон цэргүүд үхэхээс нааш бууж өгдөггүй юм” гэж хариулсан тухай, Виктор Гюгогийн зохиолд юу гэж бичигдсэнийг уншиж үз гэж зөвлөдөг байв.

Бретшнейдер яриа үүсгэж, энэ жил сайхан зун болж байна шүү гэхэд Паливец шүүгээн дотор сав суулга хийж,

-Эд бүгдийн үнэ ч гэж дээ баас гэв.

-Сараевт бидэнд бас бөөн хэрэг тарьжээ гэж Бретшнейдер үг дуулахыг горилон дуугарахад;

-Ямар “Сараевт тэр вэ? Нуселийн буудалд тэр үү? Нусел гэдэг чинь өдөр болгон зодоон гарч байдгаараа нэртэй газар шүү!

-Үгүй Боснийн Сараевт манай шадар ван Фердинандыг буудаад алчихсан байна, ямар вэ дээ? гэлээ.

-Би тийм хэрэгт оролцдоггүй. Тийм хэрэг төвөг өдөж байдаг улсыг зүгээр бөгс рүү нь өшиглөөд хөөвөл таарна гэж Паливец тамхиа асаах зуур эелдгээр хариулаад, одоо тийм хэрэгт оролцох гэдэг чинь толгойгүй болно гэсэн үг. Би бол гуанзны эзэн хүн. Манайд ирээд аяга шар айраг ууя гэсэн хүнд би хийгээд л өгнө. Харин аль нэг Сараев, улс төрийн бодлого, талийгаач шадар ван эд бүгд бидэнд падгүй хэрэг. Тэр чинь бидний тухай бичсэн зүйл биш. Энэ чинь улс төрийн хэрэгтний шоронд орно гэсэн үг гэв.

Бретшнейдер дуугүй болоод, гуанзны хоосон өрөөг урамгүй эргэцүүлэн харав. Хором хэр болсноо энд хуучин их эзэн хаантны хөрөг байдаг сан, яг энэ толь байгаа газарт гэв. Паливец үүнд,

-Таны хэлдэг яриангүй үнэн байсан юм. Гагцхүү ялаа дээрээс нь сууж бузарлаад байхаар нь би аваад дээврийн хонгилд хийчихсэн. Хэн нэг хүн тэр тухай хэрэггүй үг дуугарчихаад гай чирч болох юм. Тийм гайны хэрэг надад юу байх билээ? гэв.

-Сараевт тун базаахгүй юм болж таарчээ дээ, гуанзны эзэн гуай? гэхэд Паливец шуудхан тавьсан энэ асуудалд тун болгоомжтойгоор хариулсан нь:

-Тийм ээ, өдийд Босни Герцеговинад айхавтар халуун байдаг юм. Намайг тэнд алба хааж байхад манай ахлах дэслэгч толгойдоо мөсөөр жин тавьдаг сан гэлээ ...

http://monsudar.mn/ 

САНАЛ БОЛГОХ

 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ