“Бүсгүй минь, нүүрээ угаа” номын тэмдэглэл: Шуурган дундах бамбар

GoGo.mn

2019-04-23 10:55 GMT+8

Бүтэн сарын турш өндөг, овъёос, ногоон цайнаас өөр зүйл идэхгүй байх, тураах хоолны хахир дэглэмийг сахихуй дор  арай ядан найм дахь хоног дээрээ “эм хүний ноён нуруу” минь хугарсан байдаг юм..

Энэ бүхний хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь “Бүсгүй минь, нүүрээ угаа” хэмээх Киви-гийн Ука шиг шингэн шар үстэй хүүхний зурагтай ном юм. Амжилттай яваа эмэгтэйчүүдийн түүхийг бишгүй л уншиж, түүгээрээ тэтгэгдэж, нэг хэсэгтээ л залуураа болгож урам зориг аван хөглөгддөг над шиг хүмүүс зөндөө бий.

“Хүчтэй бай, хатуужилтай бай, та бол дахин давтагдашгүй” гэх мэт бидний сэтгэлзүйг өргөсөн  үг, энд тэндгүй таарах нь сүүлдээ бөөлжис цутгамаар санагдуулдаг. Дандаа л дүрэм журам, сахил санваар, болохгүй, хориотой, ингэвэл чи зовно тэгвэл чи аз жаргалыг олно... нүүр номоор дүүрэн гоё сайхан хүүхнүүдийн зурагтай ишлэлүүд... Би лав үнэндээ залхсан... Харин Та?

Тураах хоолны  дэглэмийн хувьд яагаад тэссэнгүй вэ гэж үү? Царай зүсийг нь  харж гар барин танилцаагүй холын хэрнээ дэлхийн бүх хүүхнүүдийн сэтгэлзүйч болсон Рэйчел холлис намайг өөрийгөө ингэж “шийтгэх”-ийг минь зөвшөөрсөнгүй. 205—р хуудсанд  түүний төгс бие галбирын тухай аминчхан яриа, зөвлөгөө, жингээ хэрхэн хурдан хассан түүх гэхээсээ илүүтэйгээр эрүүл саруул эмэгтэй таныг юу хүлээж байгааг өөрийн бяцхан туршлага, хэрэг болсон зүйлсээ цохон тэмдэглэсэн нь миний сэтгэлийг хөдөлгөж, би чинь эгээтэй л марафонд түрүүлсэн  тамирчин  тууз таслан барианд орох лугаа тааламжтай болж, ханан дээрх харгис цэсний тэмдэглэлдээ баяртай гэж хэлсэн юм.

Шаргал үст маань хоолны дэглэмгүйгээр зах замбараагүй ИД гэсэнгүй. “Бие бялдар болоод сэтгэл санаагаа бүү хүчирхийл, буруу бүхнийг зогсоо. Зүгээр л хэзээ ч дуусашгүй энэ чөтгөрийн тойргоос гараарай. Таны амьдрал нэг гайхалтай газраас нөгөө гайхалтай газарт очих аялал болохоос нэг газраа эргэлддэг морин тойруулга биш шүү дээ. Тэр ч бүү хэл “Өөрийгөө зөнд нь хаях нь аймшигтай доромжлол юм шүү...” гэж энэ бүлгийн төгсгөлд хатуурхсан байна лээ. За тэгээд аливаа зүйлд авах гээхийн ухаан чухал шүү.

Бодоод байхад дотоод гадаад, монгол англигүй энэ бөмбөрцгийн бүх хүүхнүүдийн асуудал хэзээ ч дуусашгүй мөнхийн тойруулга мэт. Бидэнд хөндөгддөггүй сэдэв гэж алга... Ажил амьдрал, үр хүүхэд, үс гэзэг, илүү дутуу жин, хайр дурлал, нууц амраг, бүтсэн бүтээгүй дурлал, секс, мөнгө, даашинз, цүнх, туфль, хумс, хашаанд тарих цэцгийн үрсэлгээ. Үгүй ер нь есөн шидийн асуудлаар  алдхан биеэ дарсан,  бүсгүй та унтрах эрхгүй ШУУРГАН ДУНДАХ БАМБАР  уу? Энэ амьдралын альхан хэсэгт бидэнд зориулсан таатай зүйл угтаж байгааг хэлээд өгөх бурхан байна уу? Уучлаарай... тийм бурхан байхгүй...

“Өөр хэн нэгэн амьдралыг тань засаад өгөхийг хүлээхээ боль. Эсвэл нэг л өдөр ид шидийн мэт бүх зүйл сайхан болчих мэт бүү мөрөөд. Зөв эр, зөв ажил, зөв гэр орон, зөв машин гээд зөв зүйтэй л болчихвол бүх зүйл сайхан болно гэж мөрөөдөхөө зогсоо. Өөрийгөө хэн болохыг, ямар өөрчлөлт хийх хэрэгтэйгээ шударгаар тодорхойлоорой...” гэж тэр  шулуухан хэлсэн нь таалагдав.

Сайхан байна. Амьдралын аль барааныг харж сэтгэл түгшиж явах вэ дээ. Нэг номноос ч гэсэн хэсэгхэн цэнэглэгдэж, өдөр бүр уруулаа будаж, торон трико дэрвэгэр юбка, өндөр өсгийттэй өдрүүдэд инээд алдан тантай зөрье.

Ингээд төгсгөлд  надад хамгийн их таалагдсан хэсгээ найз минь чамд бас үлдээлээ.

“Бүсгүй минь амьдралдаа эзэн бол. Эм уухаа, нуугдаж тоглохоо, айдаст автахаа, өөрийгөө хэмлэхээ, чадахгүй гэж хэлэхээ зогсоогоорой. Сөрөг бодлоо хаяж, өөрийнхөө эрүүл мэндийг муутгахаа, маргааш нөгөөдөр гэж хойшлуулахаа болиорой. Өнгөрсөнд харамсаж уйлахын оронд ирээдүйгээ гартаа оруулаарай. Яг одоо бос. Хаана байгаа газраасаа өндийж, өчигдрийн зовлон гунигийн нулимсаа хатаагаад дахин эхэл...”

БҮСГҮЙ МИНЬ, НҮҮРЭЭ УГАА...

                                                                                 \Тэмдэглэлийг бичсэн: А.Навчаа. 2019.04.21\

САНАЛ БОЛГОХ

 
 

Дээшээ