Номын хэсгээс: ШОК НОМЛОЛ 3 - Боловсролын боловсон дээрэм

GoGo.mn

2019-05-22 08:44 GMT+8

Канадын сэтгүүлч Наоми Клайны Шок номлол: Гамшгийн капитализмын үүсэл номын хэсгээс уншигчдадаа  цувралаар хүргэж байна.

Нью-Йорк таймсыг бестселлер тус бүтээлийг “Монсудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргажээ. Тус бүтээлд Милтон Фридман тэргүүтэй неолиберал эдийн засагчдын гаргаж ирсэн Шок номлол улс орнуудад хэрхэн хэрэгждэг тухай өгүүлнэ. Түүгээр ч барахгүй өнөөгийн Монгол улсын сүүлийн 30 жилийн ээдрээтэй, эргэлзээтэй асуудлуудын зангилааг бага боловч уншигчдад тайлна.

----------------------------------------------------------------------------------------------------------------

Мильтон Фридманы хувьд төрөөс санхүүждэг боловсролын системээс социализмын л үнэр нэвт ханхалдаг аж. Түүнийхээр бол төрийн цор ганц үүрэг нь “хилийн гадна болон дотор байгаа болзошгүй дайснууд, мөн хамт амьдарч буй хөршүүдээс бидний эрх чөлөөг минь хамгаалах: хэв журмыг сахиулах, хуульт ёсыг хамгаалах, хувийн гэрээ хэлцлийн гүйцэтгэлийг хангах, өрсөлдөөнт зах зээлийг дэмжих” юм.

Өөрөөр хэлбэл, төр нь цэрэг, цагдаа хоёроо л гаргавал барав. Үнэ төлбөргүй боловсрол олгох гэх мэт илүү ажилд оролцох нь зах зээлийн жам ёсонд харшилж буй хэрэг гэжээ.

Даланг засах, цахилгаан дамжуулах сүлжээний холболтыг сэргээх зэрэг урагшилж өгөхгүй байсан ажлуудыг бодвол Нью-Орлеансын боловсролын системийг хувьчлах ажил цэрэгжсэн гэмээр зохион байгуулалтын доор яах ийхийн зуургүй болж өнгөрөв. Хотын орлого багатай иргэд орох оронгүй хэвээр байхад арван есхөн сарын дотор Нью-Орлеансын улсын сургуулийн систем бараг тэр аяараа хувийн удирдлагатай гэрээт сургуулиар солигдсон байлаа. Катрина хар салхинаас өмнө боловсролын зөвлөлийн мэдэлд улсын 123 сургууль байсан бол одоо 4 л үлджээ. Шуурганаас өмнө 7 ширхэг гэрээт сургууль байсан бол 31 болж өссөн байна. ­

Нью-Орлеансын багш нарыг хүчтэй эвлэл төлөөлдөг байсан бол харин одоо үйлдвэрчний эвлэлийн гэрээг хүчингүй болгон устгаж, 4700 гишүүний бүгдийнх нь гишүүнчлэлийг цуцлав. Шинэ залуу багш нараас заримыг нь гэрээт сургуулиуд ажилд авсан ч өмнөхөөсөө бага хөлсөөр цалинжуулах болсон байна. Ихэнх нь ажилгүй үлджээ.

Ингээд Нью-Йорк Таймс сонины дүгнэснээр Нью-Орлеанс нь “Гэрээт сургуулийн хүртээмжээр улсдаа тэргүүлэх лаборатори” болсон бол Фридманы талыг баримтлагч Американ Энтерпрайз Институт “Луйзианагийн дэвшилтэт үзэлтнүүд олон жил үзээд бүтээгүй боловсролын шинэчлэлийг... Катрина хар салхи ганц өдрийн дотор амжууллаа” гэв. Харин үерийн хохирогчдод зориулж төсөвлөсөн мөнгөөр улсын боловсролын системийг хувьчилж байгааг яаж ч чадалгүй харж суусан улсын сургуулийн багш нар Фридманы энэ төлөвлөгөөг “Боловсролын боловсон дээрэм” гэж нэрлэсэн билээ.

Чикагогийн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн удирдах зөвлөлийн дарга нь Теодор В.Шултц байв. Раул Пребиш болон Латин Америк дахь бусад pink economy capitalism “ягаан” эдийн засагчдын нөлөө аймшигтай өсөж байгаад Паттерсон тун санаа зовж байв. “Хүмүүс яаж төлөвшиж байгааг өөрчлөх, тэгэхийн тулд боловсролын системд нь нөлөөлөх хэрэгтэй байна. Энэ ч хэцүү шүү” гэж тэр хамтрагчдадаа ярьдаг байж.

Чикагогийн дэг сургууль номлолд Чилийн зуу зуун эдийн засагчдыг дагуулсан үйл явцыг 1990-ээд онд Чилийн гадаад хэргийн сайд байсан Хуан Габриел Валдес “АНУ-аас тэдний нөлөөллийн хүрээнд байгуулсан улсад үзэл суртлыг хэрхэн зохион байгуулалттай дамжуулж байгаа маш тодорхой жишээ... 1950-аад онд тусгай хөтөлбөрөөр олгогдсон эдгээр чили залуус боловсрол нь Чилийн эдийн засгийн үзэл санааны хөгжилд нөлөөлөх зорилготой байсан” гэжээ.

1970-аад оны үед, Чилийн диктатор Генерал Августо Пиночетийн зөвлөхөөр ажиллаж байхдаа олныг хамарсан гамшигт үйл явдал ямар ашигтайг Фридман ухаарсан байдаг.

Тухайн үед Чилийн ард түмэн давхар давхар шоконд ороод байлаа. Пиночет сүр бараатай, дуулиантай цэргийн эргэлт хийснээс гадна улс даяараа гиперинфляцид дарлуулж байв.

Фридманы тэр үед Пиночетэд эдийн засгийн эрчимт шилжилт хэрэгжүүлэхээр гаргасан санал нь: Татварыг бууруулах, чөлөөт худалдааг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг хувьчилж, нийгмийн халамжийг танаж, зохицуулалтыг чөлөөлье.

Пиночет, де Кастро хоёр халамжийн улсыг цэвэр капиталист утопи болгон цэвэрлэх ажлаа хийх хэрэгтэй болов. 1975 онд нэг дор 27 хувиар төсвийн зардлыг таналаа. Энэ мэтээр танасаар байж 1980 он гэхэд Альендегийн үетэй харьцуулахад тал хувь нь л үлджээ.

Эрүүл мэнд, боловсролын салбар хамгийн хүнд цохилтыг амсав.

Ингээд төд удалгүй Чилийн улсын сургуулиуд ваучераар санхүүждэг хувийн сургуулиудаар солигдов. Энэ бол тухайн үедээ дэлхийн хаана ч туршигдаж байгаагүй хамгийн ноцтой капиталист шинэчлэл байж, Пиночетийн эдийн засагчид нь Чикагогийн их сургуульд Фридманы гараар дамжсан хүмүүс байсан болохоор “Чикагогийн дэг сургууль”-ийн хувьсгал гэдэг алдар хүртлээ.

Үргэлжлэл бий.

Номын тухай дэлгэрэнгүй: http://www.monsudar.mn/books/view/334/

САНАЛ БОЛГОХ

 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4307 санал өгсөн байна.

Дээшээ