Та яагаад ажилдаа дургүй вэ?


2017-04-17 13:00 GMT+8

Бидний ажиллах арга барил нэг л болж өгөхгүй байна. Хичнээн та ажилгүй хүмүүстэй харьцуулахад азтай байгаа хэдий ч, оффис руугаа орохдоо тийм ч дуртай биш, тэнд өнгөрүүлж буй цаг хугацаандаа дургүй, ажлын хамгийн чухал төлөвлөгөөгөө дарамт гэж үзэж, таны хийж буй зүйлс амьдралд тань өөрчлөлт авч ирэхгүй байна хэмээн бодож байж магадгүй юм. Гэртээ харьсан хойноо ч, таны сэтгэлд нэг л хоосон, хөндий санагдаж, нөгөө л  и-мейлүүдийнхээ хариуг бичих үедээ бухимдсаар байна уу?

Энэхүү тохиолдол нь зөвхөн менежерүүдэд бус, удирдлагын ажилтнуудад ч нийтлэг байдаг.

Манай Энержи Прожект(The Energy Project) компани нь бусад компанийн  бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх,  удирдлагын албан тушаалтнууд болон ажилтнуудын харилцан холбоог сайжруулах, улмаар  гүйцэтгэлийг нэмэгдүүлэхэд хандуулж үйл ажиллагаа явуулдаг билээ. Жил гаруй хугацааны өмнө, хэдэн тэрбум долларын орлого бүхий Албемарл (Albemarle) компанийн  гүйцэтгэх захирал Люк Киззам(Luke Kissam) өөрийнхөө амьдралыг хэт их дарамттай байгааг өгүүлж, бидний нэг болох Тони(Tony)-г хувийн зөвлөгчөөр ажиллуулан бодол  санаагаа цэгцлэхийг хүсчээ. Тэрээр  “Би юу ч хийж байсан, миний  бодол санаа  шал өөр зүг рүү татагддаг”, “Иймэрхүү байдал нь надад миний компани, миний гэр бүл, өөрийгөө гэх мэт хэн нэгнийг байнга хуурч байгаа юм шиг санагддаг. Би ерөөсөө юунд ч төвлөрч чадахгүй байна.”  гэж хэлжээ.

Ноён Киззам иймэрхүү төрлийн асуудалтай цор ганц хүн биш юм. Харвардын эрүүл мэндийн сургуулийн профессор, сэтгэл мэдрэлийн эмч Сринивасан С.Пиллай (Srinivasan S.Pillay) ажиллагсдын  бие болон сэтгэлийн тэнхээ барагдах тухай судалдаг бөгөөд  түүний судалгааны дүнд, тохиолдлын чанараар сонгогдсон 72 удирдлагын ажилтнууд дунд бараг л бүгдэд нь бие сэтгэлийн тэнхээ барагдах хамгийн багадаа нэг шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоожээ.  

Галлап(Gallup)-ын 2013 оны тайлангаас харахад, Америкт ажилтнуудын  30 хувь нь өөрийн ажилдаа дуртай байдаг. Харин дэлхий дээрх 142 улсын хувьд авч үзвэл, энэ тоо нь  ердөө л  13 хувь байна. Товчхон  хэлэхэд бидний ихэнх нь өөрийн ажлыг үсээ зулгаамаар, гуниг гутрал төрүүлсэн, зарим тохиолдолд бүр ч доор гэж үздэг байна.

Өнөө цагийн энэ их эрэлт хэрэгцээ нь бидний нөөц бололцооноос даван гарч, ингэснээрээ бидний хамаг энергийг сорж, бүрэн дүүрэн амьдрахын тулд бүхий л ур чадвар, авьяас билигээ дайчлахыг шаардаж байна. Хэт их өрсөлдөөнт орчин, хомс байдал, ажлаас халагдах айдас зэрэг нь бидэнд ирж буй дарамтыг нэмэгдүүлнэ. Дижитал технологийн өсөн нэмэгдэлт бидний амьдралыг эрхшээлдээ оруулж, унших эсвэл  хариу илгээх зэрэгт хамаг цагаа зарцуулж буй нь  хамгийн их сөрөг нөлөөлөл үзүүлж байж магадгүй юм. 

Ажилтнуудын ажилдаа дур хүсэлтэй байх болон үр бүтээлт байдалд голчлон нөлөөлдөг хүчин зүйлсийг тодорхойлохын тулд бид Харвардын Бизнесийн судалгааны хүрээлэнгийнхэнтэй хамтран,  өргөн далайцтайгаар оффисын 12000 гаруй  ажилтны дунд судалгаа явууллаа. Мөн түүнчлэн, Энержи Прожектын харилцагч үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компанийн 6000 ажилтан, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанийн 2500 ажилтнаас уг судалгааг авсан билээ. Энэхүү гурван бүлгээс авсан судалгааны үр дүн ерөнхийдөө ижил төстэй гарчээ.

Үндсэн дөрвөн хэрэгцээ хангагдсан үед ажилтнуудын сэтгэл ханамж хамгийн өндөр, бүтээлч чанар бүр илүү байж чаддаг байна. Үүнд:

Бие махбодийн хэрэгцээ - өөрсдийгөө байнга шинэчлэх, цэнэглэх  боломжууд

Сэтгэл зүйн хэрэгцээ - тэдний  оруулсан хувь нэмрийг үнэлэх, түүнд нь талархах

Оюуны хэрэгцээ - тэднийг хамгийн чухал үүрэг даалгавраа гүйцэтгэхэд нь цогц арга замыг(тухайн ажил нь яг хэдийд, хаана бүрэн дууссанд  тооцохыг нарийн тодорхойлох) чиглүүлж өгөх боломжоор хангах

Сүнслэг хэрэгцээ - тэдний хамгийн сайн ба дурлаж хийдэг зүйлийг илүү хийлгэх, мөн ажлынхаа эрхэм зорилготой холбогдож чадсанаа мэдрэх
Сайн манлайлагчид ажилтнуудынхаа үндсэн хэрэгцээг хангахаар эрмэлзэж, тэднийг ажилдаа сэтгэл ханамжтай, илүү эрч хүчтэй, эерэг энергитэй, үнэнч хандах боломжийг олгох, ажил дээрх стрессийг нь бууруулах зэрэгт анхаарлаа хандуулдаг байна. Ажилтнуудын ядаж нэг хэрэгцээ нь л хангагдсан үед, тэдний гүйцэтгэлд маш их ахиц авч ирдэг гэнэ.

Энгайжмент -  “Ажилдаа татагдан орсон байдал, итгэл үнэмшил, дур хүсэл, урам зориг, үр өгөөж ба энергийн төвлөрөл” зэргээр тодорхойлдог бөгөөд тухайн компанийн гүйцэтгэлд шууд нөлөөлдөг байна.

2012 онд 192 орныг хамарсан 263 төрлийн судалгааны үр дүнд анализ хийж үзэхэд, ажилтнуудын энгайжментээрээ уг жагсаалтын эхний дөрөвний нэгт орсон компанийг сүүлийн дөрөвний нэгт орсон компанитай харьцуулахад:

“Ашигт ажиллагаа 29 хувь, хэрэглэгчдийн үнэлгээ 10 хувь өндөр байснаас гадна, хулгай 28 хувь, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зөрчил 48 хувь доогуур үзүүлэлттэй байсан байна.”

2012 онд зөвлөгөө үйлчилгээний компанийн 32 000 ажилтны ажлын албан шахалтыг судалж үзсэн Товерс Ватсон(Towers Watson)-ы тодорхойлсноор энгайжмент нь ажилтнууд сайн дураараа  нэмэлт хүчин чармайлт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх, өөрөөр хэлбэл хичнээн хүрэлцэхүйц хэмжээний бус “түлш”- тэй байсан ч хамгийн өндөр түвшний гүйцэтгэлтэй ажиллахыг хэлнэ. Хүсэл эрмэлзэлтэй байх нь чадвартай байна гэсэн баталгаа биш. Ватсоны судалгаанд хамрагдсан энгайжмент сайтай компаниудын үйл ажиллагааны цар хүрээ 14 хувь байхад, харьцангуй доогуур байр эзэлсэн компаниудын үйл ажиллагааны цар хүрээ 27 хувь байна.

Энгийнээр хэлэхэд, хүмүүс ажил дээрээ ямар мэдрэмжийг авч байгаа нь тэдний гүйцэтгэлд гүн гүнзгий нөлөөлдөг байна. Бидний судалгаа ажилтнуудын үндсэн хэрэгцээг хангаж өгснөөр тухайн компанид ямар үр дагавар авч ирэхийг харуулж байна.

Сэргээлт: 90 минут тутамд завсарлага авдаг ажилтныг өдрийн турш   огт амардаггүй ажилтантай харьцуулахад -

Анхаарал төвлөрөл 30 хувь, бүтээлч сэтгэлгээ 50 хувь илүү, мөн 46 хувиар  эрүүл чийрэг байдаг байна.

Долоо хоногийн турш 40-өөс олон цаг ажиллах,мөн удаан хугацаагаар амралтгүй ажиллах тусмаа  ажилтнуудын идэвхи санаачлага, үр бүтээмж буурдаг.

Эсрэгээрээ, ахлах албан тушаалтан нь түр хугацааны завсарлага авахыг дэмжиж, уриалдаг ажилтнууд ямар ч компани байсан ирээдүйд тогтвор суурьшилтайгаар ажиллахыг эрмэлздгээс гадна  эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн байдаг байна.  

Үнэ цэнэ: Ахлах ажилтнаасаа анхаарал халамж авч буйгаа мэдрэх нь түүний гаргасан бусад зан авираас илүүтэйгээр түүнд итгэх итгэл болон  аюулгүй байдлыг танихад нөлөөлдөг. Дээд албан тушаалтнаасаа байнгын дэмжлэг авдаг ажилтан бусадтай харьцуулахад 1,3 дахин илүү  тухайн байгууллагад үлдэж ажиллах сонирхолтой, ажилдаа татагдах - дур хүсэлтэй байх нь   67 хувиар илүү  байдаг байна.

Анхаарал төвлөрөл: Судалгаанд оролцогчдын ердөө 20 хувь нь л тухайн цаг мөчид нэг үүрэг даалгаварт анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг байна. Тэдгээр хүмүүс нь харин бусад ажилтантай харьцуулахад  ажилдаа /engaged?/ 50 хувь илүү татагддаг байна.

Үүнтэй адилаар судалгаанд оролцсон 3 хүний нэг нь л өөрт ноогдсон үүрэг даалгавруудаа эрэмбэ дараатайгаар үр өгөөжтэй гүйцэтгэх боломжтой байдаг бөгөөд тэдгээр хүмүүс 1,6 дахин илүү яг нэг зүйлд төвлөрч чаддаг байна.

Зорилготой байдал: Ажлынхаа утга учир болон ач холбогдлыг бүрэн ойлгосон ажилтнууд 3 дахин илүү тухайн ажилдаа уусан нэгдэж, 1,7 дахин илүү ажилдаа сэтгэл хангалуун, 1,4 дахин илүү ажилдаа татагтдаг байна.

Бид ихэнх удирдах ажилтнуудаас: “Танай ажилтнууд илүү эрч хүчтэй, өөрийн үнэ цэнийг мэдэрсэн, анхаарал төвлөрөл сайтай, зорилготой байх нь тэдний гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг үү?" гэж асуухад, тэд ямар ч эргэлзээгүйгээр “Тийм” гэж хариулдаг.

“Харин тэрхүү хэрэгцээг нь хангахад та бүхэн ямар дэмжлэг үзүүлдэг вэ?" гэхэд тэд хэлэх үггүй болдог.  

 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 583 санал өгсөн байна.

Дээшээ