Та ажлаасаа гарах болсныг илтгэх 10 шалтгаан


2017-05-29 13:00 GMT+8

Нэг өдөр манай босс  бүх ажилтны өмнө над уруу уурлаж хашгирлаа. Учир нь би алдааг нь засалгүйгээр бүтээгдэхүүнээ илгээчихсэн байв. Мэдээж энэ нь миний буруу байсан ч, тухайн үед би маш их ичсэн юм.

Аз болж тэр үед надад өөр ажлын санал ирсэн байсан тул би шууд л ажлаасаа гарахаар шийдэж, маргааш нь “Би ажлаасаа гарлаа” гэж даргадаа хэлсэн.  

Хэдэн жилийн дараа би ахин ажлаасаа гарч, түүнээс хойш компанийн ертөнцийг бүр мөсөн орхисон билээ.

Одоо тэр бүхэн ард үлдэж, би өөрийн амьдралын дараагийн бүлэгт орсноор ахин хэн нэгний эрхшээлд ажиллаагүй юм. Иймээс та ажлаасаа гарах цаг нь  болсон? үгүй?, яагаад өөрт буй санааг хэрэгжүүлэх шаардлагатайг, мөн өөрийн амьдралд зориулж ямар нэгэн  суурийг тавих хугацаа нь мөн  эсэхийг шийдэхэд тань туслахаар доорх 10 зүйлийг дурдлаа.

1.Дунд шатны менежерүүд байхгүй болсон.
Хэдэн долоо хоногийн өмнө би хэд хэдэн их наяд долларыг удирддаг  нэгэн найзтайгаа уулзсан билээ. Хэрвээ би танд түүний ажилладаг байсан компанийнх нь нэрийг хэлбэл, та магадгүй надаас: “Тэд үнэнээсээ  тийм их хөрөнгөтэй гэж үү дээ?” гэж асуух байх л даа.

Миний найз:
“Цонхоор хар даа.” /Бид эргэн тойрон оффисын барилгуудаар хүрээлэгдсэн орчинг харлаа./
“Чи юу харж байна вэ?”  
“Мэдэхгүй ээ” гэж  би хариулав.

Тэр “Хар л даа хоосон байгаа биз дээ! Бүх л өрөө тасалгаанууд хоосон байна. Дунд шатны менежерүүд  байхгүй болсон байгаа биз.” гэхээр нь би ахин сайн хартал, ихэнх давхар харанхуй, хүнгүй байлаа. Зарим нэг давхарт ердөө л ганц нэг цонх гэрэлтэй, бусад нь байдаггүй шүү.

“Эдгээр орон зай нэг бол аутсоурсеруудаар солигдсон эсвэл технологи  ширээний ард суудаг ажилтнуудын байр суурийг эзэлсэн байна.”

“Өнгөрсөн жилийг бодвол, илүү олон хүн удирдах албан тушаалд шилжсэн нь сайн хэрэг ч, түүнээс илүү олон ажилтныг халж, аутсоурсерууд тэдний орон зайг эзэлсэн байна.”  гэж тэр хэллээ.

Энэ нь харьцангуй шинэ ухагдахуун бөгөөд дунд шатны менежерүүд байхгүй болсноор “Америк Мөрөөдөл” яг үнэндээ огт оршин тогтнож байгаагүй, зүгээр л нэг маркетингийн заль байсныг илэрхийлж байна.

2. Таны халааг авсан.
Технологи, аутсоурсер,  түр хугацааны ажилтнуудын өсөлт, бүтээмжийн үр ашигт байдал зэрэг нь дунд шатны менежерүүдийн  халааг авсан байна.  

“Ажилчин анги”-ийнхны хувьд, 20 жилийн өмнө оршиж байсан ажлын байрууд өнөө цагт нэгэнт хэрэгцээгүй болжээ. Энэ зууны эхний 10 жил,  компанийн CEO нар “Яаж  олон хүнийг ажлаас нь халах вэ?” хэмээх хүнд шийдвэрт автуулж байлаа. Гэтэл 2008 онд аяндаа шийдэл нь гарч ирж “Эдийн засгийн хямрал”-д өртөв.

Түүнээс хойш хэдэн жил өнгөрсний дараа би тэдгээр CEO нарын нэгнээс: “Та хүмүүсийг ажлаас халахдаа эдийн засаг хямралтай байна гэдгээр далимдуулсан  уу? Тэгээд одоо тэр ажилтнуудыг буцааж ажилд нь авах уу?  гэж асуухад, тэр нүдээ ирмэн  “Энэ хэвээрээ байсан нь дээр биз дээ” гэж хариулсан юм.  

Би гол ажиллах хүч нь  түр хугацааны гэрээт ажилтнуудаас бүрддэг, 1 тэрбум долларын орлоготой компанийн удирдах зөвлөлийн гишүүн билээ. Миний харж байгаагаар эдийн засгийн аль ч секторт,   ихэнх хүмүүс ажлаасаа халагдаж, зүгээр л нэг удаа хэрэглээд хаядаг “Ариун цэврийн цаас” мэт болж хувирчээ.

3. Байгууллагууд танд дуртай биш.
Нэгэн мэдээллийн агентлагийн ерөнхий редактор вэбсайтаа хөгжүүлэх талаар зөвлөгөө авахаар намайг хоолонд урьсан юм. Гэтэл тэрээр гол зүйлээ ярьж эхлэхээс минь өмнө, “Манай шилдэг зохиогч нар өөрсдийн постондоо твиттер нэрээ байнга оруулж, олон дагагчтай болохын хэрээр цалингаа нэмэгдүүлэхийг шаардах боллоо.” хэмээн гомдоллож гарлаа.     

“Асуудал нь юунд байгаа юм бэ?”, “Танай зохиогч нар алдартай, олны дунд хүндэтгэл хүлээсэн байхыг та хүсэхгүй байгаа гэж үү дээ?” гэж намайг асуухад, тэр “Үгүй ээ. Бид гол анхаарлаа мэдээн дээрээ хандуулахыг хүсч байна. Бидэнд хувь хүний имиджээ хэт хөөсөн  хэн нэгэн хэрэггүй.” гэлээ.

Өөрөөр хэлбэл, түүний гол ажил нь хамгийн авьяаслаг ажилтныхаа карьерын хүсэл эрмэлзлэлийг унтраах бөгөөд тэр  өөртөө “хэт үнэнч”, долоо хоногт 90-ээс дээш цаг түүнд ажил хийж өгөх ажилтныг хүсч  байлаа. Харин түүнд долоо хоногт хэдийгээр 30 цаг ажиллаж байгаа ч, үл ялиг тааруу ажилтан  баяр хөөр төрүүлнэ. Тэр чамд дургүй! Тэр чамайг зүгээр л намаг балчигтаа шигтгэж,  чиний зуурсан шаврын хариуд хааяа нэг идэх юм шидчихдэг байхыг хүснэ.  Хэрвээ хэн нэгэн сэтгүүлч надаас түүний нэрийг  асуувал, би хэлэхээс татгалзахгүй. Гэхдээ яг үнэндээ, та нарын бүх л босс чинь яг ижил шүү дээ. Бүр бүгд шүү!

4. Цалин бол аз жаргал биш.
Би өөрөөсөө   “Би дуртай ажлаа хийх хэрэгтэй юу, эсвэл өндөр цалинтай ажил хийх хэрэгтэй юу?” гэж байнга асуудаг билээ.  

Дээрх асуулт нь “ Би ер нь ажил хийх хэрэгтэй юу?” гэх ойлголтыг орхисон байна. Тиймээс  эхлээд мөнгөний тухай  жаахан ярилцъя.

Шинжлэх ухааны судалгааны үр дүнг үзэхэд, цалингийн нэмэгдэл нь “Аз жаргал”-ын түвшинд  нөлөөлдөггүй байна. Яагаад вэ гэж үү? Учир нь хүмүүс олсныхоо хэрээр үрдэг. Таны цалин 2000 доллараар нэмэгдэхэд, та тэр мөнгөөрөө машиндаа нэмэлт хэрэгсэл, шинэ компьютер авах эсвэл орчин үеийн зурагт, шинэ дизайнтай буйдан худалдаж авах гэх мэтчилэн танд гарцаагүй хэрэгцээт бус зүйлд зарцуулдаг. Би л лав цалингийнхаа өсөлтийг хадгаламжиндаа хийдэг хэн нэгнийг хараагүй юм байна.

Өөрөөр хэлбэл, таны цалин тогтмол нэмэгддэгийн  төлөө тэр ажилдаа шигдэх гэж мэрийх хэрэггүй. Тэгсэн тохиолдолд та хэзээ ч санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадахгүй билээ. Зөвхөн сул чөлөөт цаг, уран сэтгэмж, бүтээлч чанар таны жинхэнэ үнэ цэнийг бий болгох болно.  

5. Хичнээн хүн таны амьдралд сөрөг нөлөөлөхөөр шийдвэр гаргаж чадахыг тоолоод үз дээ.
Намайг хүсээгүй байхад бусад хүмүүс миний амьдралыг өөрийн зоргоор удирдах гэж оролдоход би дургүй. Хэн нэгэн босс, сонины эзэн, телевизийн продюсер эсвэл манай компанийг худалдаж авсан хүн гэх мэт. Ямар нэгэн тохиолдолд тэдэнд долигонож, тэднийг царайчлах шаардлага гарахыг би үзэн яддаг. Тиймээс ч би ахиж тийм тохиолдол гаргахгүй байхаар шийдсэн юм.

Хэрэглэгч, босс,  харилцагч гэх мэт  хэн нэгэн таныг баян болгох эсвэл таны хамгийн том мөрөөдлийг биелүүлэх юм уу үгүй болгох боломжийг тэдэнд бүү өг.  Энэ бүхэн мэдээж нэгхэн өдөрт хэрэгжиж чадахгүй л дээ. Харин та одооноос эхлэн өөрийн амьдралын зорчигч нь бус жолооч нь болох төлөвлөгөөгөө зохиох хэрэгтэй.

6. Таны ажил хэрэгцээг тань хангаж чадаж байна уу?
Таны бие физиологийн, сэтгэл зүйн, оюун санааны болон сүнслэг хэрэгцээ хангагдаж байна уу?

Миний эхний бөгөөд эцсийн  ажил анхандаа харьцангуй  ачаалал багатай байсан тул, надад бичих, зугаацах, найзуудтайгаа өнгөрөөх хугацаа гардаг байлаа. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ачаалал ихэсч, дургүй хүмүүстэйгээ харилцах шаардлага гарч, миний бүтээлч байдлыг бага багаар бууруулсан юм. Хэрвээ та тийм нөхцөл байдалд байгаа бол эртхэн өөрийн гарах арга замаа боловсруулах хэрэгтэй.

Таны гар  ердөө л хүний хэлснийг шивэх , факсын машинд цаас шургуулах, утасны дуудлагад хариу өгөхөөр харилцуурыг авахад  зориулагдсан гэж үү дээ. Өөрийн гарыг хайрлаж, ид шидийг бий болгоход ашигла.   

Зарим нэг нь  “Бүх хүн өөрийн ажилдаа сэтгэл хангалуун байж, хэрэгцээ нь бүрэн хангагдсан байх эрхийг олж авч чадахгүй шүү дээ” гэж бодож магадгүй. Гэсэн ч цалин нэгэнтээ аз жаргалыг бий болгож чадахгүйгээс хойш, та ядаж амьдрал болон ажил дээрх хэрэгцээ тань хангагдсанаар сэтгэлээ баясгах хэрэгтэй.

7. Тэтгэврийнхээ талаар бүү санаа зов.
Таны цор ганц тэтгэвэр авахын тулд хийх төлөвлөгөө тань “Өөрийгөө сонгох” юм. Бизнесээ эхлүүлснээр та маш их хэмжээний мөнгийг хуримтлуулж чадна. Зарим хүн “Би энтрепренер биш шүү дээ” гэж хэлж болох  юм.

Энэ бол буруу ойлголт. Хүн бүр энтрепренер болох боломжтой. Хамгийн гол нь та   шинэ санаа гаргах чадвартай байх, тэдгээр санаагаа борлуулах, хэрэгжүүлэх болон хичнээн бүтэлгүйтсэн ч дараагийн адал явдлаа цөхрөлтгүйгээр эхлүүлдэг байх хэрэгтэй. Аль эсвэл ажил дээрээ энтрепренер бай. Өөрийнхөө хэнд тайлагнах, юу хийх, юуг бий болгох зэргийг хяналтандаа ав. Ямар нэгэн үнэ цэнийг өөрийн гараар бий болго.

Таны өөр нэгэн сонголт нь босс чинь таныг байнга доош нь дарж байдаг, эцсийн эцэст таныг зүгээр л “хог дээр хаях”, танд зөвхөн  амьд явахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө өгдөг, найрсаг үг болон доромжлолын  хооронд утсан хүүхэлдэй мэт хөдөлгөж байх ажилдаа хэвээр үлдэх байж болох  юм. Энэ нь  таны арай оновчтой сонголт мөн үү? Та бид 2  аль аль нь л хоногт 24 цагийг өнгөрөөдөг. Харин та өөрийнхийгөө хэрхэн өнгөрөөхийг хүсч байна вэ?

8.  Шалтгаан тоочих
“Би хэтэрхий хөгшин”, “Надад бүтээлч шинж чанар байхгүй”, “Надад даатгал хэрэгтэй”, “Би хүүхдүүдээ тэжээх хэрэгтэй.” гэх мэтчилэн.

Нэг үдэшлэг дээр, над дээр маш сайхан бүсгүй хүрч ирээд: “Сайн уу Жеймс, юу байна даа?” гэлээ.

Би дотроо: Юу болоод өнгөрчих нь энэ вэ? Хэн юм бол? гэж бодлоо. Тэгээд “Сайн уу! Тайван сайхан даа.” Гэхдээ л би түүнийг хэн болохыг нь санахгүй байлаа. Яагаад тэр бүсгүй надтай ярьсан юм бол? Би түүнийг хэн болохыг таньтлаа хэсэг явган яриа өрнүүллээ.

Тэр бүсгүй надаас 6 сарын өмнө халагдсан хэнд ч анзаарагдахааргүй нэгэн байжээ. Тухайн үед тэр халагдсанаа сонсоод юм хумаа цэгцэлж байхдаа маш ихээр гутран уйлж байлаа. Тэрээр их жин нэмсэн,  бараг л 30 насаар  илүү овортой харагддаг, тэгээд ажлаасаа халагдсан тул  өөрийнхөө амьдралыг сүйрсэн хэмээн бодож байсан байна -  Уг “амьтны хүрээлэн”-гээс салснаа мэдэх хүртлээ шүү!
 
Жеорж Лукасын ТНХ-1138(гол дүрийн баатрын нэр нь ТНХ) кинонд  газар дээрх ертөнцөд цацраг идэвхит бодис тархсан тул бүх хүн газар доор амьдардаг тухай гардаг. Уг киноны гол дүр болох ТНХ  ямар ч хайрлах, хайрлагдах эрхгүй газар доор үүрд  амьд байснаас, газар дээр гарч үхэх нь дээр гэж шийджээ.

Тэгээд бүхий л хууль дүрмийг зөрчин гарч ирэхэд,   нарлаг сайхан, үзэсгэлэнт орчин байгаад зогсохгүй, газар дээрх хүмүүс түүнийг халуун дотноор угтаж авсан юм.  “Цацраг идэвхит бодис” хэмээх  шалтгаанаас үүдэн тэрээр газар доор маш  олон жилийг өнгөрүүлсэн байна шүү дээ!
 
Зарим хүн надад “Энэ чинь хэлэхэд бол амархан шүү дээ” гэж хэлдэг. “Гэхдээ л бидний хэн нэгэн үүнийг ХИЙХ ёстой!”

Харин одоо л  сайхан болж хувирсан тэр бүсгүйд хийх шаардлага гарсан байна. Би түүнээс: “Чи одоо юу хийж байгаа вэ?” гэхэд, “Бусдад зөвлөгөө өгч байгаа.” гэж хариуллаа.

Та магадгүй “Гэхдээ л би шууд ажлаасаа гараад, зөвлөгөө ч юм уу, эсвэл өөр нэг зүйл шууд хийж чадахгүй шүү дээ” гэж бодож байгаа байх.

Тийм ээ, би үүнтэй санал нийлж байна. Гэхдээ л таны байгаа шоронгийн хаалга цоожгүй байхад та тэндээ үлдэхийг  хүсч байгаа бол дураараа бол доо.

9. Хүүхдийн алхам хийхэд болохгүй нь юу байх вэ дээ
“Би шууд гарчихаж чадахгүй шүү дээ”, “Надад төлөх ёстой төлбөрүүд байна.” гэж ихэнх хүмүүс хэлдэг. Тийм ээ, энэ үнэн. Хэн ч таныг яг өнөөдөр ажлаасаа гар гэж хэлээгүй байна.

Марафонд гүйж эхлэхээсээ өмнө, эхлээд мөлхөж, дараа нь ганц нэг алхам хийж, түүний дараагаар алхаж, гүйж сурдаг.  Тэгээд өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, эрүүл чийрэг байсны эцэст марафонд гүйдэг.

Та яг одоо өөрийн бүхий л мөрөөдлийг багтаасан жагсаалт гарга.

  • Би маш алдартай зохиолч болохыг хүсч байна.
  • Би материаллаг хэрэгцээгээ бууруулахыг хүсч байна.
  • Намайг хүрээлж буй олон асуудлаас салахыг хүсч байна.
  • Би орчин тойрныхоо хүмүүст тусламаар байна.
  • Хүмүүсээр хайрлуулах, тэднийг хайрлахыг хүсч байна.
  • Өөртөө зориулж цаг гаргахыг хүсч байна…. гэх мэт

ЭДГЭЭР НЬ ТАНЫ ЗОРИЛГО БИШ. Зүгээр л нэг санаанууд. Та харин өдөр бүр эдгээр санаагаа гүйцэлдүүлэхийн тулд  дасгал сургууль хийх хэрэгтэй. Энэ нь өглөө сэрээд л шууд: “За өнөөдөр хэнд миний тусламж хэрэгтэй бол, би чинь Нууц ажилтан - өнөөдрийн миний даалгавар юу билээ.” гэж бодон, уг даалгавраа хүлээж авахдаа бэлэн бай. Ийм замаар  та хүүхдийн алхам хийж, эцсийн эцэст ийм замаар л та эрх чөлөө рүүгээ гүйх болно. 

10. Ажил чинь танд баялгийг хэзээ ч  бий болгохгүй.
Гагцхүү шоронгоосоо чөлөөлөгдөж байж л та өөрийн гэсэн баялгийг олж авна. Та шоронд хоригдож байгаа тохиолдолд маш сайхан цэцэрлэгийг олж харж чадахгүй л болов уу. Та өөрийн санаануудыг хэрэгжүүлж, орчин тойрныхоо хүмүүсийн амьдрал, оюун санааг нь эрүүлжүүлж эхэлснээр л баялаг бий болох болно.  
Өглөө бүр  өөрийн гэр бүл, найзууд, хамт ажиллагсад, харилцагчид, үйлчлүүлэгчид, уншигчид, эсвэл одоохондоо сайн мэдэхгүй ч ирээдүйд мэддэг болох хүмүүсээ эрүүлжүүлэх хөдөлгөгч хүчтэйгээр орноосоо бос. Тэнгэр бүүдгэр байхад  тэдний тэмүүлэх гэрэлт цамхаг нь та болох хэрэгтэй. 
 
Энэ бүхний эцэст, НАДАД БҮҮ ИТГЭ.

Танд дургүй боссынхоо хажууд үлд.

Цалин, албан тушаалын нэмэгдлээр таны хүзүүг дөнгөлдөг ажлаа үргэлжлүүлж хий.

Дунд давхаргынхныг чимээгүй арчин хаядаг нийгэмдээ оршин тогтно.  

Энэ нь хэний ч буруу биш, сүүлийн 100 жилд оршиж ирсэн хязгаарлагдмал соёлын нуралтыг үүсгэх зүгээр л нэг эдийн засгийн  тектоник хөдөлгөөн билээ.

САНАЛ БОЛГОХ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ