Woovoo
Торгон хөшигний ард нуугдах гоо ертөнц #1 Торгон хөшигний цаана үл ялиг сэтгэл гижигдэм гоо үзэсгэлэн, эрхэм тансаг байдал, цаг хугацаа таг зогссон мэт гайхалтай ертөнц нуугдаж байдаг билээ. Хүн төрөлхтнийг байнга хувьсан өөрчлөх тэр эргүүлэг дунд гэйшагийн соёл ихэмсэг хэвээр хадгалагдан байгаа нь цаасан хаалганы цаана тусах бүсгүй хүний цэцэг мэт дүрс юм. Булбарай улаан уруул, гоёмсог хэлбэр оруулан зассан үс, уян налархай хөдөлгөөн, нууцлаг байдал… Японы соёлын ариун хамгаалагч гэгддэг гэйша нар нь өнгөрсөн үеийг орчин цагт авчирдаг юм. Олон зууны турш нууцлаг хэвээр байгаа гэйша нарын “өргөө”-ний эртний журам нь тэднийг ам тангараг, итгэлцэлд тулгуурласан амьдралаар амьдрахад хүргэдэг аж. Гэйша нар нь бүжиглэх, дуулах, Японы уламжлалт шамисэн хөгжим тоглох зэрэг урлагийн мэдрэмжтэй төдийгүй уран зохиолын мэдлэг, биеэ авч яваа байдлаараа өргөөнд ирсэн зочдыг сэтгэл ханамжтай байлгаж, зугаацуулах үүргийг хүлээдэг байв. Хатуу чанд сургалтыг даван туулж, хөдөлмөрч, шаргуу зан, үнэнч шударга байдлаараа ялгарсан залуу авхайг гэйшад тооцдог байлаа. 1600-аад оны эхээр, нэгэнтээ задраад байсан Япон улс, Шогун хааны удирдлага дор дахин нэгджээ. Энэ үед хааныг зугаацуулдаг байсан эрчүүдийг алиа салбадай буюу гэйша гэдэг байсан бол харин эмэгтэйчүүдийг нь гэйша бус харин биеэ үнэлэгч хэмээдэг байв. Цаг хугацааны эрхээр биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэгчдийн тоо буурав. Зарим нь тодорхой тооны байнгын үйлчлүүлэгчтэй байсан бол нөгөө хэсэг нь ямар ч үйлчлүүлэгчгүй болж хоцорчээ. Үйлчлүүлэгч татахын тулд анхны эмэгтэй гэйша бий болж, яваандаа тэдний тоо эрэгтэй гэйшагийнхаас хамаагүй илүү болсон аж. Энэхүү ёс заншил үргэлжилсээр сүүлдээ зөвхөн эрчүүдэд үйлчилдэг бизнес болон хувирчээ. Японд гэйшагийн “мэргэжил”-ийг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараагаар тэдний цалин хөлсийг тогтоох, зохицуулах зорилготой Kenban хэмээх систем үүссэн юм. Kenban-аас гаргасан хуулиар гэйша нарыг биеэ үнэлэхийг хатуу хориглосон тул шөнө бүр тэднийг тусгай ажилтан очих ёстой цайны өргөө рүү нь дагалдан явж, үүнээс сэргийлдэг болжээ. Энэхүү хатуу хууль нь гэйша нарыг биеэ үнэлэгч биш, харин жинхэнэ урлагийн хүмүүс гэдгийг тодорхой харуулснаар гэйшагийн мэргэжлийг олон нийт мэддэг болсон байна. Биеэ үнэлэгч болон гэйша нарын аль аль нь кимоно өмсдөг байсан тул нэгийг нөгөөгөөс нь ялгахад хэцүү байв. Гэхдээ тэднийг оби хэмээх Японы уламжлалт торгон бүс болон үсний чимэглэлээ хэрхэн зүүсэн байдлаас нь ялгаж таньдаг байв. Биеэ үнэлэгч нар хувцсаа өмсөхөд хялбар болгож, обигаа урдаа цэцэглэж зангиддаг, үсний чимэглэлийн хувьд этгээд хэв маягтайг нь сонгож зүүдэг байжээ. Гэйша нарын хувьд обигаа ардаа зангидаж, байгалийн гоо сайхнаа тодруулах зорилгоор маш энгийн үсний чимэглэл зүүдэг байв. Шогуны дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш 250 жилийн дараа түүний дарлалыг эсэргүүцсэн самурай нар гэйшагийн цайны өргөөнд нууц уулзалтуудыг зохион байгуулдаг байсан бөгөөд үүний тусламжтайгаар тэд Шогуны дэглэмийг унагажээ. 1868 онд Эзэн хаан Мейжи Японы засаглалыг гартаа аваад, үйлдвэржсэн улс болгохыг зорих тэр үед гэйша нарын тусламж чухал байсан тул тэдний зэрэг зиндаа, алдар хүнд улам өссөн ажээ. Тэднийг хайрлаж бас хүндэлдэг байв. Гэйша нарын нүд алдам гоо үзэсгэлэнг дүрслэх үг олдохгүй байлаа. Хамгийн авьяаслаг, загварлаг, боловсролтой эмэгтэйчүүд бүгд гэйша байв. 1900-аад он гэхэд гэйша нарын тоо 25,000-д хүрсэн гэдэг. Үүнээс хойш хэдэн жилийн дотор Япон улс Орос улстай хийсэн дайнд ялж, Солонгос улсыг эрх мэдэлдээ авсан юм. Нэгэн нууц хэлцлийн үеэр болсон хүлээн авалт дээр Окои хэмээх алдартай гэйшаг Оросын генерал болон Японы ерөнхий сайд Таро Кацүрад үйлчлүүлэхээр явуулжээ. Бүжиглэх үеэр нь Оросын генерал гэйшаг оби бүсээ өгөхийг шаардахад тэрээр эелдгээр татгалзсан нь Ерөнхий сайдын гайхлыг ихэд төрүүлж, түүнийг эхнэрээ болгон авчээ. Энэ нь түүхэнд анх удаа эрх мэдэл бүхий хүн гэйшатай гэрлэсэн тохиолдол болсон юм. Ийнхүү гэйша нарын хувьд Японы хамгийн өндөр эрх мэдэлд хүрэх үүд хаалга нээгджээ. Тэдний эрчүүдэд үйлчилж сурсан байдал, гоёмсог намба төрхөөс гадна нууцыг чанд хадгалдаг чанар нь их чухал байлаа. 1920-иод оныг хүртэл гэйша нар дээд зэрэглэлийн эмэгтэйд тооцогддог болсон байв. Гэтэл барууны жааз хөгжим, тайрмал үс, европ хувцас Японд орж ирснээр нүд гялбам хурц гэрэлтэй шөнийн клуб, кафены охидын үйлчилгээ нь гэйша нарынхаас хамаагүй хямд байв. Олон зууны дараа гэйша нар аргагүй цаг хугацааны эргүүлэгт хамагдан маш том өрсөлдөгчтэй болсон нь цаг хугацаа, эрх чөлөөт залуусын хэв маяг байв. Гэвч 1926 онд Хирохито хаан ширээнд сууснаар барууны соёлыг үл дэмжих бодлого баримтлах болов. Японы соёлын гол төлөөлөгчдийн хувьд гэйша нар нь үндэсний үзлийг эрчимжүүлэхэд томоохон нөлөө үзүүлжээ. Үүний зэрэгцээ тэдний байр суурь улам бүр бэхжих болсон байна. Тэднийг Японы билэг тэмдэг хэмээн өргөмжилдөг болсноос үүдэн, гэйша нарын тоо 1930-аад оны эхээр 80 мянгад хүрчээ. 2017-12-06 21
 
 
Цэргийн алба хаах хугацааг 3 жил болгон уртасгах, эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг болох зэргийг Та дэмжих үү?
Нийт 93 санал өгсөн байна.

Дээшээ