Их түгээсэн Их таалсан Шинэ
  • Авлига аваагүй шүү, аав аа...

    2013-11-01

    Ангийн найзтайгаа тааралдаад хоолонд урихаар нь татгалзаж чадсангүй. Ангийн найз бол ангийн найз байдаг гэдэг "дурсгалын дэвтэр"-тээ дэндүү хайртай би... Найз маань " Саяхан би хятадуудтай нэг том наймаа хийлээ. Миний найз мөнгө төгрөгний хэрэг гарвал над руу утасдаарай. Надад итгэж болно шүү" гээд бүтэн жил хоолны бараа хараагүй хүнтэй тааралдсан мэт намайг ширээ дүүрэн хоол унд, архи дарсаар дайллаа.

    Би чухал албан тушаалтай хүн болохоор жаахан цэнэсхийж байлаа. Эргэн тойрон сонин сэтгүүлийн "ядаргаанууд" байна уу гэж аминдаа хаяагаа манаж суув. Зуун грамм биш литр архи уусны дараа найз маань "Миний найз, санаа зовох хэрэггүй. Би чамаас тендер гуйхгүй. Харин чи миний гадаадад мах гаргах төслийг засгийн газрын хурлаар дэмжиж өгөөрэй" гэж хэллээ. Бид хоёрын хооронд ийм л яриа болсон. Товчхондоо энэ... Би за ч гээгүй, үгүй ч гээгүй, чиний материалыг эхлээд нэг харнаа гэж хэлсэн.

    Тэгтэл маргааш нь хэрэг мандлаа. Сонин, сэтгүүл, сайт, блог ер нь мэдээлж болох бүх л мэдээллийн хэрэгслээр "Авилгачийн оройн зоог" нэртэй миний нэр төр, алба ажилд халтай "шар мэдээ " гэрэл зурагтайгаа цахилах нь тэр. Үүнээс болж хүү маань сургуулиасаа буцаж ирэв. " Авилгачны хүүхэд гээд автобусны кондуктор эгч чимхээд явуулахгүй байна. Сургууль дээр очтол " Авилгачны хүүхэд манай сургуульд сурах ёсгүй" гэж ангийн хүүхдүүд лоозон бариад зогсож байна... Миний пүүзийг гудамжны жаалууд "Авилгаар авсан пүүз" гээд сугалж аваад хашаа давуулаад шидчихлээ" гэж уйлав.

    Эхнэр амиа хорлоно гээд индүүний шнур шүүрэхэд нь арай гэж болиулав. Түүнийг гудамжинд явж байхад нь хэсэг залуучууд "Авилгачны эхнэрийн булган дээлийг ардын шүүхээр хурааж авлаа" гээд мултлаад авсан байгаа юм. Орцны ханаар дүүрэн " Өмхий авлигачид зайлвал таарна" " Муугаа мэдэхгүй авилгачид" "Орцоо авилгачидаас цэвэрлэе" гээд тосон будгаар баахан юм бичсэнийг нь гараа цэврүүтэл хусаж угаагаад барсангүй гэнэ.

    Харин азаар би өглөөгүүр ажилгүй байсан тул өчигдөр оройн зоогондоо "пологтоод" босч чадахгүй жаал унтсан байлаа. Эхнэр хүү хоёр баахан сонин аваад ирж. Зурагтаа асаавал "Авилгачинд алхах газар байхгүй" гэдэг нэвтрүүлгээр сайд ярьж байна. Уйлж унжсан эхнэр хүүхдээ чимээгүй болохыг гуйгаад сайдын яриаг сонслоо.

    Чшш... Чимээгүй бай даа... " Нөхөр ... хэн нь манай яаманд олон жил ажилласан хашир туршлагатай, удирдах ажилтан. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэж. Энэ хүнийг ийм зүйл хийсэнд манай яамны зүгээс уучлал хүсье. Хууль, цагдаагийнхан энэ хэргийг шалгахаас нааш надад хэлэх юм алга. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нотолгоо гарсаны дараа л энэ хүний үйлдсэн хэрэг тодорхой болох байх" гэж ярилаа.

    Тэр даруй би сайд руу залгалаа. Сайд их ууртай байнаа...
    -Та зөвөөр ойлгоорой. Тэр хүн чинь миний найз. Бид найз нөхдийн хувиар уулзсан...
    -Хамгийн гол нь та хоёрын ярианы бичлэгийг тэр сурвалжлагч надад сонсгосон шүү. Тэгээд танай найз урьд нь нэг бус удаа бусдад авлига өгч байсан хүн байна...

    Надад хэлэх үг олдсонгүй. Юу гэж ч хэлэх билээ. Мөнгөний тусламж хэрэгтэй юү гэхэд нь толгой сэгсэрсэн. Миний зургийг папарацидсан мөртлөө толгой сэгсэрч байгааг яагаад аваагүй юм бол?.. Тэгээд ч би түүний төслийг хурлаар оруулахад нь тусалъя гэж ам алдаагүй сэн... Дэлхий яахаараа дандаа бөөрөнхий байдаг байнаа. Хааяа бас зууван байж болдоггүй хэрэг үү... Утас дуугарлаа. Хөвсгөлийн тайгад амьдардаг аав маань ярьж байна...

    -Сайн уу? Аав аа. Бие лагшин сайн уу?
    -Юуны чинь сайн байх гэж. Чи чинь монгол даяар намайг "мандуулдаг" хүүхэд юм аа. Сая хотоос сурвалжлагч нар ирээд надаас ярилцлага аваад явлаа. Чамайг чинь аймаар том "авилгачин" болсон гэж ярьж байна. Энэ хэдэн цаатан хүүхдээс ном эрдэмтэй, хамгийн сүрхий нь гэж бодож явсан юм. Муу эцгийнхээ нэрийг "хөөдөж" явахаар энэ муу хөгшин эхээ чи бодсонгүй юү. Муу нэртэй луу данстай явахаар нутагтаа ирж цаагаа малла...

    -Аав аа, хүү чинь авлига аваагүй шүү дээ...
    -Авсан гэж байнаа. Энэ радиогоор ч ярьж байна. Сурвалжлагч хүүхдүүд сонин авчирч өгсөн. Яачихсан хүүхэд гэж төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ нүүрийг хүний нүүр харахгүй болгож байгаа юм бэ? Чамайг бид энэ хэдэн хүүхэд дотроос цахиур хагалж явна гэж бодож явсан. Тэгэхэд чи төрийн том яамны дарга хүн байж, малын хулгайчаас дор нэр "баастаад" явж байна. Аав нь нутгийн хөгшчүүлээс ичиж байна... Эсвэл хүү минь овог нэрээ сольдог юмуу?...
    -Аав аа, би авлига аваагүй. Ангийн найзтайгаа тааралдаад хоол идсэн чинь ийм асуудал гарчихлаа.

    -Би цаад хүүхдийг чинь мэдэхгүй. Хүүгээ л мэднэ. Миний хүү даанч яав даа. Өнөө маргаашгүй болсон эцэг эхийгээ амар үхүүлж үзээч
    -Аав аа... аав аа... Би авлига аваагүй...

    Даваажавын Эрдэнэмөнх 

    44 20
  • Баавгай шиг эрийг хямдхан заръя

    2012-12-18

    Эхнэр баахан тоо бодсон хэдэн хуудас цаас гаргаж ирсэнээ,

    - За, "Баавгай" минь хоёулаа үнэн шударгаар ярилцъя. Бид хоёрын хамт амьдарсан арван хэдэн жилийн дотор чиний олсон мөнгө, гаргасан зардлыг тооцож үзлээ. Чиний гаргасан зардал олсон орлогоосоо хорь дахин давжээ. Харин миний олсон орлого гаргасан зардлаасаа зуу дахин их байна. Ийм шударга биш амьдарч болох уу?... Чиний ажилгүй байсан хугацаа ажилтай байсанаасаа гурав дахин их гэсэн тоон үзүүлэлт гарч ирлээ. Тэгэхэд би дандаа "илүү цаг"-аар ажиллажээ...

    Би "новширч" байгаа юм биш шүү. "Новшрох" байсан бол аль хэдэн жилийн өмнө "новшрох" байлаа. Намайг "Ново"-д наймаа хийж байхад оросын мафийн толгойлогч надад дурлаад арван сая рублийн алмаазан бөгж "бэлэглэх" гэж байхад л би "новширчих" байсан. Бээжингийн "Ритан" захын босс хужаа хорин сая юанийн автомашинаар "сүй" тавья гэж гуйхад нь "зангаа хувиргаж" болох байсан. Гонконгийн хөрөнгийн нэг биржийн захирал сая долларын үл хөдлөх хөрөнгө бэлэглэж, хамт амьдаръя гэж миний араас "гүйдэг" байхад чамайг би "тонгорвол" болох л байсан.

    Гэтэл би тэгээгүй. Чи ер нь миний хичнээн сайхан бүсгүй гэдгийг нэг удаа ч гэсэн тунгаан бодож үзсэн үү? Цаана чинь эрчүүд эхнэрт чинь "дурлаад" байна. Царайлаг сайхан бүсгүй гээд "хөлөө хугалчих" гээд байна. Мөнгөтэй хөрөнгөтэй гэж залуучууд эргүүлдээд байна... Гэрээсээ хамраа цухуйлгадаггүй болохоор чи юу ч мэдэхгүй л дээ. Энхрийхэн эхнэрт чинь сээтэн хаясан эрчүүд юу хийхэд ч бэлэн болчихлоо. Алтны уурхайн лиценз өгье гэж байна. Албан тушаал амаллаа. Аль яаманд очих уу гэж байна. Дээрээс нь миний наймааны ажил "цэцэглээд" эрч хүчээ авлаа. Хүрээ минь өргөсөж байна. Дээгүүр зиндааныхан надтай "зөвлөлдөх" гэдэг болжээ. Намайг хувьдаа банктай болсоноос хойш улс төрийн намууд сонирхоод байна. Ерөнхий болох уу, дэд болох уу гэж янз бүрийн санал тавиад байна.

    Ийм их эрчим хүчтэй, энерги дулаантай, цогтой хийморьтой, цолгин эмэгтэйг "цохолж" харахгүй эрчүүд гэж нэг ч алга... Намайг огт ойлгож "хардаггүй" нэг эр Монголд байна. Тэр бол чи. Чи намайг эрэгтэй хүний нүдээр харж, эр хүний сэтгэлээр зурж, "хөрөг зургийг" минь хоймортоо залдаггүй. Чи намайг энэ гэр бүлийг тэжээх ёстой, тэтгэх үүрэгтэй, тэртэй тэргүй ингэх л ёстой тэнэг зарц гэж боддог. Харин чи өөрөө хэн юм бэ? Амьдралын ноён нуруу эр хүнийхээ үүрэг ролийг огоорч, тэжээвэр өнчин  ишиг шиг эхнэрээрээ "тэжээлгэсэн" тэтгэврийн "хөгшин" юмуу? Тэлээтэй хурга уу?...

    Чи бид хоёрын "байр" солигдсон он жилүүдийн өмнө хэн буруутай юм бэ? Би "нөхрийн" ажил гүйцэтгээд, чи гэрт "эхнэр" болж, гэрийн мухар сахиад... Энэ бүхэнд чамайг долоовор хуруугаараа гар буу шиг чичилж буруутгах гэсэн юм биш ээ. Анх чамайг "наймаанд" яваад "шатчихаад" ирэхэд ямар хүнд байсаныг би ойлгоно. "Найз нь ёстой чадахгүй юм байна. Бүдүүн хадуун над шиг хүн хамаг юмаа ангайж байгаад алдаад дуусах юм байна. Миний найз овсгоотой сэргэлэнгээрээ яваад үз. Хань нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байя" гэсэн чиний өрөвдөлтэй дуугаар өмгөнөн хэлсэнээс хойш би чиний оронд "наймаанд" явсан нь үнээн. Харин чи бид хоёр ингэж шийдсэн зөв байсан билээ. Би харин "наймаа" гэдгийг яруу тодоор нь "яралзуулсан" шүү.

    Хятадуудын "судсыг барьж", оросуудын "зүрхний цохилтыг атгаж", монголчуудын "эвийг олж" ёстой нэг бужигнуулаад өнгөрсөнийг урт, дунд, богины бүх наймаачид мэднэ. Тэд хэрэв дурсамжийн ном бичвэл миний нэр нилээн дээгүүр явна даа. Чингисийн цэрэг байлдан дагуулж байсан бараг бүх нутаг орноор явж "цөм" наймаа хийсэнийг түүхэнд бичихгүй ч түмэн хэлнээ. Ингэж наймаанд явсанаараа миний нуугдмал авъяас нээгдэж, "том том" наймаа хийж, "тодорч  томорсон"-ыг чиний наад цүдгэр гүзээ хэлээд өгөх байлгүй. "Шатах" үедээ "шатаж" явсаан. Наймаа гэдэг таашгүй тоглоом. Олох үедээ олсоон. Тарваганы арьсаар "шархаа" нөхөж, хүний хар цагаан хэл ам "идэхээр" лунжгар хөдөлж" явлаа.

    Жил ирэх тусам наймаа минь өргөжиж, худалдааны том төв байгууллаа. Өөрийн гэсэн компанитай болж, хувийн банктай боллоо. Эмэгтэй хүний нягт нямбай, ухаалаг сийрэг зангаар хүссэн оргилдоо би хүрсэн. Мэдлэг боловсролоо дээшлүүлж, улс төрийн академи ч төгслөө. Орос, хятад, англи хэлээр ус цас шиг ярьдаг боллоо. Нийгэмд миний байр суурь бэхжиж, худалдааны танхимын хүндэт гишүүнд сонгогдлоо. Миний ололт амжилт бол зөвхөн минийх биш монголын олон мянган хөдөлмөрч эмэгтэйчүүдийн гавъяа юм. Сонин сэтгүүлээр миний тухай худал үнэн зөндөө л юм гардаг. Эртээд чиний уншиж уурлаад ялаа алдаг сэтгүүл дээр намайг Италийн мафитай холбоотой гэж ажиг ч үгүй "туусан" байсан. Гэхдээ муугаар хэлүүллээ гээд миний ажил төрөл, худалдаа бизнес уруудаж доройтсон юм алга.

    Миний хувьд өөрийн тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Харин миний "Баавгай" өөрийнхөө тухай юу гэж хэлмээр байна даа. Мэдээж чи өөрийн "өгсөлт дээшлэлт"-ийг миний үйл ажиллагаатай бүү хутгаарай. Чиний жин л нэмэгдсэн болохоос хувь хүний хувьд гарсан "өөрчлөлт дэвшлийг" би л лав энэ арван хэдэн жилд олж харсангүй. Чамайг би сайн мэдэх тул юуны түрүүнд хүрэлгүй сандаргаж, нүүрийг чинь "улалзуулаад" яах вэ. Өөрийнхөө тухай сайн бодож бэлтгээд, энэ цаасан дээр бичиж өгөөрэй гэж эхнэр маань надад зөвлөлөө. "Захирал тушаасан" ч юм билүү. Энэ гэрт "том хүн" шүү дээ, манай авгай чинь...

    Чингээд миний бие эхнэрийнхээ хэлсэнээр өөрийнхөө тухай бичихээр үзэг цаас ширээн дээр тавилаа. Эхнэрийн хэлдэг үнэний ортой л доо. Бие хааны хувьд баавгай шиг "том эр" боловч хувь хүний хувьд энэ гэрт би хамгийн "жижигхэн" нь болжээ. Хэдэн хүүхдүүд сургууль соёлын захад хүрч эхнээсээ магистр, бакалавр, докторант болоод явчихлаа. Хүний хөгжлөөрөө, нийгмийн дэвшлээрээ "хоцрогдсон" ганц "хуучин хүү" бол би  байна. Хөмөрсөн тогоонд намайг эхнэр минь" жийчихэв үү", зах зээл хэмээх зальтай нь жаалдаг нийгэм "чихчихэв үү", ямартаа л намайг амьдралын далай эрэг рүүгээ "шидчихсэн" нь үнэн болов. Гэхэдээ л би "нүглээ" цагаатгахын тулд ямар нэгэн юм бичих хэрэгтэй. Утсан чинээ улаан амиа уснаас "хуурай" авч гарахын тулд "нүглээ наминчлах" хэрэгтэй болсон юм.

    "Туйлын хайртай халамжит хань минь ээ. Чинийхээ хүссэнээр молхи би вээр хун цагаан цааснаа хөх бухын мөр шиг үсгээр цэнгэн чуулъя. Ахуй амьдралдаа арчаагүй эр хүн миний бие адтай нь арслан шиг архирдаг амьдралын өмнө бутанд хярсан туулай шиг бүлтэлзэн байж, булгилан түгших зүрхнийхээ хэмнэлтийг чагнан, аймшиггүйгээр хэдэн өгүүлбэр тэрлэхийг зорилоо.

    Сайн мууг минь чамаас минь өөр ийнхүү чин үнэнээр нь хэлэх хэн ч үгүй билээ. Чи бид хоёр "аяны үүргэвчээ" сольсон эгэл тэр хаврын өдрөөс хойш миний бие үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, өрх гэрийн арын ажлыг амжуулах болсон нь миний амьдрах чадвар, бүтээлч сэтгэлгээ муутай, зах зээлийн овсгоо самбаагүй, унхиагүй дорой зантай минь яах аргагүй холбоотой.

    Чаддаг нь чаддагаараа амьдардаг хүний орчлонд гурил зуурч ч үзээгүй би чамайг орлон үлдэхдээ миний огт мэдэхгүй "орчин ахуй" намайг хүлээж байгааг огт мэдээгүй. Тэр тусмаа хоолны давс тааруулна гэдэг тийм чухал зүйл байдаг гэдгийг ч би тааварлаагүй. Тогооч ээж, толиотой эмээтэйгээ өссөн би "гал зуух" гэдэг бол гэр бүлийн хамгийн анхдагч шинжлэх ухаан, айл өрхийн гал голомт гэдгийг хиншүүн дотор нүдээ хорсгон, утаа май дунд хоолны халбагаа хайн, түмпэн саваа түчигнүүлэн унагааж байхдаа мэдэрсэн.

    Дандаа будаатай шөл, гоймонтой шөлөөр хүүхэд хоолшдоггүйг шөл нь ширгэсэн будаатай шөл будаатай хуурга болоход, гоймонтой шөл гоймонтой хуурга болоход би ухаарсан. Яваандаа архаг "тогооч" болох үедээ дээр нь жаахан ургамлын тос, хэрчсэн сонгино хольж хутгаад амттай болдогыг ойлгосон. Мах хэрчих гээд хуруугаа хэрчих, гоньд нүдэж байгаад хумсаа "авах", түлэгдсэн хоолныхоо савны ёроолыг хусах ямар хэцүү байдагыг би аажим аажмаар ойлгож "хэрсүүжсэн" болой.

    Энэ хэдэн жилд дипломгүй болохоос биш би муугүй тогооч болсон л доо. Чи намайг "Баавгай" гэж дууддаг. Яс юман дээр энэ хэдэн "бамбарууш"-даа амттай, олигтой хоол хийж өгөх сөн гэж амсаж туршсаар "Цагаан баавгай" бий болсон юм. Баавгайд чи угаалгын машин, тоос сорогч, цахилгаан холигч, кофе чанагч, талх шарагч, будаа чанагч, түргэн буцалгагч, өндөг хуваагч, ногоо хэрчигч, сармис няцлагч, самар бутлагч гээд шинжлэх ухааны нээлтүүдийг цаг тухай бүрд нь хангаж байсан тул "Баавгай" сүүлдээ хачин залхуу баавгай болсон.

    Хүнсний захаас "хобби"-гоороо хоол хүнсээ цуглуулдаг байсанаа хүүхдүүддээ цаасан дээр бичиж өгөөд гүйлгэдэг боллоо. Угаасан хувцас орны даавуугаа гаргаад өөрөө хэцэн дээр хатаадаг байсан бол том охиноо зарна. Аргагүйн эрхэнд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс, оройтсон үед нь дугуйлан секцнээс нь машинаараа авч хүргэхээс бус лазан нь хөдөлбөл том хүүдээ машины түлхүүрээ өгчихнө. Хүүхдүүд томрох тусам "Баавгай"-гийн хийх ажил багассан.

    Он жилүүд цонхны өмнүүр өнгөрөх машин тэрэг шиг жирэлзэн өнгөрнө. Нэг мэдэхэд арван хэдэн жил өнгөрчээ. Гэрээ сахихаас өөр ажилгүй "Баавгай" зугаагаа гаргах гэж байрны хөгшчүүлтэй гадаа шатар, даам тоглоно. Хаанаас ч юм бэ хөзөр тоглодог "найзууд"-тай болов. Хааяа бас ганц "юмаар" үзнэ. Тэгсээр хөөрхий "Баавгай" сэмхэн "балгадаг" болжээ. Баавгай шиг биетэй юм чинь тасарч унатлаа их үзнэ. Илүү дутуу гаж зангүй тул хүүхдүүдийнхээ үгэнд ороод дуугүй унтаад өгнө.

    Гэрийн бараа хардаггүй эхнэр нь төрхөмдөө хөөгдөөд ирсэн юм шиг хойд урд хөршүүдээрээ "айлчилдаг" ажлын айлчлалтаа дуусгаад, суурин сууж, худалдаа наймаа өрнүүлэх болсоноос хойш "Баавгай" хэл аманд өртөж эхлэв. Энэ гэрт биеэ оторлосон, ажилгүй ангайсан нэг "хувалз" байсаныг эхнэр нь гайхалтай соргогоор "олж" илрүүлэв. "Баавгай чи тэнд тэдэн цагт хүрээд ир. Би орой гэрээ хийх уулзалттай... Тэнд бариулж байгаа барилга дээр яваад оч. Барилгачид нь тоосго зөөгөөд байна... Байна уу, сонсож байна уу?... Ямар удаан юм бэ? Худалдааны төв дээр шалгалт ирэх нь. Хурдан очиж, анхааруул... " гээд эхнэр нь юу гэж тушаана түүнийг нь биелүүлдэг ажилтай болжээ.

    Жолооч, бие хамгаалагч, нарийн бичгийн дарга, харуул, манаач гээд эхнэрийнхээ хамаг юманд нь дуудлагаар очдог "Баавгай"-г "Миний хань очоод хоолоо хийж бай. Хүүхдээ тос. Би оройтож магадгүй. Салхивчаа онгойлгоод ороо засаарай... Би Сингапур явлаа. Тав дахийн өглөө онгоцны буудал дээр тосоорой" гэх мэтээр эхнэр нь нэг минут ч амар заяа үзүүлэхгүй.

    Амар түвшин нам гүм амьдарч байсанаас хойш олон жилийн дараа "Ир. Оч. Яв" гэдэг яаруу адгуу амьдралд "Баавгай" нэг биеэ мөч мөчөөр нь хуваах шахуу явах болов. Олон жил гэр сахисан "Баавгай" толгойтой үснээс их ажилтай эхнэрийнхээ тушаал даалгаврыг харин цаг алдалгүй биелүүлнэ. Үүнийг нь эхнэр үнэлж, дуртай машиныг нь сольж өгдөг байлаа.

    Нэг гэм нь "Баавгай" өөрийн толгойгоор нэг ч зүйлийг шийдэж байсангүй. Чадахгүй ч үгүй. Гэртээ сая төгрөгний хөрөнгө оруулалт битгий хэл өөртөө ямар гутал авч өмсөхөө ч мэдэхгүй. Хамаг юмыг нь эхнэр гэдэг "Их захирал" л зохицуулна шүү дээ. Цахилгааны инженер мэргэжилтэй "Баавгай" зах зээл эхэлсэнээс хойш мэргэжлээрээ ганц өдөр ч ажиллаж үзсэнгүй. Эхнэр гэдэг хүний улаан будагтай амыг харж, түүний гартаа хэлхсэн утсаар "хүүхэлдэй" шиг амьдарсаар өдий хүрчээ.

    Салтаандаа "юм" унжуулсан л болохоос биш "эмэгтэй" хүн шиг гэр зуур хоол унд, угаалга цэвэрлэгээ гэж явсаар олон жилийг үдсэн юм. Тэр харин уран зохиолын номнуудыг энэ олон жилд чамгүй уншжээ. Өдрийн халтар сонинуудыг ч дугаар алгасахгүй уншина. Гэртээ комьпютер тавиулснаас хойш хүүхдүүдтэйгээ булаацалдаад, нет шагайна. Энэ л нь түүний соёл боловсрол байсан даа. Тэрнээс биш мэргэжлийн нэг ном ч бариагүй.

    Өнгөрсөн жилүүдийн тухай өөрийн төрсөн сэтгэгдлийг нууж хаалгүй бичсэнийг болгооно уу? Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд намайг "Баавгай" болоход хамгийн их "нөлөөлсөн" хүн чи шүү. Өршөөгөөрэй, гэмгүй хүнийг гөрдсөн байж ч мэднэ... Миний өөрийн арчаагүй байдал үүнд буруутай гэдэгт маргах хэрэггүй. Харин миний хонгор өрх гэртээ тусгүй, өөртөө арчгүй "Баавгайг" яая гэж бодно вэ, дураараа л бол. Хөөгөөд явуулсан ч айх юм алга. Хүүхдүүд минь намайг хаяхгүй байлгүй. Нэгэн дээр нь очоод "хэвтээд" өгнө шүү.

    Цагийн юм цагтаа гэдэг. Чи бол мөнгөтэй хөрөнгөтэй, өнгөтэй зүстэй сайхан хүүхэн. Урьдын юм ул болж хойчийн юм зул болно гэгчээр санаа бодол чинь өөрчлөгдөж, тайван амгалан байж чадахгүй байгаа бол намайг явуул л даа.  Гадуур нэг бэлэвсэн хүүхнүүд байна. Ар гэрийг чинь олон жил харж, үр хүүхдүүдийг чинь өсгөж өгсөн юм гээд надад машин байр өгөөд тусад нь гаргах юмуу? Харин намайг ажилд аваарай. Би гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү...

    Чи ч насны "наймаачин" хүн дээ. Зарах, худалдах юманд бузгай. Эсвэл муу найзыгаа зарчихдаг юм уу?... Би "борлогдчихвол" чамд "өргүй" болно. Энэ муу майга "Баавгайг" худалдаж авах амьтны хүрээлэн цэнхэр гариг дээр  олдох байлгүй дээ. Тэгээд чи надтай "тооцоо" хийсэн цаасаа урж хаяад, жинхэнэ баавгайны арьс олж аваад хоймортоо өлгөчих.

    Зөв буруу бичсэн бол уучилж өршөөнө үү. Эрхэм таныгаа хүндэтгэсэн "Баавгай" гуай"
      Гуай, муай гээд ёжлоод байгаа санаатай.

    ... Эхнэр маань миний бичсэнийг уншингуутаа шууд ураад хаячихав. Уур гэнэт дүрсхийлээ.

    -Ядарсан хүнийг чи битгий доромжлоорой
    -Харин чи хүн доромжлохоо болиорой
    -Яаж чамайг доромжилсон юм бэ?
    - "Баавгай"-г зарчих гээд... Юу дэмийрээд байгаа юм бэ?
    - "Баавгай" чамд хэрэггүй юм бишүү?
    -Үгээ олж яриарай. "Баавгайг" буцааж "хүн" болгохоосоо өнгөрсөн. Тэгээд ч энэ "Баавгай" чинь зоо паркийн амьтан биш. Миний хүүхдүүдийн эцэг, миний хайртай хань байхгүй юү
    -Чи одоо надаар тоглоод байна уу?
    -Эхлээд "тоглосон" юм аа. Одоо бол огт үгүй. "Баавгай" ийм гомдомтгой гэдгийг би мэдэж байсан л дээ. Гэхдээ жаахан "тоншмоор" санагдаад... Ийм өхөөдмөөр "Баавгайг" яаж зарж болох вэ? Хамраа унжуулаад тэр хүүхэд шиг... Алив миний "Баавгай" хүрээд ир дээ. Нүднийх нь нуухыг аваад өгье..

    Хоёрдугаар хувилбар:

    -Мөрөөдөв өө чи. Би чамд гэр орныг нь бэлтгэж өгөөд чамайг хадамд гаргаж өгөх үү. Чам шиг "Баавгайг" тоож суух хүүхэн олдох уу даа...
    -Харахгүй юү. Тоох нь уу, яах нь уу...
    -Хэрвээ чамайг эр хүн гэж эмэгтэй хүний нүдээр "сээтэлзээд" ханилж суух эм сүвтэй юм дагуулаад ирвэл би өвлийн идшийг чинь бэлтгэж өгөөд, сар бүр мянган долларын хандив өгье
    -Чи нээрээ, намайг басаад байна уу? Чиний "хар"-тайг би мэднэ шүү дээ. Анх намайг хоёр найз хүүхэнтэй чинь Улаан-Үд явахад яаж хардлаа. Шатлаа гээд байсан хүүхнүүдтэй наргиад хэдэн төгрөгөө дуусгачихаж гэж хардсан биз дээ. Тэгээд миний оронд өөрөө яваагүй билүү...
    - Өө за за. Өнийн юм санагдуулдаг байна ш тээ... Чи тэр хүүхнээ дагуулаад ир.
    - Дагуулаад байтугай тэврээд ирнээ... Чи ч өөрөө танина. Эртүүд намайг түүн рүү явуулж, мөнгө авчруулсан биз дээ...
    -Хүүе, нөгөө Алтны уурхайн захирал авгай юу?
    -Авгай гэж. Чамаас арав дүү хүүхэн шүү. Авгай гээд өөрөөсөө хөгшин болгох янзтай.
    -Тэр яасан юм бэ? Чамтай "унтсан" юмуу?
    -Тийм юм одоохондоо болоогүй ээ. Тэгэхдээ би түүнд "таалагдсанаа" мэдэж байна.
    -Яаж?
    -Надтай цай ууж суугаад, явуулах дургүй байсан юм. Амралтын газар дараа уулзъя гэж утсаа өгсөн шүү дээ
    -Чи тэгээд очих сонирхол байна уу?
    -Нэгэнт чиний нүдэнд багтаж шингэхгүй болсон бол ирээдүйгээ бодно доо.
    -Бүү давар. Чамайг би гавлаад машиныхаа ард авч явна шүү тэгвэл...

    Гуравдугаар хувилбар:

    -Би чиний санааг мэдье гэж бодсон юм. Гэтэл чи шалгалтандаа бүдэрлээ. Чи миний тухай ийм л саланги сарниу бодолтой явдаг юмуу? Ийм санаатай байвал чи бид хоёр нэг гэрт хамт өдөр хоног өнгөрөөгөөд яах вэ. Амь амьдралаа бодъё. Хүүхдүүд ч том болсон. Чи бид хоёрын тусалцаа бараг алга. Дур дурандаа өөрсдийн замаар амьдаръя даа. Өдий насны улс хэрэлдэж муудалцаад яах вэ. Учир зүйгээ олоод хэл амгүй хоёр тийшээ болъё.

    -Эм хүн ингэж шийдсэн бол би юу гэх вэ. Амьдар чи минь амьдар. Надаас сайхан эр нөхөртэй болоод насан туршдаа жаргаж суугаарай гэж ерөөе. Харин чи надад том байшингаа орхиорой. Би хэдэн хүүхэдтэйгээ амьдаръя. Энэ хэдэн хүүхдийг өсгөсөн болохоор хажуугаас нь холдмооргүй байна. Ач зээгээ ч гэсэн хараад сууж байх минь...

    - Уруул нь бүр унжчихсан байна ш тээ. Хаанаас тийм балай юм болдог ий? Миний хань итгэчихсэн үү? Хүүхэд шиг юу ч болоогүй байхад... унжийгаад... Удахгүй чи бид хоёр өвөө эмээ болох гэж байхад сална мална гэсэн дэмий яриагаар яах вэ.

    -Ёо ёо. Чамайг үнэнээсээ хэллээ гэж айлаа шүү. Хэн нь тэгээд "ач зээ"-тэй болгох гээд байна?
    -Том хүү л байхгүй юү. Найз охин нь гурван сартай жирэмсэн. Чамд хэлээгүй юмуу?
    -Хэлээгүй. "Захирал"-тай шууд харьцъя гэж бодсон юм байгаа биз дээ. Надтай тоож ярих биш дээ. Би бол энэ гэрийн зарц.
    -Чи ч бас "захирал" шүү дээ.
    -Юуны?
    -Яагаав, "Баавгай" гэдэг айлын...

    Гурван хувилбар гаргасан боловч "салгаж" дийлсэнгүй. Энэ хоёр хувь заяагаараа "гагнагдсан" хосууд байна. Яг болно гэдэг чинь амар ажил биш юм аа. 

    Даваажавын Эрдэнэмөнх

    54 8
  • Бүх юм үнэгүй өдөр !!!

    2012-12-04

    Өглөө сэртэл цаг найм өнгөрч байгаа харагдав. Ажлаас хоцорсоноо мэдмэгц өглөө бүр хацар алгадаж сэрээдэг эхнэр рүүгээ харвал тэр маань жишим ч үгүй гэрийнхээ шаахайтайгаа буйдан дээрээ муураа тэврэн гунигт автан суух ажээ. Эхнэртээ би өглөө намайг сэрээхийн тулд дуртай бүх аргаа хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Хацар алгадах, дух руу няслах, чихнээс угзрах, хамраас чимхэх, бүр сэрэхгүй тохиолдолд хүйтэн ус нүүр рүү цацах гээд олон аргыг зөвшөөрсөн юм.

    Харин эхнэр маань дээрхи олон аргыг хэрэглээд намайг сэрээж чадахгүй бол өөр бусад аргыг хэрэглэх "эрх"-тэй байлаа. Зүүгээр гарын эрээн булчин руу хатгах, дэрээр толгой дундуур татаад авах, хамрын нүх рүү оо шахах, хөлийн хурууны завсар цаас хавчуулаад шатаах зэрэг цэргийн дэг журмыг ч хэрэглэхийг олон удаа ажлаасаа хоцорч, даргаасаа сануулга аваад дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй би өөрөө зааж өгсөнийг яана.

    Гэтэл өнөө өглөө намайг тийн сэрээсэнгүй. Худалдааны төв рүү явж лангуугаа ч ажиллуулсангүй. Сэгсгэр үстэй эрх муураа тэврэн нулимс дуслуулан суух нь тэр. Намайг босож ирмэгц, эхэр татан уйлж, "Миний хөгшин босчихов уу? Тэртэй тэргүй маргааш дэлхий сөнөхөөс хойш гээд чамайг сэрээсэнгүй. Ганц өдөр ажилд явсан ч яалаа үгүй байсан ч яалаа.... Хөргөгчинд байгаа бүх махаараа хоёулаа өнөөдөр хорхог хийж идье. Зах орж улаан ногоон чинчүү авчирч шанцайтай идвэл амттай даа... Хүү маань ирж яваа гэнэ. Сая утсаар ярилаа. Сургууль дээр нь нэг ч хүүхэд ирээгүй юм байх. Автобусанд мөнгө хураагч нар харагдахгүй байна гэнэ. Таксины нэг жолооч үхэхийнхээ өмнө буян хийнэ гээд үнэгүй авчирч өгч яваа гэнэ" гэж дуржигнуулав.

    "Жаахан тайван яриач" гэвэл "Маргааш байхгүй болно гэж бодохоос бүх л амьдрал минь нүдний өмнө жирэлзээд... хурдан ярихгүй бол маргааш болох гэж байгаа юм шиг сэтгэл яараад байх юм" гэж нулимсаа унагав. Жирийн үед бол тэр минь жигтэйхэн удаан үгээ бохь шиг тасалж сунгаж ярьдаг хүн сэн. Тэгтэл өнөөдөр баадуугий нь чангалсан цаг шиг чаг чаг.

    Маргааш нээрээ дэлхий сөнөнө гэж хэдэн жил шуугиад байсаныг гэнэт би саналаа. Өнөөдөр арван хоёрдугаар сарын хорин... Үнэхээр маргааш дэлхий сөнөвөл яах вэ? Эцсийн мөчид би хаана байх ёстой вэ? Аавынд очиж, ах дүү нартайгаа хамт байж байгаад “өнгөрсөн” нь дээр үү, эсвэл ажлын газрынхантайгаа амралтанд зугаа цэнгэл эргүүлж байгаад дуусах уу?...

    Өчигдөр дарга нэг юм хэлээд байсан даа, сануулга, шийтгэлтэй бүх хүнийг өршөөлөө. Нийтээрээ салхинд гаръя гээд эг маг хийгээд л... Өнөөдөр цалингаа урьдчилж өгнө гэсэн. Хүн бүрийн амралтын мөнгийг нэмж олгоно гэсэн шүү дээ. Цалингаа очиж аваад гэр бүлтэйгээ Тэрэлж явах уу? Бодоод байсан чинь, эхнэр хүүхэддээ Хөвсгөл явж амарна гэж жил болгон худлаа хэлсэнээ саналаа... Банкин дээр очиж дансаа шавхаад Хар далай ч явах уу, нэгэнт үхэхээс хойш хаана ч байсан адилхан. Сэтгэл өвдөөд нэг л хачин...

    Хань минь маргааш чи бид хоёр... Нэг мэдэхэд би эхнэрээ мөрөөр нь тэвэрч цээжиндээ наагаад " Ажлаас ядарч ирэхэд амраахгүй яншлаа гэж уурладаг байсаныг минь уучлаарай. Энэ амьдралдаа нэг л удаа чамайг... хуурсаныг минь өршөөгөөрэй " гэж хэллээ. Эхнэр нулимсаа арчсан ч үгүй миний нүүрэнд нулимстай хацраа наан " За одоо тэр яах вэ, хэдэн удаа хуурсан байсан ч би чамайг уучилна. Би чамайг харин хуурч амжаагүй шүү" гэж яс хавтайтал гүдэсхэн хариулав.

    -Тэгээд чамд гомдолтой байна уу?
    -Гомдлоо гээд яах вэ, маргааш бүх зүйл дуусах юм чинь...

    Тиймээ үнэн үг. Маргааш бүх амьдрал эцсийн цэг тавихаас өмнө сэтгэлдээ байгаа муу муухай бүхнийг уудалж орхивол сэтгэл амар үхэх ч юм билүү... Миний амьдралдаа хийж дуусгаагүй олон "ноорог" бий. Тэр бүхнийг биелүүлнэ гэхэд дэндүү оройтжээ. Маргааш гэхэд хэдэн цаг үлдлээ. Цаг бага болохоор өөрийгөө биш эхнэр хүүхдээ баярлуулъя. Ажил уруугаа очиж цалингаа авах гэсэнээ цаг бага болохоор орхилоо. Юмыг яаж мэдэх вэ амьд үлдвэл дараа хэрэг болох ч юм бил үү?... Дансанд ингэхэд хэдэн юм байгаа бол?...

    Хүүгээ дагуулаад эхнэр бид хоёр зах руу явлаа. Өнөөдөр бүх юм үнэгүй!!! Мөнгөний хэрэг дууссан.  Эхнэр хүүхдийнхээ дуртай идэж уух юмыг цуглуулаад дараа нь барааны хэсэг рүү нь орлоо. Халуун шарсан төмс аваарай гэдэг байсан бол халуун төмсөө идээрэй, үнэгүй шүү, халуун хуушуур идэцгээ, хамгийн сүүлчийн удаа үнэгүй гэж хашгиралдана. Гэнэт тархинд нэг бодол зурсхийв. Заавал захаас авч байхаар брендийн дэлгүүр оръё. Адилхан үнэгүй юм чинь... “Ажилладаггүй”-гээрээ алдартай усан толгой минь эцсийн мөчид “ажиллаж” гарав. Эхнэр маань өөрийн хүссэн бүх брендийг дааж ядан авлаа.

    Үнэртэй усны дэлгүүрт шанелийг бүр сагсаар нь тарааж байв. "Жорлондоо цац. Ав. ав " гэж худалдагч нь найрсгаар өгүүлнэ. Хүү маань биеийн тамирын шаахай, хөл бөмбөгийн хувцас авсанаа " Аав, аа та биднийг машинаар зугаалуулахгүй юмуу?" гэж санал гаргалаа... Эр хүн. Санадаг санаа... Авто салон дээр очлоо. Ауди, Бенц, Кадилак, Шевролет, Пагани гээд бүх төрлөөрөө... Залуучууд болохоор Ферари сонирхцгооно. Дарханы замд гарч уралдах юм байх. Осолд ороод амь үрэгдсэн ч ялгаагүй гэцгээнэ. Маргааш байгалийн гамшгаар үхэх, өнөөдөр онхолдож үхэх нь юуны ялгаа байна?...

    Олон юм бодсонгүй би Опель Мокка авлаа. Жипнээс дутах юм алга. Үнэгүй юм чинь дуртайгаа авна биз дээ. Шатахуун түгээх газрууд үнэгүй бензин өгч байна... Хөвсгөл явбал мөддөө хүрэхгүй. Аягүй бол замдаа шад хийнэ. Тэгэхээр Тэрэлж нь дээр... Эхнэр хүүхдээ дагуулан Тэрэлжид ирлээ. Гурван хүний люкс өрөөнд орж, зах, дэлгүүрээс үнэгүй авсан идэх уух юмаа гэдсээ дүүртэл чихэж аваад, бие биенийхээ зургыг дарлаа.

    Цахилгаан барааны дэлгүүрээс үнэгүй авсан сүүлийн үеийн Сони аппарат булга суусар болсон эхнэрийн минь, ам хамар нь нил шоколад болсон хүүгийн минь зургийг хэдэн зуун удаа авсан ч хүрэлцэхээр санамжтай ажээ. Хоолоо жаахан шингээхийн тулд гарч цанаар гулгав. Тэгэхгүй бол авчирсан хоол ундныхаа талыг ч цааш харуулж дөнгөхгүй байлаа. Эхнэр минь гэв гэнэт "Ээжтэйгээ уулзахгүйгээр орчлонгоос "явна"гэхэд нэг л санаанд буухгүй байна. Эргэж харьж, ээжтэйгээ уулзах минь" гэж зүтгэлээ. Хадмынд ирвэл эхнэрийн маань ах дүүс бүгд цугларчихсан, цагаан сарын шинийн нэгэн шиг "банкит" хийж байв. Идэж уух нь дэндсэн бололтой нойлийн өрөөндөө оочирлосон улс харагдана.

    Зарим нь ямар хамаатай юм бэ, орцонд гараад бөөлж гэж нэгнийгээ хөөнө. Хадам ээжийн цагаан сараар хэрэглэх гэж байсан үхрийн махыг оруулж гэсгээгээд өдөржин чанаж, шарж, бууз жигнэж, хуушуур хайрч идэцгээсэн гэнэ. Би ч дээшээ суу хүргэн минь, мах ид, архи уу гэхэд нь нэрий нь сонсоод золтой л өдөр нь идсэн уусанаа амаараа гаргачихсангүй. Хадмууд намайг хамаг сайн үгээр л магтацгаана. " Бурхан хүргэн шүү. Дахиад ийм хүргэн олдохгүй" гэж шагшина. Магтсан магтаагүй маргааш болтол над шиг хүргэн яаж олдох билээ. Амжих ч үгүй.

    Өнөөдөр хүн болгон бие биенийгээ магтана. Маргааш "талийгаач" болох хүмүүст оршуулгын үг уншиж байгаа мэт амаа олохгүй цаасан малгай өмсгөнө... Архи дарсанд хөлчүүрхсэн тэд ам уралдуулан бурцгаах нь түмний эх болсон хээр азаргаас дутах янзгүй. Бараг тоосгүй түрүүлж байгаа юм бишүү...
    -Өндөрлөг газар байдаг болохоор Монголчууд бид үлдэх ч юм билүү... Хөөрхий тэр Япон, Солонгос хамгийн түрүүнд дуусана даа...

    -Амьд үлдээдэхвэл дэлхийн бүх баялаг бидний өмч болох нь байна шүү дээ...
    -Түвдүүд чинь бүр өндөрт байдаг гээ биз дээ. Хятадууд сөнөхөөр тэд тусгаар тогтнох байх даа. Далай лам ерөнхийлөгч болж таарна даа.

    -Ээ, гончиг сүм минь, Сөүлд байгаа хүүхдүүд минь наашаа ирж амжсангүй. Онгоцны оочер гэж дийлдэхгүй байгаа сурагтай. Америкт сурдаг хүү маань долоон хоногийн өмнө ирсэн нь юутай аз вэ?
    -Шведэд байдаг охин минь цагаан толгойтой өвгөн дагуулаад ирсэн. Цаадахь нь мөсөн даруулж үхэхээр Монголд очиж амь гарна гэж бодсон дог оо, зайлуул.

    -Үр хүүхдүүдтэйгээ хамт ингээд дуусахад гомдох юм алга.
    -Манай энэ хүү овоо ноцолддог юм. Аймгийн арслан болж чадалгүй...

    -Уйлаад яах вэ, муу ёр. Явах хүний замд саадтай. Сүнс нь хоргоддог юм.
    -Таниас зээлсэн мөнгөө өгч амжсангүй... тэр жаахан муу юм боллоо доо.

    -Яахав яахав, буянаараа бол. Маргааш гэхэд чи ч байхгүй би ч байхгүй... Тэр мөнгөөр юугаа хийх вэ
    -Энэ ерөнхийлөгч гуай ард түмнээ эцсийн замд нь үдэж зурагтаар үг хэлдэггүй юм байх даа. Амиа бодоод архидаад явж байж мэдэх нөхөр.

    -Харин ээ... НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга ч чимээгүй.
    -Дэлхий сөнөхөө больчихвол одоо яанаа. Би гурван давхар байшингаа өрнөөсөө салъя гэж бодоод шүүхэд сайн дураараа өгчихсөн.

    -Авилга авсан дарга нар өчигдөр хэргээ хүлээсэн гэдэг шүү. Нэг цагаахан амьтад эрлэгийн эзнийд очих юм байх даа
    -Нөгөө Дуламжавын мисс охин өнөөдөр хуримаа хийж байгаа гэнэ. Баячуудын банди нартай нэр холбогдоод байсан чинь байрныхаа нэг оюутан хүүтэй суусан гэнэ.

    -Хүмүүс айхтар юм аа. Замаа засаад... Солонгосын виз гаргана өгнө гэж олон хүн залилсан ганц дүү минь нөгөө хар савнаасаа нөгөө ертөнц рүү очих нь харамсалтай байна. Өршөөл мөршөөлийн хууль гаргачихдаг буян л болно шүү дээ, олон жилтэй хүмүүст...
    -Хадгаламжийн хэдэн цаасаа бүгдийг нь аваад уржигдар би Ганданд ном уншуулсан. Үхэхдээ бас хонхны дуутай, арцны утаатай өнгөрье гэж бодлоо.

    -Энэ золиг чинь хэдэн сарын өмнөөс согтуу толгойлж яваа юм. Нэгэнт үхэх юм чинь ууж яваад үхье гээд компаниа зараад өдөр шөнөгүй архидаж яваа гэнэ дээ.
    -Зарим албан байгууллагууд арван нэгэн сард шинэ жилээ тэмдэглэж, оны аварга, шилдэг ажилтнаа тодруулсан байна. Нөгөө Нямаа оны аварга болж, гурван өрөө байраар шагнуулсан гэнэ.

    -Одоо ч байр саваар яах вэ. Галт уул дэлбэрч, далайн ус галав юүлж, газар гаваараа цуурч, хамаг дэлхий сөнөх болохоор алтан өргөө байсан ч хог дээр хаясантай адил.
    ... Хадам ээжид зориулан эхийн тухай дуу хэн нэг нь дуулав. Дууны дугараа ар араасаа хөвөрнө. Мартын наймныг тэмдэглэлээ. Цэргийн баяр, эх үрсийн баяр... Ууж идэхээрээ ухаан ордог байх нь. Урьдчилаад хэн нэгний төрсөн өдөр, ирэх наадмын баяраа давхар тэмдэглэнэ...

    Хүмүүсийн зай завсар дундуур даац нь “ихэдсэн” ходоодоо номхруулахаар би жорлон руу явахдаа хонгилын хананд хадсан хуанлийн хуудсыг олж харсанаа гэнэт ухасхийгээд өнөөдрийн хуудсыг нь тасдан урав. Ард нь “арванхоёрдугаар сарын хорин нэгэн” гэсэн тоо томоос том зурайн харагдах нь тэр.

    Салхинд үлээгдсэн зулын дөл шиг сүүмгэр бодол тархинд харван орж ирлээ. Маргааш би дахиад энэ хуудсыг тасдах гээд зогсож байх юм биш биз. Тэгэхээр алсаа бодоод дарга руугаа утастдаад сайхан амрахыг ерөөвөл яадаг бол. Өнөөдөр би ажлаа “пялчихсан”  шүү дээ... Хүүдээ фталозол, авгайдаа аспирин бэлтгэж байхгүй бол маргааш амьд “үлдэгсэд”-эд аптекийн “тусламж” нэн шаардлагтай болно шүү...

    Даваажавын Эрдэнэмөнх

    26 5
  • Хоёулаа хэзээ салах вэ?

    2012-11-30

    Зан ааш нийлсэнгүй тул эхнэр бид хоёр салах тухай ярихаас өөр арга байсангүй. Гурван жил хэрүүл хийлээ. Хоёр жил бие биенийгээ доромжиллоо. Болоо юм биш үү. Сүүлийн нэг жил нь салам зодолдлоо. Харин салахдаа бие биендээ хонзон санахгүйгээр нэг гоё романтик ч юмуу... бие биеэ хүндлэн "ёс төр"-тэй салахаар шийдэв.

    Зургаан жил хамт амьдрахдаа захын хуушуурын гуанзанд орсныг эс тооцвол бид хоёр нэг ч удаа хоолны газар орж үзээгүй юм билээ. Салах "баяраа" нийслэлийн хамгийн үнэтэйд тооцогддог нэг томхон ресторанд хийхээр болсон юм.

    Аав ээж, ах дүүс, хадмуудаа урьсан боловч "Хоёр тэнэг минь өөрсдөө л учраа ололц. Ямар гавъяа байгуулсандаа биднийг урив. Гэмгүй улстай муудалцаж, нүүрээ улайлгаад яах вэ. Мөрөөрөө салъя. ... Одоогийн хүүхдүүд ямар муухай болсон юм даа. "Найр" хийж сална ч гэх шиг... Ёстой нүүр хийх газаргүй болгох юм байна. Та хоёр хоорондоо үсдэлцэж авалгүй, хэрүүл зодоон гаргалгүй, хоолны газрын эд хогшил эвдэж хэмхлэхгүй хэл амгүй хэрүүл шуугиангүй тэрүүгээрээ аятайхан салаарай" гээд ирсэнгүй.

    Анд найз нартаа хэлсэн чинь "Шараа шараа... Өөрсдөө л хэл амаа олоод, "чимээгүйхэн" цаагуураа салцгаа" гээд уцаарлав. Ингээд эхнэр бид хоёр нэрий нь ч уншиж чадахааргүй гадаад нэртэй чамин ресторанд хоёулаа ирлээ. Үйлчлэгч залуу хоолны цэс авчирч өгөхөд гадаад хоолны талаар өчүүхэн ч мэдлэггүйгээ бид хоёр бие биендээ "гайхуул"-ав.

    -Ханиа, "Сhichen Gordon Bleu" гэж юу юм бол доо?
    -Мэдэхгүй мэдэхгүй...

    -Хайр аа, хоёулаа уурлаж уцаарлахгүй гэж тохирсон биз дээ...
    -Нээрэн тэглүү... Соёлтой залуу чамайг мэдэхгүй байхад би яаж мэдэх билээ дээ. Ядаж байхад хоолны зураг нь байхгүй юм.

    -Ханиа, чамайг би ийм "намуухан" байхад чинь дуртай шүү. Эр хүний хувьд би сонгоё... Миний хайр даруухан загнаад сууж бай... Steak Diane гэнүү? Юу гэж байгаа юм болоо?
    -Чи надаас асуугаад байна уу?

    -Үгүй үгүй, миний хайр намбатайхан суу. Би өөрийнхөө "эргүү толгойноос" асуусан юм.
    -"Эргүү" тэгээд юу гэж байна?

    -Юу гэхэв дээ, мангайгаад л байж байна...
    -Чи ийм "мангар" биш байсан бол бид сайхан амьдрах байсан юм. Жаахан дээгүүр "жаалдаг" нөхөртэй байсан бол би долоон жилийн өмнө хуримандаа өмссөн "цайны хувцастайгаа" энд ингээд ёрдойгоод сууж байхгүй байх байсан...

    -Хайраа, дахиад нөгөөхөө эхлэх нь үү?
    -Эхлэх гэсэн юм биш ээ... Бодохоос гомдмоор юм. Хөл дүүжлэх унаагүй, хүний царай харсаар өдий хүрлээ. Хөлсний хавчиг байранд сууж, хүүхэд гаргах завгүй хөнжлөө булаацалдаж амьдарлаа...

    -Ханиа, жаахан "зөөлөн" байгаарай. Чи бид хоёр хэрэлдэж муудалцахгүй, анхны гал халуун хайраараа сална гэж тохироо биз дээ... Юу ч гэсэн нэг хоол захиалъя. Үхрийн махтай строганофф гэнэ. Ямар ч байсан үхрийн мах байна... Үүнийг цезарь салаттай авъя... Шөлтэй хоолонд орос солянк дээр юмуу?
    -Нэгдүгээр хоолонд гэж хэлээч. Цезарь салат гэж юу юм бэ? Чи мэдэх үү?

    -Яагаа вэ, кимчиний байцаатай, гахайн мах, талхыг тос бяслагтай холиод... Зурагтаар харсан юм...
    -Солянк гэж?

    -Үхрийн мах, зайдас... гээд... Оюутан байхдаа наймаа хийж явахдаа Улаан Үдэд идэж явлаа...
    -Их амьтан байх нь ээ... Наймаа хийсэн мөнгөө чи яасан юм бэ? Надтай суухдаа ганц чемодантай л байсан...

    -Чамтай анх танилцаж байхдаа таксинд, утасны нэгж, өдөр бүр сарнай цэцэг гээд явж өгсөн. Үлдсэн бүх мөнгөөрөө хуримаа хийсэнийг чи мэднэ дээ.
    -Хуримнаасаа хойш тэгээд мөнгө олоогүй хэрэг үү?

    -Үүнийг чи сайн мэднэ. Төсвийн байгууллага ямар юмны илүү мөнгө олох вэ. Хөлсний байр, хоол унд, цахилгаан, дулаан, хогны төлбөр...
    -Би цэцэрлэгийн багш, чи сургуулийн багш... Хоёр таарсан амьтан нэг гэрт амьдраад байж дээ...

    -Тэгж таарлаа. Илүү ч үгүй дутуу ч үгүй хоёр төсвийн баагий...

    Бид хоолоо захиалаа.

    -Коктейлэнд юу авах вэ?
    -Намайг бодоход Наушкаар гарч байсанаараа чи нэг юм шийд. Хордоод үхчихгүй нэг юм ав.
    -За тэгье. Улаан дарс авах уу, цагаан дарс авах уу?

    -Улаан хоолойгоор орж л байвал аль нь ч яах вэ. Өөрөө бодоод шийд.
    -Өөрөө шийд гэдэг чинь ямар гоё үг вэ? Унхиагүй амьтан гэдгээс хамаагүй илүү сонсогдлоо... Тэр жил би ажлаасаа гараад найзтайгаа алтны уурхай эрхэлье гэхэд би ганцаараа гэрийн мухар сахихгүй гээд чи явуулаагүй. Бас Америкийн визинд таньдаг хүн оруулж өгье гэхэд чи хориглосон биз дээ. Солонгос явъя гэхэд очоод замаа алдана гээд бас явуулаагүй...

    -Тэр ч нэг тийм юм болсоон... Намайг чи Германд очиж ажиллая гэхэд бас явуулаагүй. Чамгүй яаж байнаа ч гэх шиг...

    Хоол идэж ганц хоёр улаан дарс татсаны дараа бидний яриа бүр ажил хэрэгсэг өрнөв.

    -Амьдралаа өөд татах дээр бол чи бид хоёрын санаа нэг байсан. Гэвч сачий хүрсэнгүй. Миний хэлсэнээр хүнтэй нийлээд мөнгө зээлдүүлэх хоршоо байгуулсан бол ингэж алийгаа алдахгүй явах байсан...
    -Тэгсэн бол өдийд чи шоронгийн хадаас болчихсон байгаа шүү дээ. Тэр үеийн бүх хоршоо дампуураад, эзэд нь шоронгийн хаалга татаа биз дээ... Чамтай нийлье гээд байсан нөгөө Бадрах шоронд ороод овгоруудын "авгай" болсон гэдэг биз дээ. Юу гэдэг билээ? Банди билүү?... Дараа нь гарч ирээд шулуун гэдэсний хавдартай болсон гэж дуулддаг...

    -Манай багын найзыг дүүргийн дарга байхад би хорооны дарга болох байсан юм. Газрын наймаа ид цэцэглэж байсан үе шүү дээ...
    -Одоо ч оройтсон юм алга. Хотын газрын албанд байцаагч болгож өгье гэсэн ээжийн нэг танил байгаа шүү дээ...

    -Тэгж болохгүй, ингэж болохгүй гэж хамаг алтан цагаа үрж явахаар нэг удаа зориглоод үзвэл яасан юм бэ хайраа...
    -Өөрөө л мэд. Чи уул нь гэрийн эзэн эр хүн биз дээ?

    -Намайг чи тэгж боддог бол сайхан л байна. Үүнийг би эртхэн мэдэрсэн бол юу санасанаа хэдийн амжуулах байлаа.
    -Чиний толгой эргэж байна уу? Миний бие хачин болж байна... Халуу оргиод, цээжин дотор байсан хамаг муу муухай бодол арилчихлаа...

    -Би ч ялгаагүй... Сэтгэл догдлоод... чи минь улам хөөрхөн харагдаад...
    -Хариад хоёулаа сайхан амаръя.

    -Салах барих маань юу болов?...
    -Юуны чинь салах... Эхлээд чи ээжийн танилын хэлсэн ажилд орчих. Байртай больё. Машинтай больё... Дараа нь энэ тухай бодъё...

    Эхнэр маань хацар нь улайн, нүд нь гялалзаад нэг л амьдралын баяр баясгалантай хүн болчихов. Юм л бол уурлаж, маргалдаж байхын оронд урьд нь бид хоёр яагаад ингээд чин сэтгэлээсээ шулуухан ярьж үзэээгүй юм бэ? Энэ амьдрал гэдэг чинь тэр чигээрээ асуултын тэмдэг юм аа...

    Ширээн дээр дарсны хоосон лонх харагдана. Нэр нь юу гэнэ вэ? "LEGENDE" Орос үг шиг. Байз байз, Gamaret-Garanor. Domaine du centaure. Claude Ramu et Fils Мэдэхгүй хүнд яасан ч олон нэртэй юм бэ? Хаанахынх юм бол? Франц уу Испани уу?  "Producteurs A` Dardagny" гэнэ.

    Ийм улс байдаг юм бол уу? Эхнэрээсээ ийм улс байдаг уу гэж асуух уу? Уурлачих юм бол уу? Оройн цагаар эхнэртэйгээ "түг таг" гэж үг сөрж байхаар ганц хоёр англи үг тогтооё. Энэ дарс арван гурван градус гэнэ. Ахиад нэгийг авбал хорин зургаан градус болно гэсэн үг үү. Амттай юм. Чихэр амтагдаад... Бүр амьдармаар санагдчихлаа... Оройн зоогоо хааяа ингээд иймэрхүү газар суувал зүгээр юм бишүү... Дахиад нэгийг захих минь гэж хажуу ширээнээс захиалга авч буй үйлчлэгчийг харангуутаа би бодов...

    Даваажавын Эрдэнэмөнх

    13 2
  • Бүх юм үнэгүй өдөр !!!

    2012-11-27

    Өглөө сэртэл цаг найм өнгөрч байгаа харагдав. Ажлаас хоцорсоноо мэдмэгц өглөө бүр хацар алгадаж сэрээдэг эхнэр рүүгээ харвал тэр маань жишим ч үгүй гэрийнхээ шаахайтайгаа буйдан дээрээ муураа тэврэн гунигт автан суух ажээ. Эхнэртээ би өглөө намайг сэрээхийн тулд дуртай бүх аргаа хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Хацар алгадах, дух руу няслах, чихнээс угзрах, хамраас чимхэх, бүр сэрэхгүй тохиолдолд хүйтэн ус нүүр рүү цацах гээд олон аргыг зөвшөөрсөн юм.

    Харин эхнэр маань дээрхи олон аргыг хэрэглээд намайг сэрээж чадахгүй бол өөр бусад аргыг хэрэглэх "эрх"-тэй байлаа. Зүүгээр гарын эрээн булчин руу хатгах, дэрээр толгой дундуур татаад авах, хамрын нүх рүү оо шахах, хөлийн хурууны завсар цаас хавчуулаад шатаах зэрэг цэргийн дэг журмыг ч хэрэглэхийг олон удаа ажлаасаа хоцорч, даргаасаа сануулга аваад дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй би өөрөө зааж өгсөнийг яана.

    Гэтэл өнөө өглөө намайг тийн сэрээсэнгүй. Худалдааны төв рүү явж лангуугаа ч ажиллуулсангүй. Сэгсгэр үстэй эрх муураа тэврэн нулимс дуслуулан суух нь тэр. Намайг босож ирмэгц, эхэр татан уйлж, "Миний хөгшин босчихов уу? Тэртэй тэргүй маргааш дэлхий сөнөхөөс хойш гээд чамайг сэрээсэнгүй. Ганц өдөр ажилд явсан ч яалаа үгүй байсан ч яалаа.... Хөргөгчинд байгаа бүх махаараа хоёулаа өнөөдөр хорхог хийж идье. Зах орж улаан ногоон чинжүү авчирч шанцайтай идвэл амттай даа... Хүү маань ирж яваа гэнэ. Сая утсаар ярилаа. Сургууль дээр нь нэг ч хүүхэд ирээгүй юм байх. Автобусанд мөнгө хураагч нар харагдахгүй байна гэнэ. Таксины нэг жолооч үхэхийнхээ өмнө буян хийнэ гээд үнэгүй авчирч өгч яваа гэнэ" гэж дуржигнуулав.

    "Жаахан тайван яриач" гэвэл "Маргааш байхгүй болно гэж бодохоос бүх л амьдрал минь нүдний өмнө жирэлзээд... хурдан ярихгүй бол маргааш болох гэж байгаа юм шиг сэтгэл яараад байх юм" гэж нулимсаа унагав. Жирийн үед бол тэр минь жигтэйхэн удаан үгээ бохь шиг тасалж сунгаж ярьдаг хүн сэн. Тэгтэл өнөөдөр баадуугий нь чангалсан цаг шиг чаг чаг.

    Маргааш нээрээ дэлхий сөнөнө гэж хэдэн жил шуугиад байсаныг гэнэт би саналаа. Өнөөдөр арван хоёрдугаар сарын хорин... Үнэхээр маргааш дэлхий сөнөвөл яах вэ? Эцсийн мөчид би хаана байх ёстой вэ? Аавынд очиж, ах дүү нартайгаа хамт байж байгаад “өнгөрсөн” нь дээр үү, эсвэл ажлын газрынхантайгаа амралтанд зугаа цэнгэл эргүүлж байгаад дуусах уу?...

    Өчигдөр дарга нэг юм хэлээд байсан даа, сануулга, шийтгэлтэй бүх хүнийг өршөөлөө. Нийтээрээ салхинд гаръя гээд эг маг хийгээд л... Өнөөдөр цалингаа урьдчилж өгнө гэсэн. Хүн бүрийн амралтын мөнгийг нэмж олгоно гэсэн шүү дээ. Цалингаа очиж аваад гэр бүлтэйгээ Тэрэлж явах уу? Бодоод байсан чинь, эхнэр хүүхэддээ Хөвсгөл явж амарна гэж жил болгон худлаа хэлсэнээ саналаа... Банкин дээр очиж дансаа шавхаад Хар далай ч явах уу, нэгэнт үхэхээс хойш хаана ч байсан адилхан. Сэтгэл өвдөөд нэг л хачин...

    Хань минь маргааш чи бид хоёр... Нэг мэдэхэд би эхнэрээ мөрөөр нь тэвэрч цээжиндээ наагаад " Ажлаас ядарч ирэхэд амраахгүй яншлаа гэж уурладаг байсаныг минь уучлаарай. Энэ амьдралдаа нэг л удаа чамайг... хуурсаныг минь өршөөгөөрэй " гэж хэллээ. Эхнэр нулимсаа арчсан ч үгүй миний нүүрэнд нулимстай хацраа наан " За одоо тэр яах вэ, хэдэн удаа хуурсан байсан ч би чамайг уучилна. Би чамайг харин хуурч амжаагүй шүү" гэж яс хавтайтал гүдэсхэн хариулав.

    -Тэгээд чамд гомдолтой байна уу?
    -Гомдлоо гээд яах вэ, маргааш бүх зүйл дуусах юм чинь...

    Тиймээ үнэн үг. Маргааш бүх амьдрал эцсийн цэг тавихаас өмнө сэтгэлдээ байгаа муу муухай бүхнийг уудалж орхивол сэтгэл амар үхэх ч юм билүү... Миний амьдралдаа хийж дуусгаагүй олон "ноорог" бий. Тэр бүхнийг биелүүлнэ гэхэд дэндүү оройтжээ. Маргааш гэхэд хэдэн цаг үлдлээ. Цаг бага болохоор өөрийгөө биш эхнэр хүүхдээ баярлуулъя. Ажил уруугаа очиж цалингаа авах гэсэнээ цаг бага болохоор орхилоо. Юмыг яаж мэдэх вэ амьд үлдвэл дараа хэрэг болох ч юм бил үү?... Дансанд ингэхэд хэдэн юм байгаа бол?...

    Хүүгээ дагуулаад эхнэр бид хоёр зах руу явлаа. Өнөөдөр бүх юм үнэгүй!!! Мөнгөний хэрэг дууссан.  Эхнэр хүүхдийнхээ дуртай идэж уух юмыг цуглуулаад дараа нь барааны хэсэг рүү нь орлоо. Халуун шарсан төмс аваарай гэдэг байсан бол халуун төмсөө идээрэй, үнэгүй шүү, халуун хуушуур идэцгээ, хамгийн сүүлчийн удаа үнэгүй гэж хашгиралдана. Гэнэт тархинд нэг бодол зурсхийв. Заавал захаас авч байхаар брендийн дэлгүүр оръё. Адилхан үнэгүй юм чинь... “Ажилладаггүй”-гээрээ алдартай усан толгой минь эцсийн мөчид “ажиллаж” гарав. Эхнэр маань өөрийн хүссэн бүх брендийг дааж ядан авлаа.

    Үнэртэй усны дэлгүүрт шанелийг бүр сагсаар нь тарааж байв. "Жорлондоо цац. Ав. ав " гэж худалдагч нь найрсагаар өгүүлнэ. Хүү маань биеийн тамирын шаахай, хөл бөмбөгийн хувцас авсанаа " Аав, аа та биднийг машинаар зугаалуулахгүй юмуу?" гэж санал гаргалаа... Эр хүн. Санадаг санаа... Авто салон  дээр очлоо. Ауди, Бенц, Кадилак, Шевролет, Пагани гээд бүх төрлөөрөө... Залуучууд болохоор Ферари сонирхцгооно. Дарханы замд гарч уралдах юм байх. Осолд ороод амь үрэгдсэн ч ялгаагүй гэцгээнэ. Маргааш байгалийн гамшгаар үхэх, өнөөдөр онхолдож үхэх нь юуны ялгаа байна?...

    Олон юм бодсонгүй би Опель Мокка авлаа. Жипнээс дутах юм алга. Үнэгүй юм чинь дуртайгаа авна биз дээ. Шатахуун түгээх газрууд үнэгүй бензин өгч байна... Хөвсгөл явбал мөддөө хүрэхгүй. Аягүй бол замдаа шад хийнэ. Тэгэхээр Тэрэлж нь дээр... Эхнэр хүүхдээ дагуулан Тэрэлжид ирлээ. Гурван хүний люкс өрөөнд орж, зах, дэлгүүрээс үнэгүй авсан идэх уух юмаа гэдсээ дүүртэл чихэж аваад, бие биенийхээ зургыг дарлаа.

    Цахилгаан барааны дэлгүүрээс үнэгүй авсан сүүлийн үеийн Сони аппарат булга суусар болсон эхнэрийн минь, ам хамар нь нил шоколад болсон хүүгийн минь зургийг хэдэн зуун удаа авсан ч хүрэлцэхээр санамжтай ажээ. Хоолоо жаахан шингээхийн тулд гарч цанаар гулгав. Тэгэхгүй бол авчирсан хоол ундныхаа талыг ч цааш харуулж дөнгөхгүй байлаа. Эхнэр минь гэв гэнэт "Ээжтэйгээ уулзахгүйгээр орчлонгоос "явна"гэхэд нэг л санаанд буухгүй байна. Эргэж харьж, ээжтэйгээ уулзах минь" гэж зүтгэлээ. Хадмынд ирвэл эхнэрийн маань ах дүүс бүгд цугларчихсан, цагаан сарын шинийн нэгэн шиг "банкит" хийж байв. Идэж уух нь дэндсэн бололтой нойлийн өрөөндөө оочирлосон улс харагдана.

    Зарим нь ямар хамаатай юм бэ, орцонд гараад бөөлж гэж нэгнийгээ хөөнө. Хадам ээжийн цагаан сараар хэрэглэх гэж байсан үхрийн махыг оруулж гэсгээгээд өдөржин чанаж, шарж, бууз жигнэж, хуушуур хайрч идэцгээсэн гэнэ. Би ч дээшээ суу хүргэн минь, мах ид, архи уу гэхэд нь нэрий нь сонсоод золтой л өдөр нь идсэн уусанаа амаараа гаргачихсангүй. Хадмууд намайг хамаг сайн үгээр л магтацгаана. " Бурхан хүргэн шүү. Дахиад ийм хүргэн олдохгүй" гэж шагшина. Магтсан магтаагүй маргааш болтол над шиг хүргэн яаж олдох билээ. Амжих ч үгүй.

    Өнөөдөр хүн болгон бие биенийгээ магтана. Маргааш "талийгаач" болох хүмүүст оршуулгын үг уншиж байгаа мэт амаа олохгүй цаасан малгай өмсгөнө... Архи дарсанд хөлчүүрхсэн тэд ам уралдуулан бурцгаах нь түмний эх болсон хээр азаргаас дутах янзгүй. Бараг тоосгүй түрүүлж байгаа юм бишүү...
    -Өндөрлөг газар байдаг болохоор Монголчууд бид үлдэх ч юм билүү... Хөөрхий тэр Япон, Солонгос хамгийн түрүүнд дуусана даа...

    -Амьд үлдээдэхвэл дэлхийн бүх баялаг бидний өмч болох нь байна шүү дээ... 
    -Түвдүүд чинь бүр өндөрт байдаг гээ биз дээ. Хятадууд сөнөхөөр тэд тусгаар тогтнох байх даа. Далай лам ерөнхийлөгч болж таарна даа

    -Ээ, гончиг сүм минь, Сеүлд байгаа хүүхдүүд минь наашаа ирж амжсангүй. Онгоцны оочер гэж дийлдэхгүй байгаа сурагтай. Америкт сурдаг хүү маань долоон хоногийн өмнө ирсэн нь юутай аз вэ?
    -Шведэд байдаг охин минь цагаан толгойтой өвгөн дагуулаад ирсэн. Цаадахь нь мөсөн даруулж үхэхээр Монголд очиж амь гарна гэж бодсон дог оо, зайлуул

    -Үр хүүхдүүдтэйгээ хамт ингээд дуусахад гомдох юм алга.
    -Манай энэ хүү овоо ноцолддог юм. Аймгийн арслан болж чадалгүй...

    -Уйлаад яах вэ, муу ёр. Явах хүний замд саадтай. Сүнс нь хоргоддог юм.
    -Таниас зээлсэн мөнгөө өгч амжсангүй... тэр жаахан муу юм боллоо доо

    -Яахав яахав, буянаараа бол. Маргааш гэхэд чи ч байхгүй би ч байхгүй... Тэр мөнгөөр юугаа хийх вэ
    -Энэ ерөнхийлөгч гуай ард түмнээ эцсийн замд нь үдэж зурагтаар үг хэлдэггүй юм байх даа. Амиа бодоод архидаад явж байж мэдэх нөхөр.

    -Харин ээ... НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга ч чимээгүй.
    -Дэлхий сөнөхөө больчихвол одоо яанаа. Би гурван давхар байшингаа өрнөөсөө салъя гэж бодоод шүүхэд сайн дураараа өгчихсөн.

    -Авилга авсан дарга нар өчигдөр хэргээ хүлээсэн гэдэг шүү. Нэг цагаахан амьтад эрлэгийн эзнийд очих юм байх даа
    -Нөгөө Дуламжавын мисс охин өнөөдөр хуримаа хийж байгаа гэнэ. Баячуудын банди нартай нэр холбогдоод байсан чинь байрныхаа нэг оюутан хүүтэй суусан гэнэ.

    -Хүмүүс айхтар юм аа. Замаа засаад... Солонгосын виз гаргана өгнө гэж олон хүн залилсан ганц дүү минь нөгөө хар савнаасаа нөгөө ертөнц рүү очих нь харамсалтай байна. Өршөөл мөршөөлийн хууль гаргачихдаг буян л болно шүү дээ, олон жилтэй хүмүүст...
    -Хадгаламжийн хэдэн цаасаа бүгдийг нь аваад уржигдар би Ганданд ном уншуулсан. Үхэхдээ бас хонхны дуутай, арцны утаатай өнгөрье гэж бодлоо

    -Энэ золиг чинь хэдэн сарын өмнөөс согтуу толгойлж яваа юм. Нэгэнт үхэх юм чинь ууж яваад үхье гээд компаниа зараад өдөр шөнөгүй архидаж яваа гэнэ дээ.
    -Зарим албан байгууллагууд арван нэгэн сард шинэ жилээ тэмдэглэж, оны аварга, шилдэг ажилтнаа тодруулсан байна. Нөгөө Нямаа оны аварга болж, гурван өрөө байраар шагнуулсан гэнэ.

    -Одоо ч байр саваар яах вэ. Галт уул дэлбэрч, далайн ус галав юүлж, газар гаваараа цуурч, хамаг дэлхий сөнөх болохоор алтан өргөө байсан ч хог дээр хаясантай адил.

    ... Хадам ээжид зориулан эхийн тухай дуу хэн нэг нь дуулав. Дууны дугараа ар араасаа хөвөрнө. Мартын наймныг тэмдэглэлээ. Цэргийн баяр, эх үрсийн баяр... Ууж идэхээрээ ухаан ордог байх нь. Урьдчилаад хэн нэгний төрсөн өдөр, ирэх наадмын баяраа давхар тэмдэглэнэ...

    Хүмүүсийн зай завсар дундуур даац нь “ихэдсэн” ходоодоо номхруулахаар би жорлон руу явахдаа хонгилын хананд хадсан хуанлийн хуудсыг олж харсанаа гэнэт ухасхийгээд өнөөдрийн хуудсыг нь тасдан урав. Ард нь “арванхоёрдугаар сарын хорин нэгэн” гэсэн тоо томоос том зурайн харагдах нь тэр.

    Салхинд үлээгдсэн зулын дөл шиг сүүмгэр бодол тархинд харван орж ирлээ. Маргааш би дахиад энэ хуудсыг тасдах гээд зогсож байх юм биш биз. Тэгэхээр алсаа бодоод дарга руугаа утастдаад сайхан амрахыг ерөөвөл яадаг бол. Өнөөдөр би ажлаа “пялчихсан”  шүү дээ... Хүүдээ фталозол, авгайдаа аспирин бэлтгэж байхгүй бол маргааш амьд “үлдэгсэд”-эд аптекийн “тусламж” нэн шаардлагатай болно шүү...

    Даваажавын Эрдэнэмөнх

    4 2
  • Агаарын наймаа

    2012-11-22

    Интернет дээр "байлдаж" тоглож байтал ах гаднаас орж ирлээ. Надаас хэдэн жилийн өмнө дээд сургууль төгссөн юм. Надаас илүү гарах юм байхгүй, бас "ажилгүйчүүдийн" эгнээнийх. Хийдэг ажил нь "агаарын наймаа" хийж "үлээнэ". "Хотын төвд байрлалтай барилга барих зориулалтын газар байна" гэж зална. Уул нь тэр газар байх нь байгаа. Мопед ч байхгүй манай ахад газар байтугай жууцай тарих ам дөрвөлжин талбай ойр хавийн уулын аманд ч байхгүй.

    Мань хүн амаараа л наймаа хийнэ. Үүнийг нь л "агаарын" гэж нэрлээд байгаа хэрэг. Эртээдхэн нэг "уурхай" зарна гээд тууж явсан. Зарсан эсэхий нь мэдэхгүй л дээ. Тэгэхдээ бас хоосонгүй, "амаараа" л ямар ч байсан "хоолоо" олж идээд байгаа зайтай гар даа. Хоосон цээж гэж бодож явсан чинь үгүй юм билээ, сүүлийн үед "агаарын наймаа " нь онож буудаад овоо дориун орлоготой байгаа. Нэг цэцэрлэгийн хашаан доторхи тоглоомын талбайн газрыг зарж орхисоныг би сайн мэднэ.

    Тэр газрын эзэн нь цэцэрлэгийн эрхлэгчийг "хахуульдаж". Нөгөө эрхлэгч нь газрын албаныг авилгадаж. Газрын алба нь хотын даргын эхнэрийг панаалдаж. Хотын даргын эхнэр боловсрол хариуцсан дэд сайдыг "уярааж"... Нэг ёсондоо газрын мафийн дунд ах хүү жаалсан байгаа юм. Газраа зарахын тулд эзэн олох хэрэгтэй биз дээ. Газрыг зарах эзэнд "хуурамч нэг эзэн"-ий хэрэг болж. Тэр нь түүний найз. Найз нь дүүдээ хэлж. Дүү нь ахад хэлж. Төдөн хувийг шагналд авна гэж хоорондоо тохирчээ. Үнэндээ бол иймээ тиймээ асуудал гарвал ах дээр л "унаж" мэдэхээр. Яагаад гэвэл улаан нүүрээрээ "наймаа" хийсэн хүн шүү дээ. Цагдаад бол цаад хүн нь ахыг л гэрчилж, барьж өгөхөөр юм. Манай хүн тэрийг нь мэддэг ч хэдэн төгрөгний төлөө яахаас ч буцахгүй шинжтэй.

    Түрээсний машин унасан ах өгсөн зарынхаа дагуу утасдсан хүн бүртээ ярьж, хоолны газар уригдана. Энэ чинь "хоол"-оо олж идэж байгаа хэрэг биз дээ. Би гэртээ лавшаагаа идээд ах болохоор "шпагетти" идээд... Бурхан ингэж төрсөн ах дүү хоёрын идэх хоолыг дугаарлаж болохгүй биз дээ. Адилхан нэг эхээс төрчихөөд нэг гэрт толгой хоргодож байж, хоёр өөр төрлийн үнэртэй, хоёр өөр төрлийн амттай, хоёр өөр төрлийн үнэтэй хоол идээд байж болно гэж үү? Энэ чинь шударга уу? Нөгөө ардчилсан төр, тэгш эрх чинь хаана байна?...

    Ахтайгаа "барьцалдаад" ч яах билээ. Хэдэн төгрөг олбол над руу бас гайгүй юм шидчихдэг их эд ээ манай ах. Наян сараар зарах газрыг зуун мянгад туучихжээ. Ах таван сая, нөгөө найз нь таван сая. Найзынх нь ах арван сая. Эзэн нь хүний гараар цэвэрхэн гэгч нь газраа зарчихлаа. Тэр газрыг дөчин саяар аваад нугалаад арилжчихав аа хөөрхий...

    Болж л байгаа биз дээ. Тэгэхэд би дээд мэргэжлийн диплом өвөртөлчихөөд жил гаруй хугацаанд гэртээ компьютерээр "байлдаж" хэвтлээ. Ахтай ярьж "агаарын наймаа" хийдэг ч юм билүү дээ... Ашгүй ах гаднаас орж ирлээ. Машины зогсоол зарчихаад орж ирж байгаа нь тэр л дээ.

    -Наймаа давгүй юү. Шар айраг үнэртүүлчихэж. Охидуудтай уугаа юу?
    -Овоо шүү. Тавин саяар зарах газрыг далан таван саяд өгчихлөө.

    - Мундаг аа миний ах. Надад хэдэн саяыг өгөх гэж байна?
    -Чи гэрээс гарч бай л даа. Хамраа гадагш цухуйлгахгүй байсаар хамрын чинь үзүүр үнэр орчихсон байна шүү дээ.

    -Ах дандаа хүн явуулж байх юм. Харшилтайг мэдсээр байж... Та надад нэг "газар" олж өг л дөө.
    -Болж байна шүү. Зүгээр суухаар зүлгэж суу гэж. Маргааш би чамайг нэг хүн рүү явуулъя. Олигтойхон хувцаслаад, сэргэлэн шиг байж үзээрэй.

    -"Том хүн" үү?
    -Том том. Засгийн газрын ордонд суудаг юм.

    -Та надад тэгээд хоёрхон саяыг өгч байгаа юмуу? Яах гэж ингэж татганаж байдаг юм бэ дээ, ганц дүүдээ...
    -Хөөе. Болно. Чи өөрөө маргаашнаас "ажилдаа" ор.

    ...Ахын зааж өгсөн хүнтэй уулзах гэж хэд хэдэн харуул хамгаалалт давж, арайхийн нүүр тулав. Яг ч жинхэнэ "аварга" нь биш бололтой юм. Бас л наагуур нь ажилладаг "тул" аж. Би дэргэд нь өөшний "чийгийн хорхой " л хавьцаа.... Зарах газар нь юу гэнээ?... Буруу дуулав уу? Манай амьдардаг нийтийн хоёр давхар байшин байх юм. Энэ ч дэндэнээ. Ёстой бусдаараа бууз хуушуур шиг явъя гэж хэлэх минь. Өсөж төрсөн байрыг минь яалаа гэж газрыг нь зарж байгаа юм бэ? Ах үүнийг мэдээд намайг явуулж л дээ... Би гэж час улаан чинжүү шиг юм ах дээр "түймэр" шиг давхиж очлоо.

    -Арай ч дээ, ах аа та байрныхаа газрыг зарахыг мэдэж байсан уу? Аав ээж минь энд гучин жил амьдарсан биз дээ. Арай ч дээ, ах аа...
    -Тэгээд яагаав? Газарт орж байхгүй юү.

    -Юу гэсэн үг ий?...
    -Манай байрны ашиглалтын хугацаа нь дууссан. Нэг ёсондоо цоорсон пүүз гэсэн үг. Энэ газрыг нь худалдаад шинэ барилга бариулна. Хоёулаа дундаас нь хэдэн төгрөг унагааж чадвал шинэ байр худалдаж авна. Ах нь хэдэн цаас банкинд хийчихсэн байгаа...

    -Тэгэхдээ аав ээж юу гэх юм бол? Ах аа, ноднин жил засвар хийсэн шүү дээ... Би танд нэг л итгэхгүй байна. Та газар зардаг л юм байгаа биз. Өөрийнхөө амьдардаг орон байраа арай ч дээ, ингэж болох уу?
    Ах юу ч хэлсэнгүй. Тэгэхдээ түүний харцанд "Битгий тэнэгтээрэй дүү минь. Эх орноо зарсан биш" гэх шиг дээрэнгүй өнгө харагдав.

    Даваажавын Эрдэнэмөнх

    5 3
  • Харц

    2012-11-20

    Монголчууд бид нэг цуурахаараа хамаа намбаагүй цуурах юм. Сэтгүүл дээр гарсан Анжелина Жолигийн нүдийг яасан гунигтай нүд вэ гэж хамаг дэлхий дуу алдсан гэнэ. Анжелина Жоли ганцаараа гунигтай нүдтэй гэжүү? Дэндэж байна шүү. Голиввудын "од" л бол од. Гэхдээ гунигтай нүдтэй гэвэл Жолиг өрөвдөөд, сая сая бусад "гуниглангуй" харцтай хөөрхийлөлтэй амьтдыг хөсөр орхих уу?...

    Гайгүй өгзөгтэй гэхээр Женнифер Лопесыг ярих уу?... Боль доо, тийм төөрсөн юм гэж хаа байсан юм бэ? Лопесын унгаж байгаа зургийг папараци зурагчингууд хүчтэй дурангаар татаж авсан байхыг үзсэн. Усны дотоожыг сунатал унгаж байгаа нь Гиннесийн номонд бичихээр гайхамшигтай харагдсан шүү.

    Биеэ чивхэртэл барьсан, хэр баргийн урагдахгүй, тасрахгүй, сайн материал байж таарна. Мань мэт шиг хямдхан юмаар "од" биеэ хулдаагүй байгаа. Овоо дориун "газ" тавьсан нь зургаас нь харахад мэдэгддэг юм. Бүжигчин, дуучин, жүжигчин гээд хичнээн олон авъяастай билээ. Магадгүй дэлхийн аварга шалгаруулах унгалтын тэмцээн болвол Женнифер хатагтай түрүүлэхэд би лав дэмжинээ....

    Харин гунигтай харцны тухайд яривал өөр хэрэг. Миний эргэн тойронд Жолигийнхоос ч илүү гунигтай харцнууд хүчдэл нь хүрэхгүй гэр хорооллын ламп шиг сүүмийж байдаг болохоор энэ талаар би илүү зоригтой дуугарна л даа.

    Нөхөртөө "жийгдсэн" хамар хашааны эгчийн нойтон нүд, шараа тайлах гэж бодолд автагдсан хөрш хашааны ахын улаан нүд, худаг дээр өөрөөсөө том бидон чирсэн жаал хүүгийн нулимстай нүд, өвлийн хүйтэнд ундаа зарж зогсоо охины цантсан нүд, тэтгэврийн мөнгөтэй цүнхээ гудамжинд шүүрүүлсэн доголон эмээгийн хавантай нүд, автобусны буудал дээр амьд үхсэн нь мэдэгдэхгүй судас болсон чөргөр гараа сарвайсан орон гэргүй өвөөгийн сүүмгэр нүд гээд энэ миний орчинд үргэлж тааралддаг гунигт харцуудыг би хэлэхгүйгээр гунигт харцны тухай ярьж чадашгүй.

    Автобусанд ороход л гуниг мэлтэлзсэн бөөн нүд өмнөөс тосно. Мөнгө хураагч гунигтай нүдээр " Миний дүү мөнгөө төлөөрэй. Орлого биелүүлэхгүй бол эгч нь маргааш гудамжинд гарна" гэх шиг харна. Өөдөөс нь "Надад мөнгө байхгүй. Аав архичин, ээж хүнд өвчтэй, ах ажилгүй, эгч сургуульгүй. Яана даа би. Намайг та хөөж буулгалчихалгүй сургуулийн ойр юмуу тэрэг түрдэг захын ойролцоо дөхүүлээд буулгаж өгөөч" гэсэн харцнууд дүрлийнэ.

    Нийгэм маань биднийг ийм харцтай болгожээ. Ерөнхийлөгчийнхөө нүдийг хараарай. Аймаар өрөвдөлтэй. Жижигхэн орны жижигхэн ерөнхийлөгч гээд өндөр ултай гутал өмсдөгтөө гуниглана. Тэгэхэд том улсын том ерөнхийлөгч Обама "бидэнтэй зураг авахуулаад чи жижигдэнэ" гээд алгаараа нүүрийг нь хаах жишээтэй. Төсвөө яаж хоёр чихнээсээ хонх уяхгүй данс бариулна даа гэж гунигласан ерөнхий сайдын хоёр нүд хулгайч, хуйвалдагч нарыг харсан мэт хэдэн сайдаа харж гөлөлзөнө. Их хурлын даргын нүд бөөн гуниг.  Шартсан царайтай хэдэн гишүүдээ хэрэлдэж зодолдолгүй тарцгаагаасай гэсэндээ гуниглана.

    Шүүгчийн нүд гунигтай. Шүүгдэгчийн нүд бүр гунигтай... Хоол идчихээд үйлчлэгчид мөнгөө өгөхдөө гунигтай. Хооллуулсан гуанз нь хордоод үхчихгүй эндээс зайлаасай гэхээс гунигтай. Замаар гарах гэж замбараагүй олон машины сиймхий харж зогсох явган зорчигч гунигтай. Зайлуул нэг ядарсан амьтныг шүргэчих вий гэж араасаа орилох чагнааланд хөөгдсөн жолооч нэг гунигтай...

    Тиймээ гунигт харц гэдэг чинь Жолигийн тоглосон жүжигчин харцанд бус зоргоороо амьдардаг манай нийгэмд зөндөө байна. Хаашаа л харна гунигт автсан дуугаа хураасан, хөмсөг зангидсан, хамраа шантайлгасан улс... Хөөш мөнгө зээлэх үү? Хэдийг ? Их бишээ мянган доллар... Май ав... Одоо мянган доллартай болсон тэр хүний нүд гунигаасаа салсан бол уу?...

    Үхсэн хойноо, би яаж эргүүлж өгнөө гээд гунигт автаж... Дэлхийн хамгийн орлоготой баян жүжигчиний нүд гунигтай байгаа юм чинь түүний нүд бүр шарласан хүн шиг жорлойчихсон байгаа даа...

    Даваажавын Эрдэнэмөнх

    5 6
  • Ээж охин хоёрын яриа

    2012-11-16

    -Ээж ээ, ерөнхийлөгч болох муухай юмуу?
    -Яагаад чи тэгж бодоов?

    -Ерөнхийлөгчөө болихоор нь шоронд суулгадаг юмуу?
    -Сайн ерөнхийлөгчийг шоронд суулгахгүй

    -Тэгвэл муугий нь мэдсээр байж яагаад сонгосон юм бэ? Танд модтой чихэр өгсөн үү?
    - Үгүй үгүй, өгөөгүй...

    - Худлаа яриад...
    -Завхарсан юм асуух юм.

    -Та өөрөө муу хүн байна ш тээ
    -Хөөе, ээжийгээ тэгж болохгүй

    -Ээж ээ, би таны оронд байсан бол муу ерөнхийлөгчийг сонгохгүй байсан.
    -Ээж нь ганцаараа сонгоогүй, бүх хүмүүс л...

    -Сонгох үедээ муу хүн гэж мэддэггүй юмуу?
    -Мэдээж, сайн хүн гэж бодоод сонгохгүй юү.

    -Та одоо тэр хүнийг өрөвдөж байна уу?
    -Ямар хүн? Ерөнхийлөгч Энхбаярыг уу?

    -Тиймээ, тэр ах шоронд өлсөнө ш тээ
    -Өө, зөндөө их "идсэн" хүн яаж өлсөх вэ.

    -Юу идсэн юм бэ? Зөндөө зөндөө бууз уу?
    -Ард түмнийхээ мөнгийг идэхгүй юү

    -Дахиад худлаа яриад л ... Хэзээ мөнгө идэж байсан юм бэ.
    -Бид нарт зориулсан мөнгийг өөртөө аваад үрэхийг хэлээд байна.

    -Бидний мөнгийг авбал аав зодно ш тээ
    -Яаж ойлгуулмаар юм бэ дээ, танай цэцэрлэгийн эрхлэгч та нарт өгөх ёстой алимнуудыг ганцаараа идсэн гэж бодоод үз.

    -Цэцэрлэгийн манаач өгөхгүй ш тээ
    -Манаачийг унтаж байхад нь зоориноос сэмхэн аваад идчихсэн гэж бод доо. Өглөө нь чи цэцэрлэгтээ очсон чинь идэх юм байхгүй...

    -Өглөө чинь кааш өгдөг байхгүй юү
    -Өө хамаагүй, эрхлэгч бүх юмыг хулгайлаад идчихсэн. Кааш, сүү, мах, төмс, тараг бүгд дууссан. Чи одоо өлсөхөөс өөр замгүй болсон

    -Тэгвэл би дахиж хэзээ ч цэцэрлэгтээ явахгүй. Өвөөгийнд очиж боорцогны гурил тарааж өгнө.
    -Тэгэхээр танай цэцэрлэгийн эрхлэгч муу хүн байгаа биз?

    -Хулгайч мэд үү...
    -За тэгэхээр шоронд суудаг ерөнхийлөгч муу хүн байсан байгаа биз.

    -Манай гэрт төмс, мах, гоймон, будаа зөндөө олон юм байгаа. Та л худлаа яриад байна даа
    -Худлаа яриагүй. Хөргөгчинд мөхөөлдөс, цөцгийн тос, загасны түрс байхгүй байна. Аавд чинь машин байхгүй байна. Ээжид чинь булган шуба байхгүй байна. Ерөнхийлөгч авчихсан.

    -Тэгээд та надад мөхөөлдөс өгөхгүй байсан юмуу?
    -Ерөнхийлөгч авчихсан. Би чамд өгөх гэсэн чинь... байхгүй байна.

    -Ёстой муу хүн байна даа. Тэр ахыг шоронгоос гаргаж болохгүй. Унтдаггүй манаач хэрэгтэй тийм ээ ээж ээ.
    -Тийм ээ тийм. Миний охин ухаантай шүү. Улс төрийг ч ойлгоод...

    -Ээж ээ, улс төр гэж юу юм бэ???...

    Даваажавын Эрдэнэмөнх

    11 10
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ