С.Заяа
Лука Модрич 2018 оны шилдгээр тодорлоо Испанийн Реал Мадрид клубын хагас хамгаалагч, Хорватын шигшээ багийн тамирчин Лука Модричийг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос 2018 оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулжээ. 2008 оноос хойш тус шагналыг Португалийн шигшээ багийн тамирчин Криштиано Роналду болон Аргентины шигшээ багийн тамирчин Лионел Месси нар ээлжлэн хүртэж байсан билээ. Шагнал гардуулах ёслол Английн Лондон хотноо болж өнгөрсөн ба Лука Модрич энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр анх удаагаа тодорч байгаа аж. Тэрээр Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд өнгөрсөн ДАШТ-ий финалд Францын шигшээ багийн эсрэг тоглож, 2:4 харьцаатайгаар ялагдал хүлээсэн билээ. Гэсэн хэдий ч Лука Модрич ОХУ-д болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий шилдэг тоглогчоор тодорсон юм. 2012 онд түүнийг Испанийн Реал Мадрид клубт орсноос хойш тус клуб Испанийн аварга, Испанийн цомын аварга, Испанийн супер цомын аваргаар 2 удаа, Аваргуудын лигийн аваргаар 4 удаа, УЕФА Супер цомын аваргаар 3 удаа тус тус тодорч байв. Харин хөл бөмбөгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Бразилийн шигшээ багийн тамирчин Марта 6 дахь удаагаа тодорчээ. Олон улсын хөл бөмбөгийн холбоо Египетийн шигшээ багийн тамирчин Мохамед Салахын хийсэн гоолыг 2018 оны шилдэг гоолоор, шилдэг дасгалжуулагчаар 2018 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешамыг тус тус нэрлэжээ. 2018-09-25 42
 
 

Дээшээ