Манай улс 2009 онд 19.0 сая ямаатай болж байсан нь хамгийн олон ямаатай болсон түүхэн амжилт. Тэр үед 6.8 мянга гаруй тонн ноолуур авсан гэдэг.
Энэ онд тэр амжилтыг эвдэхгүй ч гэсэн 5.5 мянган тонн ноолуур авах магадлалтай гэж ХХААХҮЯ-ны хариуцлагатай ажилтан ярьж байсан. Үнэхээр ямаа нь байна. Тэдгээр ямаа нь ноолуур хэмээх бөөн "Дойлуур" биедээ агуулаад явж байх. Тийм учраас ноолуурыг хаяж үрэгдүүлэхийг хэн ч хүсэхгүй, огтхон ч тэсэхгүй. Бүрэн дүүрэн самнаж аваад үнэ хүргэхийг л бодно.
Манай улсад ноолуур боловсруулах үйлдвэр 13 буй. Бас өрхийн 200 гаруй бичил цехүүд байдаг гэж байгаа. Өнгөрсөн онд бэлтгэж авсан ноолуурынхаа 20.0 гаруй хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосон туршлага бий. Эдгээрийн 80.0 гаруй хувь нь экспортод гарсан гэсэн. Цаашдаа бэлтгэж авсан ноолуураа 100.0 хувь Монгол эх орондоо боловсруулж экспортлох нь зүй ёсны шаардлага бөгөөд эцсийн зорилго гэдэг нь тодорхой.
"Хөдөө тал нь малаар дүүрэн, хөрсөн дороо эрдэнээр баян" сайхан Монгол орны иргэн болж төрсөндөө бахархаад бахархаад үл барнам. Яаж ч бахархал маань барагдах билээ. Манай эх орны уул, тал, говьд маань 36.3 сая мал сүрэг бэлчиж байгаа. Тэдгээрийн дийлэнх олон нь бог мал бөгөөд бог дотроо ноолуур хэмээх "дойлууран дээл"-тэй ямаа гэж хэн ч хэлнэ, мэдээж нотлох ажгуу.
Өдгөө нэгэнт хаврын адаг сар дундаа орчихлоо. Тийм болохоор ямаан сүрэг "дойлуур" болж үнэ хүрдэг хөвөн зөөлөн бөгөөд үнэтэй "дээл"-ээ тайлах цаг нэгэнт болсон гэсэн үг. Энэ "дээл"-ийг хүмүүс, тэр дундаа малчин хүн өөрсдийн гараар самнаж байж тайлж аваад үнэ хүргэнэ. Эс тэгвээс ямаа өөрөө харгана, шавагт ороогоод юм уу, хаа хамаагүй явсан газраас мултлаад мулзлаад хаяж орхих нь мэдээж.
Хэд гурван бор төгрөгийн хэрэгцээ болсон зарим малчид эр, сувиа ямаагаа самнаж ноолуураа "чулуу болгож" байгааг эс тооцвол одоогоор тэнгэр газар сайн дулаараагүй болохоор малчид ямаагаа бараг самнаагүй байгаа ажээ. Баруун зүг, чигийн аймгуудаас нийслэл Улаанбаатарт дөрөө мултаж, хөлөө тавьж үздэг газар болох Эмээлтэд ноолуурын сураг гарч байгаа гэх. Гэхдээ түгээмэл биш, нүдний гэм төдий байна гэж хэлж болно.
Ерөнхийдөө ноолуурын үнэ 40 000 төгрөг хавьцаа ханштай байх шиг. Ноолуур нь элбэгшиж, ченжүүд ажилдаа жигдрээд ирэхийн цагт үнэ нь бага зэрэг өсөх магадлал бий. Дор хаяж 45 000 төгрөгт хүрэх болов уу? Ер нь ноолуур борлуулагч, худалдан ченж маягийн хүмүүсийн ам яриагаар бол өнөө жил ноолуурын үнэ 60 000 төгрөгт хүрэх байх гэлцэнэ. Үнэндээ ч хэдэн жилийн өмнө ноолуурын үнэ 50 000-60 000 төгрөгт хүрч байсан удаа бий. Тэгээд ч өнөө жил сонгуулийн шоу энээ, тэрээ гээд ноолуурын үнэ зохих хэмжээгээр өсөх нь баараагүй биз.
Уул нь өнгөрсөн онд "Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн биржийн тухай хууль" батлагдсан байх учиртай. Тийм учраас мөдхөн уг хуулийг хэрэгжүүлж эхлэнэ. Энэ ажлын хүрээнд сайн үүлдрийн ямааны ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулж таарна. Уг ажил нь нэгдүгээрт: Хөдөө аж ахуйн биржийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдана. Хоёрдугаарт: Ноолуурын чанар, үнэ хоёрыг уялдуулж өөд нь татах чухал арга хэмжээ гэж ойлгож болно.
"Хаврын тэнгэрийг хартай" гэдэг болохоор яаруу сандруу ямаагаа самнаад орхитол гэнэт хүйтрэн, цасан шуурга болвол "Дан дээлтэй гарсан юмсан, даараа болов уу? яагаа бол...?" гэдэг шиг өнөөх үнэт ноолуураа самнуулсан ямаан сүрэг нь ганцхан шөнийн дотор осгоод, хиараад өгөхийг үгүйсгэхгүй. Иймээс малчид одоохондоо ямаагаа хавтгайруулж самнахыг түдгэлзэж хаширлаад байгаа бололтой. Энэ бол яавч буруу шийдэл биш. Юмыг яаж мэдэх вэ? "Яарвал даарна" гэдэг үгийг санахад илүүдэхгүй.
Д.Сэрээтэр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
1jild ymaag law 2-3 uda samnadag bolcon bn lee malchid aa gj argatai humuus shv kk...
1кг ноолуур 45000 тегрег. харин нэг цамц хэдэн грамм байдаг бол. даарвал ноолуур нэхий. идэх мал мах бух юм бидэнд байхад газар шороогоо малтаж улаан шороон дунд амьдарч байх ч гэждээ. монголчуудын толгой ажиллаж байна уу? асуудлуудыг хурдан цэгцлэхгуй бол нэг олдох насаа нямдорж мэтийн сугуудтай енгеруулмээргуй бна шуу
хэнийх тэгж 3 удаа самнаад байгаан арай ч үгүй байхаа