Үндсэн хуулийн Цэц дунд болон их суудлын хуралдаанаараа Сонгуулийн хуулийн "гулсдаг" хэсгийг түдгэлзүүлж орхилоо.
Энэ бол Цэцийн түүхэн дэх хамгийн олон гомдол гаргагчтай мөртлөө УИХ-аас хамгийн олон итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хуралдаан байлаа. УИХ-ын гишүүд Сонгуулийн хуулийг бүхэл бүтэн гурван жил чимээгүй сууж байгаад "нохойн дуу ойртмогц" яаруу сандруухан баталсан нь дахин парламентад сонгогдох магадлал тааруу болчихсон ч суудлаасаа буухыг үл хүсэгч хашрууд "гулсуур" дээр сууж зөөлөн буухаар хуульд шигтгээ оруулсан байсан юм.
Мажоритор 26 тойрогт нэр дэвшин өрсөлдөх 48 эрхмээс унасан нэр дэвшигч сонгогчдын 28-аас дээш хувийн саналыг "шомбодсон" л бол пропорционал гэх тодотголтой 28 суудал руу унан сонгогдохоор тусгасан заалтыг нь дээрээ зөвхөн хөх тэнгэртэй Үндсэн хуулийн цэц ийнхүү унагаачихлаа. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг энэ. Гагцхүү энэ л заалтыг Цэц бүү унагачихаасай хэмээн нойр нь хүрэхгүй санаа зовж байсан эрхмүүдэд энэ шийдвэр ёстой л "шинэбаяр ёсолгоо" болов.
Одоогийн УИХ-д суугаа одон эрхэм энэ заалтыг хүлээн сурталчилгаагаа ч хийж чадахгүй гацаанд ороод байсан юм. Харин Цэц замыг нь шулуутгаад өгчихлөө. Ингэх гээд байсан юм. "Гулсах" санаа нь Цэцийн дунд суудлын хуралдаанаас эхлэн бүтэлгүйтээд, гишүүд Сонгуулийн хуулийн түдгэлзүүлсэн заалтыг сэргээх шийдвэр гаргаад ч тусыг эс олов.
Мэдээж Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ өөрчилнө гэж байхгүй, хэн ч тэгүүлж зүрхлэхгүй. Бас чадах ч үгүй. Одоо тойрогт нэр дэвших ганцхан шаанс үлдэж, тэндээс гарч ирж чадахгүй бол суудалгүй хоцрох ийм л тавилан тэднийг хүлээж буй. Энэ шударга биш гэж үү. Ирэх сонгуульд өвдөг шороодох магадлалтай эрхмүүд гулсах заалтыг хуульд оруулчихаад хэчнээн пээдгэр байсан гээ. Хэрэв тэнд очоод тэгвэл, ингэнэ гэсэн хувилбарыг дор бүрнээ тунгаачихаад, бүр зарим нь хэзээд сонгогдох юм чинь гэсэн итгэлтэй байв. Тэд хэн бэ гэж үү. Мэдээж хуучин бууны хугархайнууд, хашир бурхинууд, нам дотроо нөлөөтэй, даргын тойрон хүрээлэгчид.
Унасан бөх өвдгөө гөвчихөөд туг тойрч, хишиг тараадаггүйтэй адил тойрогтоо 28 хувийн босгыг чүү чамай давчихаад, би сонгогчдын саналаар УИХ-д суусан гэж хэлэх ичгэвтэр хэрэг. Хэрэв "гулсах" заалтыг Цэц хүлээн зөвшөөрсөн бол гурван янзын статустай гишүүдтэй болох байв. Тойргоос сонгогдсон, гулсч орсон, шууд жагсаалтад бичигдсэн гэж. Ингээд парламентын босгыг давлаа гэж бодоход би тойргийнх, чи жагсаалтынх, харин чи зүгээр л чарган дээр суугаад эрчээрээ орж ирсэн "дурак" хэмээн талцаж, чуулганы танхимд шинэ хэрүүлийн үр тарина.
Тухайн нам мажоритар 26 тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдийнхээ авсан саналаар УИХ-ын 76 тойргийн 50 хувийг өөрийн болголоо гэхэд түүндээ хувь тэнцүүлээд пропорционал талд жагсаасан 28 хүний эхний 14 нь парламентын гишүүн болох боломжтой. Гэтэл дээрээс 28 хувийн саналын босго давсан долоон нөхөр гулсаад ороод ирэхэд л өнөөх жагсаалтаар орох байсан 14 хүний долоо нь доош түрэгдээд эхний долоо нь Их хуралд суух жишээтэй.
Тойрогтоо унасан "бөх" гулсч орчихоод тойрогтоо ажиллахаар очлоо гэхэд миний тойрог гэх үү, эсвэл өөрийгөө намаас сонгогдсон ард түмний элч төлөөлөгч гэх үү. Сонгуулийн хуулийн гулсах заалтын гол утга агуулга ийм. Хэрэв гулсах заалт хэвээр батлагдсан бол улстөрч эмэгтэйчүүд, залууст ямар ч боломж гарахгүй байхаар байв. Жижиг намуудад бол хаалга бүр ч хаалттай. Бие даагчдын ирээдүй тун бүрхэг болоод байв.
Учир иймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ одоо яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Харин ч дараагийнхаа ажилд шуударч, тойрог хуваарилах ажлаа эв зүйгээр зохицуулахаас өөр аргагүй болчихлоо. Цэц үнэхээр шударга шийдвэр гаргасан. Талархах хэрэгтэй. Намын дарга, түүний тойрон хүрээлэгчдэд л хамааралтай хуулийн энэ заалт олон хүнийг баярлуулж, бас олон хүнийг гомдоож байгаа биз.
Сонгуулийн хуулийн энэ заалтын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг намынхаа рейтинг, намынхаа нэр хүндээр авсан 28-аас 10 суудал авсан бол үлдсэнийг нь 48 руу гулсуулъя гэсэн байр суурьтай байсан бол Монгол ардын намын бүлэг намын нэр хүндээр олж авсан 28 суудал дээр нам өөрийнхөө бодлогоор хүнээ тавья, дээрээс нь 48-аар нэр дэвшээд сонгогчдоос өндөр санал авсан ч хоёроор, гурваар үлдсэн хүмүүсээ сөөлжүүлээд 28-ынх нь суудал дээр суулгая гэсэн байр суурин дээрээ бат зогсч байсан.
Хоёр нам нэг нэгнийхээ гулсалтыг бүрэн хүлээн зөвшөөрч, нийлж хөөрүүлэх сүүнийхээ орц найруулгыг тохирчихоод байлаа. Харин Үндсэн хуулийн Цэц энэ сүүг нь гашилгаж орхих шив. Ганц болж. Өөрсдийнхөө баталсан хуулийг "ногоон гэрэл"-ээр гарна гэж бодсон хашир улстөрчдийн уулын уруу сууж явсан чарга замаасаа гарчихлаа. Одоо AH, МАН-ынхан тойргоо хуваарилах гэж их юм болно, харж л байгаарай. Наймаалцана, уралцана, намалдгаа нээлцэнэ. Энэ нь харин ард түмэнд нэлээд үзүүштэй жүжиг болно доо.
Б.Оюунгэрэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
nice nice
hahaha tegvel uzeed l suuj bhaas daa.
цаадауул чинь гишүүнд гулсаж чадахгүй боллоо одоо сайдад яаж гурсахаа л бодож байгаа даа
их хурлын гишүүн биш их хурал дахь төлөөлөгч гэж хэзээ оноосон нэрээ засах юм бэ...
горьдсон нь голондоо, гозойсон нь цавиндаа гэж. муухай үнэн үг шүү. одоо баараггүй гарна гэж бодсон дуракууд гарахгүйгээ мэдээд эртхэн гадаад руу дүрвэх байх даа. харин тэднээс яаж хулгайлсан мөнгийг нь швейцарын банкнаас авах вэ? авна гэдэг гонж болсон байхоо.
хаха\n
tsetsed bayr hvrgey shudraga bailaa